Б.Батаа: Боловсролын чанарыг дээшлүүлэхийн тулд төрийн зөв менежмент хэрэгтэй


Монголын боловсролын систем сүүлийн гуч гаруй жилийн турш өөрчлөлт, шинэчлэлийн дор олон сорилттой нүүр тулсан ч өнөөдрийг хүртэл “сурагчид амьдралд хэрэгтэй ур чадваруудыг эзэмшиж, хариуцлагатай, бүтээлч иргэн болж төлөвшиж чадаж байна уу” гэдэг асуулт хэвээр үлдсээр байна. Тэгвэл энэ асуултын хариултыг бид хаанаас, хэрхэн олох вэ? Зөв бодлого, тогтвортой хөрөнгө оруулалтын үр дүнд бид хүүхэд бүрд тэгш боломж олгож, боловсролын чанарыг бодитоор дээшлүүлэх бүрэн боломжтой юм. Иймд бид "Solution Journal" шинэ булангийнхаа эхний дугаарт боловсрол судлаач, менежментийн зөвлөх Б.Батаатай боловсролын чанарын өнөөгийн байдал, түүнийг сайжруулах боломж, шийдлийн талаар ярилцлаа.
Боловсролын салбарт 22 дахь жилдээ ажиллаж буй түүний хувьд Монгол Улсын ирээдүй болсон олон залуусын мэдлэг, ур чадвар, ёс зүйг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулж, салбарын шинэчлэл, хөгжлийг биечлэн мэдэрч яваа нэгэн билээ. Бидний ярилцлага “Дэлхий дахинаа боловсролын системийн шинэчлэл хурдтай явагдаж байгаа энэ цагт бид хөл нийлүүлж чадаж байна уу гэдгээ сайн бодох хэрэгтэй” хэмээх шинэ үеийн залуусын сурах арга барил, онцлогийн талаарх сэдвээр эхэлсэн юм.
![]()
“Миний ажигласнаар үе хоорондын ялгаа нь хүүхдүүдтэй өдөр бүр ажилладаг багш, албан байгууллагын удирдлагуудад илүү хүчтэй мэдрэгдэж байна. Ажил олгогчид залуу үеийнхний хандлагыг ойлгоход хүндрэлтэй байхад, багш нар уламжлалт сургалтын арга барил өнөөгийн сурагчдад нөлөөлөхгүй болсон шалтгааныг эргэцүүлж байна. Энэ үзэгдэл нь нийгмийн харилцаа удаан хугацаанд захирах, захирагдах тогтолцоонд тулгуурлаж ирсэнтэй холбоотой. X, Y үеийнхэн уг тогтолцоог хүлээн зөвшөөрдөг байсан бол Z, Альфа үеийнхэн бие даасан, эрх чөлөөт байдлыг эрхэмлэж, үүрэг даалгаврыг шууд биелүүлэхээс илүү өөрийн байр сууриа чухалчилдаг нь шинэ сорилт үүсгэж байна шүү дээ. Технологи, нийгмийн хөгжил илтгэгч функцийн хэлбэрээр огцом урагшилж байхад хүний болон байгууллагын хөгжил логарифм функцийн хэлбэрээр аажим өсөж, энэ зөрүү нь “хөгжлийн хоцрогдол” болж илэрч байна.”
PISA 2022: Олон улсын түвшинд бид хаана явна вэ?
2025-2026 оны хичээлийн шинэ жилд улсын хэмжээнд 1.3 сая орчим сурагч, 110 мянга гаруй багш, ажилтан хамрагдах төлөвтэй байна. Дэлхий дахинаа боловсролын салбарын аливаа амжилт, алдаа бүхэн зөвхөн сургалтын чанар, үр дүнд нөлөөлөөд зогсохгүй хүүхдийн хүмүүжил, төлөвшил, хөгжлийн замнал, цаашлаад улс орны өрсөлдөх чадвар, тогтвортой хөгжлийн чанарт шууд нөлөөлдөг. Тиймээс бид өнөөгийн боловсролын нөхцөл байдлыг бодитоор үнэлж, тулгамдсан асуудлыг үнэн зөв тодорхойлох нь ирээдүйн хөгжлийг тодорхойлох нэн чухал алхам юм.
