Залуусын орон зай

Д.Идэржаргал: Бид мэдээллийг биш, мэдээлэл биднийг олж ирдэг цаг үед амьдарч байна

Г.Цэнд-Аюуш2025.11.057 минут унших
Д.Идэржаргал: Бид мэдээллийг биш, мэдээлэл биднийг олж ирдэг цаг үед амьдарч байна

Posted.mn сайтын редакцаас салбар салбарын мэргэжилтнүүдийг оролцуулан, тухайн салбарт тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийн шийдлийн талаар онцлон ярилцдаг “Solution Journal” булангаа уншигч та бүхэндээ хүргэж байгаа билээ. “Solution Journal” булангийн энэ удаагийн дугаарт бид МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн дэд профессор, доктор Д.Идэржаргалыг урьж, сэтгүүл зүйн салбарын өнөөгийн чиг хандлага, хэвлэл мэдээллийн салбарын асуудал, шийдлийн талаар ярилцлаа.

Бидний яриа орчин цагийн уншигч, үзэгчдийн мэдээлэлтэй харилцах, мэдээллийг хүлээн авах, түгээх шинэ соёл, шинэ хэв маягийн талаар ярилцсанаар эхэлсэн юм.

Уламжлалт сэтгүүл зүйн үед мэдээлэл хомс байж. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл цөөхөн, тэдгээрт мэргэжлийн сэтгүүлчид л ажиллаж, стандартын дагуу мэргэжлийн бүтээл туурвин нийтэлдэг байлаа. Тиймээс бид мэдээ мэдээлэл олж авахын тулд орой 20 цагт телевизээ асаагаад “Цагийн хүрд” хөтөлбөрөө хүлээн үздэг, эсвэл сонин захиалж унших зэргээр өөрсдөө тодорхой хүчин чармайлт гаргадаг байсан шүү дээ. Харин одоо бол тэгэх шаардлага байхгүй. Мэдээлэл хаа сайгүй болсон. Хэн ч мэдээлэл “үйлдвэрлэх” боломжтой. Ухаалаг утас, интернэттэй хүн бүр сэтгүүл зүйн бүтээл шиг харагдахуйц хэлбэр, загвартай мэдээлэл түгээх боломжтой болсон. Дээр нь сошиал медиа хэрэглээ өргөн болсон учраас бид өөрсдөө идэвхтэй хайлт хийж мэдээлэл авах биш, мэдээлэл өөрөө биднийг хайж олдог нөхцөл байдал үүссэн байна. Бид өмнөх шигээ дуртай сонин, сайтынхаа хаягийг хөтөч дээр шивж орж, унших нь ховор болж, оронд нь фэйсбүүк, твиттер гэх мэт олон нийтийн сүлжээг гүйлгэж байгаад сонирхол татсан мэдээний линк дээр дарж уншдаг болсон. Мэдээж өөрийн сонирхдог, итгэдэг эх сурвалжийг зорьж орж уншдаг хэсэг бүлэг хүн байгаа ч нийт массын түвшинд харахад мэдээлэл олж авах хэв маяг өөрчлөгдөж, мэдээллийг хэрэглэгч хайдаг бус, мэдээлэл хэрэглэгчийг хайж олдог болсон гэж хэлж болно.

Нөгөө талаас уламжлалт сэтгүүл зүйд бид “масс медиа” гэж ярьдаг байсан шүү дээ. Телевиз, сонин, радио зэрэг нь мэдээллийг олон нийтэд хүргэх үндсэн хэрэгсэл байсан. Эдгээр сувгаар юу цацагдана, тэр нь нийтэд шууд хүрдэг байлаа. Харин одоо сошиал медиа, интернэт бий болсноор нэгэнт олон нийтийн мэдээллийн урсгал хувь хүнд тохируулан өөрчлөгдөх болж, “масс” түвшинд ижил хүрэх эсэхийг нь ялгахад бэрх болсон. Яагаад гэвэл маш олон сошиал платформ гарч ирж, алгоритм нь өөр өөрөөр ажиллаж байна. Гэхдээ нэг нийтлэг зүйл нь хэрэглэгчээ удаан барихын тулд тухайн хувь хүнд тааруулсан мэдээллийн урсгалыг санал болгодог явдал. Тухайн хүн юу илүү их үзэж байна, юунд хариу үйлдэл их үзүүлж байна, түүнийг нь хиймэл оюун ухаан судалж, сонирхлыг нь татах контентыг илүү их харуулах болж. Үүний дүнд олон нийтийн нийтлэг үзэж буй мэдээллийг ялгаж хэлэхэд улам хэцүү болсон. Өдөр бүр бараг хүн бүрд зориулсан өөр өөр мэдээллийн суваг хөгжиж байна шүү дээ.

