МУСГЗ С.ЦОГТБАЯР: Хошигноод ч болов асуудлыг хэлж чадаж байна гэдэг чухал  
БИДНИЙ НЭГБоловсрол
Б.Намуун
Б.Намуун
2024.10.09
4 минут
МУСГЗ С.ЦОГТБАЯР: Хошигноод ч болов асуудлыг хэлж чадаж байна гэдэг чухал   

Шог зураачид улс төр, нийгмийн асар том эмх замбараагүй байдлыг цөөн үг, хошиг зурагт шингээж бидэнд хүргэдэг. Хэд шуугиад мартдаг, стресс бухимдал ихэссэн өнөө үед шог зураг нь аливаа асуудлыг олж харахын зэрэгцээ инээж, гэмшиж, гуниглах олон мэдрэмжийг зэрэг төрүүлдэг билээ. Тэдгээр мэдрэмжийн ард бодит үнэн хашхирч байдгаараа онцлогтой. Судалгаагаар шог зураг үздэг хүмүүсийн 60 гаруй хувь нь ээдрээтэй асуудлыг хошин байдлаар илэрхийлсэн нь улс төрийн хэцүү сэдвүүдийг ойлгоход тусалдаг гэжээ. Иймээс энэ удаагийн БИДНИЙ НЭГ буландаа нийгмийн асуудлыг инээдээр дамжуулан бусдад хүргэдэг, бидний эчнээ танил, шог зураач, МУСГЗ С.Цогтбаярыг онцоллоо. Түүний амьдрал яг л үе давдаг тоглоом мэт. Нэг үе давахад ахин нэг сонирхолтой үе эхэлнэ. Иймээс уншигч та ч мөн энэхүү ярилцлагыг шимтэн уншиж, бидний нэг болоорой.     

Амьдралын 1-р үе ба “Даалгавар”-тай буцаж ирсэн хүн 

Үхээд боссон хүн гэж байдаг даа. Үүн шиг л үйл явдал надад тохиосон юм. Яг л үхэж болох байсан хүн эргээд ямар нэг үүрэг даалгавартайгаар буцаж ирж байгаа мэт...  

МУСГЗ С.ЦОГТБАЯР: Хошигноод ч болов асуудлыг хэлж чадаж байна гэдэг чухал   

1966 оны их үерээр би бараг хоёр ойтой байсан. Үерээр аав маань ахыг тэврээд, намайг хүзүүн дээрээ суулгаад явж байж. Том хашаанууд үерт цохиулж урссан нь аавын хөлийг цохиод, хүзүүн дээр нь сууж байсан би ус руу уначхаж л дээ. Толгой нь далдраад л алга болсон гэнэ лээ. Жаахан байсан хэр нь ноосны үйлдвэрийн урсаж байсан том ноосноос зуурч, дээр нь гарсан байсныг хүмүүс очиж авсан гэсэн. Усны хордлогод ороод ухаан орохгүй их удсан юм билээ. Тэгэхээр ус уух хувьтай л хүн байж. Миний амьдрал ингэж сониноор адал явдалтай эхэлсэн юм даа.  

2-р үе: Цогтбаяр нэрдээ дассан он жилүүд 

Намайг багад маань Бороо гэж дууддаг байлаа. Хүүхэд байхдаа бүх хувцсаа тайлаад уурын зуухны уул шиг овоолсон нүүрсэн дунд булаад, нүцгэн явж байдаг яг Маугли шиг л хүүхэд байсан гэсэн. Тэгээд л Бороо гэдэг байсан юм билээ. Дүрслэх урлагийн дунд сургуулийн ангийн хүүхдүүд маань надтай уулзах гэж гэрт ирээд “Цогтбаяртай уулзах гэсэн юм” гэхэд “Тийм хүн байхгүй ээ” гээд дүү нар маань явуулчихсан байсан. Тэгтлээ Бороо гэдэг нэр миний нэр болчихсон. Шинэ нэрэндээ дасах нь миний бас нэгэн шинэ амьдрал болсон юм. Хүүхэд насны Маугли амьдралаасаа салаад Цогтбаяр гэх нэрдээ дассан он жилүүд ийнхүү эхэлсэн дээ.  

