Шинэ төгсөгчдөд өгөх зөвлөгөө: Анхны ажилдаа орохдоо эдгээрийг мэдэж байвал алзахгүй дээ
Сэтгэл зүйХувь хүний хөгжил
Enkule
Enkule
2024.06.13
5 минут
Шинэ төгсөгчдөд өгөх зөвлөгөө: Анхны ажилдаа орохдоо эдгээрийг мэдэж байвал алзахгүй дээ

Их сургуулийн он жилүүд харвасан сум шиг өнгөрч, нэг л мэдэх нь ээ “Жигжидийн Билэгт” хэмээн дипломоо гардан авч буй шинэхэн төгсөгчид цаашдаа хэрхэх талаар гүн бодолд автдаг нь хорвоогийн жам гэлтэй. Амьдралд хөл тавьж буй энэ цаг үед ажлын гараагаа хэрхэн эхлэхээс хамааран цаашдын карьерын өсөлт дэвжил шалтгаалдаг тул анхны ажил хөдөлмөрийн гараагаа зөв эхлүүлэх нь чухал сонголтуудын нэг юм. 

Иймд шинэ төгсөгчид болон ажлын байран дээр гараад удаагүй байгаа хөдөлмөрийн зах зээлд хөл тавьж буй хэн бүхний заавал мэдэх ёстой зүйлсийн нэг болох бизнесийн байгууллага яагаад хүний эрхийг хүндэтгэх ёстой, бизнесийн орчинд өөрийн эрх зөрчигдөхөөс хэрхэн сэргийлэх талаарх энэхүү зөвлөгөөг шинэхэн төгсөгч та бүхэндээ хүргэж байна. 

Ажилд орохдоо бид юуг анхаарах хэрэгтэй вэ?

Шинэ төгсөгчдөд өгөх зөвлөгөө: Анхны ажилдаа орохдоо эдгээрийг мэдэж байвал алзахгүй дээ

Аливаа албан байгууллагууд эрхэлж буй үйл ажиллагааны чиглэл, эрхэм зорилго, алсан хараа зэргээс хамааран дотоод журмаа баталж, харилцаа үйлчилгээний өвөрмөц соёлыг нэвтрүүлдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Бизнесийн байгууллагуудын соёл харилцан адилгүй учраас ажил горилж буй байгууллагынхаадотоод журам, соёлтой танилцаж, өөрийн цаашдын зорилго тэмүүлэлтэй хэрхэн нийцэж байгааг тодорхойлоод үзээрэй. Хотын төвд, нэр хүндтэй газар ажиллах гоё ч гэлээ эерэг харилцаатай, чамайг байгаагаар чинь хүлээн авч, хамтдаа өсөн дэвжих боломжийг олгох тэр л газрыг сонгон ажиллах нь бүр гоё юм шүү.

Шинэ төгсөгчдөд өгөх зөвлөгөө: Анхны ажилдаа орохдоо эдгээрийг мэдэж байвал алзахгүй дээ

Ажилд орохоор төлөвлөж байгаа тохиолдолд хөдөлмөр эрхлэлттэй холбогдох хууль тогтоомжуудтай танилцах нь өөрт учирч болох эрсдэлээс сэргийлж буйн хэлбэр юм. Иймд Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Оюутны цагаар хөдөлмөр эрхлэх журам зэрэгтэй заавал танилцаарай. Аливаа зүйлсийн тухай мэдлэг, ойлголтгүйгээсээ болж алдах нь дэндүү хайран шүү дээ. 

“Бизнесийн үйл ажиллагааны хүний эрхэд үзүүлэх нөлөөлөл” суурь судалгааны 2022 оны тайланд дурдсанаар бизнесийн үйл ажиллагаанаас үүдэлтэй хүний эрхийн нийтлэг зөрчлүүд дараах байдлаар илэрсэн бөгөөд энэ нь бизнесийн байгууллагууд доорх эрхийг хангалттай түвшинд хангаж чадахгүй байгаагийн илрэл юм. Үүнд: 

  • Цалин хөлс нь амьдралд хүрэлцээтэй биш
  • Илүү цаг, бүх нийтийн баяраар цалин хөлсийг нь олгохгүй байх
  • Ажлын байрны орчин учир дутагдалтай (хөдөлмөрийн шударга, аятай нөхцөлөөр хангуулах)
  • Гомдол гаргах, зөрчигдсөн эрхээ бүрэн сэргээлгэх, хохирлыг барагдуулах боломж дутмаг
  • Сэтгэл санааны дарамт, шахалт, хүчирхийлэлд өртөх магадлалтай орчин
  • Хөдөлмөрийн мөлжлөгт өртөх эрсдэлтэй
  • Жендеэрийн эрх тэгш байдлыг хангаагүй гэх мэт асуудлыг онцолжээ.

