БИДНИЙ НЭГ Г.ЦЭЛМЭН: 1970 оны хуучин хувцас өнөөдөр таны гарт ирнэ гэдэг их үнэ цэн
Байгаль орчинЗагвар
Namuun.B
Namuun.B
2024.09.04
5 минут
 БИДНИЙ НЭГ Г.ЦЭЛМЭН: 1970 оны хуучин хувцас өнөөдөр таны гарт ирнэ гэдэг их  үнэ цэн

Хог хаягдал болж буй хувцасны зөвхөн нэг хувийг бид дахин боловсруулж чаддаг бөгөөд үлдсэн 99 хувь нь газрын хөрсөнд шууд хаягддаг байна. Харин хуучин хувцасны дэлгүүрүүд хувцсыг эргэлтэд удаан байлгаж, хаях хугацааг хойшлуулдаг. Эллен Макартур сангийн мэдээлснээр хувцасны ашиглалтын хугацааг ердөө есөн сараар уртасгахад нүүрстөрөгч, усны хэрэглээ, хог хаягдлыг 20-30 хувь бууруулдаг ажээ. Тэгэхээр хуучин хувцсаа худалдах, шаардлагатай үед хуучин хувцасны дэлгүүрээс худалдан авалт хийх нь байгальд ээлтэй сонголт юм. Олон улс ч энэ жишиг рүү явж байгаа бөгөөд үүнийг Монголд таниулж буй “Tako Vintage” дэлгүүрийн үүсгэн байгуулагч Г.Цэлмэнийг “БИДНИЙ НЭГ” буландаа онцоллоо. Уншигч та ч мөн энэхүү ярилцлагыг шимтэн уншиж, бидний нэг болоорой.  

 БИДНИЙ НЭГ Г.ЦЭЛМЭН: 1970 оны хуучин хувцас өнөөдөр таны гарт ирнэ гэдэг их  үнэ цэн

Винтеж “Наймаалж”-ны дэлгүүрийн эзэн Г.Цэлмэн 

Хүмүүс тако гэхээр мексик хоолны нэр гэж боддог юм билээ. Тако нь япон хэлээр “наймаалж” гэсэн үг. Би багын л наймаалж идэж чаддаггүй. Тиймээс өөрийнхөө чадахгүй зүйлийг ч хийнэ гэсэн утгаар энэ нэрийг өгсөн.  

Арван долоон нас хүртлээ ээж аавын мэдрэмжээр хувцасладаг буюу авч өгсөн хувцсыг нь л өмсдөг байв. Ээж маань оёдолчин болохоор аав ээж маань хувцасны материал, хийц, оёдлыг нь их харж авдаг байсан. Тухайн үед тренд болж байгаа гэхээс илүү хэдэн жил өмсөх боломжтойгоо тооцоолж, чанарыг нь харж хувцсаа сонгодог байсан гэх үү дээ. Үүнийг дагаад би ч чанартай хувцсанд дуртай хүүхэд байлаа. Винтеж хувцас гэдэг өөрөө хуучны загвартай, чанартай хувцас шүү дээ. Тэгэхээр чанартай хувцсанд дуртай байсан минь өнөөдрийн намайг бүтээхэд тусалсан байх.  

Танд багадаа хайрлаж, нандигнадаг хувцас байсан уу. Одоо байгаа болов уу? 

Дүү нарт маань миний хувцас дамжиж очсоор хуучин хувцаснуудаа авч үлдэж чадаагүй ч хоёр, гурван настайдаа өмсөж байсан ботинк маань одоо ч байдаг. Мөн арав орчим настай байхад эгч маань Японоос хослол явуулж байлаа. Мөрөвч, зангиатай жижигхэн саарал хослолоо өмсөөд “Хар сарнай” хамтлагийн дууг сонсох дуртай байсан. Тэр хослолдоо их хайртай байсан ч одоо надад байхгүй. 

