Нийгэм

П.Сувданчимэг: Чи муу байна, болоогүй байна, сурах ёстой гээд байвал чи хангалттай биш гэдэг зүйл л томорно

Б.Отгонзаяа -- 2025.01.136 минут унших

АНУ-н сэтгэл судлаач Жефрие Женсен Арнет нь 18-29 насыг сэтгэл зүйн хувьд хараахан бие дааж амжаагүй өсвөр наснаас насанд хүрэгч болох үеийн завсрын үед явж буй “хөгжиж буй залуу үеийнхэн” гэж нэрлэсэн байдаг. Энэ үеийнхний хувьд бие даан амьдрах, боловсролын зэргээ дүүргэх, ажил эрхлэх болон ирээдүйдээ итгэх итгэлд харьцангуй олон төрлийн өөрчлөлт гарч, хямралыг даван туулах шаардлагатай нүүр тулдаг байна. 

“Би муу байна, юу ч мэддэггүй юм байна, өшөө илүү суралцах хэрэгтэй” гэж өөрийгөө гоочилж, чамлаж буй сэтгэл зүйгээ хэрхэн удирдахаа мэдэхгүй байгаа 20 настнууддаа зориулан сэтгэл зүйч П.Сувданчимэгтэй хийсэн ярилцлагыг уншигч та бүхэнд хүргэж байна.

П.Сувданчимэг: Чи муу байна, болоогүй байна, сурах ёстой гээд байвал чи хангалттай биш гэдэг зүйл л томорно

- Бие даан шийдвэр гарган, ажиллаж хөдөлмөрлөж, санхүүгийн хувьд бусдаас хараат бус байхыг эрмэлзэн, өөрийгөө таньж мэдэхээр урагшилж буй 20 настнуудад түгээмэл тулгардаг сэтгэл зүйн асуудал нь юу вэ? 

-СЭМҮТ-ийн тоон үзүүлэлт, сэтгэл зүйчид хоорондын кэйс хэлэлцүүлгийн уулзалтуудаас харахад идэр залуу үеийнхний дунд сэтгэл түгших эмгэг болон сэтгэл гутрал түгээмэл байна. Мөн 17-22 насны залуусын дунд түгээмэл ажиглагддаг нэг асуудал нь сэтгэл зүйн асуудалтай гэдгээрээ онгирох тохиолдол их болсон байна. Би сэтгэл гутралтай, “bipolаr” буюу хоёр туйлт эмгэгтэй, би ийм, тийм трауматай гэж ирдэг үйлчлүүлэгчид нэлээд байдаг. Энэ асуудал нь сэтгэл зүйн гэмтлийн талаар замбараагүй мэдээллүүд интернэтээр дүүрэн болчихсонтой холбоотой. Нөгөөтээгүүр, массаараа сэтгэл зүйн боловсрол муутай гэдгийг илтгэж байна. Энэ нь сэтгэл зүйн хувьд өөрийгөө хамгаалах механизм хэдий ч үнэхээр гэмтэлтэй л бол түүнийгээ эдгээх хэрэгтэй шүү дээ. Шүд өвдөхөд шүдний эмч дээр очдогтой адил. Сэтгэл зүйн асуудалтай болсон бол сэтгэл зүйчид хандах хэрэгтэй.  

Залуус хамгийн багадаа 2-3 цаг, ихдээ 7-8 цагийг цахим орчинд өнгөрөөдөг болж. Нүүдэлчин, тариачин овог аймгийн үед амьдарч байхад хэн юу эдэлж, хэрэглэж, юу бодож байгаа талаар мэдээлэл, сэтгэгдлийг бид тархиндаа хуримтлуулдаггүй байсан бол одоо хэн, хаана, юу хийж, яаж амьдарч байгаа талаар мэдээлэл нийтэд ил тод болчихсон. Нэг ёсондоо дэлхий хавтгай болчхоод байна. Үүнээс үүдээд бусдын амьдралын түүх, явж байгаа замналыг харж өөртэйгөө харьцуулан, түүн шиг болно гэдэг төсөөлөл тавих нь элбэгшиж, үүнээс үүдээд сэтгэл түгшилт болон сэтгэл гутрал бий болоод байна.

П.Сувданчимэг: Чи муу байна, болоогүй байна, сурах ёстой гээд байвал чи хангалттай биш гэдэг зүйл л томорно

-20 настнуудын дунд түгээмэл байгаа сэтгэл гутрал болон сэтгэл түгших эмгэг гэж чухам юуг хэлээд байна вэ? 

-Гутралын үед хүнд ирээдүйн амьдрал болон өөрийнх нь талаар том төсөөлөл бий болчихсон байдаг. Тийм машин, байртай, мөнгө санхүүгийн хувьд асуудалгүй зэргээр бодчихоор одоо хийж байгаа үйлдлүүд нь хангалтгүй мэт санагдаж, өөрийгөө үнэлж чадахаа больдог. Өөрөөр хэлбэл, түүний хажууд юу ч биш гэдэг харьцуулалтаасаа уналтыг дахин дахин мэдэрч гутралтай болдог. Харин түгшилт нь өөртөө болон амьдралд итгэх итгэл байхгүйгээс үүддэг. Гадаадад аялж байгаа хэн нэгэн, инфлюенсерийг хараад “би энэ хүн шиг амьдарч чадахгүй байх, одоо яана” гэдэг савлагаа бий болдог гэсэн үг.

