Амьдралын хэв маяг

Орон орны шинэ жил: Хамгийн гоё шинэ жил хаана болдог бол?

М.Энхмаа -- 2024.12.304 минут унших

Цас бударч, жавар тачигнан өвлийн хүйтэн агаар хацар жиндүүлэх хэдий ч хотын гудамж илүү тодоор гэрэлтэж, хэн бүхний сэтгэлд догдлол, баяр хөөр бялхах арван хоёрдугаар сар хамгийн гайхалтай. Энэ л мөчид дэлхий дахинаа хуучин оноо үдэж, ирэх оноо аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн угтахаар шинэ жилийн баярыг хоног тоолон хүлээн суугаа гэдэгт итгэлтэй байна. Аз жаргал, хайр энэрэл, эв нэгдлийн илэрхийлэл болсон энэхүү баярыг хайртай дотнын, эрхэм хүмүүстэйгээ дурсамж дүүрэн өнгөрүүлэх мөч хамгийн сайхан. Тэгвэл бид энэ удаагийн нийтлэлээрээ дэлхийн олон орноор аялж, шинэ жилийн баяраа шинэ орчин, шинэ соёлд угтсан аялагчдын туршлагыг уншигч та бүхэнтэйгээ хуваалцаж байна. Өөр оронд шинэ оноо угтах тэр л мэдрэмж ямар байдаг бол?  

2017 оноос хойш дэлхийн 35 улсаар үүргэвчтэй аялсан аялагч бол Н.Намуунтөгс. Тэрбээр сүүлийн таван жилийн хугацаанд эрчимтэй аялж байгаа нэгэн бөгөөд шинэ жилийн баярыг өөр соёл, уламжлалтай, өөрийн очиж үзээгүй улсад угтах зорилго тээгээд хэдийн хэд хэдэн оронд шинэ оноо угтсан туршлагатай нэгэн юм. Түүний шинэ жилийн аяллын адал явдлаар хамтдаа аялцгаая. 

“Шинэ оноо шинэ газар угтах” зорилготой аялагч Н.Намуунтөгс

Орон орны шинэ жил: Хамгийн гоё шинэ жил хаана болдог бол?

Шинэ жилийн баяр гэхээр яах аргагүй мандарин санаанд ордог юм. Гэр бүлээрээ гацуур модоо чимэглэж байгаа мөчүүд, гоё саанууд, бенгалын гал гээд л шинэ жил гэхээр багын дурсамж их сэргэдэг. Миний хувьд “Шинэ оноо шинэ газар, оронд угтъя” гэх зорилго тээгээд таван жил өнгөрсөн байна. Анх 2017 онд үүргэвчээ үүрээд аялалд гарснаас хойш аяллын амтанд орж, очиж үзээгүй газраа очиж, шинэ соёл, уламжлалтай танилцах хүсэлтэй болсон гэх юм уу даа. Ийнхүү Швед, Орос, Филлипин, Хятад, Япон, Солонгос улсад шинэ оноо гаргасан байна. Орон орны шинэ жил өөрийн гэсэн онцлогтой. Тухайлбал, анх Швед улсад шинэ оноо угтахад уйтгартай ч гэх юм уу, баярын уур амьсгал тун бага байсан. Магадгүй барууны орнууд Зул сарын баяр буюу арван хоёрдугаар сарын 25-ны өдрийг улс орон даяараа өргөн дэлгэр тэмдэглэдэгтэй холбоотой байх. Тэр ч утгаараа Швед улсад ажиллаж, амьдарч байгаа монголчууд, оросууд гээд шинэ жилийн баярт өндөр ач холбогдол өгдөг улс орны иргэд өөрсдийн соёл, заншлаараа салют буудуулаад л өнгөрсөн болохоор “Өө, ингээд л болоо юм уу?” гээд их гайхаж байсан юм. 

