Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар нэгдүгээр сарын 13-ны өдрийг бид Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэдэг. Монгол Улс 1924 онд анхдугаар Үндсэн хуулиа баталснаас хойш 1940, 1960, 1992 онуудад гурван удаа шинээр Үндсэн хуулиа баталсан түүхтэй. Үндсэн хуулийн энэ өдрөөр Монгол Улсад ардчиллын үндэс суурийг мөнхөд хадгалан үлдээж буй Үндсэн хуульт ёсны зарчмуудыг иргэн нэг бүр эргэцүүлэн бодох нь амин чухал юм. Хүний эрх, эрх чөлөөг хангах нь эрх мэдлийн хуваарилалттай салшгүй холбоотой ойлголт учраас өдгөө энэ зарчим хангагдаж байна уу гэдгийг бид эргэн харах учиртай. Улс орнууд Үндсэн хуулийн өдөртэй байх нь олон талын ач холбогдолтой. Тухайлбал, Үндсэн хуулийн үнэт зүйлийг сахин хамгаалахад иргэд ямар үүрэг гүйцэтгэдэг болохыг энэ өдөр сануулдаг. Энэ нь хувь хүмүүсийг нийгэм, улс төрийн асуудалд идэвхтэй оролцоход түлхэц өгч, хувьсгал, тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөн, эрх тэгш, шударга ёсыг хүссэн тэмцлийн түүхийг бидний ой тойнд дахин авчирдаг билээ.
Үндсэн хуулийн үзэл санаа эрх чөлөөнд оршино
Германы шүүгч, профессор Герхард Роберс “Үндсэн хуулийн хэм хэмжээний ноён оргил нь Үндсэн хуулийн эхэнд бичигддэг хүний суурь эрхүүд юм” гэсэн байдаг. Үндсэн хуульт ёсыг үндсээр нь ярихын тулд суурь зарчим болох эрх зүйт ёсыг авч үзэх шаардлага гарах юм. Эрх зүйт ёс хэрэгжсэнээр иргэн, төрийн байгууллага, албан тушаалтан хуульд захирагдаж, хүний эрх, эрх чөлөө баталгаатай хангагдаж, хараат бус, шударга шүүх төлөвших үндэс бүрдэнэ /Vicki C.Jackson, Mark Tushnet, “Comparative Constitutional Law”., 2006/. Энэ нь нэг ёсондоо эрх зүйн үзэл санаа эрх чөлөөнд оршдог гэсэн үг юм. Хэмжээгүй эрхт хаант засгийг түүхийнхээ аль нэг цаг үед ямар нэг байдлаар туулж ирсэн улс орон, ард түмэн эрх чөлөөнд суурилсан нийгмийг бүтээхийг хүсэхдээ үндсэн хуульт ёсыг бүрэлдүүлэн бий болгосон билээ. Эрх чөлөөнд суурилаагүй дэг журам дарангуйлалд хөтлөх бол, эсрэгээрээ дэг журамгүй эрх чөлөө дур зоргыг бий болгох /Ч.Өнөрбаяр, “Үндсэн хуульт ёсны хөгжил, түүний чиг хандлага”., 2014/ нь тодорхой юм.
Үндсэн хуулиар төрийн эрх мэдлийг хязгаарлаж, хуваарилснаар эрх чөлөөг хангах боломжтой болдог. Энэ талаар Г.Лихтенбергерийн “Үндсэн хуулийн шүүх, парламент хоорондын харилцааны эрх зүйн үндэс ба уг харилцааны эмхэтгэл”-д “Үндсэн хуулийн зорилго нь иргэн бүрийн эрхийг ханган баталгаажуулахын зэрэгцээ төрийг Үндсэн хуулиар нэгэнт өгөгдсөн чиг үүргийн хүрээнд байлгахад оршино” хэмээжээ. Иймээс төрийн эрх мэдлийг Үндсэн хуульт ёсонд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэж хуваан тэнцвэржүүлдэг. Орчин үеийн Үндсэн хууль тэгэхээр нэг талаас төрийн нийтлэг эрх мэдлийг хуваарилалттайгаар хэрэгжүүлэх эх сурвалж, нөгөө талаас хүний эрх, эрх чөлөөг төрөөс хамгаалах, хөндөхгүй байхын баталгаа мөн.
