МУАЖ Г.МЯГМАРНАРАН: Амьдралд чинь нар гарахыг үзэхийн тулд чи амьд байх хэрэгтэй
БИДНИЙ НЭГСонгодог урлагТеатр
Б.Намуун
Б.Намуун
2024.09.25
4 минут
МУАЖ Г.МЯГМАРНАРАН: Амьдралд чинь нар гарахыг үзэхийн тулд чи амьд байх хэрэгтэй

Өглөө сэрээд л дэлгэц ширтдэг өнөөгийн амьдралд амьд урлаг болох театрын сэтгэл татам байдал юутай ч зүйрлэшгүй хэвээр билээ. Жүжигчид тайзан дээр гарахдаа зүгээр ч нэг дүрд хувираад зогсохгүй, тухайн зохиолоор амьдарч, биднийг ч тэдний нэг болгон амьдруулдаг. Театрын урлаг биднийг соён гэгээрүүлж, завгүй өнгөрөх амьдралдаа анзаарч ажаагүй зүйлсийг эргэн нэг харах боломж олгодог билээ. Судалгаагаар театрт жүжиг үзэх нь бусдыг ойлгож, нигүүлсэх сэтгэлийг өдөөн, нийгэм, улс төрийн итгэл үнэмшил, хүмүүнлэгийн үйлсэд хүртэл нөлөөлдөг аж. Тухайлбал үзэгчид жүжиг үзсэнийхээ дараа илүү энэрэнгүй, зөөлөн сэтгэлтэй болж, буяны үйлсэд хандив өргөх нь ихэсдэг гэнэ. Ийм “буян”-тай ажилд 60 гаруй жил хүчин зүтгэж, ард түмний хайртай дүрүүдийг мөнхлөн үлдээж яваа МУАЖ Гомбын Мягмарнаранг энэ удаагийн “БИДНИЙ НЭГ” буландаа онцолж байна. Уншигч та ч мөн энэхүү ярилцлагыг шимтэн уншиж, бидний нэг болоорой.    

“Эсгүүрчнээр бол би их муу эсгүүрчин...” 

Би өөрийгөө уран эсгүүрчнээр зүйрлэх юм бол маш муу эсгүүрчин гэнэ. Нэг дээл эсгэх гэж олон материал хайчилж, хаян, тоглож үрдэг эсгүүрчин болох байсан байх. Яагаад гэвэл би чинь нэг дүр бүтээхийн тулд олон загнуулж, зүхүүлнэ, өөрийгөө голно, тэгж байж л дүрээ олдог, чадвар муутай жүжигчин шүү дээ. Зарим найруулагч “Үүнээс илүүг чадахгүй нь дээ” гээд хаядаг ч байх. Ингэн барин 60 гаруй жилийг ардаа үдэж дээ. Би 100 гаруй дүр бүтээлээ гэхэд хүний сэтгэлд хүрсэн нь гарын таван хуруунд л багтах байх даа гэж өөрийгөө чамладаг юм. 

МУАЖ Г.МЯГМАРНАРАН: Амьдралд чинь нар гарахыг үзэхийн тулд чи амьд байх хэрэгтэй

Ард түмний хайртай олон дүрийг бүтээж, хайрлаж хүндлэгдэн, бүх нийтээр ур чадвараа хүлээн зөвшөөрүүлж, Монгол Улсын Ардын Жүжигчин гэх цол хэргэмээр шагнуулсан “ард түмний жүжигчин” тэрбээр өөрийгөө 60 жилийн дараа ч ийнхүү чамлаж буй нь гайхалтай. Түүний энэ даруу байдал бидний хамгийн сайн мэдэх “Загалмайлсан эцэг” киноны Вито Корлеони буюу алдарт жүжигчин Марлон Брандо нэгэнтээ “Миний хүсэх хамгийн сүүлчийн зүйл мэргэжлийн жүжигчин болох” хэмээснийг сануулах шиг.  

“Кино, жүжиг үзээд дүрд нь хувирч тоглодог байлаа” 

Хүсэж мөрөөдсөн зүйл өөр байж болох ч, багын сонирхлоо даган өөр ажил, мэргэжил сонгох  тохиолдол бидэнд байдаг шүү дээ. Г.Мягмарнаран гуай ч мөн биологич эсвэл цэргийн ажил мэргэжилтэй хүн болохыг хүсдэг байсан ч түүнийг багын сонирхол нь өнөөдрийн замналд хөтлөн оруулсан байна.  

