Залуусын орон зай

Solution Journal: Өмнөх дугааруудад багтаагүй чухал хэсгүүд

Posted2025.11.204 минут унших
Solution Journal: Өмнөх дугааруудад багтаагүй чухал хэсгүүд

Posted.mn сайтын редакцаас салбар салбарын мэргэжилтнүүдийг оролцуулан, тухайн салбарт тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийн шийдлийн талаар онцлон ярилцдаг “Solution Journal” булангаа уншигч та бүхэндээ хүргэж байгаа билээ. Харин энэ удаа эхний гурван ярилцлагад багтаагүй чухал санаа, агуулгуудыг уншигчдадаа хүргэж байна. Тус бүрийн гарчиг дээр дарж дэлгэрэнгүй ярилцлага, бусад агуулгыг унших боломжтой. 

Б.Батаа: Нийгмийн тогтолцооноос хамаарч боловсролын үнэ цэн буурч, хүүхдийн сурах хандлага өөрчлөгдөж байна

Frame 2085664170.pngХувь хүний хөгжил, боловсролд хандах хандлага нь нийгмээс шууд хамааралтай байдаг нь нууц биш юм. Манай улсын хувьд боловсролын үнэ цэн багасаж байгаагийн цаана нийгмийн томоохон хэв шинжүүд нөлөөлж байна. Тодруулбал, манай улсын орлогын гол эх үүсвэр болох уул уурхай нь хэдийгээр эдийн засгийн тулгуур ч, үндсэндээ бүтээлч үйлдвэрлэл биш юм. Учир нь энэ салбарт ихэнх ажлыг машин механизм гүйцэтгэдэг тул өндөр боловсрол, тасралтгүй хөгжил шаардах нь бага байдаг. Үүнтэй адилаар, уламжлалт мал аж ахуйг эрхлэхэд ч мөн нарийн мэргэжил, их сургуулийн боловсрол зайлшгүй шаардлагагүй гэсэн нийтлэг ойлголт бий. Ийм нөхцөлд, уул уурхайгаас орж ирсэн орлогоор амьдарч буй ард түмэн аяндаа хэрэглээний нийгэм рүү шилжиж, иргэдийн дийлэнх нь худалдаа, наймаа хийх болжээ. Эдгээр ажлыг гүйцэтгэхэд ч мөн өндөр боловсролын шаардлага харьцангуй бага шүү дээ.

Үүний эсрэгээр, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг улс орнуудад боловсролын үнэ цэнийг хүмүүс илүү гүнзгий мэдэрдэг. Харин манайд нийгмээрээ "сайн сурсан ч, сураагүй ч амьдрах боломжтой" гэдгийг мэдэрч эхэлсэн нь хүүхдүүдийн сурах хандлагад нөлөөлж, "боловсрол үнэхээр чухал гэж үү?" гэсэн асуултыг эцэг эх, нийгэмд тавих үндэс болж байна. Нөгөө талаас, бидний өмнө нь баримталж ирсэн сургалтын арга зүй нь зөвхөн үгэнд ордог, дуулгавартай хүүхдүүдтэй ажиллах зорилготой байсан. Гэтэл өнөөдөр "би үүнийг хийхгүй", "би сургуульд явмааргүй байна" гэж өөрийн эрх чөлөөгөө илэрхийлж буй хүүхдүүдтэй хэрхэн зөв харилцаж, тэднийг чиглүүлэх арга барилыг бид мэдэхгүй байна шүү дээ. Тиймээс бид эрх чөлөөтэй хүнтэй харилцах арга зүйн туршлага, мэдлэггүй байгаа нь боловсролын салбарын томоохон сорилт болоод байна.

Э.Батцэцэг: Манай ХМХ-үүд JTI буюу хэвлэл мэдээллийн салбарын ISO стандартаа авч, баталгаатай эх сурвалж гэдгээ нотлох хэрэгтэй

Frame 2085664169.pngХил хязгааргүй сурвалжлагчид байгууллагаас санаачилсан JTI буюу Олон улсын сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилга хэмээх стандарт бий. Дэлхийн нэр хүндтэй их сургуулийн профессор, томоохон агентлагийн туршлагатай сэтгүүлчид хамтран боловсруулсан энэ стандарт нь мэргэжлийн хэвлэл мэдээллийн байгууллагууд итгэлцлийн зарчмыг хэрхэн хангаж ажиллах ёстойг тодорхойлдог. Ерөнхийдөө JTI бол хэвлэл мэдээллийн байгууллагад зориулсан ISO стандарт юм. Энэхүү стандартыг нэвтрүүлж, шалгуулснаар тухайн байгууллага олон нийтэд итгэж болохуйц эх сурвалж гэдгээ баталгаажуулж байгаа хэрэг. 

