Залуусын орон зай

Э.Батцэцэг: Хуурамч мэдээлэл итгэлийг үгүй хийж, ёс зүйгүй иргэдийг бүтээдэг 

Б.Намуун2025.11.125 минут унших
Э.Батцэцэг: Хуурамч мэдээлэл итгэлийг үгүй хийж, ёс зүйгүй иргэдийг бүтээдэг 

Posted.mn сайтын редакцаас салбар салбарын мэргэжилтнүүдийг оролцуулан, тухайн салбарт тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийн шийдлийн талаар онцлон ярилцдаг “Solution Journal” булангийн шинэ дугаараа хүргэж буйдаа таатай байна. Энэ удаагийн дугаарт бид Монголын баримт шалгах төвийн Ерөнхий эрхлэгч, редактор Э.Батцэцэгийг урьж, худал мэдээллийн хор уршиг, түүнийг ялгах чадвар, цаашид үүнийг хэрхэн багасгах талаар ярилцлаа.  

“Монголчууд нинжин сэтгэл төрүүлэх хуурамч мэдээлэлд илүү автамтгай” 

Бид ярилцлагаа монголчууд ямар төрлийн хуурамч мэдээлэлд илүү автамтгай байдаг талаар ярилцаж эхлүүллээ.  

Судалгаагаар хүн анхнаасаа л өөрийгөө хамгаалах, аюулыг мэдрэх, сэрэмжлэх зөн совинтой төрдөг. Иймээс нэг л таньж мэдэхгүй зүйл гарч ирэхээр айна, сандарна, түүнийгээ бусдадаа анхааруулж сэрэмжлүүлэх гэж хуваалцана. Тийм болохоор л муу, муухай, аймшигтай, сэтгэл сэртхийлгэм мэдээг хүний тархи маш хурдан хүлээж авдаг.   

Монголчууд бидний нэг онцлог бол нинжин сэтгэл. Хүний сэтгэлийг хөдөлгөсөн түүх байхад л  хуурамч байсан ч хамаагүй маш хурдан тардаг. Жишээ нь, “Брэд Питт Анжелина Жолид бичсэн захидал” гэх мэт. Үүнийг мэддэг хүмүүс, бүлэглэлүүд сайн ашигладаг. Өмнө нь гарч байсан сэтгэл хөдөлгөм мэдээлэл дахин үзэгдэж, хандалт цуглуулаад эхлэхээр л үүний ардаас хувийн ашиг сонирхлын мэдээллүүд гарч эхэлдэг. Энэ чинь нэг төрлийн манипуляци. Гэхдээ сонирхолтой нь олон улсын баримт шалгах байгууллагуудын шалгаж байгаа мэдээлэлтэй харьцуулахад манайд л ийм сэтгэл хөдөлгөсөн, нинжин сэтгэл төрүүлэх хуурамч мэдээлэл маш их байдаг. Энэ бол монголчуудын онцлог, нэг талаар сайн чанар ч нөгөө талаар хамгийн эмзэг цэг юм. 

Frame 2085664102.png

-Монголчууд яагаад худал мэдээлэл ялгаж чаддаггүй вэ? 

Худал мэдээлэлд байнга өртөж байгаа нийгэм итгэлгүй болж, итгэлгүй нийгэм ёс суртахуунгүй болно. Хүн итгэхээ больсон нийгэмд хамгийн түрүүнд унах зүйл бол ёс зүй, дараа нь хүнлэг чанар байдаг.

-Энэ нь нийгмийн итгэлцэлтэй шууд холбоотой. Хүмүүсийн төр, засагтаа итгэх итгэл буурсан. Мөн өдөр бүр “Энэ ч худлаа, тэр ч худлаа” гэж хараад байвал хүн чинь эцэстээ “Бүх зүйл худлаа” гэдэг дүгнэлтэд хүрч, юунд ч итгэхээ больдог. Итгэл үгүй болохоор хүн хүнээ хайрлахаа больж, бие биеэ сэжиглэнэ. Тэр нь л эцэстээ нийгмийн ёс суртахууны уналтын эхлэл болж байгаа юм. 