Энэ хүрээнд 15 настай сурагчдын сурлагын амжилтыг математик, шинжлэх ухаан, унших чадварын үзүүлэлтээр хэмждэг PISA (Сурлагын амжилтын олон улсын үнэлгээ)-д манай улс 2022 онд анх удаа хамрагдсан бөгөөд олон улсын дунджаас доогуур үнэлэгдсэн байна.
“Юун түрүүнд манай боловсролын чанар ямар түвшинд байгааг мэдэхийн тулд эхлээд тодорхойлох хэрэгтэй шүү дээ. Монгол Улс 2022 онд олон улсын боловсролын чанарын үнэлгээ болох PISA-д анх удаа оролцож, сургалтын чанарын түвшнээр “сул” ангилалд багтсан. Үүнийг үсгэн үнэлгээгээр тайлбарлах юм бол монгол сурагчид “C-” ба “D+” түвшний хооронд үнэлэгдэж, “A” зэрэглэлтэй Сингапур, БНСУ, Япон болон өндөр амжилттай орнуудаас мэдэгдэхүйц хоцрогдолтой байна.
Гэсэн ч энэ нь манай хүүхдүүдийн боломж, чадавх сул гэсэн үг биш юм. Өнөөгийн нийгэм, эдийн засаг, боловсролын тогтолцооны нөхцөлд ийм үнэлгээ авч байгаа нь хүүхдүүдийн потенциал өндөр байгааг харуулж байна. Залуучуудын дунд амбиц их байгаа нь үнэлгээгээр “A” авахыг хүсэж буйтай адил боловч бодит байдал дээр дунджаас доогуур үнэлгээтэй байгаа нь бухимдал, зөрүү үүсгэж байна.
XXI зууны боловсрол гэдэг зөвхөн мэдлэг дамжуулах биш, харин сурагчийг эрх чөлөөтэй, өөрийнхөө төлөө хичээдэг, ухамсартай иргэн болгон хөгжүүлэхтэй шууд холбоотой. Үүнийг англи хэл дээр “deself” гэж нэрлэдэг бөгөөд монгол хэлэнд “өөрийгөө өөрөөсөө, өөртэйгөө” гэх ойлголтоор илэрхийлж болно. Өөрөөр хэлбэл, хүн өөрөө өөрийгөө таньж, өөрийгөө удирдаж, шийдвэр гаргаж чаддаг байх ёстой. Ийм системийг боловсролын хүрээнд бүрдүүлэх нь тухайн сурагчийн суралцах идэвх, бүтээлч сэтгэлгээ, өөрийгөө хөгжүүлэх чадварыг дэмжих гол гарц юм. Иймээс боловсролын системийг бүтнээр нь шинэчлэх нь зөвхөн агуулга, хөтөлбөрийг шинэчлэхээс гадна, сурагчийг өөрөө өөрийгөө удирдаж, хөгжүүлдэг болгох сургалтын арга, технологи, менежментийн шинэчлэлийг нэвтрүүлэхтэй шууд холбоотой юм. Харин боловсролын гол зорилго нь хүний хөгжил байх ёстой. Энэ зорилгыг хоёр үндсэн талаас нь авч үзэх хэрэгтэй байгаа юм. Үүнд:
![]()
Нэгдүгээрт, бүтээмж: Гэр бүл, хөдөлмөр, нийгэм хамгааллын 2024 оны судалгаагаар монгол хүний бүтээмж дэлхийн дунджаас 3.6 дахин, харин БНСУ-ын иргэдтэй харьцуулахад 5.4 дахин бага байна. Бүтээмжийн түвшин нь цалингийн хэмжээтэй шууд хамааралтай байдаг. Одоогийн байдлаар монгол залуучуудын цалингийн түвшин хангалтгүй хэмжээнд байгаа нь тэдний сэтгэл ханамж, ажлын идэвхэд нөлөөлж байна. Цалинг нэмэгдүүлэх үндсэн арга зам нь бүтээмжийг нэмэгдүүлэх. Харин бүтээмжийг бий болгох гол гарц нь өөрөө боловсрол юм.