Аав ээжийнхээ сонголтоор хувцасладаг байсан хүүхэд 2013 онд Японд сурахаар очсоноосоо хойш өөрийнхөө юунд дуртай, ямар хувцас өмсөхийг хүсдэгээ эрэн хайж эхэлжээ. Токио загварлаг хот гэдгээрээ алдартай болохоор ч тэр үү, тэрбээр нэг хэсэг трендээ дагаж хувцасласан байна. Харин Японд очсон гурав дахь жилдээ Японы винтеж загвартай хуучин хувцас зардаг дэлгүүр рүү орж үзсэн нь өнөөдрийн дэлгүүрээ нээх эхлэлийг нь тавьжээ. Винтеж хуучин хувцасны дэлгүүрт анх удаа орж үзэхдээ авсан цамц нь одоо хүртэл түүнд байдаг гэнэ. 

 БИДНИЙ НЭГ Г.ЦЭЛМЭН: 1970 оны хуучин хувцас өнөөдөр таны гарт ирнэ гэдэг их  үнэ цэн

Комисс VS Thrift shop 

“Thrift shop” нь хэмнэлттэй худалдан авалт хийх боломжтой дэлгүүр гэсэн утгатай юм байна. Хуучин хувцас учраас цоо шинээсээ хэмнэлттэй тусах нь ойлгомжтой. Харин Монгол хэлний их тайлбар тольд “комиссын дэлгүүр” гэдгийг хуучин хувцас, эдлэлийн дэлгүүр гэсэн байдаг. Аль алинд нь ил болон далдаар “хуучныг аваад хэмнэ” гэсэн санаа байхад яагаад нэг нь ад шоо үзэгдэнэ вэ?  

Комисс гэдэг үг одоо алга болоод байх шиг байна. Гэхдээ би үүнийг муухай үг гэж боддоггүй. Доромж утга санаа биш, хуучин хувцасны дэлгүүрийг тухайн үед таниулж өгсөн нэршил л төдий зүйл шүү дээ.  Аав ээж маань хуучин хувцас авч өмсөх нь энгийн үзэгдэл байсан болохоор би ч тэгдэг л байсан. Манай гэр бүл хуучин, шинэ хувцас гэдэгт биш хувцасны чанарт л анхаардаг байлаа. Анх комиссын дэлгүүрт орж үзэхэд их замбараагүй, олон хувцастай, таагүй үнэртэй санагдаж байсан. Гэсэн хэдий ч чанартай хувцас ихтэй байсан учраас хувцасны чанар, материалыг таньж мэдэхэд тусалсан гэж боддог.  

Харин  комиссын дэлгүүрийг муухай гэж ялгахад хүргэдэг гол зүйл нь үнэр байсан юм болов уу. Эргээд бодоход тэр үнэрийн шалтгаан хими цэвэрлэгээний бодисын үнэр шингэсэн олон хувцас чийглэг орноос дараагийн улс руу явахдаа их уддаг байсан учраас шингээд үлдчихдэг байж. Одоо бол тээвэрлэлтийн үйл явц хурдтай болсон бөгөөд ирэхээр нь дахиж цэвэрлэдэг хүмүүс ч бий. Мөн анхнаасаа нааш явуулахдаа хувцсаа зайгүй болтол нь хэт чихэх биш хооронд нь зайтай баглах хэрэгтэй. Ингэснээр агаар орж, үнэр тогтохгүйгээс гадна үрчийсэн үзэмжгүй хувцас ирэхгүй. 

 БИДНИЙ НЭГ Г.ЦЭЛМЭН: 1970 оны хуучин хувцас өнөөдөр таны гарт ирнэ гэдэг их  үнэ цэн

“Комисс гэдэг нэрээ буцааж авъя, “thrift shop” гээд англи нэртэй болохоороо хуучин хувцас ямар үнэтэй болчихдог юм бэ” гэх сэтгэгдэл нэг хэсэг их явсан шүү дээ. Хуучин хувцас үнэтэй байх ёсгүй юу? 