Заримдаа мэдээлэл үнэн ч байж болно, гэхдээ зөвхөн нэг өнцгөөс, өөрт ашигтай талаас нь харуулсан бол тэр бас хуурамч мэдээлэлд орно. Үүнийг олон улсын хэмжээнд “manipulated information” буюу “incomplete information” гэдэг. Өөрөөр хэлбэл, үнэнийг бүтнээр нь биш, өөрт хэрэгтэй хэсгийг нь л үзүүлснээрээ тэр худал мэдээлэл болдог гэсэн үг. Ингэж худал, хагас худал мэдээлэлд байнга өртөж байгаа нийгэм итгэлгүй болж, итгэлгүй нийгэм ёс суртахуунгүй болно. Хүн итгэхээ больсон нийгэмд хамгийн түрүүнд унах зүйл бол ёс зүй, дараа нь хүнлэг чанар байдаг. 

“Цахим орчинд хүн бүр нийтлэгч болсноор алдаатай, хуурамч мэдээлэл түгж байна” 

Хэвлэл мэдээллийн байгууллагуудад өглөөний шуурхай дээр тухайн өдрийн мэдээллээ төлөвлөж, судалгаа хийж, эх сурвалжаа нягталж, нийтлэл нь эрхлэгч, удирдагчийн хяналтаар шат шат дамжин гардаг нь бүгд баримт шалгалтын үндсэн зарчим юм. Харин сошиал орчинд энэ хяналт, дамжлага байхгүй хэн ч нийтлэгч болж чадна. Зарим мэдээлэл орчуулгын алдаатай, тоо баримтын зөрүүтэй, бүр зориуд төөрөгдүүлэх зорилготой байх нь ч бий. Тиймээс л баримт шалгагч гэх тусдаа хүний үүрэг шаардлагатай болсон юм. 

Өнөөдөр дэлхий даяар хуурамч мэдээлэлтэй тэмцэхэд технологийн олон төрлийн хэрэгсэл, аргачлалыг ашиглаж байна. Монголын баримт шалгах төв ч үүнтэй уялдуулан олон улсын туршлага, технологийг нутагшуулж, цахим орчны эрүүл, үнэн зөв мэдээллийн орчныг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байгаа. 

Frame 2085664098.png

-Ер нь Монголын баримт шалгах төв хэрхэн бий болсон бэ? 

-Монголын баримт шалгах төв 2020 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн. Бид дэлхий даяар International Fact-Checking Network (IFCN) буюу Олон улсын баримт шалгах сүлжээ гэж байгууллага байдгийг олж мэдсэн. Энэ сүлжээ дэлхийн бүх баримт шалгагч байгууллагыг нэгтгэж, цахим орчин дахь хуурамч мэдээлэлтэй системтэй, мэргэжлийн түвшинд тэмцэх арга барил, ёс зүйн хэм хэмжээг тогтоож ажилладаг. Хамгийн гол зорилго бол олон улсын шалгуурыг хангасан, ёс зүйн кодтой, баталгаажсан байгууллага болох байв. Тэр зорилгодоо хүрч, IFCN-ийн албан ёсны баталгаажуулалт авсан Монголын анхны байгууллага болсон нь бидний хувьд том алхам байлаа.  

Баримт шалгагчдын тулгамдсан асуудал: Төрийн байгууллагын "хаалттай" мэдээлэл 

Сүүлийн таван жилийн хугацаанд баримт шалгах үйл ажиллагааг тасралтгүй хийж ирэхэд бидэнд хамгийн их тулгамдаж буй асуудал төрийн байгууллагуудаас найдвартай тоо баримт авах байлаа. Энэ нь “Нээлттэй мэдээллийн ил тод байдлын тухай хууль” болон холбогдох журам, байгууллагуудын дотоод зохицуулалтын хүрээнд олон мэдээлэл “хаалттай” ангилалд орчихсон байдагтай холбоотой. Гэтэл яг ийм мэдээлэл л олон нийтэд хамгийн хэрэгтэй, мэдэх эрхийнх нь хүрээнд байх ёстой зүйл байдаг. 

Нээлттэй гэж тооцогддог, хуульд хориглоогүй мэдээллийг авахын тулд ч төвөгтэй шат дамжлага дамжина. Албан бичиг явуулах, хариу ирэх хуульд заасан хугацаа дуусах, дахин 10 хоног сунгах эрхийг ашиглах гэх мэтээр хугацаа уртассаар мэдээлэл хуучирдаг. Тэр үед олон нийтийн сонирхол буурч, бид тэр мэдээллийг гаргах шаардлагагүй болчихдог. Гаргалаа гэхэд “хуучин” сэдвийг дахин сэдрээж байгаа мэт болж, өөрсдөө нийгмийн анхаарлыг дахин идэвхжүүлж орхих аюултай.  

