Скейтборд нь та бүхний элэнц хуланцын үеэс эхлэлтэй гэвэл та итгэх үү? Энэхүү спорт нь хамгийн анх 1900-аад онд үүссэн бөгөөд 1950-аад оноос хойш буюу серфингийн соёл дэлгэрч байх үед ид хөгжиж эхэлсэн аж. Улмаар андерграунд, алтернатив соёлын нэг хэсэг, сэтгэл догдлолын айзам хэмнэлд хүмүүсийг уусгаж, эрх чөлөөний түүчээ болсон бөгөөд 21-р зууны эхэн үед хүрээгээ улам тэлснээр залуусын дунд тренд болж чаджээ. Сүүлийн арван жилийн хугацаанд скейтбордын хөгжил оргил үедээ хүрсэн ба улс орны эдийн засгийн хямралыг үл харгалзан энэхүү спорт хүүхэд залуусын дунд эрэлттэй хэвээр байдаг.
Залуус хоорондоо тэмцээн уралдаан зохиож, хамтдаа хөгжилддөг байсан бол өдгөө Олимпын тавцанд гарч гулгах томоохон зорилго тавин хөдөлмөрлөх бололцоо бий болсон юм. Тодруулбал, 2016 онд Бразил улсын Рио Де Жанейро хотод болсон Олон Улсын Олимпын Хорооны 129-р чуулганы үр дүнд шинээр таван спортын төрлийг Олимпын наадамд нэмэх шийдвэр гаргасан нь бейсбол, софтбол, каратэ, хаданд авирах, серфинг, скейтборд юм.
Скейтбордын энэ огцом хөгжил Монгол Улсыг мөн тойрсонгүй. Улаанбаатар хотод наран ээсэн дулаахан цаг агаартай өдрүүдэд цардмал замтай гудамж талбайд шурдхийн дугуйтай модон тавцан дээр агаарт хэдэнтээ эргэлдэх залуус нэгнийгээ дэмжихийг та олонтоо харсан байх. Хүйтэн жавар өөдөөс үлээх зэврүүн өдөр ч тэд өнөөх скейтбордоороо гулгаж явдаг. Тэд тийм эрэмгий. Тийм цуцашгүй хүсэл тэмүүлэлтэй билээ. Зам дээр дугуй нь чахран дуугарч, тэнцвэрээ алдахгүй гулгаж буй хүүхдүүдийн эл дүр зураг зөвхөн нийслэл хотод гэлтгүй аймаг сумдад ч үзэгдэж эхэлсэн нь нэгэнтээ эрчийг авсныг бэлээхэн гэрчилж буй юм. Тухайлбал, Өмнөговь аймгийн скейтбордын холбоо нь 2023 онд байгуулагдсан бөгөөд хүүхэд залуусын чөлөөт цагаа өнгөрүүлэх тав тухтай орчны нэг болсоор багагүй хугацааг үдсэн байна.
Харин 2010 оноос Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо эмо, панк стиль ид олныг шуугиулж, хүмүүс фейсбүүкт нэгдэн цахим орчинд идэвхтэй болж эхлэх үест хэсэг залуус чөлөөт цагаа өнгөрүүлэх нэгэн хэлбэрийг бий болгосон нь скейтбордоор гулгах байлаа. Хамгийн анх 1990-ээд оноос скейтборд сонирхдог залуус гулгаж эхэлсэн ч зориулалтын зам талбайгүйн улмаас удалгүй тарсан байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс өөр зориулалтын гулгах талбайгүй байсан он жилүүд улирсаар 2013 онд уг спортыг сонирхон нэгдсэн залуус “Уухай” скейтбординг бүлгэмийг үүсгэн байгуулсан аж. Тус спорт хүрээгээ тэлсээр өнөөдөр 2,000 орчим хүүхэд залуусыг цуглуулан нэгтгэж чаджээ. Энэ бүхний ард хүсэл зоригоороо нэгдэн нийлсэн хэдэн залуу бий. Тэд өнөөдөр урдаа том зорилго тавин урагшилж буй.
Энэ тухай бид залуу насны эрч хүч, цог жавхаа нэвт шувт үнэртэх “Уухай” гэх нэрийн дор нэгдсэн залуусын төлөөлөл “Монголын скейтбордын холбоо”-ны гүйцэтгэх захирал Б.Баянмөнхтэй ярилцсан юм.