Халуун оронд шинэ оноо угтах мэдрэмж бас их сонин байдаг юм билээ. Угтаа шинэ жил болоод байдаг, гэтэл би тэнд шорт, футболктой яваад байдаг. Эрс тэс уур амьсгалтай оронд амьдардаг хүний хувьд зуны улиралд шинэ жил тэмдэглэж байгаа юм шиг л мэдрэмж төрсөн. Гэхдээ гоёл чимэглэл, гацуур модоор гоёсон далайн эрэг дээр шинэ оноо угтах тэр мэдрэмжийг амьдралдаа нэг удаа ч болов мэдрээд үзэх нь их дурсамжтай, шинэ туршлага болно шүү дээ. 

Орон орны шинэ жил: Хамгийн гоё шинэ жил хаана болдог бол?

Япон, Солонгос, Хятад гэх Азийн орнуудын хувьд мөн адил Зул сарын баярыг өргөн, дэлгэр тэмдэглэдэг. Япон улсад гэхэд л метроны буудал дээрээ дууны хэмнэлээр хэмнэл нь өөрчлөгддөг маш том салют буудуулаад л. Япончуудын ёс зүй гэж өөрөө их агуу зүйл шүү дээ. Тэр метроны буудал руу орохын тулд дугаарлаж байгаа байдал, маш олон хүн цугласан хэр нь дараа нь ямар ч асуудалгүй, эмх цэгцтэй тардаг байдал гээд л соёлын хувьд ялгаатай зүйлс их ажиглагдсан.

“Дэлхийн хамгийн гоё шинэ жил Москва хотод болдог”

Харин хүн болж төрснийх гэдэг шиг хүн бүрийг Москва хотод шинэ оноо угтаж үзээсэй гэж хүсдэг болсон. Орос бол шинэ жилийн баярыг жинхэнэ утгаар нь тэмдэглэдэг ард түмэн шүү дээ. Онгоцны буудалд буухад л шууд баярын уур амьсгал мэдрэгдэж байлаа. Москва хотын хувьд маш гоё чимэглэлтэй, Улаан талбайгаа тойроод Арбатын гудамж гээд л хотын гэрэлтүүлэг, засал, чимэглэл, гацуур модод гээд л бүгд сэтгэл хөдөлгөм байсан. Хот тэр аяараа баярын гоёлоо зүүчихсэн, ард иргэдийн баярын уур амьсгал гээд л үнэхээр “супер” байсан. Метронд явж байхад танихгүй хүмүүс бие биедээ “С Новым годом!” гэж баяр хөөртэйгөөр хэлээд л, танихгүй хэр нь жижигхэн иштэй чихэр хүртэл бэлэглээд нэг тийм халуун дотно мэдрэмж төрүүлсэн гэх юм уу даа. Дэлхийн өнцөг булан бүрээс маш олон жуулчид Москва хотын Улаан талбайд шинэ оноо гаргахаар зорин ирдэг шүү дээ. Миний хувьд арва хоёрдугаар сарын 31-ны үдэш Улаан талбайн хамгийн сүүлчийн хүн болж “За үүнээс цааш хүн оруулахгүй шүү” гээд таслагдаж орж байлаа. Төв тайзан дээрх баярын арга хэмжээ, өвлийн өвөө, цасан охин, алиалагчийн дүрд хувирсан хүмүүс гээд үнэхээр гайхалтай мөч байсан. Хөл гишгэх зайгүй мөртлөө бие биедээ “С Новым годом!” гэж чин сэтгэлээсээ аз жаргал хүсэж, энд тэнд салют буудаад л, оргилуун дарс оргилоод л. Бас нэгэн мартагдашгүй дурсамж бол энэ аяллын үеэр би нөхөртэйгөө танилцаж, анх удаа хамтдаа шинэ оноо гаргаж байсан юм. Тиймээс дэлхийн хамгийн гоё шинэ жил Москва хотод л болдог юм байна гэж боддог болсон доо.

Орон орны шинэ жил: Хамгийн гоё шинэ жил хаана болдог бол?