Хоёр дахь том бэрхшээл бол сэтгэл зүйн дарамт, дайралтууд. Жишээ нь, уран олборлолт, вакцины эсэргүүцэл эсвэл Засгийн газар огцрох үеийн үйл явдлууд дээр хүчтэй сөрөг хандлага, доромжлол, дарамт их ирдэг.  

Гурав дахь асуудал бол хэвлэл мэдээллийн салбар дотроо үүсдэг зөрчил. Манай байгууллагыг үүсгэн байгуулсан хүмүүс бүгд мэргэжлийн сэтгүүлчид. Тиймээс хэвлэл мэдээллийн салбараа илүү хараат бус, хариуцлагатай, тогтвортой бизнесийн загвартай болгохын төлөө ажиллаж байгаа. Гэтэл нөгөө талдаа, зарим хэвлэл мэдээллийн байгууллага өөрсдөө хуурамч эсвэл нягтлаагүй мэдээлэл түгээж байх нь бий. Тэдний мэдээллийг “баримт зөрүүтэй”, “төөрөгдүүлсэн” гэж дүгнэх нь хэцүү, салбар дотроо зөрчил үүсгэх эрсдэлтэй. Гэхдээ бид IFCN-ийн ёс зүйн кодын дагуу хэнийг ч ялгалгүй, зөвхөн мэдээллийн үнэн бодит байдалд тулгуурлан ажиллах ёстой. Тиймээс тухайн мэдээллийг нийтэлсэн хаяг, хэвлэл мэдээллийн байгууллага байсан ч адил шалгуураар баримтыг нягталдаг. 

Харин статистикийн хувьд харьцангуй сайн мэдээ бий. Бидний шалгасан мэдээллийн 97 гаруй хувь нь хувь хүмүүсийн хаягуудаас гарсан, харин 3 хүрэхгүй хувь нь хэвлэл мэдээллийн байгууллагаас түгээсэн хуурамч мэдээлэл байдаг. Энэ нь мэргэжлийн хэвлэл мэдээлэл харьцангуй хяналт, ёс зүйтэй ажиллаж байгаагийн илрэл гэж хэлж болно. 

Frame 2085664097.png

-Шалгах баримтаа хэрхэн сонгодог вэ? 

-Манай төв Meta компанийн Хөндлөнгийн баримт шалгах түнш хөтөлбөртэй хамтарч ажилладаг. Энэ хөтөлбөрийн хүрээнд бидний шалгаж, хуурамч гэж тогтоосон мэдээлэлд Meta платформ дээр тэмдэглэгээ хийж, тэрхүү мэдээллийг хуваалцсан хүн бүрд мэдэгдэл очдог. Мэдэгдэлд манай төвийн шалгалтын дүгнэлт мөн тухайн баримт шалгалтыг дэлгэрүүлсэн линкийг холбон, уншиж үзэх боломжтой байдаг. Түүнчлэн Meta бидэнд Монгол Улсад органик бус буюу гэнэт өндөр хандалт авсан, хуурамч шинжтэй мэдээллүүдийг ялгаж харуулдаг. Эндээс бид баримтаар шалгах боломжтойг нь сонгон шалгадаг. 

-Яагаад зарим мэдээллийг шалгахгүй орхидог вэ?  

-Баримт шалгах ажилд тодорхой шалгуур байдаг. Бид баримтаар баталгаажуулах боломжгүй мэдээллийг шалгахгүй орхих зарчмыг баримталдаг. Тухайлбал: 

  • Хүний үзэл бодол, сэтгэгдэл нь баримтаар баталгаажуулах боломжгүй.
  • Ирээдүйг зөгнөсөн шинжтэй зурхай, үлгэр домгийн агуулгууд
  • Хандалт багатай, нөлөөлөх боломжгүй жижиг нийтлэлүүд 

Эдгээрийг шалгаад гаргачихвал бид цөөн хүн харсан худал мэдээллийг шалгаад эсрэгээрээ олон мянган хүнд түгээх эрсдэлтэй. Тиймээс шалгах нь ч, түгээх нь ч бодлоготой, хариуцлагатай байх ёстой. 

“Хиймэл оюун ухаанаар бүтээсэн хуурамч мэдээллийг ашиглан хандалт авч, улс төр, бизнесийн манипуляци хийж байна” 

Сүүлийн үед хиймэл оюун ашиглан хуурамч видеo, зураг хийж түгээх нь ихээр нэмэгдэж байна. Энэ бол тэртээ тэргүй хуурамч мэдээлэлтэй тэмцэж байгаа энэ үед маш том бэрхшээл гэдгийг Ерөнхий эрхлэгч Э.Батцэцэг онцлов.  