Хоёрдугаарт, амьдрах чадвар: Боловсролыг үнэлэх хоёр дахь чухал үзүүлэлт нь хувь хүний амьдралын чанарт чиглэнэ. Өөрөөр хэлбэл, “Би аз жаргалтай, сэтгэл хангалуун, сайхан амьдарч чадаж байна уу?” гэсэн асуултад хариулт өгч чадахуйц амьдрах чадвар боловсролоор олгогдсон эсэхийг тодорхойлох нь чухал. НҮБ-ын Хүүхдийн сангийн тодорхойлсноор, XXI зууны иргэд амжилттай амьдрахын тулд дараах дөрвөн чадварыг заавал эзэмших ёстой. Үүнд:
- Тасралтгүй суралцах чадвар: Өөрийгөө шинэ мэдлэг, мэдээллээр тогтмол хөгжүүлж, цаг үеийн өөрчлөлтөд хурдан дасан зохицох насан туршийн боловсрол.
- Ажил эрхлэх чадвар: Мэргэжлийн ур чадвар эзэмшихээс гадна баг удирдах, бизнес санаачлах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх.
- Хувь хүний хөгжил: Өөрийгөө ухамсарлах, зорилготой, аз жаргалтай, сэтгэл хангалуун амьдрах.
- Иргэний хариуцлага: Нийгмийн идэвхтэй оролцоо, хамтын хөгжилд хувь нэмрээ оруулах.
Эдгээр чадамж нь зөвхөн хувь хүний амжилтад бус, улс орны ирээдүйн өрсөлдөх чадварт чухал нөлөөтэй. Харамсалтай нь, өнөөгийн боловсролын тогтолцоо эдгээр чиглэлд хангалттай үр дүн үзүүлж чадахгүй байгаа нь системийг яаралтай шинэчлэх шаардлагатайг тодорхой харуулж байна.”
“Багшийн ур чадвар, хөгжлийг дэмжиж, тэдэнд зөв арга зүйг олгох тогтолцоо, дэмжлэгийг бүрдүүлэх нь чухал байна”
Эндээс бид “боловсролын чанарыг нэмэгдүүлэхэд шаардлагатай эдгээр чадварууд яагаад өнөөгийн тогтолцоонд бүрэн төлөвшөөгүй байна вэ” гэх асуултын бодит шалтгааныг эрэлхийлэх шаардлагатай болж байна. Боловсрол судлаачдын үзэж буйгаар боловсролын чанарын тухай ойлголт нь зөвхөн сургалтын агуулга, арга зүйгээс гадна эцэг эхийн оролцоо, багшийн хөгжил, хөтөлбөрийн уялдаа, нийгмийн үнэт зүйлсийн өөрчлөлт зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж байгаа. Ярилцлагын энэ хэсэгт тэрбээр эдгээр хүчин зүйлийг үе шаттай тайлбарлаж, аль түвшинд ямар асуудал давамгайлж байгааг онцолсон юм.
![]()
“Боловсролын чанарыг тодорхойлох гол гурван хүчин зүйл байдаг. Нэгдүгээрт, эцэг, эхийн оролцоо. Манай монгол эцэг, эхчүүд хүүхдийнхээ боловсролд идэвхтэй оролцдоггүй, сургуулийн үүрэгт бүрэн даатгадаг хэв маяг давамгайлж байна. “Хүүхдийнхээ боловсролд би чухал хүн шүү” гэж боддоггүй нийтлэг хандлага байна шүү дээ. Харин Вьетнамд эцэг, эх, тэр дундаа эмээ, өвөө хүртэл хүүхдийн боловсролд анхаарал хандуулж, Европын өндөр хөгжилтэй орнуудын жишигтэй адил түвшинд сургаж байна. Хоёрдугаарт, багш нарын бэлтгэл. Орчин үеийн, эрх чөлөөт сэтгэлгээтэй сурагчидтай ажиллахад багш нар арга барилаа зөв зохицуулж чадахгүй, бэлтгэл, арга зүй, сургалтын тогтолцоо нь хоцрогдсон хэвээр байна. Гуравдугаарт, сурагчдын хандлага. Өөрийгөө хөгжүүлэх, сурах идэвх сул, “би ер нь сурах хэрэггүй юм биш үү" гэх суралцахуйг чухалчилдаггүй хүүхдүүд нэмэгдэж байна. Энэ гурвын үр дүнгээс юу харагдаж байна вэ гэвэл өнөөгийн боловсролын тогтолцоо.