Frame 2085664031.png

Энэхүү хандлага сүүлийн үеийн судалгаануудад ч батлагдаж байгаа юм. Олон улсын Digital News Report - 2024 судалгаанд залуучуудын дийлэнх нь мэдээ мэдээллээ уламжлалт эх сурвалжаас бус TikTok, YouTube, Instagram зэрэг сошиал сүлжээнээс, тэр дундаа видео контентоос авдаг хандлага түгээмэл болсон тухай онцолсон байна.

-Контентын чанарын талаар та ямар өөрчлөлт ажиглаж байна вэ?

-Тухайлбал, сүүлийн жилүүдэд “мэдээ” гэх бичвэрийн төрөл өөрөө их өөрчлөгдсөн. Уламжлалт утгаараа мэдээ гэдэг бол 5W1H-д хариулсан, хамгийн богино, шуурхай мэдээллийн төрөл байдаг гэж бидэнд заадаг байлаа. Харин өнөөдөр тийм богино мэдээнд хүн ханахаа больсон. Одоо мэдээ гэдэг зүйлийг сэтгүүл зүйн бүтээл гэе гэвэл тайлбарласан, дэвсгэр мэдээлэлтэй, цогц байж байж үнэ цэнтэйд тооцогдохоор болсон. Олон улсын мэдээллийн сайтуудыг харахад богино мэдээ гэхэд хажуугаар нь холбоотой бусад мэдээнд шууд холбосон линкүүдтэй, дэвсгэр түүхийг нь хавчуулсан, урт бичвэрүүд байдаг. Жишээ нь, Сирийн дайны тухай мэдээ байлаа гэхэд эхэндээ товч түүхийг нь тайлбарлаад, явц дунд нь “энэ үйл явдал ийм учиртай, ийм түүхтэй, олон улсын ийм ийм байр сууриуд бий” гээд уншигчдад аль хэдийнээ бий болсон суурь ойлголтыг нь сэргээх, эсвэл мэдэхгүй байж болох мэдээллүүдийг багтааж өгдөг. Ингэж байж тэр мэдээг уншсан хүн тухайн сэдвийг тодорхой хэмжээнд боловсруулж ойлгосон байна гэж үзээд байгаа.

“Олон нийтийн хэвлэл мэдээллийн боловсрол сул байна”

-Хүн бүр сэтгүүл зүйн бүтээл шиг харагдахуйц хэлбэр, загвартай мэдээлэл түгээх боломжтой болчихсон гэлээ шүү дээ. Мэргэжлийн сэтгүүл зүй болон медиа хоёрын ялгаа нь ер нь юу юм бэ. Монголд энэ зааг хэр тодорхой вэ?

-Ялгаа заагийг нь ойлгоход одоо маш хэцүү болсон. Монголд бүр ч хэцүү. Олон улсад ч ялгаа нь бүдгэрч байна. 3.5 сая хүн амтай манай улсын хувьд гэхэд 500 орчим хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүртгэлтэй гэх албан мэдээ бий. Албан бүртгэлд ороогүй олон хуудас, сувгууд ч байна. Ийм цөөхөн хүн амд асар олон хэрэгсэл байна. Гэтэл эдгээрийн зарим нь мэргэжлийн сэтгүүл зүйнхээ зарчим, стандартын дагуу ажиллаж байгаа бол нөгөө хэсэг нь огт өөр зорилгоор мэдээлэл түгээж байгаа. Мэдээлэл гэдэг өөрөө хүчтэй зэвсэг учраас ямар ч зорилгоор ашиглаж болдог. Нөгөө талаас, манай олон нийтийн хэвлэл мэдээллийн боловсрол сул.

