Спорт

Өөрт тохирох спортын төрлөө хэрхэн олох вэ?

Б.Намуун -- 2025.01.065 минут унших

“Би спортын авьяасгүй ээ, надад спорт тохирохгүй” хэмээн спортоос дөлж, зугтсаар л байна уу? Спорт гэдгийг ганц сагсан бөмбөг, гар бөмбөгөөр л төсөөлөөд байвал спорт тохирохгүй санагдсан хэвээр үлдэж магад шүү. Хорвоо дэлхий уужим, хичээллэж үзэх спорт их. Таны сонсох төдий өнгөрсөн, эсвэл огт мэдэхгүй олон төрлийн спорт бий. Дэлхийн спортын нэвтэрхий толь бичигт (2003) дэлхийн хэмжээнд 8,000 орчим уугуул спорт бий гэсэн байдаг. Өдгөө 22 жилийн дараа уг уугуул спортуудаар дамжин илүү олон спорт бий болсон нь тодорхой. Тэгвэл тэдгээр спортоос өөрт тохирох спортоо олцгооё.

Кэндо

Бие хамгаалах, тулааны урлагаар хичээллэнэ гэхээр бас л хэдхэн төрлийн спорт дунд эргэлдэх нь өрөөсгөл юм. Жишээ болгон кэндог санал болгоё. "Илдийн зам" гэсэн утгатай Кэндо нь самуурайн сонгодог сэлмийн урлаг болох Кенжүцүгээс үүссэн Японы уламжлалт тулааны урлаг юм. “Наруто” анимэ дээрх кенжүцүг санаж байгаа биз дээ. Алуурчин Б (Killer B), Мифүнэ, Забуза Момочи, Сасүкэ зэрэг дүрүүд найман сэлэм зэрэг ашиглаж, усан жүцүтэй хослуулан, чакра шингээх гэх мэтээр кенжүцүг төгс ашигладаг даа. Үзэж өссөн “Наруто” дээрх тулааны урлагаа бодит амьдралд сонирхож яагаад болохгүй гэж.

Өөрт тохирох спортын төрлөө хэрхэн олох вэ?

Ямар хүнд тохирох вэ?

1.Сахилга бат, төвлөрлийг эрэлхийлж буй хүмүүс

Толгой, бугуй, бэлхүүс рүү цохихоос гадна хоолой руу хатгаж оноо авдаг кэндо спорт нь бие бялдар, оюун ухаан, соёлын элементүүдийг хослуулсан юм. Тиймдээ ч хүндлэл,  тэсвэр тэвчээр зэрэг үнэт зүйлсийг төлөвшүүлж, зан чанарт эергээр нөлөөлөхөөс гадна хүч чадал, авхаалж самбааг нэмдэг. Кэндо нь хүндлэл, даруу байдал, тэсвэр тэвчээрийг чухалчилдаг тул үүнийг спортоос гадна философи гэж үзэх нь ч бий. Кэндогийн тэмцээнийг хүч чадлаар бус харин анхаарлаа төвлөрүүлж байж хождог. Тэгэхээр хэн их хүчтэй нь бус хэн илүү авхаалж самбаа, анхаарал төвлөрөлтэй нь ялдаг гэсэн үг юм. Оюуны хатуужил, хувийн сахилга бат, тэвчээрийг эрхэмлэдэг хүмүүс ихэвчлэн кэндогоор хичээллэдэг. Тэгэхээр та сахилга баттай, сайн төвлөрдөг болохыг хүсэж байвал энэ спорт танд тохирох юм. 

2. Соёл, уламжлалд дурлагчид

Тэр дундаа япон соёлд дурлагчдад төгс тохирох спорт юм шүү. Японы түүх, самуурайн уламжлалд гүн гүнзгий үндэслэсэн орчин үеийн тулааны урлаг болохын хувьд кэндо нь эртний ёс заншилтай шууд холбогддог. “Наруто” үзэж өссөн хүмүүс “Нинжагийн замналаа дагаж Хокагэ л болох байсан юм” гэдэг дээ. Тэгвэл кэндогоор хичээллээд үзээрэй. Энэ таны нинжагийн замнал ч юм бил үү, хэн мэдлээ. 

3. Хувийн өсөлтийг эрхэмлэдэг хүмүүс 

Өрсөлдөгчөө ялахаас илүүтэйгээр өөрийгөө сайжруулахыг чухалчилдаг нь уг спортыг хувийн өсөлтдөө анхаардаг хүмүүст хамгийн тохиромжтой болгодог. Яг л бясалгал шиг учраас өөртэйгөө ярилцаж, оюун бодлоо цэгцлэх боломжийг танд олгоно. 

