Уул уурхайн салбарыг "галт тэрэг", боловсрол, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, үйлдвэрлэл, аялал жуулчлал зэрэг бусад салбарыг "галт тэрэгний чиргүүл" гэж харвал бид тэдгээр чиргүүлийг өөрийн хүчээр өөр зүг рүү авч явах чадвартай чиглүүлэгч толгойтой болгох хэрэгтэй байгаа юм. Учир нь 2024 оны эхний есөн сарын байдлаар манай улсын нийт экспортын 93 хувийг уул уурхайн салбар, тэр дундаа нүүрс дангаараа 57.9 хувийг бүрдүүлсэн байна. Оны эхний хагас жилд нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдрийн экспортын биет хэмжээ нэмэгдсэнээр нийт экспортын орлого өмнөх оны мөн үеэс 4 хувиар өссөн гэх тооцоо бий. Үүнээс харахад, Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбартай шууд хамааралтай, улс орны эдийн засгийг энэхүү салбар нуруун дээрээ үүрч явж байна гэхэд хилсдэхээргүй аж.
2021 оны байдлаар манай улсад нүүрсний 40 аж ахуй нэгжийн 44 уурхай идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаагаас чулуун нүүрсний 29, хүрэн нүүрсний 15 уурхай байна. Эдгээрээс 26 аж ахуйн нэгж 2023 оны төсвийг бүрдүүлж, эдийн засаг, нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулсан ТОП 100 аж ахуйн нэгжээр шалгарсан байдаг. Шалгарсан ТОП ААН-үүдийн арван нэгдүгээрт Саусгоби сэндс компани бичигджээ. Тэд 2023 онд дөрөв дэх удаагаа ТОП 100 аж ахуйн нэгжийн нэгээр шалгарсан нь энэ.
Саусгоби сэндс ХХК нь Монгол Улсад нүүрсний хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулдаг Хонконгийн Хөрөнгийн Бирж (HKEX: 1878) болон TSX Венчур Бирж (TSX-V: SGQ) дээр давхар бүртгэлтэй “Саусгоби Ресурс Лимитед” компанийн охин компани юм. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй ОУ-ын хөрөнгийн биржд давхар бүртгэлтэй цөөн хэдэн уул уурхайн компанийн нэг. Энэ ч утгаараа Саусгоби сэндс нь нээлттэй хувьцаат компаниудад тавигддаг хатуу шаардлагуудыг биелүүлэн сахилга баттайгаар ажиллаж байна. СГС нь 2006 онд байгуулагдсан бөгөөд 2008 оноос Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь “Овоот толгойн” ордод олборлолт хийж, анхны нүүрсээ экспортолж эхэлсэн байна. Тэд 2024 оны хагас жилийн байдлаар 570 ажилтныг тогтвортой ажлын байраар ханган ажилласан бол тэдгээрийн 98 хувийг монгол залуучууд бүрдүүлдэг аж. Байгуулагдсан цагаасаа эхлэн 2024 оны хоёрдугаар улирал хүртэл орон нутгийн төсөвт 934 тэрбум төгрөгийн татвар хураамжийг төвлөрүүлсэн бөгөөд энэ хугацаандаа 43.1 тэрбум төгрөгийг нийгмийн даатгалын шимтгэлд төлжээ.
Мөн хугацаанд нийт 6.5 тэрбум төгрөгийг улс орны хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад зарцуулжээ. Хийж гүйцэтгэсэн ажлуудаас нь онцлоход Гурвантэс сумын хүүхдийн цэцэрлэг, Шивээ хүрэн хилийн боомтын ажилчдын байр, Гурван тэс сумын сурын талбай, нүүрс, өвс тэжээлийн хандив зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.
Мазаалай нь говь цөлд амьдардаг дэлхийн цорын ганц баавгай бөгөөд зөвхөн Монголын говьд байдгаараа онцлогтой нэн ховордсон амьтан. Хамгийн анх 1967 онд академич А.Болд тэргүүтэй судлаач, эрдэмтэд мазаалайн тоо толгойг гаргах судалгаа хийхэд тухайн үед 25 толгой байсан бол 2024 оны байдлаар манайд 51 мазаалай байна хэмээн мэдээлжээ. 1967 оноос хойш хийсэн судалгаанаас харахад манай улсад мазаалайн тоо толгойг улаан номд оруулж хамгаалаад ч дорвитой өсөхгүй байгаа юм. Монголд төдийгүй дэлхийд нэн ховордсон амьтныг хамгаалахын тулд Монгол Орны Хөхтөн Судлалын Нийгэмлэгтэй хамтран говийн их дархан цаазат газрын А хэсэгт буюу Шар хулсны баянбүрд орчимд нутаглаж байгаа эр мазаалайд АНУ-д үйлдвэрлэсэн дамжуулагч хүзүүвчийг зүүж, шилжилт хөдөлгөөн, хоол тэжээл зэргийг судлахад Саусгоби сэндс компанийн хамт олон санхүүгийн дэмжлэг үзүүлж, хувь нэмрээ оруулсан байна.
Монгол Улсын Засгийн газраас баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хийгдэж буй Боомтын сэргэлтийн төслүүд болох Шивээхүрэн-Сэхэ боомтын хил дамнасан төмөр зам, Шивээхүрэн боомтод 17 га талбайд чингэлэг тээврийн терминал байгуулах төсөл зэрэгт бусад Нарийнсухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулж байгаа уурхайн хөрш компаниудтай хамтран хөрөнгө оруулалтуудыг хийсээр байна.