Тодруулж тайлбарлавал, манай улсын хувьд биднийг бэлэн биш байж байтал сэтгүүл зүйн салбарт асар олон өөрчлөлт болсон гэж боддог юм. Социализмын үед 60-70 жил ухуулга сурталчилгаа буюу социалист сэтгүүл зүй явж байсан. 1990 онд харин чөлөөт ардчилсан сэтгүүл зүйд шилжингүүт, тэр их хязгаарлалт, хориг цензурь тавигдаж, шар сэтгүүл зүй хүртэл цэцэглэж эхэлсэн. Үүний зэрэгцээ мэдээж чанартай бүтээлүүд гарч байсан л даа. Ингээд 2007, 2008 оноос вебсайтууд бий болж, 2010, 2011 оноос сайтуудын тэсрэлтийн үе боллоо. Мэдээллийн сайтууд яаж ажиллах ёстой юм, зах зээл нь яаж явах ёстой юм гэдэг жишиг дөнгөж тогтож байтал дахиад хэдэн жилийн дараагаар сошиал медиа гараад ирсэн. Харин одоо хиймэл оюун ухаан гэх зүйл бий болчихлоо.

Тэгэхээр бэлэн бус байж байтал асар олон шинэ хэрэгсэл, сувгууд гарч ирээд, ялгаа зааг нь улам л ойлгомжгүй болж байна. Жишээ нь, Youtube дээр “Золбоо ТВ” гээд хуудас байлаа гэхэд зарим хүн үзэхдээ “телевиз юм байна” гэж хүлээж авч магадгүй. Нэр нь л ТВ болохоос цаана нь ганц хүн хөтлөөд, сэтгүүл зүйн зарчим огт баримтлахгүй контент хийх жишээтэй. Үүнийг жирийн хэрэглэгч ялгаж салгахад бэрх.

Харин мэргэжлийн сэтгүүл зүйд бол олон нийтийн эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг тусгай редакц, баг байдаг. Энд сэтгүүл зүйн мэргэжлийн тодорхой стандартууд, ёс зүйн кодууд хэрэгждэг. Тэдгээрийг удирддаг, хянадаг, тодорхой процесстой, үйл ажиллагаа нь тогтмол явагддаг мэргэжлийн хэвлэл мэдээллийн байгууллага гэж хэлээд байгаа гэсэн үг. Медиа гэдэг маань харин хамаагүй өргөн хүрээний ойлголт шүү дээ. Кино үйлдвэрлэл, ном хэвлэлийн салбар, реклам сурталчилгаа, social influencer-үүдийн хийдэг видеонууд, нийтлэлүүд, PR бүгд медиа үйлдвэрлэлд орно. Тэгэхээр медиа салбар асар өргөн хүрээтэй. Сэтгүүл зүй бол түүнээс ялгаатай нь олон нийтийн эрх ашгийн төлөө, тогтмол, хариуцлагатай, хараат бус үйл ажиллагаа явуулдаг институц. Гэхдээ сэтгүүл зүй медиагаас тусдаа оршихгүй. Мэдээллээ түгээхийн тулд бусад медиа платформыг ашигладаг, хоорондын уялдаа маш нягт.

“Сэтгүүлчдийг ‘хаалганы манаач’ гэдэг шүү дээ”

Frame 2085664034.png

Мэдээлэл түгээх явдал нээлттэй, олон талт болсон нь нэг талаар бидний мэдэх эрхийг тэлж буй мэт боловч нөгөө талаар үнэн бөгөөд итгэж болохуйц мэдээллийг ялгаж таних явдал чухал чадвар болж байна. Хэн ч хэдхэн даралтаар мэдээлэл үйлдвэрлэгч болж чаддаг бидний энэ цаг үед сэтгүүл зүйн салбарын хувьд мэдээлэл түгээхдээ хариуцлагатай стандарттайгаар ажиллах гэсэн асуулт урган гарч ирнэ. Ийм нөхцөлд сэтгүүл зүй дан мэдээ түгээгч байгаад зогсохгүй, нийгэмд итгэлцэл бий болгогч институц болдог байна. Энэ нь редакцын дотоод стандарт, ёс зүйн код, мэдээллийг олж авах, түгээх соёл зэрэг суурь зарчимд тулгуурлана хэмээн доктор Д.Идэржаргал онцолж байв.

