Дахин давтагдашгүй уран бүтээл бүтээж, хүн төрөлхтний түүх, соёлын үрийг тарина гэдэг гарцаагүй гайхамшиг. Үүний адилаар тэр бүтээлийг мөхлийн ирмэг дээрээс сэргээн засварлаж, түмний мэлмийг мялаах боломж олгогч байна гэдэг хүндлүүштэй үйл хэрэг. Тухайн зураачийн ертөнцөөр амилсан бүтээлийг анхны эхээс нь өөрчлөхгүйгээр, утга санаа, өнгө будгийг хадгалж, урлагийн сүнсийг хамгаалах нь хэн хүссэнийх нь хийх ажил биш. Гэвч тэднийг хүмүүс төдийлөн мэдэхгүй үлддэг нь харамсалтай. Зураач, сэргээн засварлагч Гүүгэлийн Соёл-Эрдэнийн түүх бол соёлын өвийг хамгаалагчийн түүх юм. Иймээс бидний дунд оршин буй олон ертөнцийг уншигч танд таниулах “БИДНИЙ НЭГ” буландаа түүнийг онцоллоо. Ярилцлагыг уншиж, бидний нэг болно уу хэмээн уншигч авхай таныг урьж байна.
Баялаг соёлын өвтэй томоохон улс орон хэдэн зуугаас хэдэн мянган сэргээн засварлагчтай байдаг. Тухайлбал, Европын соёлын өвийн сэтгүүлийн 2013 оны дугаарт урлагийн баялаг түүхтэй Итали улс 1000-2000, Франц 1000-1500 орчим мэргэжлийн сэргээн засварлагчтай гэжээ.
Харин урлагийн сэргээн засварлалтад төдийлөн анхаардаггүй жижиг улсууд 500-аас цөөн тооны сэргээн засварлагчтай байдаг гэсэн тойм гаргасан байна. Тэгэхээр манай улс дор хаяж зууд тоологдох сэргээн засварлагчтай байх хэрэгтэй байх нь. Сэргээн засварлагч, зураач Г.Соёл-Эрдэнэ “Монголд мэргэжлийн түвшний 10 орчим л сэргээн засварлагч байна” гэсэн нь соёлын баялаг өвтэй манай улсын хувьд чамлууштай тоо мэт. Гарын арван хуруунд багтах цөөхөн мэргэжилтний нэг нь тэр юм.
Г.Соёл-Эрдэнэ зураач 2008, 2009 оны галын аюулаас үүдэн Монголын уран зургийн галерейн 300 орчим бүтээл шатсаны 100 орчмыг сэргээн засварлаж ажиллажээ.
Бага байхад гэрээр дүүрэн бурхан байдаг байлаа. Тэднийг хуулж, дуурайж их зурдаг байсан нь сэргээн засварлагч болохтой минь холбоотой байж гэж одоо боддог юм. Аав маань нэг удаа бурхны зурагтай каталоги харуулаад “Чи ийм юм зурж чадахгүй юу” гэснээс хойш “Би яагаад хийж болохгүй билээ? Үүнийг ер нь хэн хийсэн юм бол” гэж их боддог байв. Гэр бүл маань бурхан шашинтай холбоотой байсан болохоор би ч энэ зам мөрд орж дээ гэж тунгаах юм.
Хожмын өдөр ингээд сэргээн засварлагч гэх ховор мэргэжилтэн болно гэж төсөөлж байв уу?
Дүрслэх урлагийн дунд сургуулийн Монгол зургийн ангийг 1989-1992 онд төгссөн юм. Зургийн сургуульд орохдоо Театрын зураач болох мөрөөдөлтэй байлаа. Гэтэл Ч.Нармандах багш маань зурсан зургийг минь хараад “Монгол зургийн ангид орох юм байна” гэснээр ангиа сонгосон доо. Сургуульд байхдаа сонины цаасан дээр 10 төгрөг шүлсээрээ норгож зураад ТҮЦ-ээс юм авч, сахилгагүйтэж билээ. Сонингийн цаасыг норгохоор загалтчихдаг учраас шүлсээрээ норгож, цаасаа гэмтээхгүйгээр үрж зуран, мөнгө хийсэн нь тэр. Одоо ангийнхан маань энэ тухай дурсан “Чи яг л сэргээн засварлагч байхаар хүүхэд байсан” гэдэг юм. Зургаа хуучруулаад авчирсан чинь Ардын зураач Д.Амгалан багш маань “Чи хуучны зураг авчирсан байна” гэж билээ. Өөрийнхөө зургийг л эртний зураг шиг хуучруулсан нь тэр шүү дээ. Эртний эдлэл, түүхэн дурсгалт зүйлсэд их дуртай байж.