3-р үе: Үзэл суртлын төв хэвлэлийн Шог зураач С.Цогтбаяр  

С.Цогтбаяр зураач 8-р ангиасаа Дүрслэх урлагийн дунд сургуульд элсэн орж, дөрвөн жилийн дараа мэргэшсэн зураач болж төгсжээ. Ийнхүү тэр хүүхэд байхаасаа ажлын амьдралд хөл тавьсан юм. 

МУСГЗ С.ЦОГТБАЯР: Хошигноод ч болов асуудлыг хэлж чадаж байна гэдэг чухал   

Сургуулиа төгсөөд тэндээ нэг жил туслах багшаар ажилласан. Залуу багш болохоор хаврын тариалан, намрын ажил зэрэг арын албаны ажилд их явна аа. Харин нэг жилийн дараа Намын төв хорооны Засгийн газрын төв хэвлэлд ажилд орсон. Ийнхүү нэг намтай байсан үеийн үзэл суртлын гол хэвлэлийн ажилтан болсон юм. “Тоншуул” сэтгүүлийн шог зураач С.Цогтбаяр боллоо. Мөн уран сайхны редактораар Ц.Байды багш маань хамт ажиллаж байсан юм. Гэхдээ тэр үед яг шог зураач гэдэг албан тушаал, мэргэжил ганцхан байсан. Шог зураачид олон байсан л даа. Гэхдээ албан ёсны мэргэжлээ болгоогүй, дандаа гаднаас зурна. Б.Лхагвасүрэн гуай, С.Ламбаа гуай гээд л зохиолч, эмч, багш олон төрлийн ажил мэргэжилтэй хүн сонинтой хамтарч, зургаа өгдөг байсан юм. Миний өмнө тэр албан тушаалд Б.Цэдэв ах ажиллаж байсан. Арван жилийн сургууль гэдэг  бичих эрдмийн цагаан толгойд тайлагддаг амьдралын сургууль. Харин дараа нь мэргэжлийн сургуульд орж, зурах эрдмийн цагаан толгойд суралцсан бол “Тоншуул” сэтгүүлийн зураач болсноор амьдралын их сургуульд орсон юм. Хүүхэд байхдаа тийм орчинд орсон нь Молом тойны намтраар бол миний сүнсийг хурдтай дээш нь татсан.  

“Тоншуул” сэтгүүл нь тухайн цаг үеийн ганц шүүмжлэлт хэвлэл гэж болохуйц юм. “Үнэн”, “Пионерын үнэн” зэрэг сониныг уншдаг ч бай, үгүй ч бай бүх нийтээр захиалдаг байсан бол “Тоншуул”-ыг сонирхлоороо захиалах хүн их байсан гэнэ. 1935 оноос олны хүртээл болж эхэлсэн тус сэтгүүл оргил үедээ 120,000 давсан хувиар хэвлэгддэг байжээ.  

МУСГЗ С.ЦОГТБАЯР: Хошигноод ч болов асуудлыг хэлж чадаж байна гэдэг чухал   

Тухайн үе үзэл суртлын үе байсан учраас албан ёсны цензурийн байгууллага болох Хэвлэл, утга зохиол хянах газар гааль шиг л оюун санааны цензур тавьдаг байв. Харьцангуй шүүмжлэлт хэвлэл байсан ч төрийн тогтолцоог шүүмжилж зурах нь боломжгүй. Зурсан ч зөвшөөрөгдөхгүй. 1980-аад оны дундаас энэ нь арай дээрдсэн. Үнэн сонины тухайн үеийн орлогч эрхлэгч Х.Цэвлээ гуай, Л.Түдэв гуайн үйл хэргээр 1980-аад оны сүүлчээс маш хурц нийтлэл, зургууд их гарч эхэлсэн юм. Зураг маань хурлаар орох үед Х.Цэвлээ эрхлэгч “Би үүнийг хар толгойгоороо даана” гэж байгаад хэвлүүлдэг байв. Би ч өөрөө тэр зургийг оруулах гэж байгаадаа айж байхад шүү дээ. 

“Шоглож зурдаг байсан капиталист нийгэмдээ би одоо амьдарч байна” 

2000-аад онд Японы Осакагийн Их Сургуулийн нэгэн оюутан түүний уран бүтээлд судалгаа хийн, хувь хүний уран бүтээлд гарсан өөрчлөлтөөр Монголын нийгэмд гарсан өөрчлөлтийг үзүүлжээ. Тэрбээр энэ тухай “Би тэр ажлыг хараагүй бол өөрөө ч олон зүйлийг анзааралгүй өнгөрөх байлаа. 1980-аад оны эхэн, дунд, 1990 он, 1990 оноос хойш зурсан зургуудын маань асуудал, хэв маяг тэнгэр газар шиг л өөр байсан” гэсэн юм. Түүний бүтээл нийгмийн өөрчлөлтийн үнэтэй баримт болжээ. Тэрбээр өөрөө ч энэ бүх цаг үеийн амьд гэрч болсон аж. 

