Хүүхдүүдэд ярилцах хэрэгцээ маш их байдаг
Харилцаа
TsoilogsoZ
TsoilogsoZ
2024.01.10
2 минут
Хүүхдүүдэд ярилцах хэрэгцээ маш их байдаг

Хүүхдүүдтэй ажиллах нь маш том хариуцлага гэж боддог.

Анх 6 жилийн өмнө “Лантуун Дохио”-д сайн дурын ажилтнаар элссэн. Кофе шопод ирж ажиллаад нэг жилийг өнгөрүүлэх хугацаандаа "гүнж ах" гэдэг хочтой болсон. Анх  үсээ задгай тавьчихсан байгааг хараад хүүхдүүд шоолонгуй “ Та бараг гүнж юм биш үү?” гэж асууснаас хойш намайг ингэж дууддаг болчихсон. Гэхдээ гүнж гэдэг үгний ард  өөр утга байж болох юм байна гэж бодогдсон л доо. Энэ нэрээрээ дамжуулж хүүхдүүдэд хэн нэгнийг гадна төрхөөр гадуурхахгүй байх, хүйсийн тэнцвэртэй байдлын талаар ойлголт өгч байгаа болов уу гэж хардаг. Хүүхдүүд эхлээд их гайхдаг ч сүүлдээ дасаад, зүгээр л хүлээж авдаг болсон.


“Ид Шидийн Орон”-д өдөртөө дор хаяж 200-300 орчим хүүхэд ирдэг.

Бүгдтэй нь л ярилцахыг хичээнэ. Хүүхдүүдтэй харилцах үед тэдэнд ярилцах хэрэгцээ маш их байгаа нь анзаарагддаг. Дийлэнх нь анх ирэхдээ их хаалттай байдаг ч ярилцаад байх тусам илүү нээлттэй болж, хөгжиж байгаа нь  илт харагддаг. Үүнээс их урам зориг авч, илүү хариуцлагаа ухамсарладаг гэж болно. Гэр маань хол учраас өмнөх өдөр нь ажил дээр ирээд хоночихдог. Учир нь манайд хэдийд ч хүүхдүүд ирж болно. Тэр үед кофе шоп онгойгоогүй байвал гадаа зогсож даарна, тэр дунд хамгаалах хэрэгтэй хүүхдүүд байхыг ч үгүйсгэхгүй. Хэрэгцээтэй үед нь тэдний хажууд байж, найз шиг харилцах нь миний ажлын гол зорилго гэж боддог. Харин бариста хийж, кофе зарах миний хувьд тийм ч чухал биш. Би тэднийг зүгээр нэг хүүхдүүд биш найзууд минь л гэж боддог. Найзуудынхаа дунд орохоор бүр өөрөө хүүхэд шиг болчихдог гээч. Ажлаасаа хэсэг гараад өөр зүйл хийж үзсэн ч хүүхдүүдээ санаад буцаад ирсэн. Хоёр жилийн дараагаас хүүхэд хамгаалал, нийгмийн чиглэлээр суралцахаар төлөвлөчихсөн байгаа. Хүүхдүүдийн хувьд найз, “Гүнж ах” байхын хажуугаар өөрийнхөө хүсэл сонирхлыг  бас олж нээсэн гэж боддог.

Уг ярилцлага нь"Global Dignity Day" буюу "Даян Дэлхийн Нэр Төрөө Эрхэмлэх Өдөр"-ийн хүрээнд хийгдсэн бөгөөд уг санаачлагын гол зорилго нь хүн бүрийн төрөлхөөс заяагдсан нэр төртэй амьдрах эрхийг дэлхий даяар хэрэгжүүлэн, нэр төртэй амьдралд хөтлөхөд оршино.

Ярилцлагыг бэлтгэсэн: Б.Урнаа

Гэрэл зургийг: Л.Буд

Хүүхдүүдэд ярилцах хэрэгцээ маш их байдаг