Залуусын дунд ажиглагддаг өөр нэг нийтлэг зүйл нь тэд өөрсдийгөө бодитоор үнэлж чаддаггүй. Одоо ямар байгаа, хэдэн жил хичээхэд аль түвшинд хүрэх вэ гэдэг бодит тооцоолол залуусын дунд байхгүй байна. Миний хувьд сэтгэл зүйн ямар нэгэн гэмтэл үүссэн үйлчлүүлэгчидтэй ажилладаг болохоор үйлчлүүлэгчдийнхээ бодит кэйс дээр тулгуурлан дээрх зүйлийг ярьж байгааг дурдах нь зүйтэй байх.

“Залуусын дунд хариу үйлдэл өндөртэй, харилцаа давамгайлж байна”

-Энэ бүхний үндсэн дээр 20 настнуудын дунд хамгийн нэгдүгээрт сошиал медиагийн нөлөө их байгаа юм байна. Хоёрдугаарт, тэд өөрсдийгөө бодитоор үнэлж чаддаггүй байх нь. Нөхцөл байдалд бодитой тооцоолол хийх рациональ сэтгэлгээ байхгүйгээс, мөн сошиал медиагийн нөлөөнөөс үүдээд дээрх сэтгэл зүйн эмгэгүүд үүсдэг юм байна. Тэгвэл энэ насны залуусын сэтгэл хөдлөл, өөрийгөө ойлгох, харилцааны онцлогийг нь та юу гэж харж байна вэ? 

-Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага болон тархи судлаачид 25 нас хүртэл өсвөр нас үргэлжилдэг гэж үзсэн байдаг. Өөрөөр хэлбэл, хүний тархи 25 нас хүртэл хараахан хөгжиж дуусаагүй байдаг бөгөөд духны хэсэг нь хөгжиж байдаг. Энэ хэсэг нь шийдвэр гаргалт, асуудал шийдэх процессыг хариуцдаг учир залуус гэнэн, тооцоолол муутай байдаг. 

П.Сувданчимэг: Чи муу байна, болоогүй байна, сурах ёстой гээд байвал чи хангалттай биш гэдэг зүйл л томорно

Тархи эхлээд “энэ юу вэ” гэдгийг таньж мэдээд, дараагаар нь “үүнийг яаж ашиглах вэ” гэдгээ шийддэг. Харин сэтгэл зүйн хувьд “энэ юу вэ” гэдэг ойлголт байдаггүй. Сэтгэл гэдэг нь бодол, сэтгэл хөдлөл, үйлдэл гурвын хэлхээ. Юу бодоод байна, тэр чинь ямар сэтгэл хөдлөлийг үйлдвэрлээд байна, тэр сэтгэл хөдлөл нь үйлдэл хийхэд хүргэж байдаг. Сэтгэл хөдлөлөө ил гаргаж, магадгүй бусад руу уурласныхаа дараагаар “пүү, би яасан муухай ааштай юм бэ” хэмээн өөрийгөө гайхаж, таньж мэдээд удирдаж сурдаг. Учир нь хүний дотор сэтгэл хөдлөл байдаг болохоор учрыг нь олохгүй ил гаргаж тавих нь элбэг. Сэтгэл хөдлөлөө бүрэн дүүрэн хянаж чадахгүй байгаа нь залуусын дунд хариу үйлдэл өндөртэй, харилцаа давамгайлж байгаатай холбоотой. Энэ асуудал нь зөвхөн өнөө цаг үед байгаа асуудал ч биш. Өмнөх үеүдэд ч гэсэн байсан байх. 

Биднийг бэлэн болж хангалттай хүчин чармайлт гаргаж, хичээсний дараагаар шагнал ирнэ

-Хүн бүрд мөрөөдөл, зорилго, хүрэх ёстой оргил гэж бий. Тэр хүссэн үр дүндээ хүрэхийн тулд өдөр тутамдаа ямар үйлдэл хийж, хэрэгжүүлбэл зохистой вэ?

-Өнөө үед залуусын анхаарал төвлөрөх чадвар багасаж байна. Төвлөрч чадахгүй байгаагаасаа болоод “бүтээмж муудаж, хамт ажилладаг хүмүүс маань таагүй харьцаж байна” зэрэг  асуудалтай залуус над дээр их ирдэг. Бидний хүсэж байгаа үр дүн хүссэнээр ирэхгүй шүү дээ. Биднийг бэлэн болж хангалттай хүчин чармайлт гаргаж, хичээсний дараагаар шагнал ирнэ. Гэтэл орчин үеийн залуус “намайг хүссэн үед үр дүн ирэх ёстой” гэж бодоод байдаг. Энэ нь эргээд хариу үйлдэл хурдан энэ насны сэтгэл зүйн онцлогтой холбоотой. Хүн амьдралынхаа турш гурван үйл хийдэг. Тоглодог, сурдаг, хөдөлмөрлөдөг. Энэ үйл болгонтой холбоотой хүнд сурах зүйл гарч ирсээр л байдаг. 