Сонирхолтой баримт: Кэндогийн “До” (道)  гэсэн төгсгөлийн ханзыг бусад тулааны урлагт мөн ашигладаг. Энэ нь "зам" гэсэн утгатай бөгөөд жүдо (зөөлөн байх арга зам), айкидо (эв найрамдлын арга зам) гэх мэт спортод ч бий. Хэрвээ та уг спортыг сонирхож, дэргэдээс нь тэмцээн үзмээр байвал Кэндогийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 18-нд Буянт Ухаа спортын ордонд болох юм шүү. 

Бадминтон

Өөрт тохирох спортын төрлөө хэрхэн олох вэ?

Бөмбөгтэй спорт гар бөмбөг, хөл бөмбөгөөр дуусахгүй ээ. Бадминтон гэж бас нэг спорт байна шүү дээ. Энэ нь дэлхий дээрх цохиуртай спортоос хамгийн хурдан нь бөгөөд өдөн бөмбөгийн дээд хурд 565 км/цаг хүрч байжээ. Өнөөгийн бидний мэдэх бадминтон 19 дүгээр зуунд Энэтхэгийн "Пуна" хэмээх эртний тоглоомоос үүссэн аж. Энэтхэгт байрлаж байсан Британийн цэргүүд энэ тоглоомыг Англид авчирснаар орчин үеийн спорт болон хөгжсөн юм. Ийнхүү уг тоглоомыг Глостершир дахь Бофортын гүнгийн Бадминтоны байшинд анх тоглож байсан тул "бадминтон" гэж нэрлэсэн гэдэг. 

Ямар хүмүүст тохирох вэ?

1.Оффисын ажилтан

Бадминтоны хурдан хэмнэл нь гар нүдний хурдыг хурцалж, бүтэн биеийн эрчимтэй дасгал болдог. Улмаар стрессийг бууруулж, зүрх судасны өвчнөөс сэргийлдэг ажээ. Түүнчлэн бадминтон тоглох үед 70 кг жинтэй хүн нэг цагт ойролцоогоор 385 калори шатаадаг. Иймээс өдрийн ихэнх хугацааг ширээний ард өнгөрүүлдэг завгүй “ажилчин зөгийнүүдэд” маань энэ спорт тохирох юм. 

2. Найз юм уу, хостойгоо хамт хичээллэх спорт хайж буй хүмүүс

Ганцаарчилсан төрөл гэж байдаг ч хос болон холимог (mixed double) хэлбэрээр ч тоглох боломжтой учраас найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ спортоор хичээллэн, цагийг хамтдаа өнгөрүүлэх сайхан боломж юм шүү. Ойр дотнын хүнтэйгээ хамт спортоор хичээллэх нь харилцаанд эергээр нөлөөлдөг талаар судалгааны үр дүн олон байдгийг санаарай. Эсвэл ганцаараа хичээллээд, шинэ найз нөхөдтэй ч болж болно шүү дээ. 

3. Хөгжилтэй дасгал хийхийг хүсдэг хүмүүс

Хэн нэгэнтэй өрсөлдөөнт тоглоом тоглонгоо спортоор хичээллэнэ гэдэг хөгжилтэй бэлтгэлийн хэлбэр юм.  Фитнес зааланд өөрөө өөртэйгөө тэмцэлдэн, ганцаараа дасгал хийхийг хүсдэггүй хүмүүс уг спортоор хичээллэн хөдөлгөөний дутагдлаас сэргийлж, эрүүл байх боломжтой. Хийхэд хэцүү, хүнд санагддаг зүйлээ өдөр бүр хийнэ гэдэг бэрх. Харин хөгжилтэй, дуртай зүйлдээ очих өдрөө хоног тоолон хүлээж, жаргаж дасгал хийнэ гэдэг мэдээж сайхан. 

Сонирхолтой баримт: Бадминтон нь хөл бөмбөгийн дараа орох дэлхийн хоёр дахь хамгийн алдартай спорт юм. Нэн ялангуяа Ази, Европын оронд өргөн тархжээ.  Мөн бие биетэйгээ хүрэлцэх байдал ихтэй бусад спорттой харьцуулахад хүнд гэмтэл авах эрсдэл багатай юм. Монголын шилдэг бадминтончдын тэмцээнийг нэгдүгээр сарын 13-15-ны өдрүүдэд Хан Хиллс зааланд очиж үзэн, уг спортын талаар илүү ихийг мэдэж аваарай. 

Виртуал дугуй

Өөрт тохирох спортын төрлөө хэрхэн олох вэ?

