Нийгэм

Шинэ он, Шинэ би…

posted.mn -- 2025.01.035 минут унших

Туулсан мэдрэмжүүдээ дүгнээд үгээр гаргах болохоор үргэлж л дутуудаж эсвэл илүүдэж, гажиж байдаг шиг санагддаг. Амьдрал өөрийнхөөрөө урссаар нэг жилийг ардаа үдэж байна. Он солигдох мөч гайхамшигтай хэр нь солигдсон тэр цагаас дахин шинэ өдөр эхэлдэг. Шинэ жилийн баярын хамгийн сайхан хэсэг нь он солигдох мөч, аль эсвэл хуучин оны отгон өдрөөс илүүтэй шинэ жил дөхөж байгааг санах, догдлох, энэ мөч, өдөр ирэх ер бусын мэдрэмжээ хүлээн өдөр хоногийг өнгөрүүлж буй нь өөрөө шинэ оны утга учир мэт. Тэр л өдрүүдэд тохиолдох бэрхшээл, саад, нэгэн хэвийн цаг мөч бүхэн шинэ он дөхөж буйг санах цагаахан баяраар аяндаа л аз жаргалтай болоод ирдэг юм.

Шинэ он, шинэ би? Энэ үг надад яг л тэнгэрийн умдаг атгасан гэдэг шиг боломж дүүрэн шинэхэн мөрөөдлийг минь зурж, чиглүүлж байгаа учраас энэ жил үнэхээр би “шинэ хүн” болох мэт санагдаж байна. Шинэ хүн гэдэг нь яг л шинэ оноо угтах тэр торгон агшин шиг хүсэн хүлээсэн мөчдөө хүрч очоод оргилуун мөрөөдлөө буудуулах цаг юм. Тиймээс шинэ он ирэх нь тодорхой байдгийн адил шинэ би ч мөн ирэхийг мэдэж, мэдэрч байна. 

Италичууд шинэ жилийн шөнө хуучин эд зүйлээ цонхоороо хаядаг уламжлалтай. Тиймээс шинэ жилийн шөнө Италийн гудамжуудаар явахдаа нэн болгоомжтой байх хэрэгтэй. Заримдаа тавилгаа хүртэл цонхоороо шидчихдэг гэдэг сэн.

Тэгвэл яг одоо бид ч гэсэн хуучин “би”-гээ цонхоороо гаргаж шидэцгээх хэрэгтэй болов уу гэж бодох юм. Тэгээд шинэ мэдлэг мэдээллээр жигүүрлэсэн, эрүүл бие саруул ухаан бүрэн цогцолсон он байх болтугай гэж хүснэ. Шинэ он, Шинэ би…

Мэдлэг, мэдээллээр жигүүрлэсэн би 

Шинэ он, Шинэ би…

Судалгаанаас харахад нийт хүмүүсийн 25 хувь нь шинэ оны эхний өдөр мөрөөдөж эхэлсэн мөрөөдлөө, эхний долоо хоногийн эцэс гэхэд орхисон байдаг гэнэ. 

Ямар нэгэн гадаад хэл сурах, магистр, докторын зэргээ хамгаалах гэх мэт олон янзын зүйл мөрөөдөж төлөвлөдөг хэдий ч энэ зүйлс маань ердөө долоохон хоногийн дараа замхран алга болдог гэхээр харамсалтай байгаа биз. Тэгвэл энэ бүхнийг шийдэх цорын ганц арга нь илүү сайжрах, мэдлэг мэдээллээ олж авах хугацааг олгох байдаг аж.

Тодруулбал, маш тууштайгаар өдөр бүхэн хичээллэх, хэдхэн сарын дараа гэхэд л танд өнөөх хэцүү зүйлүүд дадал болон тогтож, та шинэ “би”-тэйгээ золгох ажээ. Мөн багахан мэдлэг олж авсан ч үргэлж өөрийгөө урамшуулах нь зүйтэй юм байна. 

