Хүнд буй хамгийн хүчирхэг хэрэгсэл бол хэл яриа болов уу. Соёл иргэншил үүсэхээс ч өмнө, анчин түүвэрлэгч хүн галынхаа дэргэд суугаад үүх, түүх өгүүлж, харилцан ярилцаж мэдлэг, мэдээллээ дараа үедээ хадгалуулдаг байсан нь дамжиггүй. Харилцан яриа өнөө ч үнэ цэнээ алдаагүй хэвээр.
Хоёр хүн хувийн зүйлсээ ярилцахаас эхлээд хоёр зуун хүн хурал зөвлөгөөн хийхэд харилцан яриа хөвөрнө. Парламентын ордон, шүүх хурлын танхим, их сургуулийн анги, оффисын өрөө тасалгаанд харилцан яриагаар ухаанаа уралдуулж, хэлэлцүүлэг өрнөнө. Улс даяар мөрдөх хууль, дүрэм батлах, гэм буруутай эсэхийг шүүн таслах, ойлголт мэдлэгээ зузаатгах, бизнесийн шийдвэр гаргах гэх мэт амьдралын хамгийн чухал зүйлс чухамдаа харилцан ярианд түшиглэдэг гэлтэй.
Мэдээлэл дамжуулах, хэлэлцэх, мэтгэлцэх хамгийн чухал хэрэгсэл тул харилцан яриаг нухацтай сэтгэн, шинжих нь тун сонирхолтой дасгал болдог. Яагаад? Хүн өдөрт дунджаар 7 – 25 харилцан ярианд оролцдог гэдэг (Eser, 2024). Мэдээж нас, ажлын онцлог, хувь хүнээс хамааран энэ тоо, дээш доош байх боломжтой. Иймээс энэ удаа богино харилцан яриагаар дамжуулан хэд хэдэн чухал логик төөрөгдөлтэй танилцъя. Төөрөгдөл гэдэг нь “алдаатай шалтгаан, үндэслэлд тулгуурлан дүгнэлтэд хүрэх” юм. Энд дурдсан бүх онолын тодорхойлолтыг Нухацтай сэтгэлгээ номоос авлаа (Чөлөөт бичээчид, 2024).
Субъектийн төөрөгдөл гэдэг нь “Гол асуудлыг хэлэлцэх бус, асуудал дэвшүүлсэн хүн рүү нь дайрах” юм. Нэг ёсондоо А хүн л муу хүн учраас түүний хэлсэн бүх зүйл худал гэж бодно гэсэн үг. Тэгвэл нэг жишээ авч үзье л дээ.
Жишээ №1:
Шүүмжилж буй тал ямарваа нэг юм хийж, бүтээсэн эсэхээс үл хамааран А талын яриа логикгүй бол логикгүй л байна. Иймэрхүү дээрэнгүй өнгө аяс бүхий яриа асуудалд ямар ч шийдэл авчирдаггүй. Энэ үед А тал: “Миний хийж, бүтээх таны ярианы логикт ямар ч хамааралгүй. Тиймээс та надад төвлөрөх бус, харин асуудалд төвлөрнө үү” гэж хэлэх хэрэгтэй юм.
Жишээ №2:
Тайлбар: Энэ харилцан яриа бодит болсон явдал. Найруулгыг нь жаахан өөрчилсөн.Энд дор хаяж хоёр логик асуудал үүсэж байна.
Эхнийх нь мэдээж субъектийн төөрөгдөл. А тал Ерөнхий сайдын ажлыг хийж үзсэн, үзээгүй нь ерөөс манай улс орны индекс унасан гэх бодит баримтыг үгүйсгэх шалтгаан болохгүй. Хоёрдугаарт, шалгах боломжгүй тайлбар үүсжээ. Өөрөөр хэлбэл, үнэхээр хүн бүр ЕС болох боломжгүй тул бодож байгаагаас өөр үү, үгүй юү гэдгийг угаас шалгах боломжгүй юм. Энэ үед Б тал “Миний хийж үзсэн, үзээгүй нь бодит статистикт ямар ч хамаагүй. Гол асуудлаа ярь! Байгаа оносон хариулт өг” хэмээн лавшруулан шахах ёстой.