Иймд боловсролын системд багшийн ур чадвар, хөгжлийг дэмжих, тэдэнд зөв арга зүйг олгох тогтолцоо, дэмжлэгийг бүрдүүлэх нь чухал байна. Бид бүгдээрээ өнөөгийн байдалд дүгнэлт хийж, засаж сайжруулах шаардлагатайг мэдэж байгаа ч “яаж өөрчлөх вэ, хэн туслах вэ” гэдэг асуудал нь цаанаа үлддэг. Угтаа хүн, нийгмийн өөрчлөлт гэдэг урт хугацааны процесс бөгөөд энэ ажилд хамгийн чухал үүрэгтэй хүн бол багш юм.
Эцэг эх хүүхдийн зан төлөв, суралцах идэвхэд тодорхой нөлөө үзүүлж чадах ч, өдөр тутмын завгүй амьдрал, ажил, амралт зэргээс шалтгаалан тогтмол, бодитой оролцох боломж нь хязгаарлагдмал байдаг. Иймээс хүүхдийг зөв хөгжүүлэх, суралцах дадлыг эзэмшүүлэх гол үүрэг багшид ногдож байна. Харин багшийн мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэхэд сургуулийн удирдлагууд гол үүрэг гүйцэтгэх бөгөөд багийн бусад гишүүд буюу туршлагатай, чадварлаг хүн хамт олноо манлайлах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, багийн дор хаяж нэг хүн бусдыг өөрчлөх, эергээр нөлөөлж, дэмжих чадвартай байх хэрэгтэй гэсэн үг юм.
Тиймээс багш өөрөө манлайлагч, идэвхтэй оролцогч байх, санхүү, зардлын боломжтой тохиолдолд гадаадын туршлагатай багш нарыг дэмжлэг, технологи, арга зүйгээр хангаж хөгжүүлэх системийг бүрдүүлэх нь боловсролын чанарыг дээшлүүлэх нэг түлхүүр юм.”
Хөтөлбөрийн шинэчлэл биднийг хааш хөтөлж байна вэ?
Нөгөөтээгүүр, боловсролын тогтолцооны тогтворгүй байдал, шинэчлэлд дасан зохицох чадвар сул байгаад сургалтын хөтөлбөр, сурах бичгийн тогтворгүй байдал нөлөөлсөн үү гэх асуудал хөндөгддөг. Тодруулбал, Монгол Улсын Боловсролын бодлогын тойм шинжилгээний 2019 оны тайланд дурдсанаар Ерөнхий боловсролын салбарт 1998-2014 онд сургуулийн бүтэц дөрвөн удаа, 1998-2019 онд хөтөлбөр дөрвөн удаа шинэчлэгджээ. Мөн 1998-2000 оны хооронд бага, дунд, боловсролын сурах бичиг хангамжийн талаар баримтлах бодлогод 3 удаагийн, эрх зүйн зохицуулалтад 12 удаагийн өөрчлөлт тус тус хийгдсэн байна. Тухайлбал, 2013 онд хэвлэгдсэн сурах бичгүүд 2-4 жилийн хугацаанд хэрэглэгдэж, өмнөх 2009-2018 оны сурах бичгүүдийн бараг тал нь хүчин төгөлдөр бус болсон нь тогтворгүй байдлыг харуулна. Эдгээр шинэчлэл, өөрчлөлтүүд боловсролын чанарт хэрхэн нөлөөлж байгаа талаар тодруулсан юм.
![]()
"Боловсролын хөтөлбөр, сурах бичгийн чанар нь зөвхөн бодлого, стандартын асуудал биш бөгөөд хүний нөөц, цаг үеийн нөхцөлтэй шууд холбогддог. Монгол Улсын 3.5 сая хүн амын дотор боловсролын салбарт ажиллаж буй эрдэмтэн, судлаач, багш ажилчид болоод хөтөлбөр боловсруулах ажилд гар бие оролцох судлаач, мэргэжилтний тоо тун бага байна шүү дээ.
Хөтөлбөр боловсруулах гэдэг нь асар том, нарийн ажиллагаатай ажил бөгөөд нэг хоёр хүн ганцаараа амжилттай хийх боломжгүй. Хичээлийн агуулгыг танин мэдэхүйн олон салбараар задлан, үр дүнтэй, алдаа багатай байдлаар боловсруулах шаардлагатай тул тухайн улс орны шинжлэх ухааны хөгжлийн түүх, хүний нөөцийн хэмжээ, туршлага зэрэг маш чухал үүрэгтэй. Монголын шинжлэх ухааны хөгжлийн түүх харьцангуй богинохон бөгөөд дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын их сургуулиуд 1200 оны үед байгуулагдаж, судалгааны, боловсролын тогтолцоогоо олон зууны турш хөгжүүлсэнтэй харьцуулбал бидний боломж хязгаарлагдмал шүү дээ.