Хэн ч өнөөдөр утастай, интернэттэй л бол мэдээлэл гэж харагдах зүйл нийтэлж чадна. Харин сэтгүүл зүй бол нийгэмд болж буй үй олон үйл явдлаас олон нийтийн эрх ашигт хамгийн хамаатайг нь шүүж сонгож мэдээлдэг. Сэтгүүлчдийг “хаалганы манаач” гэж нэрлэдэг шүү дээ. Өнөө оройны телевизийн мэдээгээр, сонины тэргүүн нүүрэнд, эсвэл сайтын онцлох хэсэгт хэний хэлсэн үг, ямар мэдээ мэдээлэл гарах вэ гэдгийг сэтгүүлч шийдэж байгаа. Уншигч, сонсогч, үзэгчдийн гэрийн хаалгаар ямар мэдээ орохыг сэтгүүлчид, редакцын баг шүүж оруулж байгаа гэсэн үг. Энэ шүүлтийн гол шалгуур нь олон нийтийн эрх ашигт нийцсэн эсэх байх ёстой. Гэтэл зүгээр олны танил хоёр хүний хувийн хэрүүл маргаан сенсацитай шүү, хүмүүс уншина гээд л сайтдаа оруулаад байх юм бол тэр редакц өөрөө стандартгүй болж хувирна. Энэ бүхнийг зохицуулж байдаг зүйл нь редакцын ёс зүйн код. Редакц бүхэн дотоод ёс зүйн дүрэмтэй байх учиртай. Докторын судалгааныхаа ажлаар Монголд редакцын түвшинд өөрийн гэсэн ёс зүйн кодтой хэвлэл ердөө 10 хүрэхгүй байгааг тогтоосон. Хэдийгээр салбарын түвшинд Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс баталсан Ёс зүйн зарчим гэж баримт бичиг байгаа ч редакц дотооддоо илүү нарийвчилсан журамтай байх хэрэгтэй. Тухайлбал, алдаа гаргавал хэрхэн залруулах, ёс зүйн зөрчил гаргавал хэн хариуцлага хүлээх, захиалагч байгууллагатай харилцахдаа ямар зарчим баримтлах вэ гэхчлэн асуудал бүрийг тодорхой тусгасан байх ёстой. Манайд тийм кодтой газар маш цөөн байна гэж судалгаагаар гарсан л даа. 

Шинээр нэг сэтгүүлч ажилд авахад ч ёс зүйн кодтой нь танилцуулж, “манай редакцад ингэж ажилладаг, ийм зарчим үйлчилдэг” гэж сайн ойлгуулах хэрэгтэй. Жишээ нь, тухайн редакц хүчирхийллийн тухай сурвалжлахдаа ингэж ажиллана, хүүхэдтэй харилцах бол ингэж зөвшөөрөл авна, мэдээллийг баталгаажуулаагүй бол шууд нийтлэхгүй, харин “баталгаажаагүй мэдээлэл” гэж тодотгоно гэхчлэн нэг бүрчилсэн зохицуулалт зайлшгүй шаардлагатай. Ёс зүйн кодыг зарим хүн сэтгүүлчдэд зөвхөн хязгаар, хорио болсон зүйл мэтээр ойлгодог. Үнэндээ бол эсрэгээрээ энэ код байхад сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагыг өөрсдийг нь ч хамгаалдаг, тухайн бүтээлд нь тодорхой чанар стандартын гэрчилгээ ч болж байдаг. Манайхан хараахан үүнийг өргөн хэрэгжүүлдэг соёл тогтоож чадаагүй явсаар байна. Редакцууд дотоод ёс зүйн кодгүй, харин салбарын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн ёс зүйн зарчим бий гэж нэрлээд орхих хандлага түгээмэл.

“Сэтгүүл зүйн салбарын тулгын гурван чулуу бол хэвлэлийн эрх чөлөө, мэргэжлийн ёс зүй, олон нийтийн итгэлцэл”

Frame 2085664027.png

-“Дөрөв дэх засаглал” гэж нэрлэгдэх сэтгүүл зүйн салбарын жинхэнэ мөн чанар нь юу вэ. Монголын нөхцөлд энэ үүргээ биелүүлж чаддаг болов уу?

