“Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино урлаг” хэмээн Владимир Ильич Ленин хэлсэн байдаг. 1895 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Францын Парис хотноо ах дүү Люмьерын бүтээсэн “хөдөлдөг амьд гэрэл зураг” буюу “синематограф”-ыг танилцуулснаар хүн төрөлхтний хөгжлийн түүхэн дэх кино урлагийн эхлэлийг тавьж байв. Энэ цагаас кино урлаг дэлхий дахинаа эрчимтэй хөгжиж, эдүгээ түүх, соёлын хамгийн том гэрч хэмээн тодорхойлогдох болсон энэ цагт чанартай бүтээл туурвихад кино шүүмжлэгчийн үүрэг чухал байр суурийг эзлэх болжээ. Иймээс бидний дунд оршин буй олон ертөнцийг таниулах “БИДНИЙ НЭГ” буландаа Монголын кино урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, кино урлагийн судалгаа, шүүмжийн соёлыг түгээн дэлгэрүүлж яваа кино судлаач, шүүмжлэгч Б.Амарсанааг онцолж байна.
Түүний хувьд БНХАУ-ын Няньжин их сургуульд “харьцуулсан уран зохиол” гэх сонирхолтой мэргэжлээр докторын зэрэгт горилон суралцаж буй билээ. Анх 2015 онд компьютерын ухаан, технологи буюу мэдээлэл технологийн мэргэжил эзэмшихээр Хятад улсыг зорьсон тэрбээр хэрхэн уран зохиол, кино урлагтай холбогдож байсан талаарх бяцхан түүхээр бидний ярилцлага эхэлсэн юм.
“Анх мэдээлэл технологийн чиглэлээр бакалаврын боловсрол эзэмшихээр Хятад улсад ирж байлаа. Харин математик, физикийн хичээлүүд үзэж эхлээд хэдий хичээлдээ сайн байсан ч эндхийн боловсролын системээс маш их хоцрогдолтой байгаагаа ойлгосон юм. Тиймээс хоёрдугаар улирлаас мэргэжлээ солих талаар бодож үзэх болсон. Харин энэ удаа өөрийнхөө “юунд илүү сонирхолтой байна вэ” гэдэгт тулгуурлан мэргэжлээ сонгохыг хүссэн. Өөрийгөө ажиглаад байх нь ээ, хичээлээ ойлгохгүй, эсвэл хичээл сонирхолгүй санагдсан үед лекцийн танхимын хойно уран зохиолын ном уншаад л суучихдаг байсан юм. Тиймээс нийгэм, хүмүүнлэгийн ухааны чиглэлээр суралцахаар шийдэж, англи хэл, уран зохиолын мэргэжлээр бакалаврын боловсрол эзэмшин, хятад хэлний хэл бичгийн ухааны мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан. Одоо харьцуулсан уран зохиол мэргэжлээр докторын зэрэгт горилон суралцаж байна.”
Харьцуулсан уран зохиол гэх энэхүү мэргэжлийг энгийнээр тайлбарлавал дэлхийн улс орнуудын соёл, уран зохиолын адил, төсөөт чанарыг харьцуулан судалдгаараа онцлогтой аж. Түүний хэл, уран зохиолыг сонирхон судлах болсон нь кино урлагийн салбарт хөтөлсөн болов уу? хэмээн бодогдож байснаа нуух юун. “Миний хувьд хэдий кино их үздэг байсан ч багаасаа л киног “шимтэн” үздэг байсан гэж худлаа ярихгүй ээ!” хэмээн хошигнох тэрбээр бакалаврын гуравдугаар түвшинд суралцаж байхдаа анхны кино шүүмжээ бичиж байжээ.