Төрийн эрх мэдэл ямар нэг хязгаарлалтгүй байх нь дарангуйлал орших, хүний төрөлх эрх зөрчигдөх нөхцөл болж байсан тул төрөлх эрхийг тунхагласнаар төрийн эрх мэдлийг хязгаарлах боложтой болсон юм. Тухайлбал, Жон Локк хүний амьдрах, эрх чөлөөтэй байх, өмчлөх эрхийг эзэн хаан ч, хууль ч олгоогүй, хүн хэнээс ч гуйж аваагүй өөрт нь л байдаг салшгүй, төрөлх эрх гэдгийг тунхагласан. Жон Локкийн төрөлх эрхийн энэхүү ойлголт Европ даяар түгэн дэлгэрч, хэмжээгүй эрхийг даван туулахад үнэтэй хувь нэмэр болсон билээ. 1789 оны наймдугаар сарын 26-нд Францын ард түмний үндэсний зохион байгуулах их хурлаар баталсан “Хүн ба иргэний эрхийн тунхаг” үүний нэгэн жишээ юм. Уг тунхгийн зүйл бүрд хүний эрх, эрх чөлөөг тусгасан бөгөөд хүний эрхийг хамгаалах нэг гол механизм бол төрийн эрх мэдлийн хуваарилалт гэдгийг харуулсан. Энэхүү тунхаглал нь одоо болтол Францын Үндсэн хуулийн эрхийн суурь үндэс болдог. Францын 1958, 1971 оны үндсэн хуульд эл Тунхаглалыг хууль зүйн хүчин төгөлдөр баримт бичиг бөгөөд түүнийг зөрчихийг үндсэн хууль зөрчсөнтэй адилтган авч үзжээ.
Харин эрх мэдэл хуваарилалтыг Ш.Монтескье онол болгон томьёолсон юм. Тэрбээр “Хэрэв хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийг нэг этгээдэд буюу байгууллагад нэгтгэвэл, эрх чөлөө хэрэгжихгүй бөгөөд эзэн хаан болон хууль тогтоогчид дарангуйлагч хуулийг тогтоож, хэрэгжүүлэх аюул тулгарна. Түүнчлэн шүүх эрх мэдэл хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлээс тусгаарлагдаагүй тохиолдолд мөн эрх чөлөө үл оршино. Хэрэв шүүх эрх мэдэл хууль тогтоох эрх мэдэлтэй нэгдвэл, иргэдийн амьдрал, эрх чөлөө дур зоргын золиос болж, шүүгчид хууль тогтоогчид болно. Хэрэв шүүх эрх мэдлийг гүйцэтгэх эрх мэдэлтэй нэгтгэвэл шүүгчид дарангуйлагчид болох бололцоог бүрдүүлнэ” /Montesquieu, “Selected political writings”., 1955/ хэмээн төрийн эрх мэдэл хуваарилахын үндсэн санааг тодорхойлжээ.
Монгол Улс 1992 оны Үндсэн хуулиараа төрийн эрх мэдлийг хуваарилсан. Үүнийг Монгол Улсын Үндсэн хуулийн 20-р зүйлд “хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална”, 38-р зүйлд “Монгол Улсын Засгийн газар бол төрийн гүйцэтгэх дээд байгууллага мөн”, 47-р зүйлд “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ” гэснээс харж болно. Монгол Улсад төрийн эрх мэдлийг хуваарилсан нь Үндсэн хууль бодитой орших хууль зүйн үндсийг бүрдүүлж, улмаар иргэний нийгэм, ардчилсан ёс төлөвшин хөгжих нөхцөл болсон юм. Гэвч энэ нь хуульчлаад л шууд хэрэгжих боломжтой амар зүйл биш. Төрийн эрх мэдлийг хуваарилах нь Үндсэн хуульт ёсонд хүний эрх, эрх чөлөөг хангах одоогоор байж болох хамгийн зөв арга зам байж магадгүй ч бүрэн дүүрэн хэрэгжүүлэхэд ард түмний хөгжлийн түвшин чухал үүрэгтэй.
