Хэрхэн бие даан амьдрах вэ?
How ToХувь хүний хөгжилХарилцааБоловсрол
М.Энхмаа
М.Энхмаа
2024.09.06
5 минут
Хэрхэн бие даан амьдрах вэ?

Чамд ямар нэгэн асуудал тулгарахад хэрхэн шийдвэрлэхээ мэдэхгүй байна уу? “Хэрвээ надад энэ талаар зааж зөвлөх, туршлагаасаа хуваалцах хэн нэгэн байсан бол” гэж бодох үе амьдралд бишгүй л олон. Ийм үед өөрөө л бүх зүйлийг даван туулж, өөрийн туршлага дээр үндэслэн дараагийн алхмаа тодорхойлдог шүү дээ. Тэгвэл эдгээр асуудлыг шийдвэрлэхэд чинь туслахаар Posted.mn веб сайт “How To” шинэхэн булангаа эхлүүлж байна. Хэрвээ чамд шийдэхэд төвөгтэй асуудлуудад хэн нэгний туслалцаа зөвлөгөө хэрэгтэй байвал бидний мэйл хаягт /hello@tsoilogsoz.com/ хандаарай. Бид тухайн асуудлын хүрээнд мэргэжлийн экспертүүд, хувь хүмүүстэй ярилцаж, тэдний туршлага зөвлөгөөн дээр үндэслэн “ул суурьтайгаар” асуудлыг шийдвэрлэхэд чинь туслах хамгийн сайн найз чинь байх болно. 

“How To” булангийнхаа эхний дугаараар бид 2024-2025 оны хичээлийн жилд Их, дээд сургуульд шинээр элсэн суралцаж буй 25,980 оюутан залуустаа зориулан хэрхэн бие даан амьдрах талаар зөвлөгөө, мэдээллийг бэлтгэн хүргэж байна. Хайртай дотнын хүмүүс, өсөж торнисон газраасаа хол, шинэ орчинд, шинэ хүмүүсээр хүрээлүүлж, бүхий л зүйлсийг ахин шинээр эхэлж буй эдгээр өдрүүдийг эергээр даван туулахад энэхүү нийтлэл чамд туслах болно. 

Хүн аливаа шинэ орчинд орохдоо хамгийн түрүүнд соёлын шокт өртөх магадлал өндөр байдаг аж. Тухайн газар орны онцлог, соёл, зан заншил, нийтлэг итгэл үнэмшил зэрэг соёлын болон нийгмийн ялгаатай байдлууд нь хувь хүний үзэл бодол, гэр бүлийн хүмүүжил, нийгмийн нийтлэг үнэлэмжтэй зөрчилдсөний улмаас соёлын шок болдог байна. Тэгвэл орчны шилжилт шинэхэн оюутанд хэрхэн нөлөөлж, бие даан амьдрахад ямар бэрхшээл тулгардаг бол? Энэ талаар дөрөв дэх жилдээ оюутны дотуур байранд амьдарч буй СЭЗИС-ийн дөрөвдүгээр түвшний оюутан С.Маралмаа өөрийн туршлагаас бидэнтэй хуваалцлаа.

Бие даасан амьдрал бидний төсөөлсөн шиг байдаг болов уу?

Анх гэрээсээ хол газар, бие даан амьдарна гэхээр “Ингээд л биеэ даасан, том хүн болчихлоо гэж үү?” гээд их догдолж байлаа. Дотуур байрны амьдралыг үздэг байсан гадаад цувралуудаараа төсөөлж байсан ч бодит байдал огт өөр байсан. Жижигхэн өрөөнд гурван хүнтэй хамт амьдарна гэдэг асар их тэвчээр шаарддаг юм билээ. Өмнө нь цоо шинэ орчинд орж байгаагүй болохоор их сургуульд ороод өөрийгөө хааж, дуугаа хураан дотогшоогоо болсон. Хэдий өөртөө итгэлтэй, нээлттэй хүүхэд байсан ч шинэ хүрээлэлдээ таних хүнгүй, яахаа мэдэхгүй их ганцаардсан. Өөрийгөө чөлөөтэй илэрхийлдэг хүн дуугаа хураагаад ирэхээрээ сэтгэлээр их унадаг юм билээ. Эхний семестрийнхээ үл ялиг алдааг хүндээр хүлээн авч, “өө, миний оюутны амьдрал ингээд л бүтэлгүйтлээ” гэдэг бодлоос болоод хичээлээ ч сайн анхаарч чадаагүй. Тиймээс шинэ орчинд орж л байгаа бол дасан зохицох оролдлогууд хийж, шинэ зүйлсийг туршиж үзэхдээ нээлттэй хандаарай. Эцэст нь хэлэхэд, оюутны дотуур байр гэдэг бол харилцааны чадвараа сайжруулах, төлөвшихийн сацуу дээд үеийнхнээсээ суралцан олон сайхан дурсамж бүтээдэг газар юм шүү.