“Багадаа зурагтын урд л өнждөг хүүхэд байлаа. Зурагтаа хивсэн дээр сууж, их ойроос үздэг байсан болохоор яг миний суудаг тэр хэсгийн хивс нимгэрчихсэн байдаг байсан. Гэхдээ тухайн үед юу гарч байна тэр бүгдийг л үздэг байв. Харин дунд ангийн зуны амралтаар хийх зүйлгүй, уйдаж байгааг минь аав анзаарч “Кино түрээсэлж үзээрэй” гээд иргэний үнэмлэхээ өгч байсан юм. Тэр зун гэрийнхээ урд талын кино түрээсэлдэг ахаас олон ч кино түрээсэлж үзсэн дээ. Түүнээс хойш “киног зүгээр л үзээд өнгөрөх биш, бичиж тэмдэглээд, илүү ойлгож үзье” гэж шийдсэн нь их сургуульд англи хэлээр академик бичвэр бичих хичээл үзсэн явдал байлаа. Багш маань өөрөө кино судалдаг байсан болохоор “Энэ хичээлээр заавал уран зохиолын тухай бичих гээд яах вэ. Бүгдээрээ киноны тухай бичиж үзье” гээд киноны тухай гурван төрлийн бичвэр бичүүлсэн юм. Ийнхүү хамгийн анх Америкийн кино бүтээгч Coen Brothers-ын “The Ballad of Buster Scruggs” киноны шүүмжийг бичиж байлаа.”
Түүний бичсэн анхны кино шүүмж амжилттай болж, цааш энэ чиглэлийг сонирхон мэргэшихэд багшийнх нь хэлсэн урмын үг ихээхэн нөлөөлсөн тухайгаа тэрбээр хуваалцсан юм. Тухайлбал, хичээлийн нэг долоо хоногт шүүмжийн эхний хувилбараа багшдаа танилцуулж, багшийн засвар, зөвлөгөөний дагуу сайжруулалт хийх системээр шүүмжээ бичдэг байжээ. Харин “The Ballad of Buster Scruggs” киноны шүүмж “засварлах шаардлагагүй, хангалттай сайн шүүмж” хэмээн сайшаагдаж байсан нь түүнийг кино судлаач, шүүмжлэгч болоход нөлөөлсөн байна.
“Тухайн үед багшаасаа урмын үг сонсоод “Би шүүмж бичиж чадах юм байна” гэж бодогдох болсон. Харин хятад хэл, соёл судлал чиглэлээр магистрт суралцаж байх үедээ энэ чиглэлээр ажиллаж эхэлсэн юм. Тэр үед цар тахал гарч, хөл хорио эрчимжсэн учраас гэртээ төрөл бүрийн л кино үздэг байлаа. Тэгж явсаар найзуудтайгаа нийлэн орчин цагийн Хятадын соёлын тухай онлайн сэтгүүл байгуулан, тухайн сэтгүүлийнхээ киноны буланг эрхлэх болсон юм. Харин чөлөөт уран бүтээлчээр ажиллаж эхлээд хоёр жил гаруй болж байна. Зөвхөн кино шүүмжлэгчээр хоолоо олж иднэ гэдэг бараг л боломжгүй учраас ихэнх хүмүүс өөрсдийн бичсэн шүүмж, бичвэрээ сонин, сэтгүүлд борлуулах маягаар ажилладаг юм. Миний хувьд чөлөөт бичээчээр гадаадын сонин, сэтгүүлд материалаа хэвлүүлэхээс гадна сэтгүүлчдийн ашигладаг muctrack.com сайтад бичвэрүүдээ байршуулдаг. Одоогийн байдлаар энэхүү сайтад 86 төрлийн бичвэр оруулсан байна.”
Кино судлал, шүүмж гэх энэ салбар мэргэжлийн өндөр ёс зүй шаардсан хариуцлагатай салбар аж. Тэрбээр “Хэрэв кино урлагийн салбар болоод сэтгүүл зүйн салбарын дунд хашаа байдаг бол тэр хашаан дээр сууж байгаа хүнийг кино шүүмжлэгч гэнэ” хэмээн адилтгаж байлаа.