Учир нь анхны ажилдаа орж буй залуус энэ талаарх мэдлэг, ойлголт дутмаг байдгаас үүдэн хөдөлмөрөө шударгаар үнэлүүлж чадахгүй байх, хөдөлмөрийн таатай бус нөхцөлд ажиллах зэрэг ажил олгогчийн аясаар байх хандлага түгээмэл байдаг. 

Тухайн салбар, мэргэжлийн онцлогоос шалтгаалан зайлшгүй ажиллах нөхцөлөөс бусад үед илүү цагаар, амралтын болон бүх нийтийн амралтын өдөр ажилласан тохиолдолд нэмэгдэл хөлс авах эрхтэй талаар шинэ төгсөгчид тэр бүр мэддэггүй тул бизнесийн орчинд эрх нь зөрчигдөж байгааг төдийлөн анзаардаггүй ажээ.

Тодруулбал, Хөдөлмөрийн тухай хуульд “долоо хоногийн амралтын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг 1.5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгох, илүү цагаар ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг 1.5 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно. Нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол түүний дундаж цалин хөлсийг 2 дахин, түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно” хэмээн тусгасан байдаг.

Шинэ төгсөгчдөд өгөх зөвлөгөө: Анхны ажилдаа орохдоо эдгээрийг мэдэж байвал алзахгүй дээ

Өөрийн онцлогт тохирох зөв байгууллагыг сонгосон гэж үзсэн үедээ хөдөлмөрийн гэрээтэйгээ сайтар танилцаарай. Анхны ажилдаа орж буй залуус хөдөлмөрийн гэрээний талаарх ойлголт дутмагаас болоод гэрээ байгуулахгүй байх аль эсвэл  хөдөлмөрийн гэрээнд тусгасан хувийн мэдээлэл, цалин хөлсний тухай мэдээллийг л тогтож харан бусад зүйл, заалтуудыг анзааралгүй өнгөрөөх тохиолдол цөөнгүй. Гэвч бизнесийн орчинд бидний эрхийг хамгаалдаг хамгийн чухал баримт бичгүүдийн нэг бол хөдөлмөрийн гэрээ юм. Учир нь тухайн ажлын байранд тавигдаж буй бүхий л шаардлага буюу ажил олгогч тал болон ажилтны хүлээх эрх, үүргийг тусгасан байдаг тул гэрээний заалт бүртэй нарийн танилцах шаардлагатай шүү.

 Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар “хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ нь салбарын болон ажил, мэргэжлийн онцлог, ажил олгогч болон ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд шууд нөлөөлөх бусад хүчин зүйлийг харгалзсан байх” хэмээжээ. Иймд хөдөлмөрийн гэрээнд тусгасан эдгээр шинжийг харгалзан үзэж, мэргэжлийн онцлогт тулгуурлан уян хатан нөхцөлийг харилцан тохиролцох бүрэн боломжтой гэдгийг ажлын гараагаа эхэлж буй хэн бүхэн мэдэх нь зүйтэй.

Шинэ төгсөгчдөд өгөх зөвлөгөө: Анхны ажилдаа орохдоо эдгээрийг мэдэж байвал алзахгүй дээ

Анхны ажилдаа орохдоо анхаарах ёстой хамгийн сүүлийн зүйл бол зүгээр л “өөрийнхөөрөө” байгаарай. Бид амьдралынхаа бүхий л хугацаанд бусдаас суралцаж, өөрийгөө хөгжүүлж байдаг тул мэдэхгүй, чадахгүй гэх хийсвэр айдсаа үргээх нь сэтгэл зүйн эрүүл мэндээ дэмжиж буйн илрэл юм шүү. Хамт олон тань таныг байгаагаар нь хүлээн авч, хамтдаа өсөн дэвшихийн төлөө нэгэн зорилгын дор нэгдэхийг эрмэлзэж багийн гишүүнээ болгосон тул өөрийн чаддаг, мэддэг бүхнээ дайчлан, хүний эрхийн мэдрэмжтэй байгууллагад эрхээ хамгаалан ажиллаарай.

Эдгээр зөвлөмжүүдтэй танилцаж, зохих түвшний судалгаа хийснээр “Сайн уу, амьдрал минь” хэмээн сэтгэл дүүрэн хэлэх боломжтой юм. Бизнесийн орчинд хүн хоорондын харилцаа тогтмол явагдаж байдаг тул бизнесийн байгууллагын хөдөлгөгч хүчийг хүн буюу ажилтан хэмээн үзэж болохуйц юм. Иймээс шинэ төгсөгчдөдөө зориулан ажлын байран дээр олон жил болсон “шарк”-уудын нууцаас хуваалцвал тэд бизнесийн байгууллагууд ч бас хүний эрхийн мэдрэмжтэй, хүний эрхийг хүндэлдэг байх ёстой гэдгийг ойлгосон байдаг. 