Энэ нь нэг хүний буруу нөгөө хүний бурууг зөвтгөхгүй гэсэн үг.
Жишээ №1:
Энэ мөн л манай нийгэмд болсон явдал. Ямарваа нэг буруу зүйлийг буруу аргаа залруулж болохгүй. Тэгвэл зохистой арга нь юу юм бол? А тал: “Бид гүүрийг стандартын дагуу бариулж, өөрчлүүлэхээр хариуцсан газар нь хандах ёстой” эсвэл “Үнэхээр гүүрний энэ хэсгийг өрөмдөх нь техникийн хувьд асуудалгүй гэдгийг мэдсэний үндсэн дээр усыг нь зайлуулахын тулд өрөмдөх тухай мэдэж болно” гэх мэтээр ул суурьтайгаар хариулах ёстой. Ингэж л бид иргэний оролцоотой, ардчилсан нийгэм байгуулна.
Жишээ №2:
Энэ бол өдөр тутам тохиолдож болохуйц үзэгдэл. А хүний үндэслэл нь бусад хүн буруу юм хийсэн учраас бидэнд буруу юм үйлдэх эрх олгоно гэж хуумгай дүгнэж байна. Эхний жишээний хувьд, өөдөөс орилохгүй орхиод явчих боломж бий. Хоёр дахь жишээний хувьд хүн бүр урсгал сөрөх сэдэлтэй болбол зам маш аймшигтай түгжирч, системээрээ гацдаг. Цөөн хэдэн “увайгүй, хонжоо хайсан” нөхдөөс болж нийтээрээ хохирч болохгүй шүү дээ.
Энэ нь мэдээллийг хүлээж авахдаа утгыг гажуудуулан, хэтрүүлж, гуйвуулах, үгэн дээр тоглолт хийх зэргээр илэрдэг. Нэг ёсондоо бид “Тэмээ гэхээр ямаа гэх юм аа!” гэж ярьдаг даа. Тэр л гэсэн үг шүү дээ.
Жишээ №1:
Уг жишээ дээр сонгогчийн санал худалдан авах гэдгийг шууд ахмадаа хүндлэх гэх асуудалтай хүчээр холбож, зөрүүлэн мэтгэж байна. А тал харин хариуг нь маш сайн барьжээ.
Жишээ №2:
Энд мөн л цаазаар авах ял гэх ерөнхий ойлголтыг “Алуурчны амь насыг хайрлаж байна” гэж явцууруулж байгаад мэтгэжээ. Иймэрхүү оролдлогыг таних, таньсан үедээ хариу үйлдэл үзүүлж чадвал хэн нэгний тархи угаалтаас өөрийгөө хамгаалах хамгийн чухал зэвсэг болдог.
Асуудалд хэд хэдэн боломжит шийдэл, хувилбар байхад, зөвхөн хүлээн зөвшөөрөмгүй хувилбаруудыг санал болгож хүссэн сонголтдоо зальдаж хүрэхийг хуурамч хоёр хуваалт гэнэ.
Жишээ №1:
Болсон явдлаас сэдэвлэсэн энэхүү харилцан ярианд төр эдийн засагт оролцох маш олон түвшин байгааг үл харгалзан “зүүнтэн” гэх шошго наажээ. Үргэлжлүүлэн “зүүнтэн”-д байдаг согог, дутагдлаар А талын гаргалгааг няцааж эхэлбэл шууд сүрлэн хүний алдаа руу орно. Ер нь логик алдаанууд дангаараа гэхээсээ дандаа хамтдаа орж ирэх нь түгээмэл. А тал мөн л ухаалаг хариулт өгчээ.