МУСГЗ С.ЦОГТБАЯР: Хошигноод ч болов асуудлыг хэлж чадаж байна гэдэг чухал   

1990 он гарангуут УИХ-ын гишүүн, Засгийн газар зэргийг зураад эхэлсэн байгаа юм. Урьд нь бол тэгэх боломжгүй шүү дээ. 1990-ээд оны шилжилтийн үед оюун санааны тэсрэлт болсон гэж болно. Сав хоосон байж байгаад юм юүлээд эхлэхээр бүх зүйл ямар ч шүүлтүүргүйгээр зэрэг орж ирсэн. Шүүлтүүргүй их урсгалаас булингар үүссэн нь одоо л нэг тунах гэж байна уу даа гэж хардаг юм. Би өөрөө Монголын өөрчлөлтийн амьд түүх болсон байна. Хэтрүүлж зүйрлэвэл Хойд Солонгос шиг нийгэмд байхдаа шоглож зурдаг байсан капиталист нийгэмдээ би одоо амьдарч байна. Одоо бол мэдээлэл чөлөөтэй болж, хүссэн юмаа үзэж, харж, сонсож, үг хэлэх эрх чөлөөтэй болжээ. Энэ бол асар богино хугацаанд болсон өөрчлөлт учраас бид үүнд сэтгэл ханамжтай байх хэрэгтэй. Өөрчлөлт шинэчлэлтийн үед үзэл санаа 180 градус эргэж, бидний сонсож, харж, итгэдэг зүйлс худлаа гэдгийг мэдэж эхэлсэн. Гэхдээ алдаагаа засах, ойлгож, сэхээрэх боломж олдсоноороо бид азтай.  

МУСГЗ С.ЦОГТБАЯР: Хошигноод ч болов асуудлыг хэлж чадаж байна гэдэг чухал   

Тэр үед огт байгаагүй мөртлөө тэр үеийг санагалздаг залуучууд байгаа нь сонин. Би тэр нийгэмд амьдраад үзчихсэн болохоор ямар муухай, хомс, хоосон, хуурамч, худлаа байсныг мэддэг. Залуу насных нь дурсамжтай холбоотой болохоор үүнтэйгээ зарим хүмүүс хольдог байх. Сайн юм байсан ч гэсэн эргэж санаад, магтаад байх нийгэм үү гэвэл үгүй. Бид буруу нийгэмд амьдарч байснаа солих боломжтой болсон азтай хүмүүс. Зуун, мянган солигдохыг үзсэн азтай хүн юм би. Би зурагт сэтгүүлээс үздэг байсан нийгэмдээ одоо амьдарч байна. Өнөөдрийн бидний асуудал бол цамаан, зовлон үзээгүй хүмүүсийн илүүдлийн л асуудал юм шиг. Замын асуудал ч бид баяжсанаас үүдэлтэй. Бүгд машинтай болчихсон учраас түгжрэл үүсэж байна. Энэ бол илүүдлийн л асуудал шүү дээ. 

Оюун санааны цензур тавьдаг байх үед таны зурагт асуудал үүсэж байв уу? 

Социализмын үед Хэвлэл, утга зохиол хянах газар яг л гаалийн байцаагчид шиг Монгол Улс даяар гарч байгаа бүх нийтлэл, нэвтрүүлгийг хянаж, тамга дардаг байсан юм. Тэгэхээр зөвшөөрсөн зүйл нь асуудал дагуулахад зохиогчоос гадна байцаагч асуудалд орно. Тэд ч ийм айдастай учраас хамаагүй юм зөвшөөрөхгүй. Иймээс хэвлэгдсэн зүйлээсээ болж асуудалд орох нь ховор. Ю.Цэдэнбал гуайн нэрийн “Б” үсгийг орхиод хэвлэчихсэн байх зэргээр үг, үсгийн алдаа л гардаг байв.  