Бидний хүрээлэн буй орчны өөрчлөлт сэтгэл зүй, ажлын бүтээмжид хүртэл нөлөөлж, шинэ хүн болж байгаа мэт бүгдийг эхнээс нь туршиж үзэх хэрэгтэй болдог шүү дээ. Тэгвэл яг ямар шалтгааны улмаас бидэнд ийм мэдрэмж төрдөг юм бол? Энэхүү сонирхолтой асуултын хариултыг сэтгэл зүйчээс тодруулцгаая.

Оюунлаг сургуулийн сэтгэл зүйч Б.Цэндсүрэн: 

Хүрээлэн буй орчноос хамаараад нийгэм бүрийн харилцаа хандлага, хоорондын харилцал өөр өөр байдаг. Шинэ очсон газар нь хувь хүний үнэт зүйлс, үзэл баримтлалтай зөрчилдөх үед цочирдох, төөрөлдөх, айж сандрах зэрэг мэдрэмжүүд үүсдэг. Улмаар хайртай хүмүүсээ санах, бэтгэрэх процесс явагдаж, гэр бүлийнхнийхээ дэргэд байхдаа авах хайр халамжаар дутагдсаны улмаас ганцаардан гэрээ санадаг.

Хэрхэн бие даан амьдрах вэ?

Хүн хайртай дотнын хүмүүсээсээ холдохоор сэтгэл зүйн хувьд дотогшоо болох хандлагатай байдаг. Өөрт тохиолдсон асуудлаа бусадтай хуваалцахаас эмээж, дотнын хүмүүстээ хэлэхээс төвөгшөөх зэрэг дотоод мэдрэмжээ илэрхийлэхгүй явсаар тэр нь сэтгэлээр унах шалтгаан болдог. Зарим тохиолдолд дээрх сэтгэл зүйн асуудал өөрийгөө голохоос үүддэг. Учир нь хүн бүр оршин буй нийгэмдээ их, бага хамгаагүй өөрийн гэсэн байр суурьтай байдаг шүү дээ. Өмнөх орчиндоо тодорхой хэмжээний байр суурьтай байсан хүн шинэ орчинд орохоороо “Энд намайг хэн ч танихгүй. Миний авьяас, чадвар үнэлэгдэхгүй байна” зэрэг тухайн нийгэмд хамааралгүй юм шиг мэдрэмж төрдөг. Хүн гэдэг амьтан хэдий эрх чөлөөг хүсдэг ч гэлээ гэр бүлийн гишүүн, найз нөхөд гээд нийгмийн бүлэгт харьяалагдаж байж түүнээсээ аз жаргалыг мэдэрдэг. 

Бие даан амьдрахад чинь туслах 5 зөвлөмж

Хэрхэн бие даан амьдрах вэ?

Ингээд бид сэтгэл зүйчээс авсан зөвлөгөө болон дөрвөн жил бие даан амьдарч буй оюутны туршлага дээр үндэслэн бие даан амьдрахад чинь туслах 5 зөвлөмжийг хүргэж байна.  

Хувийн менежментэд суралцаарай

Анх удаа бие даан амьдарч буй хэн бүхний алддаг хамгийн том алдаа бол сахилга батгүй байдал. Урьд нь ахуйн түвшинд санхүүгээ удирдаж үзээгүйгээс болоод мөнгөнд хэт үрэлгэн хандах тохиолдол бий. Тиймээс санхүүгийн зарцуулалтаа нарийн төлөвлөөрэй. Мөн цагийн менежменттэй байх нь чухал. Хичээл орохоос дор хаяж 10 минутын өмнө сургуульдаа ирэхийн тулд замын түгжрэлээ тооцох, бие даалтуудаа шалгалтын долоо хоногт овооруулахгүйн тулд эртнээс хийж эхлэх зэрэг хувийн менежменттэй байх хэрэгтэй. Мөн оюутны байр дэг журамд баригддаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Цагт баригдахаас авхуулаад бусдыг хүндэтгэх, өөр өөр хүмүүжилтэй хүүхдүүдтэй нийцэж амьдрах гээд дотуур байрны амьдралаас суралцах зүйл маш олон.

