Critical thinking

Тогтмол үлгэр сонсдог хүүхдийн нухацтай сэтгэлгээ хөгждөг

Б.Намуун -- 2024.11.013 минут унших

“Сүмбэр уулыг дов байхад, Сүн далайг шалбааг байхад...” хэмээн эхлэх үлгэр домог биднийг хүн байхад сургах анхны багш болдог билээ. Үлгэрээс сурах юм их бий. Үлгэрээс сонсох юм их бий. Ярьдаг амьтад, ид шидийн ертөнц, болдоггүй бор өвгөн, элдвийг сэтгэж явдаг бадарчнаас бид сэргэлэн цовоо зан, эелдэг нинжин сэтгэлийг сурдаг. Бидний багадаа сонсож, уншсан үлгэрүүд өнөөдрийн сэтгэгч, манлайлагчдыг төлөвшүүлэх нууц түлхүүр байжээ.  

Үлгэр “Яагаад?” асуултын эхлэл болох нь 

Америкийн “Хүүхдийн анагаах ухааны академи”-ийн хийсэн судалгаагаар хүүхдэдээ үлгэр ярьж өгөх нь нийгмийн ээдрээтэй нөхцөл байдлыг ойлгоход тусалж, үлгэрт өгүүлэх ёс суртахууны асуудалд нухацтай хандаж, амьдралдаа хэрэгжүүлэх чадварыг хөгжүүлдэг аж /Mar, R.A., (2006), "Narrative fiction and its relation to theory of mind," Psychological Science/. Нухацтай сэтгэлгээг хөгжүүлэх хамгийн эхний алхам “сониуч байх” билээ. Харин үлгэр нь нууцлаг, илбийн ертөнцийг өгүүлдгээрээ хүүхдэд асуулт асууж, эргэцүүлэн бодоход түлхэц үзүүлэн, сониуч занг төрүүлдэг байх нь. 

Тогтмол үлгэр сонсдог хүүхдийн нухацтай сэтгэлгээ хөгждөг

Сэтгэл зүйч Бруно Беттелхайм “Үлгэр нь хүүхдүүдийг гайхшируулж, сонирхлыг нь өдөөх үл мэдэгдэх элементүүдээр дамжуулан төсөөлөн бодох чадварыг сайжруулдаг” /Bruno Bettelheim. The Uses of Enchantment: The Meaning and Importance of Fairy Tales.,1976/ гэжээ. Үлгэрийн ертөнцөд бас нэгэн баатар нь болон аялж буй хүүхдэд “Дараа нь юу болох бол?” гэсэн бодол төрөхийн зэрэгцээ үлгэрт дүрсэлсэн ертөнц, хүн, амьтдыг өөрийн оюуны цар хүрээнд хязгааргүй уудмаар төсөөлөн хардаг билээ. Улмаар хүүхдийн сэтгэн бодох чадвар гайхалтайгаар хөгжиж байдаг аж. 

Мөн судалгаанаас үзэхэд багадаа үлгэр их уншиж, сонсдог байсан хүүхэд үлгэртэй дотно нөхөрлөдөггүй байсан хүүхдүүдтэй харьцуулахад "яагаад", "яаж" гэх асуултуудыг асуух нь элбэг бөгөөд идэвхтэй эрэл хайгуул хийх нь их байдаг /Sue Saltmarsh. Journal of Early Childhood Literacy article. 2007/. Энэхүү сониуч байдал нь "яагаад", "яаж" гэсэн асуултыг санаа зоволгүйгээр асууж, аливаа зүйлд шууд итгэхгүйгээр эргэлзэж, судлахад түлхэц өгдөг тул нухацтай сэтгэлгээг идэвхтэй хөгжүүлдэг байх нь.  

“Гурвын дүрэм” ба Тааварчин гурвын үлгэр 

"Гурвын дүрэм" нь үйл явдал, дүр, хэллэгийг гурваар нь нэгтгэж, мартагдашгүй, өрнөлтэй үлгэрийн бүтцийг бий болгодог нэгэн арга хэлбэр юм. Ямар нэг байдлаар гол юм уу, туслах дүрүүд гурав байх нь бусад тооноос илүү хоногших чадвартай байдаг. Бидний мэдэх “Гурван тооройн үлгэр”, “Алтан үст охин ба гурван баавгай” зэрэг үлгэр ч гурвын тоон дээр үндэслэдэг дээ. Үлгэр гэлтгүй кинонд ч хайрын гурвалжин гардаг нь үүнтэй мөн л холбоотой.  

Эл дүрмийг баримталдаг, гурван дүртэй үлгэрт дүрүүд ихэвчлэн гурван сорилт эсвэл сонголттой тулгардаг бөгөөд гурав дахь нь эргэлтийн цэг, шийдэл байдаг. “Тааварчин гурав” монгол ардын үлгэрийг жишээ татан авч үзье. Уг үлгэрт ганц тугалтай үнээтэй гурван өнчин хүү үнээгээ алдахын эрхээр ноёнд бараалхахад ноёны чанаж өгсөн мах үнээнийх нь мах байдаг билээ. Ийнхүү ноён хөвгүүдийн үнээний мах гэдгийг хүлээхгүй мэлзэхдээ тэднээр таавар таалгадаг.  