Манай Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн үүр төв энэ чиглэлээр идэвхтэй ажилладаг бөгөөд төвийн захирал Б.Дуламхорлоо JTI-ийн Монгол дахь албан ёсны бие төлөөлөгчөөр ажиллаж байна. Одоогоор Монголд Баримт шалгах төв, Зууны мэдээ, Gogo.mn байгууллагууд JTI стандартаа авсан. Сүлжээний бусад редакцууд өргөдлийн шатанд явж байна. JTI авах процесс нэлээд нарийн, нийт 130 асуултад хариулж, орлогын загвар, эзэмшигчийн мэдээлэл, эзэмшигчийн нөлөөлөл болон редакцын бодлогын баримт бичгийг бүрэн ил тод хавсаргана. Хэрэв эзэмшигч нь улс төрийн нөлөө бүхий хүн бол редакцын үйл ажиллагаанд оролцохгүй гэсэн гэрээгээ хавсаргах ёстой. Энэ бүхэн нь тухайн мэдээллийн хэрэгсэл мэргэжлийн хувьд хараат бусаар ажилладаг гэдгийг баталж байгаа хэрэг.  

Өргөдөл өгсний дараа хөндлөнгийн аудитын байгууллага шалгалт хийдэг. Аудитын зардал Монголын хэвлэл мэдээллийн байгууллагуудад харьцангуй өндөрт тооцогдох бөгөөд 5–10 мянган ам.долларын үнэлгээтэй. Гэвч энэ бол урт хугацаандаа олон нийтийн итгэлийг бэхжүүлэх хамгийн чухал хөрөнгө оруулалт юм. 

Д.Идэржаргал: Орон нутагт "мэдээллийн цөлжилт" ажиглагдаж байна

Frame 2085664166.pngОрон нутгийн хэвлэл мэдээллийн нөхцөл байдлыг бүхэлд нь харвал олон аймагт үнэхээр “news desert” буюу мэдээллийн цөлжилт бодитоор ажиглагдаж байна. Аймгуудад мэргэшсэн боловсон хүчин хомс, тогтвортой редакц байгуулах нөхцөл бүрдэхгүй, хүмүүс ихэвчлэн фэйсбүүкээс мэдээлэл авдаг тул хэвлэл мэдээлэл тогтмол ажиллах хэрэгцээ ч бүдгэрч байж магадгүй. 

Аль аймагт хэдэн сонин, сайт, телевиз жинхэнэ утгаараа тогтвортой үйл ажиллагаа явуулж байна вэ гэдгийг системтэй судалсан ажил өнөөдөр байхгүй, гэхдээ бодит ажиглалтаар олон аймагт хэвлэл мэдээллийн хүртээмж маш сул, уншигчид номын сан, сонин сэтгүүлд тогтмол хүрэх боломж ч хангалтгүй байна. 

Зарим газарт иргэд өөрсдөө хэвлэл захиалах боломжгүй тул номын сангаар дамжуулан унших ёстой ч тэр байгууллагуудын сан хөмрөг хэр шинэчлэгдэж байгааг хэн ч шалгадаггүй. Интернэт хүртээмж, дэд бүтэц, контентын эх сурвалц, хүний нөөцийн дутагдал гээд асуудлууд давхардаж байгаа учраас орон нутгийн мэдээллийн орчныг сайжруулахад төрийн бодлогын дэмжлэг, боловсролын орчны шинэчлэл, орон нутгийн хэвлэлийн тогтолцоог сэргээх цогц шийдэл зайлшгүй шаардлагатай.

Холбоотой нийтлэлүүд

Solution Journal: Өмнөх дугааруудад багтаагүй чухал хэсгүүд - Posted