-Миний бодлоор сэтгүүл зүй тулгын гурван чулуутай. Хэвлэлийн эрх чөлөө, мэргэжлийн ёс зүй, олон нийтийн итгэлцэл. Эдгээрийн аль нэг нь сул байвал сэтгүүл зүй хүчтэй байж чадахгүй. Манай хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдлыг харвал сүүлийн жилүүдэд буурах хандлагатай байна. Жишээ нь, Хил хязгааргүй сурвалжлагчид (RSF) ТББ-аас гаргадаг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улс 2015 онд 54-т байсан бол 2025 онд 102-т эрэмбэлэгдсэн. Энэ нь 10 хүрэхгүй жилд манай үзүүлэлт бараг хоёр дахин уруудсан гэсэн үг. Энэ индексийг үнэлэхдээ хууль эрх зүйн орчин, эдийн засгийн нөхцөл, сэтгүүлчийн аюулгүй байдал зэрэг цогц шалгуур ашигладаг. Тэгэхээр уг эрх чөлөөний үзүүлэлт сэтгүүлчдийн аюулгүй байдал хангагдахгүй, хууль эрх зүйн хувьд дарамттай, нөхцөл байдал аюултай байна гэдгийг л харуулж байгаа хэрэг.

Нөгөө талаас түрүүнд дурдсан редакцуудын дотоод зохицуулалт буюу ёс зүйн кодчлол, түүний хэрэгжилт сул байгаагаас гадна хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрсдөө өөрсдийнхөө хөдөлмөр, үнэ цэнийг олон нийтэд ойлгуулах тал дээр учир дутагдалтай байгаа явдал. Бид чинь “ийм чанар, стандартын дагуу ажилладаг шүү дээ” гэдгээ сурталчлах хэрэгтэй байдаг. Гэтэл энэ ойлголт одоо хүртэл бүрэн төлөвшөөгүй байна. Тухайлбал, iKon ЖДҮ-ийн зээлийн сангийн асуудлыг 2019 онд гаргаж ирж тавилаа шүү дээ. Тухайн үед эрхлэгчтэй нь ярилцаж байхад маш их хөдөлмөр гаргаж хийсэн, их ч хүмүүүст хүрсэн бүтээл болсон байсан. Тэгэхээр үүнийг яаж хийсэн процессыг харуулсан контент ч хийж болох байхгүй юу.

Эцэст нь олон нийтийн итгэлцэл манайд маш сул байна. Энэ нь түүхэн шалтгаантай л даа. Социализмын үед төрийн суртал нэвтрүүлгийн хэрэгсэл байсан хэвлэл мэдээлэл 1990 онд чөлөөтэй болоход хүмүүс удалгүй “шар хэвлэл”-ийн давалгаанд дарагдсан. Цаашлаад зах зээлийн шуурганд сенсацитай агуулгаараа уралддаг болоход иргэд “шуугианд дуртай ч хэвлэл мэдээлэлд итгэдэггүй” болох аюултай болсон байна. Мэдээж олон сэтгүүлчийн хөдөлмөр, сайн бүтээлүүдийг үгүйсгэхгүй. Мөн итгэлцэл бага байна гэдэг нь нийгмийн олон хүчин зүйлээс шалтгаалах бөгөөд хэвлэл мэдээллийн салбар маань ганцаараа үүрч засах боломжгүй зүйлс ч бий. Гэхдээ мэргэжлийн институт байдлаар өөрсдөө илүү ил тод, хариуцлагатай, хяналттай байж гэмээ нь итгэлцэл нэмэгдэнэ.

“Худал бөгөөд сөрөг мэдээлэл хэт газар авах нь олон нийтийг итгэлгүй болгодог”

Frame 2085664029.png

Сүүлийн үеийн хандалтын алгоритм болон хэрэглэгчийн зан төлөвийг судалсан олон улсын дата-анализууд нэгэн сонирхолтой дүгнэлтийг хийжээ. 60 мянга гаруй мэдээний гарчиг, хэдэн зуун сая хандалтын өгөгдөлд хийсэн судалгаагаар дундаж урттай мэдээний гарчигт зөвхөн нэг сөрөг утгатай үг нэмэхэд тухайн мэдээний уншигчдын тоо дунджаар 2.3 хувиар өсдөг болохыг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн анхаарал сөрөг мэдээлэлд илүү амархан татагддаг нь шинжлэх ухааны үндэслэлтэй хандлага ажээ.