“Тааварчин гурав” монгол ардын үлгэрийн хэсгээс 

Тогтмол үлгэр сонсдог хүүхдийн нухацтай сэтгэлгээ хөгждөг

“...Ноён хэлрүүн: - Та нар гадаа гарч байгтун гээд гурван шаазанд юм хийж хөмөрч тавиад “Одоо орж ир” гэжээ. Тэднийг орж ирсэнд хаан асуусан нь: “ - Дэд захын аяганд юу байгаа вэ?”. Ахмад хөвгүүн “Бөв бөөрөнхий юм байна” гэжээ. Дунд хүү нь “Шав шар юм байна” гэжээ. Бага хөвгүүн “Бөв бөөрөнхий болоод шав шар өнгөтэй юм бол богширгын өндөг биз ээ” гэжээ. Хаан аваад үзсэн чинь богширгын өндөг байжээ...”  

Дээр хэлсэнчлэн уг үлгэр дэх гурван дүрийн харилцан яриаг ажваас гурав дахь нь эргэлтийн цэг, шийдэл болж байна. Ийм байдлаар аливаа үлгэр бидний оюун бодолд хоногшихын зэрэгцээ гуравт буюу хамгийн сүүлд “юу болж таарах бол” гэсэн сониучирхлыг төрүүлдэг аж.  

Энэ техник нь танин мэдэхүйн сэтгэл зүйтэй мөн холбоотой. Судлаачдын үзэж байгаагаар бидний тархи байгалиасаа хэв маягийг таних чадвартай байдаг бөгөөд "гурвын дүрэм" нь энэ хандлагыг ашигладаг гэнэ. Энэхүү бүтэц нь урьдчилан таамаглах сэдлийг төрүүлэх замаар хүүхдүүдэд санах ойн ур чадвар, логик сэтгэлгээг хөгжүүлэхэд туслах юм.  

“Цэцэн бэрийн үлгэр” шиг асуудлыг бүтээлчээр шийдвэрлэх нь 

Олон үлгэрт бэрхшээлийг уламжлалт бус аргаар даван туулж, асуудлыг бүтээлчээр шийдвэрлэн төгсдөг шүү дээ. Асуудлыг шийдвэрлэх арга зам нь зөвхөн логик биш, харин шинэлэг байж болохыг хүүхдүүд үлгэрээс мэдэж, гарцаагүй байдалд орсон үед ч хэзээд шийдэл байдгийг ойлгодог билээ. “Цэцэн бэрийн үлгэр” хэмээх монгол ардын үлгэрт нэгэн тэнэг ханхүү цэцэн эхнэрийнхээ ачаар хаан ширээг залгамжилдаг. Цэцэн бэрээс үнэхээр л хэний ч санаанд оромгүй бүтээлч шийдвэрүүд гардгийг санаж байгаа биз дээ.  

 “Цэцэн бэрийн үлгэр” монгол ардын үлгэрийн хэсгээс 

Тогтмол үлгэр сонсдог хүүхдийн нухацтай сэтгэлгээ хөгждөг

…Хүү эхнэртээ очиж “Хаан аав намайг мөсөн хүнээс үг сурч ир гэлээ. Сурах гэж ядаад дуугарахгүй болохоор нь хага цохичхоод ирлээ” гэж хэлэв. Эхнэр нь ““Уул миний бие усан билээ. Мөн бие мөсөн билээ. Зуны зургаан сард харьдаг билээ” гэж хэлээд яваад өглөө гэж хаан аавдаа мэдүүл!” гэжээ. Тэнэг хүү нь тэр ёсоор нь аавдаа хэлжээ. Хаан “Аа, миний хүү цэцэн авгай аваад ухаан орж, хаан ширээнд сууж, хамаг түмнийг захирч чадах болжээ!” гээд хаан ширээгээ хүүдээ өгчээ.  

Ухаант туулай, сэргэлэн бадарчны үлгэр зэргээс эхлээд энэ мэт асуудлыг бүтээлчээр шийддэг үлгэрүүдийг хүүхдэдээ багаас нь уншиж өгч, үлгэртэй дотно нөхөрлүүлэх нь хожмын ухаан сийрэг, цэцэн нэгнийг бүтээхэд чухал билээ.  

Тогтмол үлгэр сонсдог хүүхдийн нухацтай сэтгэлгээ хөгждөг

“Нухацтай сэтгэлгээ” номын зохиогч С.Өнөр багш багадаа үлгэр сонсох их дуртай хүүхэд байснаа ярилцлагадаа дурдаж байв. Тэрбээр “Надад сүүлдээ үлгэр уншиж өгөх хүн олдохоо байсан учраас даруйхан л уншиж сурахыг хүссэн. Хүн царайчлаад, үлгэр сонсох цагаа хүлээх биш өөрөө уншчихсан нь амар санагдсан хэрэг. Үлгэрт дуртай байсан минь нухацтай сэтгэх чадвараа хөгжүүлэхэд тусалсан гэж боддог” гэсэн билээ.  

Энгийн нэгэн үлгэр хүртэл хүүхдийн суралцах, эрэл хайгуул хийх чадварыг хөгжүүлэхийн зэрэгцээ илүү энэрэнгүй, хайраар дүүрэн хүн болоход тусалдаг байх нь. Бяцхан улаан малгайттай ой дундуур аялахдаа эцэг эхийн үгийг сонсохын тусыг ухаарч, Эрхий мэргэн харваачтай нар харван уралдахдаа амлалтын үнэ цэнийг ойлгож, Гурван тооройн байшинд чононоос толгой хоргодон суухдаа залхуу хойрго зангийн уршгийг бид мэдэж авсан. Иймээс ч үлгэрийн ертөнцөд шумбаж буй хүүхэд бүр сайн хүн болдог биз ээ. Завгүй амьдралын хэмнэлд тавхан минут гаргаад хүүхдэдээ үлгэр уншиж өгч байгаарай!