Энэ нь манай улсын хувьд одоо ч тод илэрдэг. Монтескье энэ тухайд “Ард түмний төлөөллүүд төрийн хэргийг үр бүтээлтэй хэлэлцэн, улс орны нөхцөл байдалд хамгийн тохирох шийдвэрийг гаргаж чадахгүй байхаас гадна иргэд улс төр, хууль эрх зүйн боловсрол муутайгаас эрх мэдэл хуваарилагдсан ч эрхээ хамгаалж чадахгүй байх тохиолдлууд байсаар байна. Ард түмэн асуудлыг хэлэлцэхэд огт бэлэн биш байдаг нь ардчиллын сул талуудын нэг бөгөөд эртний улсуудад байсан нэг том дутагдал бол ард түмэн гүйцэтгэх эрх мэдлийн үйл ажиллагаатай холбогдсон идэвхтэй шийдвэрийг гаргах эрхээ хэрэгжүүлэх чадваргүй байсан явдал юм” /Montesquieu, “Selected political writings”., 1955/ гэжээ.
Хүний үндсэн эрх, эрх чөлөөний гол онцлог нь жирийн хүмүүсийн хоорондын харилцаанд биш, төр нийгэмтэй харилцахад буюу нэг талд нь хүн, хүмүүсийн нэгдэл; нөгөө талд нь засаг төр гэсэн харилцаанд хамаарч хэрэгждэг мөн зөрчигддөг. Анх хүний эрхийг Үндсэн хуулиар хуульчилсан нь ч хэмжээгүй эрхт хаад ноёдоос иргэдийн эрхийг хамгаалах гэсэн санаатай. Иймээс Үндсэн хуульт ёсонд хүний эрх, эрх чөлөө гэх ойлголт төр түүний эрх мэдэл хуваарилалттай салшгүй холбогдон ойлгогдох асуудал болж буй. Төрийн эрх мэдлийг хуваарилах нь хүний эрхийг төрийн хэмжээгүй эрхээс хамгаалах механизмыг бүрдүүлэх хэрэгцээ, шаардлагаас урган гарчээ. Тиймээс хүний эрх, төрийн эрх мэдлийн хуваарилалт нь арга билэг адил ойлголт гэдгээрээ Үндсэн хуульт ёсны үндэс болох юм.
Үндсэн хууль бол төр, ард түмний хооронд байгуулсан ёслол төгөлдөр гэрээ билээ. Уг хууль бидэнд төр иргэдийнхээ төрөлх эрхийг хамгаалан, эрхэмлэн дээдэлж, эрх мэдлийг хэзээ ч дур зоргоороо ашиглахгүй байх ёстойг сануулсан баримт бичиг юм. Монгол Улс Үндсэн хуулиа дээдлэн мөрдөхөө санан сэрж буй энэ өдөр Үндсэн хуулийн амин сүнс хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэж, эрх мэдлийн хязгаарлалт, хуваарилалт зайлшгүй байх ёстой зүйл гэдгийг дахин санацгаая. Ингэснээр бидэнд өнөөдрийн эрх чөлөөг авч ирсэн өнгөрсөн үеэ хүндэтгээд зогсохгүй хойч үедээ шударга, эрх тэгш ирээдүйн амлалтыг өгч буй билээ. Монгол Улсын иргэн танд Үндсэн хуулийн өдрийн мэндийг дэвшүүлье! Эрх тэгш, эрх чөлөөт Монголын ирээдүй – Үндсэн хуульд оршино.