Ийнглишээр ярьж монглишоор ойлгов
Хэл соёл
posted.mn
posted.mn
2024.10.22
5 минут
Ийнглишээр ярьж монглишоор ойлгов

“Orangе өнгөтэй пүүз авах гэсэн чинь money дутаад...” гэж ярих эрэн үе ирсэнд олон хүн эмзэглэх болсон. Зарим нь яруу сайхан монгол хэл минь мөхөх вий гэсэн айдаст автаж буйгаа ч илэрхийлдэг. “Дэлхий дээр 3000 орчим амьд хэл байгаагаас 2100 он гэхэд 2500 орчим амьд хэл үлдэнэ. Гэхдээ монгол хэл мөхөх 500 хэлийн дотор байхгүй” гэдгийг хэл шинжлэлч, профессор Ц.Өнөрбаян нэгэн лекцийнхээ үеэр хэлжээ. 

Гэвч энэ нь 100-хан жилийн хоорондох асуудал яригдаж байгааг уншигч та ухаарч буй биз ээ. Монгол хэл, бичиг бол үндэсний дархлаа мөнөөсөө мөн. Гэтэл өнөөх англи, орос, монгол гурвыг хольж ярьдаг хүүхдүүд хэлний бодлого тодорхойлох түвшинд ирэхээр бид яах вэ гэсэн асуулт урган гарч ирнэ. Тэгвэл монгол хэлээр цэвэр сайхан бичиж үүрдийн үүрд авч явах “амь тариа” мэт хэдхэн санааг дэвшүүлье. 

 “Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа”

Ийнглишээр ярьж монглишоор ойлгов

Саяхан даа, саяхан “Англи хэлийг судлах үндсэн гадаад хэл” хэмээн хуульчилж, нэгдүгээр ангиас нь зааж эхэлнэ гэсэнд эцэг эхчүүд хэд хуваагдан талцаж, хэрүүлийн алим идсэн дээ. Хувийн сургуулийн хүүхдүүд хоёр гурван хэлтэй байхад манай хүүхэд яахаараа англи хэл сурч болдоггүй юм гэх мэтчилэн. Гэтэл бид нэг юмыг огт анзаарахгүй байгаа бололтой. Өөрийн хэлний бүтцийг ойлгосон хүүхэд дараа дараагийн таван хэлийг сурахад илүү хялбар, өргөн цар хүрээтэй сэтгэж чадна гэдэгтэй санал нийлдэг. 

Энэхүү нийтлэлээрээ бид бусдын хэл, соёлд хүндэтгэлгүй хандаж доош хийх учиргүй. Харин өөрсдийн гэсэн үнэт зүйлсээ битгий дорд үзээсэй гэсэн санааг л илэрхийлэх гээд байгаа юм шүү. “Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа” гэж үг бий. Орчин үеийн хүүхдүүд цэвэр англиар яриад, эх хэлээ тоохгүй байгаа асуудалд узуураас нь эхэлж шийдэл гаргах хэрэгтэй. 

Эхний ээлжид Youtube суваг болоод тэдний харж, үзэж, сонсож байгаад анхаарлаа хандуулах нь зүйтэй. Ингэж хэлэхээр Youtube-ээр өөр орны хэл дээрх бичлэг үзэхээ боль гэж хэлж ойлгож болохгүй. Хэрэвзээ тэгвэл бид асар коммунист болж таарна. Харин тэдний анхаарлыг татах хүүхдийн нэвтрүүлгүүдийг эх хэлээрээ бэлдэж цацах хэрэгтэй гэсэн санааг дэвшүүлж байна. Пороро гэдэг шиг ишигний тухай нэвтрүүлэг, кино яагаад байж болохгүй гэж. Долоон бурхан, Цуутын цагаагч гүү гэх мэт үлгэрийг зохиол байдалд оруулаад хэчнээн агуулгаар хүүхдийн сонирхлыг татах хэмжээнд хүргэж болно. Өнөөдөр бид яагаад халтар мөлтөр ч болов эх хэлдээ санаа зовон ийнхүү бичээд сууна гэж бодож байна. Энэ хүүхдүүдийн насан дээр үлгэрт шимдэг байсанд л гол учир нь бий.

Гадаад хэлгүй бол ажилд орж чадахгүй юу, эх хэлээрээ ярьж чадахгүй бол ажилд орж чадахгүй юу? 