МУСГЗ С.ЦОГТБАЯР: Хошигноод ч болов асуудлыг хэлж чадаж байна гэдэг чухал   

Гэхдээ миний нэг байгаль орчны сэдэвтэй зураг бий. Голоос загасчид загас барьсан чинь баахан хог баригдаж байгааг харуулсан юм. Гэтэл тэр хоёр нөхрийн нэг нь Ю.Цэдэнбал даргатай, нөгөө нь ЗХУ-ын Юрий Андроповтай адилхан болчихжээ. Харсан чинь нээрээ л адилхан байсан. Би бол адилхан болгоё гэж зураагүй шүү дээ. Тэгэхээр яаж юмыг мушгидаг байсан нь харагдаж байна. Энэ зураг маань нэлээн газар аваад редакцынхныг дуудаж, Төв хорооны үзэл суртлын хэсэгт хуралд оруулаад, их юм болсон юм билээ. Тэгсэн, уран сайхны удирдаач Ц.Байды багш маань “Энэ хүүхдэд хэлж болохгүй. Хэлбэл айчихна” гээд надаас нуусан юм билээ л дээ. Нээрээ л хэлсэн бол би айгаад “За больё, толгой цустах юм байна. Шувуу, цэцэг навчаа зураад явж байя” гээд больчих байсан байх. 

4-р үе: Даалгавраасаа хазайж, зах зээлийн ухаанд суралцсан он жилүүд 

Ардчилсан хувьсгал гарснаар олон хүн албан ажлаа орхиж, хувийн бизнест хүч үзсэн билээ. Огт өөр ажил мэргэжилтэй хүмүүс өөрийн мэдэхгүй бизнес, наймааны ертөнц рүү үсэрч орон, бүх зүйл өөрчлөгдөж байсан үе. С.Цогтбаяр зураач ч шог зураач гэх ажлаа орхин, бизнест хөл тавьжээ.  

МУСГЗ С.ЦОГТБАЯР: Хошигноод ч болов асуудлыг хэлж чадаж байна гэдэг чухал   

1990 онтой залгаад, зохиолч Ж.Барамсай ах толгойлон Л.Түдэв эрхлэгчид өргөх бичиг барьж, нэг намын үзэл суртлын хэвлэл байхгүйн тулд тусдаа гарсан юм. Л.Түдэв гуай ч дэмжиж, “Зах зээлд хөл алдахгүйн тулд харьяалалгүй байж болохгүй” хэмээгээд Зохиолчдын эвлэлийн хороонд хоёр өрөө гаргаж өгснөөр тусдаа гарсан даа. Ийнхүү жинхэнэ хонь хурга нийлсэн юм шиг болсон. 1990 оноос хойш хүмүүс янз бүрийн юм хийж эхэлсэн юм. Эмч байсан хүн наймаа хийгээд, зарим нь оносон ч байх, алдсан ч байх. Одоо эргээд харахад тэр үед асаж байсан гэрэл одоо унтарч, тэр үед хэн ч биш байсан нь хүн бүрийн мэддэг нэгэн болжээ. “Үнэн” сонинд хамт ажиллаж байсан залуу хэвлэлийн газар байгуулаад намайг ирж ажиллаач гэсэн юм. Тэндээ хэдэн жил ажиллаж байгаад гарч, долоо, найман жил “Эм Си Эс”-д ажилласан. Тэнд байсан цаг хугацаа зах зээлийн ухаанд суралцахад тусалсан бас нэг Их сургууль минь юм. Би чинь насан туршдаа сураад л байна шүү дээ. Дүрслэх урлагийн дунд сургууль, “Тоншуул”-д байсан хугацаандаа сураагүй зах зээлийн ертөнцөд амьдрах чадварыг надад “Эм Си Эс” компани суулгасан. Одоо ч залуучуудаас хоцрохгүй интернэтэд ажиллаад, өдий насны хүн гэхэд хурган инфлюэнсер буюу нөлөөлөгч маягийн хүн болоод явж байгаа нь “Эм Си Эс”-д залуучуудаас л сурсан зүйл минь юм.  