“Кино шүүмжлэгчид сэтгүүл зүй болон кино урлагийн салбарт аль алинд нь хамааралтай салбар болоод ч тэр үү ёс зүйн хувьд маш өндөр хариуцлагыг нуруундаа үүрч явдаг хүмүүс. Зарим тохиолдолд “Манай киноны маркетингийг хийгээд өгөөч. Манай киног олон улсын фестивальд оролцоход хамтарч ажиллаач” гэх мэт олон саналууд ирдэг юм. Гэтэл нэг киног бүтээлцэхэд ажиллачхаад өөр киног шүүмжилнэ гэдэг нь ёс зүйн хувьд учир дутагдалтай шүү дээ. Аливаа шүүмжийг бичихдээ кино талаас буюу продюсер, студиэс мөнгө авч, төлбөртэй шүүмж бичсэн тохиолдолд энэ зөвхөн сурталчилгаа л болно. Шүүмж биш. Тиймээс олон улсын жишгийн кино шүүмжлэгчид сэтгүүл зүйгээс цалинжиж, өөрийн бичсэн шүүмж, бичвэрээ сонин, сэтгүүл, сайтуудад борлуулах хэрэгтэй гэсэн үг юм. Монголд “шүүмж бичье” гэх хүсэлтэй хүмүүс маш олон байдаг ч бичлээ гэхэд шүүмжээ нийтлүүлэх газар байхгүй, байгаа газрууд нь хөдөлмөрийг нь шударгаар үнэлж чадахгүй байна шүү дээ. Шүүмжийн салбар манай улсад хөгжихгүй байгаагийн хамгийн том шалтгааныг энэ гэж боддог доо.”
Кино бол хамгийн нийлэг урлаг. Тиймээс зөвхөн үйл явдал, өгүүлэмж төдийхнөөр сайн, муу кино хэмээн тодорхойлох нь өнгөц дүгнэлт гэлээ. “Хэрвээ киноны тухай бичихдээ жүжиглэлт, дуу хөгжим, дүрслэлт, зураг авалтын тухай огт дурдахгүйгээр зөвхөн киноны үйл явдлын талаар бичих юм бол уран зохиолын тухай бичихээс юугаараа ялгаатай гэж?”
“Дүрс үзүүлж, дуу сонсгож, бүх эд эсийг зэрэг ажиллуулдаг урлаг кино урлагаас өөр байхгүй л болов уу. Тэр ч утгаараа кино урлаг амьдралыг улам баяжуулж, түр ч болов хугацаанд 1,000 гаруй хүний амьдралаар амьдрах боломжийг бидэнд олгодог гэж боддог юм. Учир нь хүний амьдрал маш богинохон, бидний үзэх зүйлс, явах газар хязгаарлагдмал шүү дээ. Тиймээс кино бол 16 юм уу, 24 кадрт багтах амьдрал юм. Хүмүүс бид амьдарч буй орчин, эдэлж, хэрэглэж буй материаллаг эд зүйлс зэрэг нүдэнд тусах өнгөц зүйлсээрээ л ялгаатай юм шиг санагддаг. Гэвч “Хүн гэдэг утгаараа бид юуг хүсдэг вэ?” гээд бодоод үзэхээр бидний төстэй зүйлс ялгаатай зүйлсээсээ ч олон гэж боддог.”
“Кино гэдэг нь улсын хил заагийг үл харгалзан, хүний амьдралын бүхий л мэдрэмжийг өгүүлж чаддаг урлаг юм байна” гэх бодол анх Jia Zhangke найруулагчийн Xio Wu /1997/ бүтээлийг үзээд төрж байжээ. Тус киноны үйл явдал Хятадын нэгэн тосгонд өрнөж, нийгмийн хөгжлөөс хоцорсон, халаасны хулгай хийдэг залуугийн тухай өгүүлэх аж. “Хэдий аж байдал, ахуй соёлын ялгаа илт мэдэгдэж байгаа ч гол дүрийн залуугийн амьдрал, шороо тоостойгоо хутгалдсан дүр төрхийг хараад “Үгүй ээ, энэ чинь ерөөсөө л Улаанбаатар юм биш үү дээ” хэмээн бодогдож нүдэнд харагдаж байгаа бүх зүйлс нь миний мэдэх Улаанбаатараас өөр мөртөө тухайн киноноос авч байгаа мэдрэмж, төрсөн бодол бүхэн “Ерөөсөө л бидний туулж өнгөрдөг амьдрал байна шүү дээ” хэмээн бодлогоширч байжээ.