1970-1980-аад онд АНУ-д cпортын анагаах ухааны гүйцэтгэлийн шинжилгээнд ихэвчлэн ашигладаг суурин дугуйнууд фитнес заал, эрүүл мэндийн төвүүдийн дасгалын хэрэгсэл болж эхэлсэн юм. Эндээс орчин үеийн виртуал дугуйны үндэс тавигдаж байв. 1986 онд “RacerMate” компани “CompuTrainer”-ийг нэвтрүүлсэн нь хэрэглэгчдэд компьютерт холбогдсон суурин сургагч төхөөрөмж дээр дугуй унах боломжийг олгож, виртуал ландшафтыг бий болгожээ. Харин саяхан буюу 2014 онд Эрик Мин, Жон Мэйфилд нарын үүсгэн байгуулсан “Zwift” нь дугуйчдад бодит цагт бэлтгэл хийж, өрсөлдөн, харилцаж болох гайхалтай виртуал ертөнцийг бүтээж өгсөн юм. Түүнчлэн уг спортын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 2020 оноос хойш жил бүр зохион байгуулж буй. Харин Монгол Улсын аварга шалгаруулах виртуал дугуйн тэмцээн энэ сарын 11-12-ны өдрүүдэд Буянт Ухаа спортын ордонд болох учраас энэхүү сонирхолтой спортыг дэргэдээс нь үзээрэй. Магадгүй дараагийн улсын аваргын тэмцээнд оролцох хүн та ч байх юм бил үү. 

Ямар хүмүүст тохирох вэ?

1.Гэрээсээ дасгал хиймээр байгаа хүмүүс

Гэрээсээ гарахгүй спортоор хичээллэмээр байна уу? Тэгвэл виртуал дугуй таны хайж байгаа спорт мөн шүү. Виртуал дугуй нь биеийн тамирын дасгалыг дижитал туршлагатай хослуулснаар танхимын бэлтгэлд хувьсгал хийсэн юм. Тусгай сууринд дугуйгаа байрлуулж, интернэттэй холбогдон ямар замаар хэдэн цагийн хурдтай явж буйгаа дэлгэцээр хянах боломжтой аж. Уралдааны явцад тамирчид өгсүүр өөд араагаа хөнгөрүүлж, уруудах үед хүндрүүлэх зэргээр яг бодит орчинд байгаа мэт уралддаг. Энэ нь цаг агаарын нөхцөл байдал, цаг хугацааны хязгаарлалтаас үл хамааран бэлтгэл хийх боломж олгодог тул хаанаас ч, хэзээ ч хичээллэж, тэмцээнд оролцож болох юм. Дасгалыг сургалтын тодорхой зорилгод нийцүүлэн эсэргүүцлийг нь тохируулж, янз бүрийн газар нутгийг дуурайлган хийх боломжтой учраас бэлтгэл хийхийн тулд байршлаа сольж эсвэл тохиромжтой цаг агаарыг хүлээх шаардлагагүй гэсэн үг. Түүнчлэн виртуал дугуй унах нь зам тээврийн ослоос сэргийлдгээрээ давуу талтай. 

2. Интерактив видео тоглоомд дурлагчид

Виртуал дугуйн спорт нь Zwift, Rouvy, Peloton зэрэг платформоор фитнес тоглоом тоглож байна л гэсэн үг.  Виртуал газраар явж, сорилт бэрхшээлийг даван, дэлхийн хаа нэгтээ буй хэн нэгэнтэй гадаа гаралгүй өрсөлдөнө гэдэг яг л видео тоглоом байгаа биз. 

Мөсөнд авиралт

Өөрт тохирох спортын төрлөө хэрхэн олох вэ?

Мөсөнд авиралт нь хөлдсөн хүрхрээ, мөсөнд хучигдсан хадны гадаргуу болон бусад мөстсөн газруудад тусгай тоног төхөөрөмж ашиглан авирдаг спорт юм. Мөсөнд авиралтын гарал үүслийг тодорхойлоход хэцүү ч дор хаяж 2,000 жилийн турш оршин буй эртний спортын төрөл гэж үзэх нь бий. Харин 1912 онд Италийн Курмайер хотын Бренва мөсөн гол дээр анхны тэмцээн болсноор уг спорт албан ёсоор өнөөгийн бидний мэдэх хэлбэрээ олон хөгжжээ. 

Ямар хүмүүст тохирох вэ?