ОХУ-ын нийслэл Москва хотод шинэ оноо гаргахаар төлөвлөж буй аялагчдад өгөх зөвлөгөө

Зочид буудлаа эрт захиалах

Орон орны шинэ жил: Хамгийн гоё шинэ жил хаана болдог бол?

Хэрэв Москва хотод шинэ оноо угтахаар төлөвлөж байгаа бол буудлаа эрт захиалах хэрэгтэй. Бүх зүйл цахим болчихсон энэ цагт Tapatrip гэх мэт аппликейшн ашиглан бүх зүйлсээ захиалах боломжтой шүү дээ. Баярын үеэр олон жуулчин ирдэг учраас буудлын захиалга маш хурдан дүүрчихдэг. Тиймээс ирэх оноо Москвад угтахаар төлөвлөсөн хүмүүс буудлаа аль хэдийн захиалчихсан байгаа байх. Учир нь тэнд очоод буудал олно гэдэг их хэцүү. Миний хувьд хоёр сарын өмнөөс л буудлаа захиалж байхад олдоц бага байсан. 

Техникийн бэлтгэлээ хангах

Хүйтний улиралд гар утас хөлдөх, хол замд утасны цэнэг дуусах гэх мэт зүйл их тохиолддог шүү дээ. Тиймээс зөөврийн цэнэглэгчээ авч яваарай. Мөн гар утсандаа Goolge орчуулагч ч юм уу, орчуулагч, толь бичиг татаад явбал их зүгээр. Учир нь оросууд англи хэлээр нэг их ярьдаггүй болохоор ойлголцоход жаахан хэцүү байдаг юм билээ. Тиймээс Goolge орчуулагч ашиглаад явбал их зүгээр.

Ачаагаа ухаалгаар баглах

Манай орны цаг агаартай харьцуулах юм бол Оросын цаг агаар харьцангуй дулаахан байдаг. Тиймээс хувцсаа зөв тохируулаарай. Хэрэв газраар явахаар төлөвлөж байгаа бол их ачааны хэрэггүй. Миний хувьд “ийм ч хувцас солино, тийм ч хувцас солино” гээд их ачаатай явчхаад түүндээ их түүртсэн. Харин өвлийн халтирдаггүй, арзгар ултай гуталтай яваарай. Цас их ордог болохоор халтиргаа гулгаа ихтэй байдаг юм билээ. Өмнө нь дурдсанчлан Улаан талбайд оргилуун дарсаар бараг л бороо ордог болохоор гадуур хувцсанд их наалддаг шүү. Тэгэхээр үүнийг бас тооцоолоод, бэлтгэлтэй яваарай.

Заавал очиж үзэх ёстой газрууд

Орон орны шинэ жил: Хамгийн гоё шинэ жил хаана болдог бол?

Хэрэв Москва хотод шинэ оноо гаргах гэж байгаа бол мэдээж Улаан талбай бол заавал очих ёстой газруудын нэг. Харин хэр хугацаанд аялж байгаагаас шалтгаалаад Москва-Сити гээд өндөр шилэн барилга, орчин үеийн архитектуртай дүүрэгт очиж үзвэл бас гоё санагдсан. Мөн Орос улс сонгодог урлаг, дууриараа маш алдартай шүү дээ. Хэрэв боломжтой бол тухайн орны соёлыг илтгэх сонгодог урлагийн тоглолт үзээрэй гэж хэлмээр байна. Большой теарт ч юм уу. Миний хувьд Санкт-Петербург хотын Мариинский театрт “Щелкунчик” балет үзсэн. Щелкунчик үзээд, шинэ жилийн баярын догдлол, мэдрэмжийг илүү их мэдэрсэн мартагдашгүй гоё мөч байсан. Орос хүмүүс сонгодог урлагийн тоглолтоо үзэхдээ өөрсдийгөө маш их бэлдэж, гоё ганган болж ирдэг юм билээ. Бүсгүйчүүд нь даашинз, залуус нь хослол өмсөөд яг л шинэ жилд орох гэж байгаа юм шиг хувцаслаж ирэхийг нь харахад сонгодог урлаг бол тусдаа маш том соёл юм байна гэж бодож байлаа. Театрын архитектур, тайз засал, бүжигчдийн ур чадвар гээд үлгэрийн юм шиг. Тиймээс хэрэв боломжтой бол эртнээс тасалбараа захиалаад Орос улсын бас нэгэн чухал соёлтой танилцаарай. 

