5к, 50к, 500к, 5000k төгрөгөөр мартагдашгүй аялал хийх үү?
Аялал
Б.Намуун
Б.Намуун
2024.11.20
5 минут
5к, 50к, 500к, 5000k төгрөгөөр мартагдашгүй аялал хийх үү?

"Аялал бол таныг илүү баян болгодог цорын ганц зүйл юм" хэмээх үг байдаг. Хөдөлбөл л хөлс болсон энэ үед аяллын талаар бодох төдийд л хэтэвч нимгэрч байхад яаж илүү баян болох вэ дээ гэж бодож байна уу? Гэвч ажаад байхад дэлхийг тойрон аялагчид үүргэвчээ үүрээд, халаасандаа хэдхэн төгрөгтэй гарсан хүмүүс байдаг шүү дээ. Эрдэм мэдлэг, гэгээрлийг хайж, олон түмнийг соён гэгээрүүлэхээр алс холыг зорин, дэвэн дэлхийг хэрэн хэсдэг бадарчдыг ч жишээ татаж болох юм. Танд өдрийн аялалд ердөө 5,000 төгрөг, амралтын өдөрт 50,000 төгрөг, дотоодын үзэсгэлэнт газрын аялалд 500,000 төгрөг, хилийн чанад дахь тансаг аялалд 5,000,000 төгрөг байхад л хангалттай гэвэл итгэх үү? Хамтдаа хямд зардлаар мартагдашгүй аялал хийцгээе.  

5к, 50к, 500к, 5000k төгрөгөөр мартагдашгүй аялал хийх үү?

Аялал гэхээр яагаад заавал хилийн дээс алхаж, хэдэн саяар нь үрнэ гэж? Чухамдаа аялал ямар ч байж болно.  

Скүүтэртэй аялал. Скүүтэрээр нэг минут явахад 250 төгрөг гэж тооцвол та 20 минут скүүтэр унан, хотоор зугаалж болох нь. Мэдээж Тапатрипийн 7 болон 30 хоногийн багцыг сонговол минутын үнэ 200, 150 төгрөг болж ч хямдарна. Хотоо ажиглан, түгжрэлд ажралгүй салхи татуулан явж, эсвэл машин зам, хүний хөлөөс зайдуу хэсэгт өөрөө өөртэйгөө бясалгангаа скүүтэр унаж ч болох шүү дээ. Бид ямар нэгэн дасгал хөдөлгөөн хийх үедээ зөвхөн одоо цаг үедээ төвлөрдөг учраас скүүтэр унаж байхдаа ч бясалгал хийнэ гэсэн үг. Скүүтэр унахад нуруу, хэвлий, хөлийн хүчийг шаарддаг тул бүх биеийг ажиллуулдаг онцгой тустай дасгалын нэг хэлбэр билээ. Мэдээж автомат скүүтэр унахад хөлөөрөө түлхэх шаардлагагүй учраас хөдөлгөөн бага шаардана. Гэсэн хэдий ч тэнцвэрээ хадгалах, эргэлт эсвэл тэгш бус газарт учраа олон самбаачлах үед биеэс төдийгүй оюун санаанаас ч чадвар шаарддаг шүү дээ.  

5к, 50к, 500к, 5000k төгрөгөөр мартагдашгүй аялал хийх үү?

Ууланд алхах. Гэртээ хоол цайгаа бэлдээд, автобусанд сууж очоод ууланд алхвал 5,000 төгрөгөөс ч хямд тусаж болох юм. Улаанбаатар хотод нийтийн тээврээр нэг талдаа 500 төгрөгөөр зорчдог гэхээр гайхалтай хямд байгаа юм шүү. Хотын чимээ шуугианаас холдон, цэвэр агаарт уулан дээр суугаад, бодлоо цэгцлэх мөч хэчнээн сайхан байдаг билээ. Дасгал, бясалгал, аялал бүгдийг хамтад нь хямд төсвөөр хийх сайхан боломж шүү.  

5к, 50к, 500к, 5000k төгрөгөөр мартагдашгүй аялал хийх үү?  

Тавин мянган төгрөгөөр аялах олон боломж байдгийг нийтлэл бэлдэх явцдаа олж мэдээд, их гайхлаа. Эхнээс нь эхлээд аялаад байдаг хэрэг ээ! 

Морин аялал хийх. Улаанбаатар хотоос 51 километрийн зайд Төв аймагт байрлах Манзушир хийд рүү аялах морин аялал 50,000 төгрөг байдаг аж. Тэгэхээр та маш сонирхолтой, шинэлэг аяллыг 50,000 төгрөгөөр хийх боломжтой байх нь.  