“Миний хувьд монгол киноны тухай шүүмж бичих боломж харьцангуй цөөхөн олддог юм. Харин сүүлд үзсэн кинонуудаас өнөөгийн нийгмийн бодит төрхийг хамгийн үнэнээр нь гаргасан кино гэвэл П.Золжаргал найруулагчийн “Баавгай болохсон” юм шиг санагдсан. Би ч бас гэр хороололд төрж, өссөн хүүхэд. Тийм болохоор ч тэр үү, үйл явдлууд нь яг л баримтат кино шиг харагдаж байгаа байхгүй юу. Яг л өөрийнхөө тухай амьдралыг том дэлгэцэн дээр үзээд ч байгаа мэт санагдсан. Эл киногоор нийгмийн давхаргуудын ялгаа ямар их болсныг сануулж, нэг хэсэг монголчуудын амьдралыг нөгөө хэсэг монголчуудад харуулахыг зорьсон гэдэг нь хамгийн чухал. Өнгөрсөн жилийн хувьд Монголын кино урлагийн түүхэнд тэмдэглэгдэхүйц томоохон амжилттай жил болж өндөрлөлөө шүү дээ. Хамгийн олон жилийн түүхтэй олон улсын кино наадмуудад Монгол Улс анх удаа бүрэн хэмжээний киногоор оролцлоо. Тухайлбал, Каннын кино наадамд П.Золжаргал найруулагчийн “Баавгай болохсон”, Венецийн кино наадамд П.Лхагвадулам найруулагчийн “Сэр сэр салхи” гэх хоёр бүтээл өрсөлдөхийг хараад бахархах сэтгэл төрж байв. Гэтэл энэ жил олон улсын кино наадамд өрсөлдөж байгаа монгол кино байхгүй байна шүү дээ. Эндээс надад төрсөн бодол нь “Олон улсын зах зээлд бид зөвхөн П.Золжаргал, П.Лхагвадулам найруулагчийн бүтээлийг л хүлээх юм биш биз дээ” гэх айдас. Олон улсын кино наадамд монгол кино өрсөлдөх давлагаа эхэлчихсэн байгаа энэ цагт тэр түрлэг битгий тасраасай л гэж хүсэж байгаа. Техник талаас нь киног маш сайн хийх боломж, бололцоо бидэнд байна. Тиймээс зөвхөн дотоодын зах зээлд зориулж биш, олон улсын зах зээлд гарах алсыг харсан чанартай кино хийгээсэй гэж хүсдэг.”
Ямар ч урлаг субьектив шинжтэй байх ёстой. Түүнийгээ дагаад урлагийн талаарх үнэлэмж, ойлголт үргэлж субьектив байдаг байна. Хэрэв урлаг зөвхөн ганц утгатай, тэр утгыг л хүмүүс ойлгож байна уу, үгүй юу гэдгийг шалгадаг “шалгалтын зөв хариу шиг” зүйл байвал түүнийг урлаг хэмээн нэрлэхэд хэцүү. Иймд аливаа урлагийг таашаах, үл таашаах зэрэг сэтгэл, мэдрэмж, түүнийг илэрхийлэх илэрхийлэмж үргэлж субьектив шинжтэй байх хэрэгтэй ч хэт дураараа байж болохгүй гэх ёс зүйд зарчмыг үргэлж баримтлах хэрэгтэй ажээ. “Хэрэв уран бүтээлийн тухай бичиж байгаа бол тухайн бүтээлийн тухай л бичих ёстой. Хувь хүн рүү дайрч давшилсан өнгө аястай зүйл таны бичвэрт яав ч байж болохгүй” гэдгийг тэрбээр онцолж байлаа.