Бизнес ба хүний эрх

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс 2011 онд “Бизнес ба хүний эрхийн удирдах зарчмууд”-ыг баталжээ. Энэхүү баримт бичиг нь төр болон хувийн хэвшлийн аль алинд хамаарах удирдах зөвлөмжийг багтааснаараа онцлог аж. Олон улсын хүний эрхийн хэм хэмжээтэй нийцүүлэн ажиллах төр болон хувийн хэвшлийн ялгаатай боловч уялдаа холбоотой үүргийг үнэлэн 31 зарчмыг тусгасан бөгөөд тулгуур гурван зарчимд хуваадаг байна. 

  1. Хүний эрхийг хамгаалах төрийн үүрэг.
  2. Хүний эрхийг хүндэтгэх бизнесийн үүрэг, хариуцлага
  3. Зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх механизмыг хүртээмжтэй байлгах төр ба бизнесийн үүрэг хариуцлага хэмээн тодорхойлжээ.

Энэхүү баримт бичиг нь бизнесийн байгууллагууд хүний эрхийг хүндэтгэн ажиллах зайлшгүй шаардлагатайг сануулж байна.

Ажлын гараагаа эхэлж буй хэн бүхэн бүхий л зүйлсийг “ийм л байх ёстой” гэх хандлагаар хүлээн авдаг гэхэд хилсдэхгүй биз. “Амралтын болон бүх нийтийн амралтын өдрүүдэд ажиллах нь хэвийн л үзэгдэл. Шинэ ажилтан болохоор л одоохондоо надад хатуу хандаж байгаа байх. Манай байгууллагын төсөв, санхүүгийн байдал энэ сар муу байгаагаас шалтгаалаад энэ удаадаа цалингаа олгохгүй гэнэ ээ. Гэхдээ дараагийн удаа нөхөж олгох болохоор зүгээр дээ” гэх мэт сөрөг үзэгдлүүдийг хүлээн зөвшөөрөх нь ажлын байран дээр хүний эрх зөрчигдөх, цаашлаад хүнд ээлгүй бизнесийн байгууллагыг төлөвшүүлэхэд хүргэдэг байна.

Шинэ үеийн гэгдэх GenZ үеийн залуус ажлаас хойш суух хандлагатай, ажлын ачаалал даах чадвар муу гэх яриа түгээмэл сонсогдох болжээ. Ажлын гараагаа эхэлж буй хийж бүтээх чин хүсэл оргилсон, эрч хүчээр дүүрэн залуус хэдэн сарын дараа гунигтай харцтай, стресстэй нэгэн болж хувирах тохиолдол амьдралд бишгүй л олон. Гэвч энэ нь ажил олгогчийн зүгээс тавьж буй шаардлага бүрийг давуулан биелүүлэхийн тулд илүү цагаар ажиллан, амралтын өдрөө ч ажилдаа зориулж явсаар нэг л мэдэхэд амьдрал нь “ажил” болчихсон байдагтай холбоотой байж болзошгүй юм. Тэгэхээр бид үнэхээр ажил хийж чадахгүй, амархан шантраад байна уу? Аль эсвэл бизнесийн орчинд эрхээ зөрчигдөж байгааг анзаарахгүй яваад байна уу? Иймд хөдөлмөрийн харилцаанд оролцохдоо бизнесийн орчин дахь хүний эрхийн талаарх ойлголттой байх, өөрийн эрх хаана зөрчигдөж байгааг анзаарч чаддаг, түүнийгээ шийдвэрлүүлэх зоригтой байх нь чухал юм.

Шинэ төгсөгчдөд өгөх зөвлөгөө: Анхны ажилдаа орохдоо эдгээрийг мэдэж байвал алзахгүй дээ

Энэхүү нийтлэлийг Европын Холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй “Бизнес ба хүний эрх” төсөлтэй хамтран шинэхэн төгсөгч, ажилтнуудын бизнесийн орчин дахь хүний эрхийн тухай ойлголтыг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд бэлтгэн хүргэлээ.

Ашигласан эх сурвалж:

Хөдөлмөрийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/. 2021 он.

“Бизнесийн үйл ажиллагааны хүний эрхэд үзүүлэх нөлөөлөл” суурь судалгааны  тайлан. 2022 он.