Frame 2085664100.pngХарваас илт хиймэл оюунаар хийчихсэн бичлэгүүдийг бид яагаад шалгаад байна вэ гэхээр хандалт өндөртэй ийм мэдээллүүд дараа дараагийн удаадаа ямар нэг бараа бүтээгдэхүүн борлуулах эсвэл ямар нэг улс төрчийг буруутгах агуулгыг оруулаад эхэлдэг. 

Иймээс бид дараах зүйлд төвлөрч баримтаа шалгадаг: 

  • Агуулга нь хэнээс, ямар зорилгоор, яагаад түгж байна вэ?
  • Энэ нь улс төрийн нөлөөлөл эсвэл хувийн ашиг сонирхлын үүднээс бүтээгдсэн үү?
  • Хүмүүсийн сэтгэл зүйг барьж авах, дараагийн үйлдлийг өдөөх зорилготой элементүүд байна уу? 

-Баримт шалгах төв үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш хамгийн маргаан дагуулсан мэдээллүүд юу байсан бэ? 

-Тухайн цаг үе нь ямар байгаагаас их хамаардаг. Засгийн газар огцрох үеэр “монголчуудын 63 хувь нь Ерөнхий сайдыг дэмжиж байна” гэсэн нэг мэдээлэл гарсан.  Уг судалгааг “Санкрокс” хэмээх олон улсын байгууллага хийсэн гэх боловч судалгаа нь бодит биш байж магадгүй байсан. Учир нь тэр байгууллага үнэндээ улс төрчдийн PR буюу олон нийттэй харилцах ажлыг хариуцаж, захиалгаар ажилладаг байгууллага гэдэг нь ил болсон. Өмнө нь ч сонгуулийн сурталчилгаанд оролцож байсан жишээ олон. Мөн нэг жишээ нь Нооргийнхныг баривчилсны маргааш өглөө “Эм Си Эс-ийн тролл багийг баривчиллаа” гэсэн гарчигтай, яг ижил текст, зурагтай нийтлэлүүд 20 гаруй хэвлэл, олон хуудсаар зэрэг гарсан. Хэрвээ үнэхээр тийм хэрэг байсан бол ядаж нэг хэвлэл түрүүлж мэдээлээд бусад нь дараа нь лавлаад гаргах байсан шүү дээ. Гэтэл бүгд минутын нарийвчлалтай зэрэг нийтэлсэн нь зохион байгуулалттай, төлөвлөсөн мэдээлэл байсан нь ойлгомжтой. 

Ийм тохиолдолд бид баримт шалгагчийн хувьд тухайн мэдээлэл дээр ажиллаж, ЦЕГ, албан эх сурвалжийн мэдээлэлтэй тулгаж шалгадаг. Тэр мэдээлэл бодит биш, зориуд тараасан болох нь тогтоогдсон. Гэхдээ тийм мэдээлэл гаргахад “Энэ байгууллага тэдний талд орлоо”, “Мөнгө аваад бичлээ” гэх мэт сөрөг хандлага ч дагалдана.  Гэхдээ бидний хувьд хүн л юм чинь алдаа гаргах үе бий. Заримдаа буруу таамагласан, буруу баримт ашигласан ч байж магадгүй. Тийм үед бид залруулга гаргадаг. Өнөөдөр зарим хэвлэл мэдээллийн байгууллага өөрийн үзэл бодол, редакцын бодлогыг нууж, нийгмийн санаа бодолд зориудаар нөлөөлөх, хуурамч мэдээллээр манипуляци хийх явдал гарч байна. Үнэхээр нэг талыг барьсан үзэл бодолтой байж болно, түүнийгээ ил зарлаад л ажиллавал асуудалгүй шүү дээ. Харин үүнийгээ нууж, олон нийтийн итгэлцлийг ашиглаж байгаа нь л асуудлын гол. 

Бүгд баримт шалгаж сурцгаая! 

Frame 2085664095.pngЭ.Батцэцэг эрхлэгч хуурамч мэдээллүүдийг хянах энгийн 3 алхмыг бидэнд заалаа.  