Хуучин хувцасны худалдаа өөрөө олон улсын тренд болж буй бизнес учраас үнэ нь нэмэгдэж байгаа байх. Гэхдээ чанартай брэндийн хуучны загвараас цоо шинийг нь худалдаж авахаас хэзээд хямдхан л байна. Юм үнэтэй байх тусмаа үнэ цэн нэмэгддэг нь үнэн. Хуучин хувцас гэхээрээ л хямдхан байх ёстой гэсэн үг биш. Яагаад бид манай элэнц өвөөгийн эртний хөөрөг гээд үнэтэй зарж, үнэтэй авдаг билээ? Тийм байхад яагаад 70, 80-аад оны дахиж олдохооргүй хуучны хувцсыг өмнө нь өмсөж байсан хүнээс нь үнэтэй авч болохгүй гэж? Хүмүүс үнэ цэнтэй хуучны зүйлсээ яаж ч ноороож, хуучирсан “Би үүнийг хэдээр ч үнэлж чадахгүй” гэдэг шүү дээ. Үүнтэй л адилхан.  

Гэхдээ манай дэлгүүр “thrift shop” гэхээс илүү винтеж хуучин хувцасны дэлгүүр юм. Хуучны ховор хувцаснууд зардаг учраас үнийн хувьд ч илүү үнэтэй байдаг.  

 БИДНИЙ НЭГ Г.ЦЭЛМЭН: 1970 оны хуучин хувцас өнөөдөр таны гарт ирнэ гэдэг их  үнэ цэн

Винтеж хуучин хувцас ба байгалиа хайрлах сэтгэлгээ 

Түүний ярьж байгаагаар Японд 50-60 жилийн өмнө хуучин хувцасны соёл бүрэлдэн тогтжээ. Энэ нь уг соёл Монголтой харьцуулахад огт өөр түвшинд хөгжсөн гэсэн үг юм. Манай улсын хувьд 1990, 2000-аад оноос комисс гэх ойлголт бий болжээ. 

Нэг ёсондоо Японы одоогийн ахмад настнууд залуу байхдаа аль хэдийн хуучин хувцасны соёл байгальд хэчнээн ээлтэй гэдгийг мэддэг болчихсон байсан гэсэн үг. Харин бидэнд саяхнаас л хуучин хувцас худалдаж авах нь байгальд ээлтэй гэсэн ойлголт бий болж байна шүү дээ. Бага байхад манай гэрийнхэн ч тийм ойлголтгүйгээр хямд мөртлөө чанартай, дахиж олдохооргүй болсон ховор хувцас учраас л хуучин хувцас авдаг байсан байх.  

Хувцасны шүүгээ дүүрэн хувцас байхад л “Өмсөх юм юу ч алга!” гэдэг бүсгүйчүүд олон. 2023 онд дэлхий даяар жил бүр 92 сая тонн нэхмэлийн хаягдал гарч байгаагийн нэлээд хувийг эмэгтэйчүүдийн хувцас бүрдүүлсэн байна 

Эмэгтэйчүүд шүүгээн дэх хувцасныхаа 70 хувийг өмсдөггүй гэсэн судалгаа байдаг. Тэр 70 хувь дараа нь хог хаягдал болох юм уу, хуучин хувцасны дэлгүүрт ирнэ. Хаягдал болохгүйгээр дараагийн хүндээ очвол сайн л даа. Гэхдээ тэр хүн анхнаасаа 100 хувцас биш 30 хувцас авсан бол бүгдийг нь өмсөөд, хэрэглээд явж байх байсан. Тэгэхээр хувцасны сонголт их чухал. Өөрийн биеийн онцлог, амьдралын хэв маягтаа тохирсон хувцсыг сонгож байх хэрэгтэй. Япончууд үүнд их анхаардаг. Яг адилхан гурван өмд, гурван цамц аваад түүнийгээ дандаа өмсдөг хүмүүс олон бий. Нэг талаараа гунигтай амьдралтай мэт санагдаж болох ч нөгөө талаараа байгалиа маш сайн хайрладаг хүмүүс юм.  