Баталгаагүй урьдач таамаглал, нөхцөлд тулгуурлан асуулт асуух үед энэ нь цэнэглэсэн асуултын хэлбэр болдог билээ.
Жишээ №1:
Үүнийг бас өөрөөр “хүрээлэх” алдаа гэж нэрлэдэг. Ямарваа нэг хүнийг өөрийнхөө урьдчилж бэлдсэн хүрээ рүү шахаж, хүссэнээ хэлүүлэх арга гэх үү дээ. А-гийн асуусан асуултад тийм гэсэн ч, үгүй гэсэн ч Б хүнийг хуулдаг байсан мэтээр шахчихсан байна. Гэвч жишээ дээрх Б хүн хавханд унасангүй.
Гэхдээ цэнэглэсэн асуулт бодит амьдрал дээр орж ирэхдээ ийм энгийн байдаггүй. Маш тойруу, зэвүүн аргаар орж ирэх нь бий. Тиймээс анхааралтай байж, нарийн ноцтой юм ярих гэж байгаа бол хариулахаасаа өмнө цэнэгийг нь саармагжуулсан өгүүлбэр заавал хэлэх хэрэгтэй юм.
Нотлогч нь аливаа асуудалд үндэслэлтэй баталгаа өгөх ёстой атал сонсогчоос буруу гэж батлахыг шаардах нь нотолгоог буруу талаас шаардах логик төөрөгдөл юм.
Жишээ №1:
Мэтгэлцээнд ийм башир арга түгээмэл бий. Мөн хуурмаг (псевдо) шинжлэх ухаан ч энэ аргыг ашигладаг. Энэ талаар дэлгэрүүлэн доктор Н.Алтантөгсийн нийтлэлийг уншихыг санал болгоё.
Юм бүр харьцангуй учраас объектив үнэн байхгүй гэж төөрөлдөх нь харьцангуй байдал билээ. Товчхондоо бидний хэлдэг “Өөрийн бодол өөртөө зөв” гэдэг чинь л энэ алдаа юм шүү дээ.
Жишээ №1:
Тайлбар: Мэдээж субьектив мэдээллийн хувьд харьцангуй байдал үнэн. Хөөрхөн, муухай, сайхан, гоё гэх мэт зүйлс харьцангуй ойлголт мөн үү гэвэл мөн. Харин нэг хүнд ноогдох ДНБ-ий өсөлт гэдэг нь объектив баримт юм. Ийм баримтад юм бүр харьцангуй гэх хариулт өгч болдоггүй.
Жишээлбэл “Клеопатра хар арьстай хүн байсан” хэмээн мэтгэж Нэтфликсийн бүтэн цуврал хийсэн нь амжилт олоогүй төдийгүй, IMDB дээр 1.1 үнэлгээ авсан шүү дээ. Үнэндээ Клеопатра бол Македон бүсгүй байсан төдийгүй, Египетийг захирч байсан Птолмейн угсааныхан дандаа хоорондоо гэрлэдэг, орон нутгийнхаа хүмүүстэй цус холилддоггүйгээрээ зартай байсан юм. Тухайн үеийн Македон (Грекийн хойд хэсэг)-ы язгууртан дунд хар арьстан байсан гэх мэдээлэл түүхийн аль ч сурвалжид байхгүй.
Бид өдөр тутамдаа энэ мэт логик төөрөгдөл олон таардаг. Энэ үедээ юу гэж хариулахаа мэдэхгүй, хүмүүсийн башир аргад бүдрэн үлдэх нь бий. Гэхдээ одоо бид мэдэж авсан учраас аливаа харилцан яриаг нухацтайгаар ажиглан, зөв хариулт хэлж, бусадтай ч зөв зүйтэй марган мэтгэж чадах нь. Чухал сэдэвт суралцлаа шүү дээ. Хамгийн гол нь марталгүйгээр өдөр тутамдаа санан, амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй юм шүү.
Ашигласан материал