Ажил дээр гараад, амжилтад хүрнэ гэж боддог боловч амжилт чухам чиний хувьд юу юм гэдгийг ихэнх залуус нарийн тодорхойлоогүй байдаг. Энэ тодорхойгүй байдлаас болоод өөрийнхөө амьдралд юу болоод байгааг харах завдалгүй явсаар өөрийгөө дутуу үнэлж “би муу байна, хүссэндээ хүрч чадахгүй байна, би хангалтгүй байна” гэдгээ тодотгодог. Сэтгэл судлалын хууль шиг нэг үг бий л дээ. Энэ нь чи юуг дадуулна, тэр томорноЧи муу байна, болоогүй байна, сурах ёстой гээд байвал чи хангалттай биш гэдэг зүйл л томорно. Тиймээс “чи болоод байна, чи оюутан байх үеэсээ мундаг болж байна” гэдэг эерэг бодлуудыг өөртөө суулгах хэрэгтэй. 

*Гаднаас авах сэтгэгдлээ хязгаарлах хэрэгтэй,

*Өөрийнхөө бодол сэтгэгдлийг боловсруулж, тольдох цаг гаргах хэрэгтэй

П.Сувданчимэг: Чи муу байна, болоогүй байна, сурах ёстой гээд байвал чи хангалттай биш гэдэг зүйл л томорно

-Тэгвэл 20 настнууд маань сэтгэл зүйгээ эрүүл, тогтвортой байлгахын тулд өдөр тутамдаа ямар үйлдэл, дадал хэвшүүлбэл зохистой вэ. Энэ тал дээр та уншигчдад хандан үр дүнтэй зөвлөгөө өгөхгүй юу?

-Нэгдүгээрт, гаднаас авах сэтгэгдлээ хязгаарлах хэрэгтэй. Учир нь аяга усан дээр сүү, кофе, баахуй найруулаад, орос, хятад цай нэмээд л байвал түүнийг тунгааж, тунгалаг болгож харах гэж хүн маш их зовно. Тиймээс хүн ямар мэдээлэл авна тийм бодолд автдаг учраас аль болох бусдаас ирэх сэтгэгдлийг өөртөө халдаахгүй байхыг хичээгээрэй. Ингэснээр таны бодол илүү тайван, тогтуун байна. Хэрвээ бодол тань тогтуун байх юм бол таны авах сэтгэл хөдлөл, хийх үйлдэл илүү эерэг болно. Бодол, сэтгэл хөдлөлийг үйлдвэрлэдэг шүү дээ. 

Хоёрдугаарт нь, өөрийнхөө бодол сэтгэгдлийг боловсруулж, тольдох цаг гаргах хэрэгтэй. Өөртөө цаг гаргах гэдгийг эрчүүд найз нөхөдтэйгөө уулзах, эмэгтэйчүүд үс, хумсаа янзлуулах зэргээр ташаа ойлгоод байдаг.  Цаг гэдэг нь ганцаараа кофе шопод суугаад, би өнөөдөр хэн хэн рүү уурлаж, хэнд гомдсон билээ, яагаад гомдсон юм бол, би юу хүсээд байна вэ гэдгийг эргэцүүлэхийг хэлж байна. 

Бидний хүсээд байгаа зүйл заавал биелэх албагүй шүү дээ. Бид чинь бурхан биш. Бидний хүссэнээр хүн болгон дөрвөлжин болохгүй. Хүн болгоныг өөрийнхөөрөө байлгах гэж хичээвэл бид улам л зовж, түгших болно. Тиймээс өөртөө 15 минут цаг гаргаад бодол, сэтгэл хөдлөлийн тэмдэглэл хөтөлж болно. Гол нь яагаад, би юуг хүсээд байна, миний энэ сэтгэл хөдлөл ямар хэрэгцээтэй байсан юм гэдгийн учрыг олж, тунгаах нь чухал. 

Бид энэ удаагийн сэтгэл зүйчтэй хийсэн ярилцлагаараа 20 настнуудын бусад үеэс ялгарах сэтгэл зүйн онцлог, тэдэнд түгээмэл тулгараад байгаа сэтгэл гутрал болон сэтгэл түгших эмгэг гэж чухам юуг хэлээд байгаа талаар, энэ насны залуусын харилцааны онцлог болон өдөр тутамдаа сэтгэл зүйн эрүүл мэндээ хэрхэн хамгаалах талаар зөвлөгөөг хүргэлээ. Дараагийн ярилцлагаар шинэ ажлын байран дээр гарч буй 20 настнууддаа зориулан, өөрийн сэтгэл зүйг хэрхэн удирдаж, харилцах талаар сэтгэл зүйчийн зүгээс өгөх зөвлөгөөг хүргэх болно. 

Үргэлжлэл бий…