Иймд, хурдтай хөгжиж буй дэлхийн боловсролын хөтөлбөрт тулгуурлан, боловсролын чанарыг дээшлүүлэхийн тулд бусад улс орнуудын туршлагыг судалж, ойлгож, Монгол орны онцлогт нийцүүлэн нутагшуулах шаардлагатай. Хэдий энгийн мэт сонсогдож байгаа ч хэрэгжүүлнэ гэдэг өөрөө их хүчин чармайлт шүү дээ. Улс орнуудын амжилттай туршлагыг Монголын нөхцөлд нийцүүлж, газар зүйн онцлог, эдийн засгийн боломж, багш, эцэг эхийн оролцоо, сурагчдын зан төлөвт тохирсон хэлбэрт оруулах нь чухал бөгөөд үүнийг хийхэд мэдлэг, чадвар, туршлагатай мэргэжилтэн зайлшгүй шаардлагатай байна.”
- Боловсролын чанарын хүрээнд хөндөх бас нэгэн чухал асуудал бол үнэлгээний систем шүү дээ. Сургалтын үр дүнд сурагчид эзэмшсэн мэдлэг, ур чадвар, төлөвшлийг үнэн зөв, бодитоор тодорхойлж чадаж байна уу?
-Хорьдугаар зууны менежментийн алдартай зөвлөх Питер Дракерын “Хэмжиж чадахгүй бол удирдаж чадахгүй” гэх үг бий. Тиймээс бид “хүнээ хөгжүүлье” гэж байгаа бол юу сурсан, ямар түвшинд байна вэ гэдгийг үнэлэх тэр систем өөрөө зөв байх ёстой шүү дээ. Гэвч манай боловсролын тогтолцоонд худал дүн тавих явдал тогтоод удаж байна. Өөрөөр хэлбэл, эцэг эх, багш нар хүүхдийг сэтгэл зүйн дарамтаас хамгаалах нэрийн дор бодит үнэлгээг нуух, зөөлрүүлэх хандлагатай байгаа нь хөгжлийн бодит чигийг тодорхойлоход саад болж байна.
Миний хувьд сурагчдын сурах идэвх сул, боловсролын ач холбогдлыг төдийлөн ойлгодоггүй энэ хандлага нь багш, удирдлага, сургалтын бүтцийг “дүр эсгэсэн” байдалд хүргэж байна гэж дүгнэнэ. Хүүхдүүд суралцах үйл явцыг “дүр эсгэн” гүйцэтгэдэг бол багш нарын сургалтын арга барил заасан шиг дүр эсгэн хэрэгжүүлж, сургуулийн удирдлагууд багш нартайгаа хамтран ажиллаж байгаа мэт дүр төрхтэй байна. Үүнээс бүх зүйл болоод байгаа юм шиг, хөгжиж байгаа юм шиг нийтлэг дүр зураг ажиглагдаж байна л гэж хэлье.
Түүнчлэн, Боловсролын үнэлгээний төв (БҮТ) үнэлгээний мэдээллээ олон нийтэд ил тод, ойлгомжтой хэлбэрээр хүргэхгүй, бодит тоон үзүүлэлтийг “шилжүүлсэн оноо” хэлбэрээр зарлах нь үр дүнг ойлгоход хүндрэл үүсгэж байна. Харин олон улсын хөтөлбөртэй, олон улсын шалгалт өгдөг сургуулийн хүүхдүүд боловсролын чанараар өндөр байгаа нь тэдний үнэлгээ хэн нэгнээс хамааралгүй, үнэн зөв байгаатай холбоотой. Бодит үнэнээс багш юуг сайжруулах ёстойгоо ойлгоно, хүүхэд алдаагаа харна, эцэг эх үнэнтэй нүүр тулж сурна шүү дээ. Энэ бол хүний хөгжлийн хамгийн чухал зүйл байгаа юм.