Хүн мэдэхгүй зүйлээсээ л айдаг гэдэг шүү дээ. 2017 онд үүргэвчээ үүрээд анхны аялалдаа гарахад хэдий айдас, түгшүүртэй байсан ч аяллын турш өөрийгөө шинээр таньж мэдэн, дотоод хүн рүүгээ өнгийсөн анхны аялал бол тэр чигээрээ гайхамшиг байсан. Одоогийн байдлаар дэлхийн 35 улсаар аялсан байна. Бид аяллаас ирэхээрээ маш гоё цэнэглэгдээд ирдэг шүү дээ. Аялахад заавал их хэмжээний мөнгөтэй байх албагүй. Судлаад үзвэл зарим зүйлс маш хямдхан байдаг шүү. Тиймээс хэдий энэ жил аялж амжаагүй ч гэлээ дараа жил аялахаар төлөвлөж байгаа бол тэмдэглэлийн дэвтэр дээрээ маш гоё төлөвлөөд, зорилгоо цаасан дээр буулгаарай. Учир нь цаасан дээр буусан зүйлс биелэх магадлал өдөр байдаг юм шүү. Эцэст нь хэлэхэд мөнгөө хадгаламждаа биш дурсамждаа хадгалаарай. Бүгдэд нь шинэ оны мэнд хүргэе!

Улаан талбайн баярын уур амьсгалаар уншигч таныг хэсэгхэн хором ч болов  аялуулж чадсан бол одоо бүгдээрээ Санкт-Петербург хотын шинэ жил ямар байдаг талаар шинэхэн аялагч А.Энхболороос тодруулцгаая. 

Хүүхэд насны мөрөөдлөө бодит болгосон аялагч А.Энхболор

“Ээж, эмээ хоёр маань Оросод сурч байсан болохоор миний хувьд багаасаа л орос дуу сонсож, орос школоор өссөн тул Оросод шинэ оноо угтах нь миний мөрөөдөл байсан юм. Хоёр жилийн өмнө энэхүү мөрөөдлөө биелүүлэхээр зориг шулуудаад анхны ганцаарчилсан аялалдаа гарч байлаа. Оросын шинэ жилийг багадаа үздэг байсан орос шинэ жилийн кинонуудаар төсөөлөөд л очиж байгаа шүү дээ. Гэтэл онгоцны буудал дээр буухад миний төсөөллөөс хэд дахин илүү байсан. Гудамж, зам талбай бүхэн маш гоё гэрлэн чимэглэлтэй, цэнхэр, цагаан өнгийн хувцастай, маш гоёмсог малгайтай орос цасан охид, өвлийн өвөө, Улаан талбай дээр мөсөн гулгуурын талбай зассан байдал гээд л бүгд маш гоё, ер бусын мэдрэмж төрүүлсэн. 

Орон орны шинэ жил: Хамгийн гоё шинэ жил хаана болдог бол?

Баярын ширээг нь оргилуун дарс, мандарин, алим, тахиан махтай хоол, давс ихтэй нийслэл салат чимдэг юм билээ. Миний хувьд Москва хотод гурав хоноод Санкт-Петербургийг зорьсон юм. Тэнд суралцдаг найзынхаа дотуур байранд орж үзэхэд бидний арван жилдээ ангиа чимэглэдэг байсан шиг цаасан урлалаар гоёлын чимэглэл хийгээд, том том цасан ширхгүүдээр цонхоо чимэглэсэн байсан нь их танил, дотно мэдрэмж төрүүлсэн. Мөн бүх зүйл одтой байсан нь их сонирхолтой санагдсан. Гадаа модон дээрээ хүртэл цаасаар од хийгээд өлгөчихсөн байсан. Баярын өдрүүдэд буюу арван хоёрдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд танихгүй ч гэсэн бие биедээ шинэ жилийн мэндийг чин сэтгэлээсээ хүргээд, их жаргалтай болчихдог ард түмэн шиг санагдсан.