Жишээ нь, би энэ нийтлэлийг бичиж суухдаа Монгол Улс хэзээнээс шинэ жилийн баярыг тэмдэглэсэн юм бол хэмээн бодлоо. Ийнхүү судалж үзтэл, 

"Дани эр Хэннинг Хаслунд "Далд Монгол- Явна аа" номдоо Зул сар тэмдэглэсэн түүхээ бичсэн байгаа юм. 1923 онд Хөвсгөл аймгийн Булган талд болсон эл үйл явдлыг анхны шинэ жилийн баяр хэмээн тодотгоход ч буруудахгүй хэмээжээ. Мөн тус номд гацуур мод зассан зургийг хавсаргасан нь нотолгоо болон үлдсэн байна" гэх мэтчилэн би сая багахан мэдлэг олж авлаа шүү дээ. Тиймээс нэг зүйл ч гэсэн шинээр мэдэж авсан өөртөө талархах нь зүйтэй. 

Эрүүл биетэй, саруул ухаантай биШинэ он, Шинэ би…

Монголчууд “эрүүл биед саруул ухаан оршино” гэж ярьдаг шүү дээ. Бас л үнэн үг. МУИС-ийг төгсөж ахуйд ангийн багш Д.Нямдорж “Та бүхэн бүгдийг эрүүлээр сэтгэх учиртай. Тэгж гэмээ нь уран бүтээлч болно” хэмээн сургамжилж байсан удаатай. Энэ үгийн мөн утга ердөө л эрүүл саруул бие л байж гэж ухамсарлах боллоо. Хүн биеэ эрүүл саруул байлгахын тулд элдэв хорт зуршлаас зайлсхийж оюун санаагаа ч мөн адил тийм ухаанаар удирдаж явах юм даг уу даа. Эрүүл саруул бие гэхээр маш их мөнгө хөрөнгө зарцуулах юм шиг, аль эсвэл хэмжээгүй ихээр хоолны дэглэм барьж өөрийгөө зовоох юм шиг санах болж. Гэтэл эрүүл саруул байна гэдэг ер биднээс хол биш аж. 30 минут ч хамаагүй гэртээ идэвхтэй хөдөлгөөн хийхэд оршдог бололтой. 

Эрүүл сэтгэл зүйтэй би Шинэ он, Шинэ би…

Их далайг гатлахын тулд эхлээд тэр далайд хэдэн арван өдөр хөвөх сэтгэлээ бэлдэх нь зүйтэй юм уу даа. Энэ жил яг тэр сэтгэл зүйг өөртөө тохинуулах учиртай. Зөвхөн би ч гэлтгүй та бүхэн ч бас ийм байдлаар өөртэйгөө нэгэн удаа нүүр тулаад үзэхийг бодоорой. Өөрчлөлт хийснээр та өөрийгөө одоо байгаагаасаа сайжруулахаас биш тэр чигт нь алдаж болохгүй юм. Өдөрт хэдэн хором ганцаараа байж хийж буй алхмаа тунгаан бодоорой. Мөн өөрийн гэсэн зарчимтай болох нь чухал. Өөрийн үзэл бодлыг тусгасан зарчим зохиох гээд үзээрэй. Учир нь хүн үргэлж өөртөө бий болгохыг хүсэж байгаа зүйлсийнхээ талаар бусдад сургамжилдаг шүү дээ. 

Ийнхүү энэ бүхний эцэст би таныг болон өөрийгөө цоо шинэ “би”-г бүтээж чадна гэдэгт илүү итгэлтэй болж орхилоо. Дараа жил харин бидний бүтээсэн “би” хуучин би болж хувирах болно. Тэр үед мөн адил хуучин “би”-г ямархуу хүн байсныг дахин бичиглэн сууна биз ээ.

Шинэ оны шинэ “би”-гээсШинэ он, Шинэ би…