 БИДНИЙ НЭГ Г.ЦЭЛМЭН: 1970 оны хуучин хувцас өнөөдөр таны гарт ирнэ гэдэг их  үнэ цэн

“Хуучин хувцсанд өмнөх эзнийх нь муу энерги шингэсэн гэж үзэх нь тэнэг хэрэг. Тэр хүн их хайрлаж хэрэглэсэн болохоор танд ирж байна гэсэн үг. 1970 оны хувцас явсаар 2024 онд таны гарт ирнэ гэдэг их түүх, үнэ цэн шүү дээ!” 

Винтеж хувцасны онцлог нь 60, 70-аад онд хийсэн үнэ цэнтэй хувцас учраас хог хаягдал болохгүйгээр өнөөдөр бидэнд ирж байна гэсэн үг. Хүн манайхаас үнэ цэнтэй хувцас худалдаж авсан юм чинь түүнийгээ хайрлаж хамгаалах нь их шүү дээ. Ямар нэг брэндийн үнэ цэнтэй хуучны хүрмийг өмнө нь гурван хүн маш цэвэрхэн өмсөөд манай дэлгүүрт ирлээ гэхэд тэр гурван хүний муу энерги шингэсэн гэж бодох нь тэнэг хэрэг. Тэр хүмүүс хайрлаж хэрэглээд, танд ирж байна гэдэг нь чухал. 1970 оны хувцас явсаар 2024 онд таны гарт ирнэ гэдэг их түүх, үнэ цэн шүү дээ.  

Нэг хувцас аваад түүнийгээ хайрлаж хэрэглэнэ гэдэг винтеж хувцастай шууд огтлолцдог. Тренд болж байгаа хувцас биш хуучны эдлэл гэсэн утгаараа эргээд хог болох нь ховор. Үнэ цэн нь илүү нэмэгдээд л яваад байна. Моод дагаж хувцаслах тохиолдолд тухайн үедээ хэд өмсөөд л хог хаягдал болох нь их. Нэгэнт цаашдаа хайрлаж, ариг гамтай өмсөхгүй л бол шинэ байна уу, хуучин байна уу хамаагүй тэр хувцас эргээд хог л болно. 

 БИДНИЙ НЭГ Г.ЦЭЛМЭН: 1970 оны хуучин хувцас өнөөдөр таны гарт ирнэ гэдэг их  үнэ цэн

ХУУЧИН хувцас ШИНЭ тренд болсон нь  

Хуучин хувцасны зах зээл 2026 он гэхэд 127%-иар өсөж, 82 тэрбум долларт хүрэх төлөвтэй байгаа нь дэлхийн хувцасны зах зээлээс гурав дахин хурдан байгаа юм. Хуучин хувцас авч, өмсөх нь залуучуудын дунд байгальд ээлтэй, бахархалтай үйл болжээ.  

Японд оюутан байхдаа Монголын “Play Time” хөгжмийн фестивальд ирж үзэхийг их хүсдэг байлаа. Ингээд 2019 онд зуны амралтаараа ирж үзэхэд залуучууд маш ганган, гоё байсан юм. Хамгийн сонирхолтой нь хуучин хувцасны дэлгүүрээс авсан хувцсаа ичихгүйгээр өмсөж, хаанаас авснаа ярьж, хэлж байлаа. Хуучин зүйл гэдэг өнөө үеийн “шинэ” хэв маяг болсон байна. Гэхдээ бас ганган хувцастай ч ямар учир утгатай, хэдэн оны хувцас өмссөнөө мэдэхгүй, ганц удаа хүмүүст харуулах гэж л өмссөн хүмүүс их байсан л даа. Нэг өдөр л өмсөхийн тулд аваад, эргээд хог хаягдал болно гэж бодохоор хайран санагдаж байлаа. Фестивалиа үзсэний дараа Япон руу буцаад, онлайнаар хуучин хувцасны дэлгүүр нээхээр шийдсэн юм. Эхний дөрвөн жил дэлгүүрээ онлайнаар ажиллуулж, 2023 оны гуравдугаар сарын 11-нд дэлгүүрийнхээ нээлтийг хийсэн.  