“Кино шүүмж гэдэг нь зөвхөн муулах гэсэн үг биш шүү дээ. Аливааг муулах амархан, магтах бүр амархан. Харин шүүмжлэх л хэцүү гэж би үргэлж хэлдэг юм. Кино зөвхөн сайн, зөвхөн муу байх албагүй. Сайн муугийн дунд ч байж болно шүү дээ. Тухайн киноны зарим хэсэг сайн байж болно, зарим нь муу байж болно. Тиймээс сайн кино гэдэг нь наад захын техникийн шаардлагыг хангасан эсэх, дуу дүрсний хувьд хүн үзэхэд таатай байна уу, өгүүлэх гэсэн санаагаа бүрэн илэрхийлсэн үү, үйл явдал зураг авалт нь хоорондоо хэр нийцэж байгаа зэрэг жижиг элемент бүрээр тодорхойлогддог. Тэр нарийн холбоо хамаарал бүрийг нарийн ажиглаж, өөрийн шүүмждээ тусгахыг хичээдэг дээ.”
Монголын кино урлагийн салбарын хөгжил одоо л эрчимжиж байна уу гэлтэй. Хэдхэн жилийн өмнө “Улаанбаатар”, “Алтан Өргөө” гэх олон улсын хэмжээний хоёрхон кино наадам Улаанбаатар хотноо зохион байгуулагддаг байсан бол өнгөрсөн жилээс “Хархорум” кино наадам, энэ жилээс “Цэнхэр тэнгисийн цаана” кино наадам олон улсын хэмжээнд зохион байгуулагддаг болжээ. Манай улсад энэхүү салбар харьцангуй хожуу өөрийн өнгө төрхөө тодорхойлж буй болохоор ч тэр үү кино шүүмжийг эергээр хүлээн авах уран бүтээлчид харьцангуй цөөн байсныг тэрбээр нуусангүй.
“Олон улсын уран бүтээлчид аливаа шүүмжийг төдийлөн хүндээр тусгаж аваад байдаггүй юм. Харин манайд хэдхэн жилийн өмнө гэхэд л уран бүтээлч болон шүүмжлэгчдийн харилцаа их хурцадмал байлаа шүү дээ. Тухайн уран бүтээлийн талаарх өөрт төрсөн сөрөг мэдрэмжээ бусадтай хуваалцвал “Уран бүтээлчдийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж байна. Ядаж кино театраас буусных нь дараа энэ шүүмжээ бич л дээ” гэх хүмүүс олон байсан. Хэрэв ингэж шүүмж бичвэл ямар ч утгагүй хэрэг болно шүү дээ. Тухайлбал, шүүмж бичих соёлын тухай Англи улсын жишээн дээр тайлбарлая л даа. Нэг кино тав дахь өдөр нээлтээ хийх байлаа гэхэд тухайн долоо хоногийн эхэнд зөвхөн кино шүүмжлэгч, хэвлэлийнхэнд зориулсан тусгай үзвэр зохион байгуулаад тухайн киноны талаарх шүүмж бичих тодорхой хугацааг олгодог. Ийнхүү тухайн кино нээлтэй хийхтэй зэрэгцэн киноны талаарх шүүмжийг нийтэлдэг. Үзэгчид тухайн шүүмжийг уншаад киног үзэх эсэхээ шийднэ. Хэрэв тухайн киноны үзэлт унавал уран бүтээлчид юун дээр алдсанаа, юуг сайжруулах хэрэгтэйгээ эргэж харна шүү дээ. Эндээс л шүүмжийн кино урлагт оруулж буй хувь нэмэр гарч ирдэг юм. Монголд энэ жишиг саяхнаас л хэрэгжиж эхэлж байна даа.”