Монгол зургийн ангид суралцаж байхдаа Музейн үзмэр сэргээн засварлах урланд 1991 онд нэг сар дадлага хийгээд, сэргээн засварлах ажилд дурлаж, 1992 онд сургуулиа төгсөөд, тэндээ үндсэн ажилтнаар орсон юм. Тухайн үед хүмүүс ойлгохгүй, “Чи юм хуулж зурдаг л хүн болно” гэж байсан ч тоогоогүй. Нэг удаа сэргээн засварлах зургаа засах гэж байгаад бүр баллаад, айсандаа нуучихсан. Захирал ч зургаа асуухад нь үзүүлтэл загнахын оронд “Чи одоо л юм сурах гэж байна даа. Дахиад засаад ир” гэсэн юм. Хүн урам авчихаар зориг орчихдог юм билээ. Захирал маань ч дараа нь “Чи алдаагүй бол үүнийг сурахгүй байх байлаа” гэж билээ.
Тэрбээр Соёлын өвийн төвд тасралтгүй 20 жил ажилласан бөгөөд тухайн үед музейнүүдэд сэргээн засварлах асар их бүтээл хуримтлагдсан байжээ. Тухайлбал, 40 метрийн өндөртэй алт, хүрэл хоёр бурхан хулгайд алдагдан, Туул голоос олдож байж. Голын ширүүн урсгалд будгийн чанар муудаж, маш их бохирдсон байсныг Г.Соёл-Эрдэнэ сэргээн засварлажээ. Энэ тухай тэрбээр “Бурхдын мэлмийг сэргээж байхад мэлмий нь намайг хараад байх шиг мэдрэмж төрж байсан” хэмээсэн юм.
Зураачид бүтээлдээ хайртай байдгийн адилаар бид ч сэргээн засварлаж буй бүтээлдээ сэтгэлээ шингээн урладаг тул хайрлана. Сэргээн засварлах боломжгүй болсон бүтээлийг ч сэргээх гэж нухаад суучихдаг. Сэргээн засварлалтыг зураачийн эх бүтээлээс өөр болгохгүйн тулд зураачийг нь сайн судлах хэрэгтэй. Зургаа ажиглаж, будгийг нь эмэрч үзээд, “Энэ зураач юу бодсон бол, ямар хүн байсан бол” гэж их боддог. Хүн ер нь юу ч хийсэн зүрх сэтгэлээ шингээх хэрэгтэй.
Сэргээн засварлагч маань 1997 онд Ардын зураач Б.Шаравын “Монголын нэг өдөр” зургийг сэргээн засварлахад гар бие оролцож байжээ. Түүнчлэн Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших “Цогтын хадны бичээс”, Ховд аймгийн Үенч, Алтай сумын зааг дахь “Ямаан устын хадны зураг”, Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын Хар ямаатын голын хүн чулуу хөшөөний хэв болон хуулбар зэрэг бидний мэдэх олон дурсгалт бүтээлийг сэргээж байсан. Үнэхээр л буянтай ажилтай хүн аж.
Гаднын улсууд сайн мэргэжилтэн бэлдэхээр манай сэргээн засварлагчид онцгойлон хүсэлт тавьж байхад бид дэргэдээ байгаа үнэт эрдэнүүдийг хайхардаггүй нь даанч харамсалтай.