Сенсаци хөөх үзэгдэл аль ч нийгэмд байсан. Нэг хэсэг манайд лайвын үе явлаа шүү дээ. Одоо ч гэсэн явж л байна. Эхэндээ лайв үзэх сонирхолтой байлаа. Төрийн ордны шатаар гараад л, араас нь тийм асуулт, ийм асуулт гэж гүйгээд л. Энэ нь өөрөө сонирхолтой байж. Гэтэл ямар нэг гэмт хэрэг гарсан байлаа гэхэд бараг тухайн хэргийг тэр дор нь шийдэх гээд шахаад байх нь ёс зүйгүй. Тэгэхээр мэргэжлийн бус байдлаар мэргэжлийн хэвлэл ажиллах нь нийгэмдээ тодорхой үзэгдлийг ар араасаа дагуулж байна. Нэг баталгаагүй шууд дамжуулалт хийж, түүнийг нь олон нийт үзээд, туйлширч байгаагаас үүдсэн олон үр дагавар гарч байна.

Гэхдээ шууд дамжуулалт хийдэг сайт болгоныг буруу гэж байгаа юм биш л дээ. Тодорхой стандартын дагуу хийх ёстой. Гэтэл энэ үзэгдэл манай нийгмийг юу болгоод байна вэ гэхээр... мэдээллийн олдоц их байна, сөрөг мэдээлэл угаасаа их гарч байна. Ингээд хаа сайгүй дуулиан шуугиан болчхож байгаа юм. Тэгэхээр мэдээллийн давалгаа, баахан дуулиан шуугиан дунд амьдардаг бидний тархи ч үүнд тааруулж ажиллаж байна.

Нэг асуудлаа ярьж байгаад дараагийнхаа асуудал руу орчихдог. Энэ нь түрүүний хэлсэнчлэн үл итгэх байдлыг нийгэмд авчирч байна. “Бид угаасаа л загасны ой санамжтай шүү дээ. Хоёр гурав хоног шуугиж байгаад л болино” гэж ярьж байгаа нь хүртэл нийгэмд хариуцлагын тогтолцоог сулруулах, “мартчихдаг” гэдэг мессежийг өгөөд байна. Энэ бол асар их хор уршигтай.

"Сэтгүүл зүй олон нийтийн итгэлийг олж авахын төлөө ажиллах ёстой"

-Монголын хэвлэл мэдээллийн салбарт олон онцлог нөхцөл байдал, бэрхшээл байна л даа. Эдгээрийг даван туулахын тулд хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүл зүй өөрөө хэрхэн ажиллах ёстой юм бол. Шийдлийг нь та хэрхэн харж байна?

-Үнэхээр сэтгүүл зүй нийгэмд засаглалын хэмжээний хүчтэй институт хэвээр үлдэхийн тулд олон нийтийн итгэлийг олж авахын төлөө ажиллах ёстой гэж би хэлнэ. Сэтгүүлчид “бид та бүхний төлөө ийм сайн судалгаа хийж, ингэж нотлох баримтуудыг нь гаргаж ирлээ, ийм газраас, ингэж асууж тодруулсан, ингэж баталгаажуулсан шүү” гэдгээ үзэгч, уншигчдадаа харуулж байж итгэлийг нь сэргээнэ. Манайд энэ чиглэлээр одоохондоо бага анхаарч байна. Зарим редакц код бий ч вебсайтдаа нийтэлдэггүй, олон нийт харах боломжгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эздийн мэдээлэл ил тод биш зэрэг нь итгэлцэл сулрах нэг шалтгаан. Гадаадын зарим хэвлэл санхүүжилтийн эх үүсвэрээ хүртэл тодорхой тайлагнаж, ялгавартай хандсан контентоо тэмдэглэж, олон нийтэд “манай байгууллагад итгээрэй, бид тэднээс мөнгө авч ажилладаг ч тэдний нөлөөнд автдаггүй” гэж ойлгуулах ажлууд их хийдэг. Манайд одоо л энэ талаар яригдаж эхэлж байна.

“Хэрэглэгч төвтэй мэдээлэл түгээлт маш чухал”

Дараагийн хийх ёстой зүйл чанартай контент үйлдвэрлэх. Баримттай, судалгаатай, нягтласан, олон талын эх сурвалжтай, нийгэмд хэрэгтэй үнэ цэн бүтээсэн бүтээлүүд гараад эхэлбэл хүмүүс аяндаа “энэ сайтыг орж уншъя, энэ телевизийн мэдээнд итгэе” гэдэг болно. Тэгэхээр редакцууд мэргэжлийн стандартаа дээшлүүлэх ёстой. Үүнд сэтгүүлчдийн ёс зүйгээс гадна редакцын дотоод бодлого, менежмент, бизнес модель хүртэл хамаараад явчихдаг.