5-р үе: “Даалгавар”-таа эргэн орсон нь 

“Эм Си Эс”-д хамт ажилладаг охин маань нэг удаа “Та чинь зураг зурдаг байсан юм билээ шүү дээ” гэсэн нь надад их юм бодуулсан. “Юун зураг зурах, би чинь их алдартай хүн байсан шүү дээ. 1980-аад онд хөдөөгүүр явахад “Тоншуулын зураач” гээд хүн бүр л таньдаг байсан” гэж бодсон юм. Тэгээд нөхдөдөө хэлээд, уран бүтээл рүүгээ орохоор болсон. Тухайн үед шийдвэрийг маань манай гэр бүлийнхэн жаахан ойлгохгүй байсан л даа. Гэхдээ энэ миний хувьд материаллаг хэрэгцээнээс өөр зүйл байсан. Намайг төрөхөд бурхан “Шог зураач” гэсэн бичигтэй ямар нэг юм өгсөн гэж бодъё. Би түүнийг биелүүлэх гэж ирэнгүүтээ өөр юм хийгээд байсан юм. Гэхдээ амьдралын мөч болгон шинэ жилийн гацуур мод шиг надад юм нэмээд л байсан. Ийнхүү чөлөөт уран бүтээлч боллоо. “Тоншуул” сэтгүүлийг 1995 онд сэргээж гарган, 70 жилийн ойг нь сүртэй хийсэн. Гэхдээ утга зохиолын шинж чанартай зүйл уншигдах нь бага, шар мэдээ эрчээ авч байсан үе л дээ. Захиалга бага, алдагдалтай байсан ч бид таван жил “Тоншуул” сэтгүүлээ өнгөтөөр гаргасан. 

МУСГЗ С.ЦОГТБАЯР: Хошигноод ч болов асуудлыг хэлж чадаж байна гэдэг чухал   

Ярилцлагын дундуур хэсэг завсарлаж тэрбээр бидэнд пянз, CD, номын цуглуулгаа сонирхуулав. С.Цогтбаяр зураач "Эндээс авч байгаа таашаал нь их сайхан. Энэ таашаалыг нэг авчихаар донтчихдог. Зарим гаднын хүмүүс миний цуглуулгыг хараад "Бидэнд байхгүй эд байна" гээд гайхдаг юм. Биднийг ертөнцийн хязгаар л гэж боддог юм шиг байгаа юм. Их цуглуулга байгаа нь сайндаа ч биш би удаан амьдарчихсан л байхгүй юу"  хэмээсэн юм. 

“Шог зураач, зохиолчид аль ч засгийн үед сөрөг хүчин байдаг” 

Улс төр судлаач, профессор Ж.Төртогтох “Улс төрч хүн хамгийн хошин шогийн мэдрэмжтэй, комедиан байх учиртай” гэсэн байдаг. Тэгэхээр улс төр, хошигнол хоёр ямагт хамтдаа байдаг зүйл мэт. Та үүнийг юу гэж бодож байна вэ? 

Шог зохиолч Ш.Цэнд-Аюуш гуай “Шог зураач, зохиолчид бол аль ч засгийн үед сөрөг хүчин байдаг” хэмээсэн байдаг. Чөлөөт уран бүтээлч болоод дээрээ даргагүй, доороо цэрэггүй хүн чинь хүссэн юмаа хийсэн. Намайг хүмүүс Ардчилсан намын найзуудтай учраас намынх гэж боддог юм. Гэхдээ би чинь нам бус хүн. Тэд алдвал би бас л шоглож зурна. Шог зураг хийц арга, барилаараа бол дүрслэх урлагийн зураасан зургийн нэг төрөл. Нэг талаасаа мөн сэтгүүл зүйн бүтээл. 1920-оод оноос хойш сэтгүүл зүйн хамгийн том шагнал болох Пулитцерын шагналд "Editorial cartoon" номинаци ч нэмэгдсэн. Дүрслэх урлаг болон сэтгүүл зүйн том бүтээл учраас хувь хүнээс гарын ураас гадна ухаан, сэтгэлийн ур шаарддаг. Улс төр, нийгмийн ийм зургийг зурахын тулд хэт туйлшрахгүйгээр зөв байр суурьтай байх ёстой. Би аль нэг намын гишүүн болчихвол тэр намын л зураач болно шүү дээ. 

МУСГЗ С.ЦОГТБАЯР: Хошигноод ч болов асуудлыг хэлж чадаж байна гэдэг чухал   

Хошин мэдрэмж өндөр хөгжсөн хүмүүст бусад мэдрэмж ч сайн хөгжсөн байдаг юм шиг. Оскарын шагналт “Get out” киноны найруулагч, зохиолч Жордан Пийл өөрөө комедиан хүн хэр нь маш сайн аймшгийн бүтээл хийлээ шүү дээ.  