5к, 50к, 500к, 5000k төгрөгөөр мартагдашгүй аялал хийх үү?

Галт тэрэгний аялал. Нийслэл хотоос 222 км зайд орших Монгол Улсын стратегийн хамгийн өндөр ач холбогдолтой, аж үйлдвэрийн томоохон төв хот Дархан руу амралтын өдрөөрөө галт тэргээр яваад ирвэл ямар вэ? Улаанбаатараас Дархан чиглэлийн галт тэргээр том хүн нийтийнх 13,500, унтлагынх 26,900, тасалгаат буюу купегээр 41,300 төгрөг гэсэн сонголтоор явдаг. Тэгэхээр та өөрийн санхүүгийн боломж, тав тух, сонирхлынхоо дагуу аль ч төрлөөр нь явж болох юм /галт тэрэгний чиглэл болон үнийн нэгдсэн мэдээллийг Тапатрипийн веб сайт болон аппликэйшнээс авах боломжтой/. 

5к, 50к, 500к, 5000k төгрөгөөр мартагдашгүй аялал хийх үү?

Дарханд очоод, 11 цагаас 18 цагийн хооронд цаг тутамд явдаг, хүүхдийн галт тэрэгт суухыг зөвлөе. Хүүхдийн гэсэн тодотголтой ч том хүн ч сууж болно. “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэн дэх уг хүүхдийн галт тэрэг 2.3 км замыг 15-20 минут туулдаг. Мөн галт тэрэгний үйлчлэгч зорчигчдод зориулж, цэцэрлэгт хүрээлэнг танилцуулахаас гадна дууны тэмцээн, асуулт хариултын уралдаан зохион байгуулах тусгай хөтөлбөртэй юм. Уг галт тэргээр том хүн 5,000, хүүхэд 4,000 төгрөгөөр зорчдог. Залуучуудын хот гэгдэх Дархан нь түгжрэлгүй, стрессгүй амар тайван учраас автобусаар хоттой танилцахад ч таатай. Түүнчлэн тус хотынхны нэрлэдгээр “New York толгой”-д гаран Дархан хотыг бүхэлд нь ажих хэчнээн романтик гээч. Ганцаараа ирээд эморсон ч, хостойгоо романтикласан ч, найзуудтайгаа сахилгагүйтэхэд ч төгс зохицох, хямд бөгөөд дурсамж дүүрэн аялал гэж үүнийг л хэлэх биз ээ.  

Одод дурандан, романтиклах. Энэ санаа хамгийн романтик нь ч байж магадгүй шүү. Хотын төвөөс 14 километрийн зайд Скай резортын зүүн талд байрлах “Хүрэл тогоот” одон орон судлах оргил 22 цагаас хойш ажилладаг бөгөөд нэг хүн 15,000 төгрөгөөр дурандана. Энэхүү “Одон орон орчин шинжилгээний хүрээлэн” 1957 онд байгуулагдсан бөгөөд бага гарагийн хөдөлгөөн, дэлхийн эргэлтийн хөдөлгөөн, дэлхий тэнхлэгээ эргэх хөдөлгөөн болон нар сарны хөдөлгөөнийг судалдаг. Од эрхсийг дурандан, ярилцаж сууна гэдэг бас л шинэлэг болзоо, сонирхолтой аялал юм. Ингээд судлаад байхад “Монголд болзоход уйтгартай, хийх юм олддоггүй” гэдэг хүмүүс эрэл хайгуулаа л сайн хийдэггүй бололтой дог шүү.  

5к, 50к, 500к, 5000k төгрөгөөр мартагдашгүй аялал хийх үү?

Хөвсгөлийн аялал. Одоо 500,000 төгрөгтэй юм чинь аялах газар маань бүр холдоно шүү дээ. Зардлаа сайн тооцоод, нарийн төлөвлөгөөтэй явж чадвал 500,000 төгрөгөөр дотоодын ямар ч аялал хийх боломжтой. Одоогоос хоёр, гурван жилийн өмнө нэгэн аялагч бүсгүй Хөвсгөл рүү 75,000 төгрөгөөр аялаад ирсэн талаараа хуваалцаж байсан даа. Тэгэхээр 500,000 төгрөгөөр бол тансаглаад ирэхээр байгаа биз. Харин энэ удаа Хөвсгөл рүү автобусаар явна гэж тооцъё. Хөвсгөл аймгийн төв Мөрөн орох автобусаар том хүн  59,000, хүүхэд 29,500 төгрөгөөр зорчино. Энэ мэт дотоодын автобусны чиглэл, үнийн мэдээллийг та мөн л Tapatrip-н автобус цэсээс авах боломжтой. Ирж, очих зардлаа хэмнэж чадсан юм чинь үлдсэн мөнгө нь тэр чигтээ аялалд зарцуулагдана шүү дээ. Гоё байгаа биз.  