Миний хувьд Санкт-Петербургийн Эрмитажийн урд төв талбайд оноо гаргахаар төлөвлөсөн ч оргилуун дарстай бол төв талбай руу оруулдаггүй юм билээ. Тиймээс яах аргагүй орос хүмүүс хаашаа явж байна тийшээ нь дагаж явсаар нэгэн том сүмийн урд шинэ оноо гаргасан. Салют, оргилуун дарс буудахтай зэрэгцэн 1980, 1990-ээд оны дуунууд эгшиглээд яг л үлгэрийн мэт мэдрэмж төрсөн дөө. Магадгүй бидний хэзээ ч мэдэрч байгаагүй шинэ жилийг тэнд л тэмдэглэдэг байх. 

Орос улсын Санкт-Петербург хотод шинэ оноо гаргахаар төлөвлөж буй аялагчдад өгөх зөвлөгөө

Аяллаа эртнээс төлөвлөх нь хамгийн чухал. Баярын сар эхэлчихээр нислэгийн тийз, буудал гэх мэт зүйлс маш үнэтэй болчихдог. Миний хувьд аяллаа эртнээс төлөвлөөд есдүгээр сард нислэгийн тийзээ 50 хувийн хөнгөлөлттэйгөөр авч байсан. Дулаан хувцас, халтирдаггүй гутлаас гадна бас нэгэн чухал зүйл бол хувиргагч залгуур. Оросод ихэвчлэн бөөрөнхий оролттой цахилгаан залгуур байдаг учраас хувиргагч залгуур заавал авч яваарай. Мөн гаднын улс орон руу аялж байгаа учраас эх орныхоо онцлог, соёл уламжлалыг илтгэх жижигхэн гарын бэлэгтэй явбал их зүгээр санагдсан. Жишээлбэл, хатаасан аарц, сүүтэй цай, шинэ жилийн холбогдолтой монгол ил захидал гэх мэт зүйлсийг буудлынхаа ажилтан, шинээр танилцсан найзууддаа өгвөл их дурсамжтай шүү дээ. Тиймээс хувийн бэлтгэлээ маш сайн хангаад, эртнээс төлөвлөөрэй гэж хэлмээр байна. 

Шинэ номын амтанд орно гэдэг шиг өөр улс, орноор аялж, шинэ соёл, уламжлалтай танилцаад ирэхээр хүн маш олон зүйл сурдаг юм байна. Орос хүмүүс баярын өдрүүдээр бие биедээ халуун дулаан мэдрэмжийг жинхэнэ утгаар нь мэдрүүлж чаддаг ард түмэн байсан. Тиймээс хуучин ондоо бүхий л гомдол цөхрөл, муу муухай бүхнээ үлдээгээд, гомдоосон нэгнээсээ уучлалт гуйгаад, таныг гомдоосон нэгнийг чин сэтгэлээсээ уучлаад шинэ оноо аз жаргалаар дүүрэн угтаарай. Бид хэдий биесээ танихгүй ч гэсэн нэгэндээ баярын мэнд дэвшүүлж яагаад болохгүй гэж? Шинэ жилийн баяр гэдэг бол зөвхөн манай гэр бүлийн баяр биш, дэлхийн улс үндэстний баяр гэдэг утгаар нь тэмдэглэж, хэн бүхэнд баярын мэнд хүргэж, аз жаргал, эерэг энергийг түгээгээсэй гэж хүсэж байна. Бүгдэд нь шинэ оны мэнд хүргэе!