Хошин мэдрэмж чинь төрмөл эд байхгүй юу. Байгууллага дунд ч хамт явахад хөгжилтэй, хошин хүн байдаг даа. Хошин мэдрэмж нь бас өөрөө бүтээлч зүйл. Хүн хэдий чинээ бүтээлч байна бусад зүйлсэд хурдан суралцдаг. Хошин мэдрэмж бүтээлч чадвар учраас түүнийг юунд ч хувиргаж болно. Чиний хэлдгээр аймшгийн киног ч хэний ч төсөөлөөгүйгээр хийнэ. Юуг ч яаж ч хувиргаж, бодож чадна. Хүний цоорсон, шинэ хоёр оймс ч хоорондоо ярьж болно. Миний харандаа ч өөрийн гэсэн зан араншинтай болсон шүү дээ.  

“2024 оны үзэгчдэд 1990 оны юмаа хийгээд байвал гологдоно шүү дээ” 

Хошин урлаг эрчээ авч байсан үе бий. Олон хүүхэд багачууд тэднийг харан, жүжигчин болохоор шийдэж ч байсан байх. Гэхдээ өдгөө бид элгээ хөштөл инээдэг байсан хошин урлаг руу нуруугаа харуулж эхэлжээ. Та үүнийг юу гэж боддог вэ? 

 

МУСГЗ С.ЦОГТБАЯР: Хошигноод ч болов асуудлыг хэлж чадаж байна гэдэг чухал   

Хөгжлийнхөө тодорхой шатад хошин урлаг үүргээ гүйцэтгэсэн. Хошин урлагийнханд хөдөлмөрч үе байсан. Сүүлдээ хэт арилжааны болоод зохиолгүй болоод эхлэхээрээ л болохоо больж байгаа юм. Өөрчлөгдөж хөгжиж чадахгүй бол мартагдана. Олон улсын контентыг нээлттэй нь зэрэг үзэж байгаа, нүд нь нээгдсэн үзэгчидтэй учраас хөдөлмөрлөх хэрэгтэй. 2024 оны үзэгчдэд 1990 оны юмаа хийгээд байвал гологдоно шүү дээ. 

“Гадна төрхөөр хүн инээлгэх хялбар байж болно. Харин ухаанаар инээлгэх хэцүү” 

Би нэг удаа Цэцэг худалдагч бүсгүй гээд дуу дуулаад хошигносон бяцхан номер хийсэн юм. Хүмүүс бүр татаж унасан. Нэг хүн бүр “Энэ хүнээ болиулаад өгөөч ээ” гээд инээгээд л байсан. Ингээд бодохоор энэ нь гадна төрхийн инээд. Үүгээр хүн инээлгэх хялбар байж болно. Харин ухаанаар инээлгэх хэцүү. Манайх хошин тоглолтынхоо дундуур кабаре оруулаад /Кабаре нь хөгжим, бүжиг, инээдмийн жүжиг зэргийг хослуулсан театрчилсан үзвэрийн нэг хэлбэр юм/ сонирхолтой болгосон. Энэ төрөл нь удаан амжилттай байсан ч тодорхой настай учраас зогссон. Хошин урлагт зохиол байхгүй болжээ. Зохиолч гэх хүн тусдаа байх ёстой. Гаднын уран бүтээлчид их хөдөлмөрч шүү дээ. Манайд бол урлагийн сургуулийн курсийн ажил байхаар юмыг уран сайхны кино болгочихдог. Жүжигчид нь гэнэт найруулагч болоод гараад ирдэг. Гэтэл энэ чинь сурдаг мэргэжил шүү дээ.  

“Чи шог зургаас асуудлыг олж харна. Гэхдээ инээнэ” 

МУСГЗ С.ЦОГТБАЯР: Хошигноод ч болов асуудлыг хэлж чадаж байна гэдэг чухал   

Судалгаагаар шог зураг үзэх нь сайхан мэдрэмж төрүүлдэг даавар болох эндорфиныг ялгаруулж, улмаар стрессийг бууруулахад тусалдаг аж. Тэгэхээр хошин байдлаар нийгэм, улс төрийн хүнд хэцүү асуудлыг хүлээж авах нь стресст өртөхгүйгээр асуудлыг таньж мэдэхэд тусалдаг байх нь. Өнөөгийн нийгэм, улс төрийн байдал хурдтай өөрчлөгдөж байгаа энэ үед С.Цогтбаяр зураачийн шог зураг ч асуудлыг хэт стресстэхгүйгээр хүлээж авахад тусалж байгаа билээ.  