Хуурамч мэдээлэл хамгийн их хандалт авдаг. Үнэн бодит мэдээлэл ч өндөр хандалт авах боломжтой. Гэхдээ дараа нь ямар мэдээлэл түгээх гээд байна, өмнө нь юу түгээж байсан байна гэдгийг нягталж, ГЭРЛЭЭ АСАА! Үүний дараа хэрэгжүүлэх энгийн 3 алхам: 

  1. Хаягийг нь шалга (Хэзээ нээсэн хаяг, ямар ямар нэртэй байсан гэх мэт). Хаяг асуудалгүй харагдлаа гэхэд дуурайлгаж хийсэн хаяг уу, үгүй юу гэдгийг хар. Тухайн хаягийн линкийг харахад жинхэнэ хаяг овог, нэрээр байдаг бол хуурамч хаяг цаанаас нь өгсөн 12 орон бүхий кодтой, эсвэл цэг тэмдэгтэй байдаг.
  2. Зургаар хай.
  3. Агуулгыг нь нягтал. Түлхүүр үгээр нь Google-ээс хайгаад үз. 

Хуурамч гэдгийг нь мэдсэн бол report хий, тоохгүй орхи. Бүү түгээ! 

“ОХУ болон БНХАУ-аас зохион байгуулалттай хуурамч мэдээлэл тараах тохиолдол бий” 

Монголын баримт шалгах төв 2023 оны сүүлээр Оптимал Эн Макс судалгааны байгууллагатай хамтран “Цахим орчин дахь хуурамч мэдээллийн тархалт болон нөлөөлөгч хүчин зүйлсийн судалгаа” хийжээ. Ингэхдээ Улаанбаатар болон хөдөө орон нутагт амьдардаг 18-70+ насны 184 оролцогчийн хариултад шинжилгээ хийсэн аж.  

Frame 2085664093.png

Судалгааны дүнгээр амьжиргааны түвшин доогуур, алслагдсан бүсийн иргэд хуурамч мэдээлэлд өртөх, хуваалцах магадлал төвийн бүсийн иргэдээс даруй 3 дахин өндөр байгааг тогтоосон. Мөн судалгаанд оролцогчдын дийлэнх нь эрүүл мэндийн баталгаагүй зөвлөгөө, цахим залилангийн шинжтэй мэдээлэл зэрэгт илүү өртөмтгий байгаа юм. Эдгээр үр дүнгээс үндэслэн бид “Яагаад ийм мэдээлэл түгээдэг вэ?” гэсэн дараагийн шатны судалгааг эхлүүлсэн бөгөөд энэ хүрээнд хуурамч хаягуудын үйл ажиллагааг нарийвчлан судалсан юм. 

Судалгааны явцад гадаад улс орнуудын нөлөө, ялангуяа Хятад болон ОХУ-ын зүгээс цахим орчинд үзүүлж буй мэдээллийн чиглэлийг шинжилж үзсэн. Хятадын талаас түгж буй мэдээлэл нь ихэвчлэн зөөлөн хүчний бодлого буюу “Хятадын хөгжил, бүтээн байгуулалт, дэвшил” гэх мэт эерэг өнгө аястай, тодорхой зорилготой байжээ. Харин ОХУ-ын талаас түгээж буй мэдээллүүд нь Путиныг магтах, хуучин цагийн дэглэмийг сайшаах, “ардчилал бол хэрэггүй зүйл”, “төр, шүүхэд итгэх итгэл байхгүй” гэх мэт ардчиллын үнэт зүйлсийг сулруулах, институцийн нэр хүндийг унагах агуулгатай байсныг тогтоосон. 

Frame 2085664092 (1).png

“Иргэд хэрсүү болоогүй цагт худал мэдээллийг хуулийн хүрээнд зохицуулах боломжгүй” 

-Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр заалтаар худал мэдээллийг томьёолсон нь хэвлэл мэдээллийн байгууллагыг чөлөөтэй ажиллах боломжийг хааж буй үйлдэл гэдэг. Хууль эрх зүйн хүрээнд яг яаж зохицуулах ёстой вэ? 

-Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд заасан “худал мэдээлэл түгээх” гэсэн томьёолол хэт ерөнхий, тодорхойгүй байгаагаас олон асуудал дагуулж байна. Уг зүйл ангиар эрүүгийн хэрэгт татагдаж, цагдаагийн байгууллагад байцаагдаж, их хэмжээний цаг хугацаа, нөөц, сэтгэл санааны дарамт туулдаг ч бодит хариуцлага хүлээдэг нь маш цөөн байдаг. Нэг ёсондоо энэ зүйл анги бодитой хохирол тогтоох бус залхаан цээрлүүлэх хэрэгсэл болон ашиглагдаж  байна. 