“Уухай” скейтбординг холбоо нь 2013 оны долоодугаар сарын 20-нд байгуулагдаж байсан. Тэр үедээ Сэкэ, Одко, Куша, Мээдээ гээд дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй байсан бөгөөд 2014 онд би болон Тэнгис гээд бусад найзууд маань нэмэгдэж орсон юм. Үүнээс хойш 11 жил өнгөрчээ. Манайх “Уухай” скейтборд гэх нэрээ солиод сүүлд “Монголын скейтбордын холбоо” гэж нэрлэх болсон. Манай холбоо дотооддоо 17-н гишүүнтэй. Дөрөв нь тамирчин үлдсэн 13 хүн нь дотоод үйл ажиллагаа хариуцсан хүмүүс байдаг. Цаана нь скейтээр гулгадаг 2,000 хүүхэд байгаа, тэднийг аль болох дэмжиж олон улсын тэмцээн уралдаануудад явуулах боломжийг хангахад чиглэж байна. Тэгэхээр гишүүнчлэлтэйгээр үйл ажиллагаа явуулах гэхээсээ илүү скейтборд сонирхож байгаа хүн болгонд нээлттэй гэсэн үг юм. Бид саяхан холбоогоо шинэчилж, “Гишүүдэд үйлчлэх холбоо” хэмээн нэрлэж байгаад энэ жилээс “Нийгэмд үйлчлэх холбоо” болоод байна. Одоогоор зохион байгуулагдаж байгаа үндсэн тэмцээн бол улсын аварга шалгаруулах тэмцээн бөгөөд дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Мөн Олон улсын скейтбордын өдөр зохион байгуулагддаг “Go Skateboarding Day” нь 2010 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж байгаа. Энэхүү тэмцээнийг “Уухай” гэлтгүй өмнөх үүсгэн байгуулагчид маань зохион байгуулж байсныг бид өвлөн авч, үргэлжлүүлэн зохион байгуулж байна. Өмнө нь уг холбоо маань дугуйт тэшүүрийн нэрийн дор явдаг байсан юм. Өөрөөр хэлбэл, олон улсын тэмцээний урилга, сургалтууд энд ирдэг байсан гэсэн үг. Тухайн үед сонгон шалгаруулалт дээр скейтийг сонгодоггүй байж.
Токио 2020 зуны Олимпид скейтборд нь Олимпын төрөлд багтсанаар нөхцөл байдал өөрчлөгдсөн гэж хэлж болно. Одоо олимпын хороо болон Дэлхийн скейтийн холбоонд бүртгүүлэх гээд бичиг баримтаа хөөцөлдөж байгаа. Ингэснээр улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэх юм бол дараа дараагийн тэмцээн уралдаанд залуучууд маань оролцох боломжтой.
Скейтборд нь өөрөө загварын чиг хандлагын урд явдаг. Скейтрүүд ямар чиглэлийн хувцас өмсөж байна түүний дараа шинэ загварын чиг хандлага гарч эхэлдэг. Жишээ нь, сүүлийн үеийн залуучууд өргөн өмд нэлээн өмсдөг болсон. 2016, 2017 онд скейтрүүд өргөн өмд өмсөөд л энэ моодыг оруулж ирсэн. Залуу үе гарч ирж байгаа болохоор скейтборд тренд болоход нөлөөлсөн гэж хэлж болно.
Одоогоор Монголд нэг л скейтпарк байгаа. Үүнийг хүртээмжтэй гэж хэлэхэд хэцүү шүү дээ. Уг парк нь 25-30 хүний багтаамжтай. Скейтборд нь өөрөө гудамжны спорт болохоор гудамжинд ихэвчлэн унадаг. Тэгэхээр албан байгууллагуудад хөөгдөх асуудал гардаг байсан. Бид уг нь эвдэлдэггүй, харин ч эсрэгээрээ хог байвал авч хаяад тухайн талбайгаа арчилдаг. Сүүлийн 3, 4 жил энэ хандлага харьцангуй гайгүй болсон гэж санагддаг. Өмнө нь бидний хэдэн нөхөд скейтборд унахаар биднийг эвэртэй туулай үзсэн мэт хардаг байлаа.
Хүүхдүүдийн чадвар одооноос л сайжирч эхэлж байна. Өмнөх жилүүдэд талбай болон байнгын бэлтгэл хийх газар байдаггүй байж. Энэ жилээс л өдөр болгон зориулалтын талбай дээр гулгаж, бэлтгэл хийх боломжтой болсон гэж хэлж болно. Олон улсад гарах боломж байгаа ч чадварын хувьд манайх доогуур байна. Олимпын оноо цуглуулах тэмцээнүүдэд ч чадвараараа доогуур байгаа. Ирэх жилээс хамаагүй сайжрах байх гэж бодож байна. 2038 болон 2042 оны Олимпод манай улсаас ороосой гэж их хүсэж байгаа л даа. Тиймдээ ч холбоо маань дасгалжуулагч, тамирчид бэлдэх зорилготой үйл ажиллагаа явуулах сонирхолтой байгаа.
Эндээс харвал скейтборд нь нийгэм цаг үеийн өөрчлөлттэй нягт сүлэлдэн оршдог агаад залуус хоорондын эв нэгдэл, хамтын ажиллагааг бүтээж байгаа гэж хэлж болохоор. Тэр ч утгаараа Олимпын наадмын нэг төрөл болсон болов уу. Залуу насанд л шинэ зүйл сурч, элдэв юмсыг туршин үзэх сонирхол, зүрх зориг байдаг шүү дээ. Энэ үүднээсээ ч залуусын дунд өдгөө скейтборд тренд болж байгаа нь мэдээжийн хэрэг. Дөрвөн дугуйт тавцан дээр тэнцвэрээ олоод сурчихвал цааш хэр өндөрт үсрэх, хэрхэн агаарт уран мэх хийх болоод хөдөлгөөн, хурдаас хамааралтайгаар өөртэйгөө илүү тулж ажиллаж, чадвараа сайжруулна. Улаанбаатар хотыг залуусын хот гэж нэрлэдэг нь зүгээр ч нэг оноож хэлээгүй ба хүмүүсийн чөлөөт цагаа өнгөрөөн, амарч тухлах зориулалттай олон нийтийн газруудад скейтборд унасан хүүхдүүд цугласан байдаг нь та бидний хувьд хэдийнээ танил дүр зураг болж. Тэд хүсэл сонирхлоо хайх эрэлд гарч, хүрээллээ олж байна. Хамгийн гол нь тэд залуу байна.