5к, 50к, 500к, 5000k төгрөгөөр мартагдашгүй аялал хийх үү?

Уулын шүхрээр үүл зүсэн нисье. Бидний мэдэх “Чам дээр буух ослын буулт” /Crash Landing on You/ Солонгосын олон ангит киноны гол дүрийн бүсгүй яг ийм уулын шүхрээр нисэж яваад Хойд Солонгосын хилийг даван, жинхэнэ хайртайгаа учирчихдаг даа. Тэгвэл энэ шүхрээр нисэж үзэхэд 150,000 төгрөг байдаг бөгөөд мэргэжлийн нисгэгчийн хамт нисэх учраас айлтгүй юм. “Монголын уулын шүхрийн спорт” гэсэн хаягаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.  

5к, 50к, 500к, 5000k төгрөгөөр мартагдашгүй аялал хийх үү?

Нисдэг тэргээр Монголоо дээрээс нь харцгаая. Хүн угаас далавчгүй төрсөн амьтан учраас тэнгэр дээгүүр дүүлэн нисэх нь өнө эртний хийгээд одоогийн ч хүслийн жагсаалтад нь байсаар байдаг биз ээ. Тиймдээ ч шүхрээр, нисдэг тэргээр гээд л яаж л бол яаж агаарт дүүлэх мэдрэмжийг эрэн хайж явдаг байлгүй. Леонардо да Винчи нэгэнтээ “Нэг л удаа нисээд үз. Чиний харц үргэлж тэнгэр ширтэх болно” хэмээж байв. Тэгвэл та Төв аймгийн Эрдэнэ сумд Цонжин болдогийн зүүн талд байрлах “Нислэг төв”-өөр зочлон, тэнгэрт хөөрч, байгалийн сайхныг дээрээс тод томруунаар ажаарай. Нислэгийн үеэрх 45 болон 60 градусын налуу эргэлт таны адреналины түвшнийг ч багагүй өсгөнө байх. Нэг хүн 12 минут нисэхэд  170,000, 20 минут нь 330,000 төгрөгийн үнэлгээтэй байдаг.   

5к, 50к, 500к, 5000k төгрөгөөр мартагдашгүй аялал хийх үү?

Гадаадын аялал. Энэ удаа хилийн чанад руу аялал хийнэ ээ. Таван сая төгрөгтэй байхад та Хайнан, Тайланд, Вьетнам руу аялан, халуун орны далайн эрэгт амрангаа далайд шумбан, утгаар нь галуу шувууны мах зооглох боломжтой юм. Пукет-Тайландын аяллыг жишээ татъя. Тапа трипийн чөлөөт аяллын багцыг сонгосноор 4,990,000 төгрөгөөр найман хоног тухтай зочид буудалд буун, хүссэн аяллын маршрутаараа аялан, газар үзэх юм. Тэгэхээр 5,000,000 төгрөгт нислэгийн тийз, таван одтой зочид буудлын люкс өрөө, Пукетийн нисэх буудлаас тосож авах гаргаж өгөх тээврийн үйлчилгээ, өглөөний цай, аяллын хөтөч орчуулагчийн үйлчилгээ, аяллын даатгал багтах юм. Мэдээж урьдчилан бэлдсэн хөтөлбөрөөр аялахыг хүсвэл хөтөлбөртэй аялал ч үнийн сонголттойгоор бий. Аялал гэдэг тийм ч алс холын, мөрөөдлийн зүйл байхаа хэдийн больсон байгаа биз.    

5к, 50к, 500к, 5000k төгрөгөөр мартагдашгүй аялал хийх үү?

Халаасан дахь 5,000 төгрөг тань ойрд мэдрээгүй төвлөрөл, бясалгалыг танд өгч чадахуйц байсныг, хэтэвч дэх 50,000 төгрөг таныг хэр хол хүргэж чадахыг мэдэх мөч гайхширмаар байх биз ээ. Яг үнэндээ амьдралд тийм ч их зүйл шаардлагагүй. Харин өөрийгөө бусадтай харьцуулж эхлэхэд л их зүйл шаардлагатай болдог гэдэг дээ. Хэний ч амьдралаас хараат бусаар өөрийн аз жаргалыг мэдрэн, цагийг дурсамж дүүрэн өнгөрүүлээрэй. Танд жаргалыг хүсье!  

                               “Яг үнэндээ амьдралд нэг их юм шаардлагагүй шүү дээ, миний дүү...”