Тэрбээр “Кино шүүмжлэгч гэдэг их ганцаардмал мэргэжил” хэмээн тодорхойлж байв. Дийлэнх тохиолдолд шинэ кино албан ёсны нээлтээ хийхтэй зэрэгцэн кино шүүмжийг нийтэлдэг учраас шүүмжлэгчид тэр бүр кино театрт, бусад үзэгчтэй зэрэгцэн кино үзээд байдаггүй аж. Тухайн киноны холбоосыг цахимаар хүлээн авч, компьютероо асаан аль эсвэл зурагттайгаа холбон үзэг, цаасаа бэлдсэнээр тэдний ажил эхэлдэг. Тиймээс кино шүүмжийн талаарх сургалт, хөтөлбөрт хамрагдах нь өөртэйгөө ижил сонирхолтой, нэг салбарт ажиллаж байгаа хүмүүстэй танилцаж, харилцаа холбоо тогтоох хамгийн гоё боломж болдог байна. Түүний хувьд есдүгээр сард Монголд байх хугацаандаа “Кино шүүмж бичих арга зүйн сургалтыг” амжилттай зохион байгуулсан билээ. Кино судлал, шүүмж чиглэлээр мэргэших хүсэлтэй байгаа хэн бүхэнд зориулан уг салбарын залуу үеийн төлөөлөл, кино урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулж яваа Б.Амарсанаа өөрийн туршлагаас бидэнтэй хуваалцсан юм.
“Энэ чиглэлээр ажиллах хүсэлтэй залуус маш олон байгааг сургалтынхаа үеэр анзаарсан юм. Кино шүүмж бичиж эхлэхээр шийдсэн бол кино урлагийн талаар сонирхон судалдаг байгаарай. Жишээлбэл, киноны тухай ярьж чадах тодорхой хэмжээний үгийн сантай байх хэрэгтэй. Тухайн үгсийн талаарх ойлголттой байх хэрэгтэй. Кино урлагийн түүх хэрхэн эхэлсэн, ямар шат дараалалтайгаар хэрхэн хувьсаж өөрчлөгдөж байгаа зэрэг анхан шатны ойлголттой байх хэрэгтэй. Хэрэв кино урлагийг сонирхдог, кино шүүмж бичихээр төлөвлөж байгаа бол шууд л бичиж эхэл! Учир нь бичиж эхэлж байж л сайжирна шүү дээ. Зарим хүмүүс бичиж сурчхаад шүүмж бичнэ гэдэг юм. Гэтэл бичиж сурна гэдэг маань өөрөө их сонин ойлголт шүү дээ. Бичих тусам туршлагажиж, сайжирч байдаг учраас эхлэх нь л чухал. Кино шүүмжийг ийм стандартын дагуу бичнэ гэх зүйл байхгүй учраас өөрт тодорч гарч ирсэн зүйлсийг л буюу киноны аль хэсэг, ямар дүр, онцлууштай санагдсан зүйлсийг илэрхийлж, өөрийн өнгө аясыг шингээх нь хамгийн чухал. Та бүхний үг хурц, үйлдэл зоригтой байг ээ!”
Бид зарим киног үзээд л өнгөрдөг. Эргээд тухайн киноны талаар бодоход киноны үйл явдал хэрхэн өнгөрч, найруулагч жижиг элемент бүрээр юуг илэрхийлэхийг зорьсон, гол дүрүүдийн сэтгэл хөдлөл надад ямар мэдрэмж төрүүлсэн зэргийг анзааралгүй өнгөрөөснөө ойлгодог шүү дээ. Харин кино судлаач, шүүмжлэгч Б.Амарсанаатай ярилцаад “Кино үзнэ гэдэг зүгээр л үзэхийн нэр биш…” гэдгийг тунгаан бодоход хүрсэн билээ. Монголын кино урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, кино урлагийн судалгаа, шүүмжийн соёлыг түгээн дэлгэрүүлж яваа кино судлаач, шүүмжлэгч Б.Амарсанаа энэ удаа “Бидний нэг” боллоо. Нийтлэлийг уншиж, мөн бидний нэг болсон уншигч танд баярлалаа.