Хэрэглэгч төвтэй түгээлт бас нэг чухал асуудал. Бид мэдээний шинэ тодорхойлолтын тухай авч үзэхдээ илүү тайлбарласан, дэвсгэр мэдээлэлтэй болсон тухай ярьсан шүү дээ. Ер нь сүүлийн үеийн хөгжингүй сэтгүүл зүйг харахад маш “өгөөмөр” бүтээлүүд гарч байна. Өгөөмөр гэдэг нь уншигч мэдэхгүй байж болох бүхнийг тайлбарласан, холбогдох бусад материалтай нь холбож өгсөн, үзүүлэх, сонсгох бүх боломжийг ашигласан бүтээлүүд гарч байна. Тиймээс тайлбарлах сэтгүүл зүй (explanatory journalism) гэж чиглэл гарч ирсэн. Энэ нь хэн ч уншсан ойлгомжтой, цогц мэдээ, түүхийг өгөхийг зорьдог чиглэл байгаа юм. Үүнээс гадна уншигчид маань юу сонирхож байна, ямар хэлбэрээр үзвэл амар байна, манай контентыг гар утсаараа, компьютероосоо, дуугүй орчинд эсвэл чимээтэй орчинд гэх мэт ямар нөхцөлд хүлээж авч байна гэдгийг судалж, түүндээ тааруулж агуулгаа бэлтгэх ёстой. Видео дунд нь хадмал дагалдуулах, подкаст хэлбэрээр хавсаргах, интерактив график ашиглах гээд маш олон боломж бий.

“Хэвлэл мэдээллийн боловсролыг түгээх хэрэгтэй”

Frame 2085664028.png“Media Literacy”-ийг хэвлэл мэдээллийн боловсрол, “Information Literacy”-ийг мэдээллийн боловсрол гэж нэрлээд байгаа. Нэг нь суваг хэрэгслийг ур чадвартай авч явах тухай, нөгөө нь мэдээллийг хэрхэн удирдах буюу өөртөө хэрэгтэй, үнэн зөв мэдээллийг хэрхэн олж аваад, яаж ашиглах тухай гэсэн үг. Нийлүүлээд хэвлэл мэдээлэл, мэдээллийн боловсрол гэж авч үзэх юм бол бүх төрлийн мэдээллийг олж аваад, ойлгоод үнэн бодитой эсэхийг нь шүүн тунгаагаад, өөрийнхөө сонголт шийдвэрт ашиглаж байгаа ур чадварыг хэлж байгаа юм.

Сэтгүүл зүй өндөр хөгжсөн, иргэд нь сэтгүүл зүйд итгэх итгэлтэй, сэтгүүл зүй сайн байвал нийгмийн өөрчлөлт, хариуцлага дагалддаг гэдгийг ойлгосон улс орнууд мэдээлэл хаа сайгүй байсан ч “New York Times”, “Washington Post” зэрэг редакцууддаа мөнгөө төлөөд, дэмжээд мэдээллээ хүлээж аваад байдаг гэсэн үг.

-Залуу сэтгүүлчдэд хандан өөрийгөө хэрхэн хөгжүүлэх талаар зөвлөгөө өгөхгүй юу.

-Нэгдүгээрт, сэтгүүлчид аль болох нарийн мэргэшсэн байвал давуу талтай. Нэг бол тодорхой сэдэв, салбараар (жишээ нь, эрүүл мэнд, технологи, боловсрол гэх мэт), эсвэл тодорхой төрлөөр (жишээ нь, ярилцлага, эрэн сурвалжилга, дата нийтлэл гэх мэт) мэргэших боломж бий. Ингэвэл сэтгүүлч тухайн чиглэлдээ эксперт болж, эх сурвалжийн өргөн сүлжээтэй, олон талын мэдлэг мэдээлэлтэй болж хөгждөг. Хоёрдугаарт, сэтгүүл зүйн салбарт гарч ирж буй шинэ ур чадваруудыг үргэлж өөртөө суулгаж байх хэрэгтэй. Жишээ нь, өнөөдөр эрэн сурвалжлах сэтгүүлчид өгөгдөлтэй ажиллах чадваргүй бол хол явахгүй. Мөн нийгмийн сүлжээ, олон суваг дээр ажиллах, бүтээлч график дизайн, видео монтаж, подкаст гэх мэт тал бүрийн ур чадвар шаардагдах болсон. Магадгүй байгууллагын зүгээс ч үүнд анхаарч, сэтгүүлчдээ тогтмол сургалтад хамруулдаг байх хэрэгтэй.