Хятадад ажиллаж байхад 50 сэргээн засварлагч бэлдээд өгөөч гэж байв. Мөн Стамбулд мэргэжил дээшлүүлэхээр суралцаж байхад сургуулиас нь шаазан эдлэлийн будгийг яаж хийдэг талаар лекц оруулахыг хүссэн юм. Миний бодлоор сэргээн засварлалтад сургана гэдэг танхимд ширээний ард суулгаад заадаг зүйл биш. Дээр үед дархан хүмүүсийг сургадаг байсан шиг багш шавийн харилцаагаар хамтдаа байж, хийж буй бүхнийг минь харж, тусалж байж сурдаг зүйл. Манай улсын хувьд тухайн үеийн Дүрслэх урлагийн дунд сургуульд сэргээн засварлалтын анги нээж, хэдэн хүн төгссөн ч одоо ажиллаж байгаа нь Монголд алга. Манайд мэргэжлийн түвшинд очсон сэргээн засварлагч гэвэл 10 орчим л байгаа байх. Гадагшаа явсан хүмүүс нь тэндээ үлддэг юм билээ. Сэргээн засварлалтад өшөө олон хүүхдийг сургаж, заах хэрэгтэй. Залуучууд ирж юм асуух нь их байдаг ч хэд хоноод л алга болчихдог. Бүх юмаа хэлээд, заагаад явуулахад “Болдоггүй ээ” л гэдэг юм. Хүн хийж байгаа зүйлийнхээ боол биш эзэн нь байх ёстой. Би ч том бүтээлийн ард гарах гэж тойроод яваад байдаг л даа. Гэхдээ дууссан хойноо инээгээд сууж байдаг. Ер нь юмны ард гарч сурах хэрэгтэй.
Америкийн Кларкийн музейд сэргээн засварлалтын ажлаа хийж байхад тухайн зураг дээрх нэг зураас нь тасраад мэдэгдэхээ байлаа гэхэд тэр зураасыг нь л татаад, засварласан нь мэдэгдэхүйц үлдээ гэж байсан. Сэргээн засварлалт нь ерөнхийдөө худалдааны болон музейн гэж бий. Худалдааных нь мэдэгдэхгүй байх ёстой бол музейнх нь мэдэгдэхүйц байх ёстой. Монгол уран бүтээлчид орчин үеийн урлаг гэж туйлшраад нарийн элемент бүхий бүтээлийг орхигдуулаад байгаа. Гэтэл олон улсын хувьд буцаад гар урлал, нарийн ажиллагаатай бүтээлүүд үнэ цэнтэй болоод байна.
Ер нь түүхийн ховор бүтээлүүдийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах тухай хүмүүст аль болох их ойлголт өгч, түгээж байх хэрэгтэй. Хүмүүс мэддэггүй шүү дээ. Хүн бүр соёлыг бүтээгч учраас соёлоос гадна байх боломжгүй. Соёлын бүтээлүүдийг хадгалж, хамгаалах нь дан ганц сэргээн засварлагчийн үүрэг биш. Бүх нийтийн анхаарч, ойлгох ёстой асуудал, хүлээх хэрэгтэй үүрэг. Наад зах нь түүхийн хосгүй үнэт дурсгалт зүйлсийг сүү цагаан идээгээр бохирдуулах, хадгаар чивчиртэл уях, дээр нь зурах, сараачих зэргээр гэмтэл учруулдаг хүмүүс байсаар байна. Энэ чинь бидний түүх шүү дээ.
Мэргэжлээрээ ийнхүү ажиллаж, амьдарч явахад тань уналт, босолт хэр их байсан бэ?