Чингэлэгт тээврийн төслийн хүрээнд цахилгаан шугамын ажил, ухаалаг гарцын хяналтын систем, хилийн цэргийн шалган нэвтрүүлэх гарц, хяналтын камер, авто пүү, бетон зам талбай, AGV жолоочгүй тээврийн хэрэгсэл зэрэг ажлууд хийгдэхээр төлөвлөгдсөн аж. Манай улсын уул уурхайн гол бүтээгдэхүүн болох зэс, нүүрсний экспортын 25 орчим хувийг Шивээхүрэн боомтоор тээвэрлэдэг бөгөөд Шивээхүрэн-Сэхэ боомтын хил дамнасан төмөр зам ашиглалтад орсноор тус боомтын нэвтрэх хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, жилд 20-25 сая тонн нүүрс экспортлох боломж бүрдэх юм. Үүгээр ч зогсохгүй төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд 4 давхар, 4 блок, 52 айлын SGS 999 орон сууц хотхон Өмнөговь аймгийн Гурвантэс суманд баригдаж байгаа бөгөөд 2 блок орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгөхөд бэлэн болсон байна. Тус орон сууц ашиглалтад орсноор сумын иргэд, СГС-ийн ажилтнууд орчин үеийн орон сууцанд амьдрах нөхцөлөөр хангагдах ажээ.
Уурхай, уулын болон баяжуулах, боловсруулах үйлдвэрийг хаах үед байгаль орчин, нийгэмд учирсан сөрөг нөлөөлөл, эрсдэлийг арилгах, бууруулах, мониторинг, хяналт шинжилгээний арга хэмжээг авч хэрэгжүүлсний хүрээнд газрын эдийн засгийн эргэлтийг дахин бий болгоход чиглэсэн цогц үйл ажиллагааг уурхайн хаалт гэж ойлгож болно. Өөрөөр хэлбэл, уурхай үйл ажиллагаа явуулахаа болиход тухайн олборлолт явуулж байсан газраа ямар дүр байдалтайгаар хүлээлгэн өгөхөө амласан амлалт бичиг юм. Олон улсын стандартад нийцсэн хаалтын төлөвлөгөөг батлуулсан анхдагч уул уурхайн компаниудын нэг нь Саусгоби сэндс компани юм. Энэхүү ажлынхаа хүрээнд тэд нийгмийн хариуцлагын хүрээнд биологийн болон техникийн нөхөн сэргээлтүүдийг хийсээр байна. Уул уурхайн олборлолт явуулдаг аж ахуйн нэгжүүдийн нийгмийн хариуцлагын хүрээнд хийж гүйцэтгэх ёстой орхигдуулж болохгүй ажлын нэг бол яах аргагүй нөхөн сэргээлт. Нөхөн сэргээлтийг эхлээд техникийн аргаар хийгээд дараагаар нь биологийн нөхөн сэргээлт хийх байдлаар гүйцэтгэдэг. Уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газарт дүүргэлт хийх, хэлбэршүүлэх, тэгшлэх, шимт хөрсөөр хучих зэргээр биологийн нөхөн сэргээлтэд бэлтгэх ажлын үе шатыг техникийн нөхөн сэргээлт гэж нэрлэдэг бол эвдэрсэн газрыг ургамалжуулахыг биологийн нөхөн сэргээлт гэж нэрлэдэг. 2009-2024 оны хооронд Саусгоби сэндс компани 148 га газарт техникийн нөхөн сэргээлт, 55 га газар биологийн нөхөн сэргээлт хийсэн бөгөөд байгуулагдсан цагаасаа хойш байгаль, экологийг хамгаалах үйл ажиллагаанд нийт 5.8 тэрбум төгрөгийг зарцуулан ажилласан байна.
Монгол Улсын хэмжээнд 2024-2025 оны хичээлийн жилд 147,920 оюутан Их, дээд сургуульд суралцаж байгаа тухай Үндэсний Статистикийн хорооноос мэдээлсэн байна. Их, дээд сургуульд суралцахад оюутнуудад тулгардаг гол асуудал нь сургалтын төлбөр байдаг бөгөөд тэднийг хичээлдээ төвлөрч, санхүүгийн ямар нэгэн дарамт шахалтад өртөхгүйгээр суралцахад хамгийн том дэмжлэг нь сургалтын төлбөрийн тэтгэлэг байдаг. Улсын хэмжээнд дотоодод Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг, Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг, ХААН Банкны нэрэмжит “Шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр”, Сүмитомо корпорацын нэрэмжит тэтгэлэг, Голомт банкны нэрэмжит тэтгэлэг, Моннис группийн нэрэмжит тэтгэлэг, Оюу толгой компанийн нэрэмжит тэтгэлэг зэрэг томоохон тэтгэлгүүд зарлагддаг. Саусгоби сэндс компанийн хувьд орон нутгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах ирээдүйн мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилгоор Өмнөговь аймгийн Ноён, Сэврэй, Баяндалай, Даланзадгад, Гурван тэс зэрэг сумын оюутнуудад зориулан сургалтын бүтэн тэтгэлэг олгож ажилладаг байна. Мэргэжилтэн бэлтгэхэд оюутнуудад дэмжлэг үзүүлэхээс гадна ЕБС-ийн сурагчдад зориулан говийн бүсийн хүүхэд залуусын боловсролыг дэмжихээр хөтөлбөр хэрэгжүүлж, ЕБС-ийн сурагчдын дунд АНГЛИ ХЭЛНИЙ ОЛИМПИАД-ыг уламжлал болгон зохион байгуулсаар иржээ.