“Найзууд, гэр бүлийн маань хүчээр бүтсэн дэлгүүр...” 

Миний хүсэж зорьж байгаа зүйлийг ойлгодог олон хүний дэмжлэгээр дэлгүүр маань боссон юм. Найзууд, гэр бүлийн маань хүчээр бүтсэн дэлгүүр учраас үнэ цэнийн хувьд үнэлэгдэшгүй санагддаг. Дэлгүүрийн маань ширээ, сандал хүртэл өвөө, эмээгийн маань 60, 70-аад онд эдэлж, хэрэглэж байсан сандал ширээ юм. Өөрсдийнхөө хуучны эд зүйлсийг засаж янзлаад, тохижуулсан нь бага зардлаар юм хийж болдгийг харуулсан гэж боддог. Дэлгүүрийн засал чимэглэлийн 90 хувь нь гэр бүлийн зүйлс, үлдсэн 10 хувь нь найз нөхөд, танилуудаасаа худалдаж авсан болон бидэнд бэлэглэсэн зүйлс байгаа. 

 БИДНИЙ НЭГ Г.ЦЭЛМЭН: 1970 оны хуучин хувцас өнөөдөр таны гарт ирнэ гэдэг их  үнэ цэн

“Мексикт гараар урласан 1960 оны савхин хүрэм дэлгүүрийн маань хамгийн хуучны хувцас” 

Японд байхдаа өөрөө эрэл хайгуул хийж, хувиараа хувцсаа оруулж ирдэг байсан бол одоо Япон дахь винтеж хувцасны хоёр дэлгүүртэй хамтарч ажиллаж байна. Шалгуурын хувьд хувцасны материал болон эдэлгээг харж байгаа. Хувцасны маань 30 хувь нь тренд болж буй ретро хэв шинжтэй 2000-аад оны загвар, 70 хувь нь винтеж хувцас байдаг. Хамгийн залуу нь 1990 оны, түүнээс хойш 1960-1980-аад оны хувцаснууд бий. Манай дэлгүүрт орж ирсэн 10 хүний найм нь худалдан авалт хийдэг гэхээр хуучны загвартай хувцсыг сонирхдог, амьдралын хэв маягаа болгосон хүмүүс их болсон санагддаг юм. 

Монгол худалдан авагчдын хувьд хувцасны эдэлгээг их хардаг. Олон улсад хуучны бүр ноорхой болчихсон хувцсыг ч сонирхох нь их. 1940 оны “Levi’s”-ын хүрэм урагдаж ноороосон ч үнэ нь 3,000 доллароос эхэлдэг юм. Бараг олдохгүй загвар учраас үнэ цэнийг нь мэдэж байгаа хүмүүс хуучирсан байсан ч авдаг гэсэн үг. Үүнийг монголчууд ойлгодог болж л байна. Би ч хүмүүст таниулахын тулд контент хийж, мэдээлэл хүргэдэг. Мексикт гараар урласан 1960 оны савхин хүрэм манай дэлгүүрийн хамгийн хуучны хувцас байсан. Тэр хувцас маань шууд зарагдчихсан л даа.  

 БИДНИЙ НЭГ Г.ЦЭЛМЭН: 1970 оны хуучин хувцас өнөөдөр таны гарт ирнэ гэдэг их  үнэ цэн

Шинэ соёлыг дэлгэрүүлэхэд анхдагч байх нь амар зүйл биш. Энэ хугацаанд шантармаар зүйл тохиолдов уу? 