Аливааг байгаагаар нь хүлээн зөвшөөрөөрэй

Хэрхэн бие даан амьдрах вэ?

Өөрийгөө ч тэр, нийгмээ ч тэр байгаагаар нь хүлээн зөвшөөрөөрэй. “Би чадахгүй байна, болохгүй байна” гэх бодол чамайг улам л сэтгэлээр унагах болно. Тиймээс “Би ийм зүйлсийг чаддаг, үүнийг чаддаггүй юм байна. Энд хэн ч намайг танихгүй учраас өөрийгөө шинээр таниулах боломжтой юм байна” зэргээр асуудлыг аль болох эерэг талаас нь харах хамгийн чухал. Нийгэм бүр өөр өөрийн гэсэн онцлогтой гэдгийг хүлээн зөвшөөрч, авах гээхийн ухаанаар хандаарай.

Шинийг туршиж үзэхдээ нээлттэй хандаарай

Хэрхэн бие даан амьдрах вэ?

Хичээл сонголтоос авхуулаад бүхий л сонголт чиний гарт ирлээ гэсэн үг. Өөрийгөө нээж, шинэ зүйлсийг туршиж үзэн, шинэ хүрээлэл, шинэ найзуудтай болохдоо нээлттэй байгаарай. Их, дээд сургуульд маш олон оюутны клуб байдаг. Сонирхож буй клубүүдийнхээ нээлттэй өдөрлөгт оролцож яагаад болохгүй гэж? Өөр өөрийн гэсэн сонирхолтой хоббитой, авьяастай, өвөрмөц ертөнцүүдтэй танилцаж харах өнцөг, хүрээллээ тэлэн өөрийгөө хөгжүүлэхэд хэзээд бэлэн байх нь чухал шүү. Эс бөгөөс хэн ч чамайг ганцаардлаас чинь татаж гаргахгүй гэдгийг анхаараарай.

Ганцаараа цагийг өнгөрөөж сураарай

Хэрхэн бие даан амьдрах вэ?

Юун түрүүнд ганцаардал, ганцаараа амьдрах гэдэг хоёр өөр ойлголт гэдгийг мартаж болохгүй. Олонтойгоо байх нь чухал ч гэлээ зарим тохиолдолд өөртэйгөө чанартай цагийг өнгөрөөх нь цаашдын хүсэл мөрөөдлөө тодорхойлоход чинь тусалж, амьдралыг илүү амттай болгох болно. Тиймээс бие даан амьдарч байгаа цаг хугацаагаа өөрийгөө таних боломж гэж хараарай. “Би яг юу хүсэж байна, ганцаараа байхдаа юуг чаддаг юм байна” гэдгээ тунгааж, өөрт байгаа боломжоо эрэлхийлээрэй. 

Дотнын хүмүүстэйгээ ярилцаж байгаарай

Хэрхэн бие даан амьдрах вэ?

Эргэн тойрон дахь хайртай, дотнын хүмүүс чинь шинэ орчинд, шинэ амьдралаа эхлүүлж байгаа чамд санаа зовнин суугаа шүү дээ. Тиймээс хайртай хүмүүсийнхээ санааг зовоох вий хэмээн эмээж, мэдрэмжээ даралгүйгээр дотнын хүмүүстэйгээ ярилцаж байгаарай. Учир нь тэд бол чиний талаар мэдэх эрхтэй хүмүүс юм шүү дээ. 

Эцэст нь хэлэхэд алдахаас айлгүй, алдсан ч шантралгүй мөрөөдлийнхөө төлөө тэмүүлэх оюутан насаа дурсамж дүүрэн өнгөрүүлээрэй. Их сургуулийн дөрвөн жил урт мэт санагдавч үнэхээр л харвасан сум шиг өнгөрдөг юм билээ шүү. За тэгээд бүгдэд нь амжилт хүсье!