Ийнглишээр ярьж монглишоор ойлгов

Асуулт тодорхой одоо хариултаа төгөлдөржүүлье. Бид Монгол Улсын газар нутаг дээр аж төрж буй цагт улсынхаа хууль дүрмийг л дагаж мөрдөнө. “Миний хүүхэд англи хэлгүй учраас ажилд орж чадахгүй бол яах юм бэ” гэж олон эцэг эхчүүд санаа зовдог. Гэтэл Монгол хэлний тухай хуулиар монгол хэлээ эзэмших, хэрэглэх, хамгаалах асуудлыг, улам боловсронгуй болгон хуульчилсан байна. Эл хуульд таны хүүхдийг гадаад хэлгүй бол ажилд авахгүй гэсэн нэг ч зүйл заалт байхгүй. 

Хууль: https://legalinfo.mn/mn/detail/10932

Харин ч монгол хэлийг хамгаалж хөгжүүлэх нь төр, иргэн, хуулийн этгээд болоод Монголын нутаг дэвсгэрт оршин суугаа гадаадын иргэн болон бусад хуулийн этгээд бүрд хамаарах эрхэм үүрэг гэдгийг тусгажээ. Одоо таны хүүхдийг яавал ажилд орж чадахгүй вэ гэдгийг одоо тайлбарлая.

“Тэр залуу явж байсан. Гэхдээ цаг зогссон. Гэнэт эргэж хараад би монгол хэлэнд хайртай гэж хэлсэн. Цас орж байсан. Мэдэхгүй. Мэдэхгүй. Цаг тиг тиг долоо болж байсан” гэж бичвэл хэзээ ч ажилд орж чадахгүй гэдгийг анхаарах хэрэгтэй. 

Бид хэлээ хайрлан хамгаалж явахын тулд юун дээр анхаарах вэ? 

Ийнглишээр ярьж монглишоор ойлгов

Хэрэглэх. Хэлийг хэдий чинээ олон хүн хэрэглэнэ төдий чинээ хөгжлийн үйл явц эрчимжинэ. Ингэснээр амиа авч гарах арга олдоно. Иймээс бид “өө одоогийн хүүхдүүд ийм болсон юм чинь” хэмээн орхиж болохгүй. Аль болох эх хэлээ хэрэглэх, хэрэглүүлэхэд анхаарлаа хандуулах учиртай. 

Хэлний бодлогоо илүү нарийн тодорхойлох. Угаас дэлхий нийтээрээ өөрсдийнхөө онцлогийг тодорхойлж “би хэн бэ” гэдэг асуултад буцаад хариулт эрэх боллоо. Нэг ёсондоо бидний бусдаас онцгойрох ялгарал юу болохыг судалж эхэлсэн гэсэн үг. Үүнд хэл чухал үүрэг гүйцэтгэж байна. Гэтэл бид өөрийгөө хайх биш бусдыг сонжих, магтах замаар яваад байх шиг. Уг нь бусдад уусах бус сонин содон төрхөөрөө ялгарах хэрэгтэй.

Англи хэлтэй болохоороо дэлхийтэй хөл нийлүүлж алхдаг юм биш. Байдаг л нэг ази төрхтэй нөхөр болно. Харин тэднээс ялгарах зүйл нь өөрийн хэл соёлыг эзэмшиж түүнээ таниулснаараа дэлхийтэй хөл нийлүүлсэн сэхээтэн болно гэсэн үг. Иймээс бусад хэлнээс өмнө өөрийн хэлний бодлогыг маш нарийн тодорхойлох нь зүйтэй. 

Хувь хүн эх хэлээ хамгаалж үлдэх хүчин чармайлттай байх хэрэгтэй. Эх хэлээ хамгаалах, эх хэлээрээ зөв ярьж бичих нь иргэн болгоны асуудал. Бид өөрийн гэсэн үндэсний бичиг соёлтой байсан учраас төрөлх хэл маань эртнээс тогтвортой, удаан хугацаанд өөрчлөгдөлгүй хадгалагдаж ирсэн. Цаашид ч ийм хэвээр үлдэхийн тулд иргэн бүрийн оролцоо, хүчин чармайлт хэрэгтэй гэдгийг сануулах юун. Хамгийн гол нь “Ийнглишээр ярьж монглишоор ойлголцох”  гэсэн ойлголтоосоо л үтэр түргэн салах нь зүйтэй.