Сэтгүүлчдэд зориулсан онлайн орчинд үнэ төлбөргүй болон хямд өртгөөр өөрсдийгөө хөгжүүлж болох олон сайт, сургалтууд байдаг бөгөөд доктор Д.Идэржаргалын залуу сэтгүүлчдэд зөвлөж буй олон улсын эх сурвалж, платформуудаас дурдвал:

Гуравдугаарт, сэтгүүлч хүний ерөнхий мэдлэг маш өргөн байх ёстой. Үргэлж суралцагч байх нь чухал. Англи хэлний мэдлэг, гадаад ертөнцийн сэтгүүл зүйн хөгжлөөс хоцрохгүй байх нь улам чухал болсон. Технологи хөгжөөд шинэ хэрэгслүүд гарлаа гэхэд бидний үндсэн мэргэжлийн зарчим өөрчлөгдөхгүй ч хэрэгсэл нь өөрчлөгдөнө. Тэр болгоныг туршиж үзэх, өөрийн болгож сурах нь хөгжлөө дагаад явж байгаа гэсэн үг.

Мөн өөрсдийн чадахгүй эсвэл сонирхож буй чиглэлээрээ дадлага хийх, аль нэг чиглэлээр мэргэшсэн редакцад хэсэг хугацаанд ажиллаж, туршлага судлах зэргээр идэвхтэй байгаарай гэж залуу сэтгүүлчдэд захимаар байна.

-Мэргэжлийн зарчим өөрчлөгдөхгүй ч хэрэгсэл өөрчлөгдөнө гэж хэллээ шүү дээ. Ярилцлагын төсгөлд хиймэл оюун ухааныг сэтгүүл зүйн салбарт хэрхэн ашиглах боломжтой талаар дурдвал?

Frame 2085664033.png

-Шинэ технологи бүхнийг хөнгөлж өгдөг нэг талтай, нөгөө талдаа шинэ эрсдэлүүд дагуулдаг. Жишээ нь, хиймэл оюун ухааны тусламжтайгаар сэтгүүлч асар их датаг богино хугацаанд боловсруулах, зураг бичвэр бэлтгэх ажлаа хөнгөвчлөх боломжтой. Харин нөгөө талд, хиймэл оюун ухааныг ашиглан хуурамч мэдээ, зураг, бичлэгийг өмнөхөөс хавьгүй нарийн “үйлдвэрлэж” тараах боломж бас нэмэгдлээ. 

Тэгэхээр аливаа шинэ технологиос давуу талуудыг нь хүртэж, сул талуудаас нь хамгаалах стратеги хэрэгтэй. Ямар ч үед сэтгүүл зүйн үндсэн зарчим өөрчлөгдөхгүй шүү дээ. Үнэн бодитой байх, олон талын эх сурвалжтай байх, баримтад тулгуурлах, ёс зүйгээ баримтлах гэх мэт зүйлс хэвээр. Технологи, хэрэгсэл юу ч байсан хамаагүй, сэтгүүлч хүн тэдгээрийг мэргэжлийн үйл ажиллагаандаа хэрхэн ашиглах, мэргэжлийн бус субьектүүд ашиглаж байгаагаас юугаараа ялгарах вэ гэдэгт л анхаарах ёстой болов уу. Жишээ нь, хиймэл оюунд шүүлгэж, засварлуулсан контентыг зарим редакц тусгай тамгатайгаар нийтэлдэг болсон. Манай хэвлэл мэдээллийн байгууллагууд ч дотоод ёс зүйн журамдаа ийм заалт оруулах шаардлагатай. Ямартай ч технологийн хөгжил сэтгүүл зүйд илүү ашигтай байх эсэх нь бид хэрхэн ханддагаас л шалтгаална.

Бидэндтэй ярилцсан танд баярлалаа.

Холбоотой нийтлэлүүд