Дэлгүүрийнхээ засварыг хийж байхад ковид туссан учраас шантармаар өдөр хоногууд өнгөрч байв. “Би яг юу хийгээд байна аа? Болих уу?” гэж ч бодсон л доо. Гэхдээ гэр бүл, найзууд минь хамт байсан учраас л давж гарсан шүү. Мөн тухайн үед Цагаан сар давхацсан учраас материалаа авах газрууд амраад, ажил удааширч хүндрэлтэй байж. Цахим орчны хувьд  дэлгүүрийнхээ хувцаснуудыг фэйсбүүкт нийтлэхэд хүмүүс дооглосон сэтгэгдлүүд их үлдээж л байсан. Зарим хүн ойлгодоггүй л юм. Гэхдээ одоогийн ахмад хүмүүс үзэл бодлоо өөрчилж, энэ соёлыг заавал ойлгох албагүй. Залуу үе нь зөвөөр харж, утга учрыг нь мэддэг болох нь чухал. Учир нь тэд хэдэн жилийн дараа дараагийн ахмад үе болно шүү дээ. Яг л япончууд шиг. Хүн бүр ойлгох албагүй, мэдэх нь мэдээд, тэр мэдсэн нэг хүн бусдадаа дамжуулаад явдаг. Шинэ соёлыг түгээхэд энэ арга барил хамгийн тохиромжтой нь. Шантармаар үе, хийж чадахааргүй зүйл олон ч ард нь гарах шиг амттай зүйл үгүй. Дэлгүүрийн маань нэр ч миний идэж чаддаггүй наймаалж буюу “тако” шүү дээ. Чадамгүй санагдсан үед л илүү их хичээх хэрэгтэй. 

“Хувцсаа хүртэл амьтай гэж хайрлавал хог болж харагдах нь багасна” 

Хүн өөрийгөө хувцас, дуу хөгжмөөр илэрхийлдэг гэдэг. Иймээс хувцсанд анхаарах нь ойлгомжтой. Гэхдээ хэрэгцээнээсээ хэтийдсэн хувцастай болоод байгаа нь харамсалтай санагддаг. Эргээд л хог болно шүү дээ. Тэгэхээр юунд дуртай, ямар хувцас тохиромжтой байгаагаа олох нь чухал. Олон биш хэдэн гоё хувцастай байхад л амьдралд хангалттай. Эд юмстай амьд мэт харьцах хэрэгтэй гэж боддог юм. Аж үйлдвэрийн хувьсгалаас үүдэн хүн авсан юмаа гамтай эдлэх нь багассан. Хувцсаа хүртэл амьтай гэж хайрлавал хог болж харагдах нь багасна.  

 БИДНИЙ НЭГ Г.ЦЭЛМЭН: 1970 оны хуучин хувцас өнөөдөр таны гарт ирнэ гэдэг их  үнэ цэн

Хувцас, загварын салбар бол асар их хэмжээний ус, эрчим хүч, түүхий эд ашигладаг салбар билээ. Тухайлбал, нэг даавуун цамц үйлдвэрлэхэд ойролцоогоор 2,700 литр ус шаардагддаг. Харин шинэ хувцасны эрэлтийг бууруулж, хуучин хувцсаа зарах юм уу, худалдаж авснаар шинэ хувцас үйлдвэрлэлтийг багасгах юм. Ингэснээр байгальд учруулах хор хөнөөлийг ч бууруулна. Энэ ойлголтыг олонд түгээж, байгальд ээлтэй сонголт хийхэд тусалж буй Г.Цэлмэн энэ удаа “Бидний нэг” боллоо. Нийтлэлийг уншиж, мөн бидний нэг болсон уншигч танд талархъя. 

Гэрэл зургийг: Л.Буд