Интернэтэд стрессийн үүр уурхай байна шүү дээ. Энэ бухимдлууд нийлээд, хүмүүс нийтээрээ сэтгэцийн гэм, оёгтой (ужиг өвчин) болоод байна. Манайд сэтгэл судлал сайн хөгжөөгүй учраас зарим хүн үүнийгээ тодорхойлж мэдэхгүй байсаар. Өөрийн мэдэлгүй шизофренийн хэддүгээр үетэй ч явж байж мэднэ дээ. Яг энэ үед нь хошин урлаг давхар эм болдог. Чи шог зургаас асуудлыг олж харна. Гэхдээ инээнэ. Энэ нь тайвнаар олж харан, ухаарах боломж болж байгаа юм. Энэ чинь л миний урлан бүтээж буй төрлийн онцлог, давуу тал.  

“Хошигнож байна гэдэг нийгэм эрүүл байгаагийн шинж” 

МУСГЗ С.ЦОГТБАЯР: Хошигноод ч болов асуудлыг хэлж чадаж байна гэдэг чухал   

Намайг залуу байхад шог зураач гэсэн 60-аад хүн байсан. Одоо ч бий. Гэхдээ зарим нь зурахгүй байгаа. Яагаад гэвэл энэ нь арилжааны хэрэгсэл, амьжиргаа болж чадахгүй байна. Миний хувьд энэ арилжааны гэхээс илүү амьдралын нэг хэсэг болсон учраас байнга хийгээд байгаа юм. Идэвхтэй зурж байгаа ч хүмүүст сайн харагдахгүй байгаа нь бас бий. Шог зураач Ц.Намжилдорж ахын үзэсгэлэн нь саяхан болсон. Гэхдээ хүмүүс мэдэхгүй байгаа учраас шог зураачид цөөн мэт харагддаг. Ц.Оргил бид хоёр бол хоорондоо маазарч л зургуудаа зурдаг. Мундаг залуу. Би бол яг л цаасан дээр зурдаг. Зургаа аваад утсан дээрээ бага зэрэг янзлаад л оруулдаг. Хугацааны хувьд одоо их хурдан, хялбар болжээ. Газар хөдлөн, хүмүүсийн зүрхний цохилт намдаж амжаагүй байхад л зургаа оруулж байна. Ер нь хошигноод ч болов асуудлыг хэлж чадаж байна гэдэг чухал шүү. Хэлж ч чадахгүй болчихвол тэр л хэцүү. Бид хошигнож байна гэдэг нийгэм эрүүл, хошигнох чадвар, тэнхээтэй байна гэсэн үг. Энэ байхгүй болоод мэдрэл нь тасарчихвал бүр л хүнд. Илүү хошигнож, илүү шоолох ёстой. Гэхдээ доромжилж болохгүй. Шог зураг бол миний хувьд цэвэр таашаал юм. Юм зурж, хүмүүст харуулаад, нөлөөлж байгаа нь сайхан. Үүнийг хийсний хэрэг нь л энэ.  

Бидний мэдэх “Чарли Браун” ("Peanuts") комиксын зураач Чарльз М.Шульц “Хошигнол бол бурхны өмнө бүх зүйл сайхан болно оо гэдгийг нотолж байгаагийн илрэл” гэсэн байдаг. Үнэхээр л хүнд хэцүү цаг мөчид инээд биднийг хөл дээр босгож, амьдрах итгэл найдвар өгөн, “Бүх зүйл сайхан болно оо” гэж бодуулдаг билээ. Биднийг инээлгэх зүйл, ер нь инээд өөрөө байгаагүй бол хэчнээн гунигтай. Амьдралын бодит үнэнийг инээдээр дамжуулж нүдний өмнө илчлэн харуулдаг шог зураач, МУСГЗ С.Цогтбаяртай ярилцахдаа эрх чөлөө хийгээд инээдийн үнэ цэнийг илүүтэй ухаарав. Инээмсэглэл бол таны хамар доороосоо олж чадах аз жаргал учраас үргэлж инээмсэглэж, инээж яваарай. 

 Гэрэл зургийг: Л.Буд