Гэтэл бид дүнгийн тухай их буруу ойлголттой явдаг. Дүн гэдэг бол бидэнд нэг зорилго байна, тэр зорилгынхоо хэдэн хувьд хүрснийг хуваарь илэрхийлж байгаа л зүйл шүү дээ. Өөрөөр хэлбэл, өмнөө тавьсан зорилгынхоо төлөө зорилт дэвшүүлж, ямар мэдлэг, чадвар эзэмшихийг зорьсон, тэр зорилтын аль хэсэг нь биелээгүй байна, түүнийг хэрхэн сайжруулах вэ гэдгийг үнэлэх тухай ойлголт. Тэгэхээр дүн гэдэг бол багшийн тавьдаг, боловсрол гэдэг багш заагаад, түүнийгээ шалгадаг нэг талын процесс биш юм. Боловсрол гэдэг бол сурагчийн мөрөөдөл, ирээдүйн зорилгод чиглэсэн, түүнийг нь биелүүлэхэд гүүр болох багш, сурагчийн хамтын ажиллагаа юм. Тиймээс бид үнэнтэй нүүр тулах хэрэгтэй байна.
Боловсролын чанарыг дээшлүүлэх гол хүч бол төрийн менежмент
Тэрбээр боловсролын тогтолцооны сул тал, үнэлгээний хоцрогдол, оролцогч талуудын уялдаа зэрэг олон хүчин зүйлийг цогцоор нь шийдэж чадвал мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэхээс гадна зөөлөн ур чадвартай, бүтээлч, хариуцлагатай иргэдийг төлөвшүүлж, улмаар улсын өрсөлдөх чадвар, тогтвортой хөгжлийг бэхжүүлэх боломжтой гэдгийг онцолсон юм.
![]()
“Ирээдүйн эзэд болсон сурагчдын хөгжлийг зөв чиглүүлэхийн тулд бид багш, хүүхэд, эцэг эхийн оролцоог сайжруулахаас гадна тэдгээрийг нэгтгэх хүч хэрэгтэй байна. Тэр хүч бол төрийн менежмент. Хүн төрөлхтний хөгжлийн түүхэнд удирдагч, манлайлагч хүмүүс нийгмээ манлайлж, бусдадаа туслан, өөрчлөлтийг бий болгодог шүү дээ. Яг үүнтэй адил аливаа зүйл аяндаа өөрчлөгдөхгүй учраас энэ өөрчлөлтийг бий болгох зөв менежмент хэрэгтэй байна. Энэ хүрээнд бид дараах гурван асуудалд онцгой анхаарах шаардлагатай. Нэгдүгээрт, удирдах албаныхны мэдлэг, ур чадвар, манлайлах чадамж хэр хэмжээнд байгааг тодорхойлох. Хоёрдугаарт, тэдгээр хүмүүст сургууль, сургалтын үйл ажиллагааг системтэй удирдах арга зүйг тогтмол, оновчтой зааж сургах. Гуравдугаарт, манай боловсролын салбарын менежментийн тогтолцоо хэрхэн ажиллаж, бодит үр дүн авчрах бүтцээр хөгжиж байгаа эсэхийг үнэлэх хэрэгтэй. Энэ гурван чиглэлд оновчтой, зөв арга хэмжээ авч чадсанаар багш, хүүхэд, эцэг эхийн оролцоог үр дүнтэй нэгтгэж, боловсролын чанарыг тогтвортой дээшлүүлэх суурь бүрдэнэ.”
Монголын боловсролын системийн өнөөгийн сорилтуудыг даван туулахад зөв бодлого, хөрөнгө оруулалтаас гадна багш, эцэг эх, сурагчдын нэгдмэл хүч, түүнийг чиглүүлэх удирдлага нэн чухал болохыг энэхүү ярилцлага тодотголоо. Боловсролын чанарын өнөөгийн байдал, түүнийг сайжруулах боломжийн талаар боловсрол судлаач, менежментийн зөвлөх Б.Батаатай ярилцсан энэхүү ярилцлагаас харахад, боловсролын чанарыг нэмэгдүүлэхэд сургалтын хөтөлбөрийн тогтвортой байдал, багшийн ур чадварын хөгжил, эцэг эхийн идэвх, сурагчдын суралцах арга барил, зөв менежмент зэрэг олон хүчин зүйлийг хамруулж үзэх шаардлагатай ажээ. Бид Solution Journal булангийнхаа дараа дараагийн дугаарт нийгэмд тулгарч буй сорилтуудыг судлан шинжилж, шийдлийг үргэлжлүүлэн эрэлхийлсээр байх болно.