1. Адал явдал эрэлхийлэгчид

Адреналинаа ялгаруулж, шинэ зүйлс туршин, адал явдал мэдрэхийг хүсдэг хүмүүст энэ спортыг санал болгоё. Мөс унаж, хагарах зэрэг эрсдэлээс сэргийлж, аливаа нөхцөл байдлыг удирдан, зохицуулах нь айдсаа даван туулж, хязгаараа давах дуртай хүмүүст тохирно. Мөн мөсөнд авиралт нь хөлдсөн хүрхрээ, мөсөн гол, цаст уулын оргилууд гэх мэт алслагдсан, айдас төрүүлэхүйц газруудад хүргэх нь бий. Иймээс байгальтай хүчтэй холбоотой, гадаах спортод дуртай бол та энэ спортыг туршаад үзэх хэрэгтэй шүү.  

2. Өвлийн спортод дуртай хүмүүс

Өвлийн улирлыг тэсэн ядан хүлээдэг, өвөлд хайртай нэгэн бол өвлийн саруудыг спортод зориулснаар илүү хөгжилтэй өвлийн дурсамжийг бүтээх юм. Хэрэв цана, сноубордоор гулгах дуртай бол шинэ өвлийн спортод өөрийгөө сорин мөсөнд авираад үзээрэй. Цана, сноуборд нь цасаар хучигдсан энгэрээр бууж, хурд, маневрлах чадварыг чухалчилдаг. Харин үүний эсрэгээр, мөсөнд авиралт нь байгалийн, бартаатай орчинд авирдаг тул хүч чадал, техник, оюун санааны төвлөрлийг шаарддаг аж. Мөсөнд авирагчид сүхээ мөсөнд зоож, дээшээ татдаг тул биеийн дээд хэсэгт, ялангуяа гар, мөр, нуруунд ихээхэн хүч шаарддаг. Мөн тогтвортой байдлаа хадгалахын тулд хөл болон нурууны хүч ч чухал юм.

3. Ганцаараа байж, өөртэйгөө цагийг өнгөрүүлэх дуртай хүмүүс

Мөсөнд авиралт нь ихэвчлэн алслагдсан, байгалийн үзэсгэлэнт газруудад явагддаг тул байгальд эсвэл тайван, тусгаарлагдмал орчинд цагийг өнгөрөөх дуртай хүмүүст зориулсан гайхалтай сонголт юм. Дээш авирангаа оюун бодлоо цэгцэлж, өөртэйгөө байх хугацаа гаргах шаардлагатай байгаа бол уг спортыг сонирхоод үзээрэй. 

Сонирхолтой баримт: Заавал уул хад, хүрхрээ зүглэж байж л  мөсөнд авирах албагүй ээ. Гадаа мэдрэх нөхцөл байдлыг дуурайлган хийсэн хиймэл мөсөн ханатай зааланд уг спортоор хичээллэх боломжтой. Дэлхийн хамгийн өндөр мөсөнд авирах хана Өмнөд Солонгосын Сөүл хотын “O2 World” байранд байрладаг. Уг хана нь 20 метр өндөр, 13 метр өргөнтэй юм. Иймээс анхан болон туршлагатай уулчдад зориулсан төрөл бүрийн маршрутын дагуу хүйтэн цаг агаарт авирах орчныг ийнхүү бүрдүүлсэн заалнуудад ч мөсөнд авирч болно. Хичээллэж эхлэхээсээ өмнө тамирчдын мөсөнд хэрхэн авирч байгааг нэгдүгээр сарын 15, 16-ны өдрүүдэд болох Мөсөнд авирагчдын улсын аварга шалгаруулах тэмцээнээс харж, туршлага судлахыг санал болгоё. 

Өөрт тохирох спортын төрлөө хэрхэн олох вэ?

Энэ мэтчилэн танд тохирч болох хэдэн мянган спортын төрөл бий. Яг үнэндээ танд ганцаарчилсан спорт хамгийн тохиромжтой байтал бүх насаараа багийн спортоор хичээллэж, өөрийгөө “авьяасгүй” хэмээн цоллосон байвал яах вэ? Тулааны урлагийн олон төрлөөс ердөө нэгээр нь хичээллэж үзээд энэ надад тохирохгүй юм байна гэж бодсон юм биш биз. Чухам ямар спорт сонгож хичээллэхээ мэдэхгүй байвал сонирхсон спортынхоо улсын аварга шалгаруулах тэмцээнийг нэгдүгээр сарын 10-19-ний хооронд болох Холбоодын Улсын аварга шалгаруулах тэмцээнээс үзэн, сонголтоо хийгээрэй. Тасалбарыг Shoppy.mn -ээс авах боломжтой шүү! Мянга сонсохоор нэг үз гэдэг дээ.