Сүүлд боловсруулагдсан Хэвлэл мэдээллийн тухай хуулийн шинэчилсэн төсөлд худал мэдээлэл гэдгээ илүү тодруулахаар санал оруулсан. Худал мэдээлэл нь misinformation, disinformation, malinformation гэсэн гурван төрөлтэй. 

  • Misinformation — худал гэдгийг мэдэхгүйгээр түгээсэн мэдээлэл (санаандгүй алдаа)
  • Disinformation — санаатайгаар худал, төөрөгдүүлэх мэдээлэл түгээх
  • Malinformation — үнэн мэдээллийг зориуд гуйвуулж, бусдыг хохироох зорилготой түгээх 

Шинэчилсэн байдлаар бол “misinformation” буюу санаандгүй буруу мэдээллийг Эрүүгийн хуулиар зүйлчлэхгүй байх чиглэлтэй. Харин “disinformation”, “malinformation” зэрэг зохион байгуулалттай, санаатай худал мэдээлэлд хариуцлага тооцохоор тусгасан. Гэвч зарим тохиолдолд санаандгүй алдсан мэдээлэл гаднын “тролл” сүлжээгээр зориуд түгээгдэж, анхны эх сурвалжийг нь буруутгах эрсдэлтэй. Иймээс худал мэдээлэл бол гэмтлийн зэргээр хэмжих боломжгүй, хийсвэр шинжтэй асуудал учраас үүнийг хууль эрх зүйн хүрээнд хааж боох бус, иргэдийн мэдээлэлд хандах хандлага, мэдээллийн боловсрол, хэрсүү сэтгэх чадварыг нэмэгдүүлэх замаар шийдэх нь оновчтой. 

Хэвлэлийн хүрээлэнд Данийн мэргэжилтэн сургалт орохдоо  тус улсын иргэдийн 73 хувь нь редакц бүхий баталгаатай хэвлэл мэдээллийн байгууллагын мэдээллийг л үздэг, харин сошиал сүлжээнээс мэдээллээ авдаггүй гэдгийг танилцуулсан. Энэ бол иргэдийн мэдээлэлд хандах боловсрол, итгэлцэл ямар түвшинд байгаагийн тод жишээ юм.  

-Баримт шалгах төв захиалгаар нэг талын мэдээллийг шалгадаг газар уу гэсэн хардлага хүмүүст байдаг байж болох юм...? 

-Олон улсын баримт шалгах сүлжээний ёс зүйн кодыг дагадаг учраас бид жил бүр баталгаажуулалтаа сунгадаг. Тухайн жилд хийсэн бүх баримт шалгалтуудаа орчуулж, тайлагнаад мэдээллээ явуулна. Ёс зүйн код гэдэг нь эх сурвалжаа мэдээлэх, нам бус тэгш шударга байх, залруулгын бодлоготой байх, арга зүйгээ нээлттэй хуваалцах, байгууллагын бүтэц болон санхүүжилтээ мэдээлэх гэсэн 5 зүйл юм. Хэрвээ бид зөвхөн нэг талын захиалгаар баримт шалгасан байвал баталгаажуулалт сунгагдахгүй. Нуулгүй хэлэхэд зарим газраас иймэрхүү байдлаар баримт шалгах санал ирдэг. Харин бид ёс зүйн кодоо тайлбарлаж өгдөг.  

Frame 2085664099.pngЭ.Батцэцэг эрхлэгч цаашид баримт шалгах салбарт хиймэл оюунаар бүтээсэн хуурамч мэдээлэл илүү их бэрхшээл авчрахаар байгааг онцлохын зэрэгцээ “Хуурамч мэдээлэл харж байгаагүй хүн олоод ир гэвэл нэг ч хүн байхгүй байх. Яг үүн шиг үнэн бодит нэг эх сурвалж нэрлээч гэхээр бүгд өөр өөрийн гэсэн найдвартай эх сурвалж нэрлэдэг болоосой гэж хүсэж байна” хэмээснээр бидний ярилцлага өндөрлөсөн юм. Зөвхөн найдвартай эх сурвалжид итгэж, мэдээллээ нягталж, шалгаж, нухацтай дүгнэдэг, мэдээллийн хувьд хэрсүү иргэд олшрох нь хуурамч мэдээлэлтэй тэмцэх хамгийн хүчтэй дархлаа гэдгийг энэхүү ярилцлагаас ойлгосон гэж найдаж байна. 

 

Холбоотой нийтлэлүүд