Хүн мандаж явахдаа нэг л өдөр “Би хэн ч биш юм байна” гэж мэдэрдэг юм билээ. Би хүүхдүүдэд эртхэн унаад үз л гэдэг. Олон жил ажиллаж байж авдаг Соёлын тэргүүний ажилтан гэх шагналыг хорь гаруйхан насандаа хоёроос гурван жил ажиллаад авч байлаа. Шагналын тухай сонсоод баярлаад л, их оодорч байв. Өөрийгөө Майкл Жэксоны хамаатан гэж бодох шахам нисэж байлаа шүү дээ. Шагнал аваад “Би салбарынхаа мундаг нь болчихсон юм байна” гээд их онгирдог юм билээ. Тэгээд аавдаа загнуулж байв. “Би”-гийн өвчин аймаар шүү. Эхнэр үг хэлэхэд ч сонсохгүй явлаа. Хүн эртхэн ойлгох нь л чухал. Юун дээр алдав гэдгээ ойлгож маш хурдан эргэлт хийх хэрэгтэй. Оодрох өвчний адил бас нэг аймаар эмгэг нь өөртөө итгэхгүй байх. Урдах ажлаа л хийгээд өөрийн бүтээлийг гаргадаггүй явсан үе бий. Эхнэр маань “Чиний дотор нэг хүн байна. Чи түүнийгээ сэрээх хэрэгтэй” гэж хэлдэг байсан. Ер нь эхнэр маань намайг их түлхэж өгдөг, үргэлж урам хайрладаг хүн байсаар ирсэн юм. “Би яаж чамайг олж авав аа?” л гээд байна шүү дээ. Ийн хэлээд, тэрбээр эхнэртээ зурж өгч буй “Болзоо” гэх бүтээлээ бидэнд үзүүлэн, тайлбарлаж өглөө. “Хүмүүс хараад, дуусахаар нь зарчих л гэдэг юм. Би эхнэртээ өгчихсөн. Эхнэр дуусахыг нь тэсэн ядан хүлээж байгаа. Миний улаан фэн байхгүй юу!” гэснээс нь тэдний харилцаа хэчнээн гүн бөгөөд Г.Соёл-Эрдэнэ гэх хүний уналт, босолт бүртэй гэргий нь нарийн шижмээр бат холбогдсон нь мэдрэгдэж байв.
Түүний яриаг сонсож суугаад, мэргэжлээ ингэж хайрладаг хүн “Ер нь өөр мэргэжилтэй болдог байж дээ...” гэх үе байсан болов уу гэх бодол төрлөө.
...Байлгүй яах вэ, эхнэр маань “Чи зураач болоогүй бол тогооч болох байсан байх” гэдэг юм. Би ч хоол сайн хийдэг л дээ. Магадгүй л юм. Залуудаа бас загвар өмсдөг байлаа. Загвараараа явдаг юм бил үү гэж бодож байлаа шүү дээ. “Агшин 2” гээд кинонд баян залуугийн дүрд тоглож байв. Тэр үедээ жүжигчин ч сэтгэлд багтаж байлаа. Гэхдээ би мэргэжилдээ хайртай. Эхнэр маань хүүхдүүддээ “Аавын чинь хувьд нэгдүгээрт сэргээн засварлалт, хоёрдугаарт би байдаг байх” гэдэг юм. Би “Тийм” л гэдэг. Би өөрийгөө хуучин зурагтай зүйрлэнэ. Тэр хуучин зургийг анхны хэвд нь оруулна гэдэг миний амьдрал юм. Сэргээн засварлалтаар амьдарч, үүгээр л олон сайхан хүмүүсийг олж авлаа. Энэ бүтээлүүдээрээ би яаж амьдрахаа ойлгож, яаж хувцаслахаа мэдэж, хүмүүжиж байна. Зураг минь надад “Соёлоо, тэнэг минь, ингээч ээ!” гэж хэлж өгдөг. Энэ ажлаа хийж байгаад, би хөөрхөн хүүхдүүдтэй болсон, эхнэр минь ч миний зургийг хараад... Хүүе золиг чинь, сонин болж байх чинь!
Ийнхүү хэлээд тэрбээр зангирсан хоолой, хөдөлсөн сэтгэлээ намжаахаар сандлаасаа босон алхсан юм. Бидний мэдэхгүй чухал түүхийг тээж яваа түүн шиг олон хүн бидний дунд аж төрж байгаа гэхээр сэтгэл сэргэх шиг. Урлагийн сэргээн засварлагч нь шинжлэх ухаан, урлаг хоёрын дунд хүн төрөлхтний соёлын өвийг хадгалж, хамгаалдаг ховор бөгөөд үнэлж баршгүй мэргэжил юм. Тэдний ажил ихэвчлэн хөшигний ард байдаг ч “Монголынх” хэмээн ялгарах ондоошил бүхий бүтээлүүдийг өнөөдөр бас маргаашийн хожмын өдрүүдэд үүрд дурсагдах боломжийг тэд бүрдүүлдэг билээ. “Бидний нэг” болсон зураач, сэргээн засварлагч Г.Соёл-Эрдэнэ болон уншигч танд талархлаа.
Гэрэл зургийг: Л.Буд