МУАЖ Г.МЯГМАРНАРАН: Амьдралд чинь нар гарахыг үзэхийн тулд чи амьд байх хэрэгтэй

“Та багаасаа жүжиглэх авьяастай байсан уу?” гэж хүмүүс асуудаг юм. Би авьяасыг мэдрэмжид тулгуурласан хүний илэрхийлэмж, чадвар гэж нэрлэдэг. Нэг ёсондоо мэдрэмж, чадвар хоёрын нийлбэрийг авьяас гэнэ. Ой ухаандаа аль хэдийн мартагдсан мэдрэмжийг өөрөөрөө дамжуулан илэрхийлж гаргаж ирнэ гэдэг авьяас. Нэг юмаа зуун янзаар сургуулилсан ч яг өнөөдөр тайз, дэлгэцийн өмнө анх удаа мэт үзүүлж чадах нь гайхамшигтай авьяасын илрэл юм. Би харсан, үзсэн хүний, өөрийн бүх амьдрал, инээд, уй гунигийн тухай ой санамжаа ашиглан, “Надад ийм зүйл тохиолдвол яах вэ” гэж л дүрээ илэрхийлдэг. Багадаа кино, жүжиг үзээд өөрт таалагдсан хэсгээ дуурайж тоглох дуртай хүүхэд байлаа. Гэртээ, найз нөхдийнхөө дунд Отелло, Ромео болоод л тоглоно шүү дээ. Эргээд бодоход тэр миний мэдрэмж, ой санамж, илэрхийлэх чадвар, авьяасыг хөгжүүлдэг байж. Зохиолчид тэр ой санамжаа ашиглан хавар болж байгааг илэрхийлэхдээ байгалийн сайхан өнгийг эргэн санаж, уран сэтгэмж болгон бичдэг, зураачид үүнийгээ ашиглан өнгө, будгаар илэрхийлж, хөгжмийн зохиолчид уярам сайхан авиа эгшиг болгон эгшиглүүлдэг бол жүжигчид бид тэндээ өөрөө орж амьдардаг юм.  

Олон жүжигчдэд дүрээ бүтээж байхдаа дүрдээ “гацаж”, гарч чадахгүй байх тохиолдол байдаг гэсэн. Танд тийм дүр байдаг уу? 

Байлгүй яах вэ. Надад бүтэн арван жил тайзнаас буулгүй тоглосон Г.Доржсамбуу агсны найруулсан “Найрын ширээний ууц” жүжгийн Самдангийн дүр бий. Энэ Самдангийн дүрийг тэр үеийн 18 аймаг, 300-аад сумд тоглосон юм. Нэг ч удаа үзэгчид сэтгэл дундуур байгаагүй тийм л алдартай жүжиг. Би залуу насаа миний найз, алдарт найруулагч Г.Доржсамбуу, Б.Мөнхдорж, Ч.Найдандорж зэрэг найруулагчидтай ажиллаж өнгөрүүлсэндээ баярлаж явдаг. Намайг театрт ороход өлгийдөж авсан найруулагч бол Э.Оюун багш юм. Мөн Монголын театрын урлаг дахь бие даасан анхны мэргэжлийн найруулагч болох Л.Ванган, С.Гэндэн гуай нартай хамт ажиллаж, миний залуу нас холбогдон, өсөж өндийсөн нь миний бахархал юм.  

МУАЖ Г.МЯГМАРНАРАН: Амьдралд чинь нар гарахыг үзэхийн тулд чи амьд байх хэрэгтэй

“Оршихуйн төлөө тэмцэх хамгийн том тэмцэл бол хүлцэхүй” 

Жүжигчний мэргэжил гэдэг цаг наргүй, байнга л шинэ бүтээл рүү ханцуй шамлан орж байдаг ажил билээ. Иймээс Г.Мягмарнаран гуай одоо ямар бүтээл дээр ажиллаж байгааг сонирхлоо.  

Үй Хуа зохиолчийг монголчууд мэдэх байх. Түүний “Амьдрахуй” зохиолыг жүжиг болгон тавьж байгаа бөгөөд жүжгийн Фуй Гүйгийн эцгийн дүр дээр ажиллаж байна. “Амьдрахуй” зохиолд бидний мэдэх дорнын тэр дундаа Хятадын сүүлийн зуунуудын амьдралыг их тусгажээ. Хятадын 19-р зууны сүүл, 20-р зуун бол зовлон зүдүүр, үймээн шуугианыг туулсан хүнд үе. Үүнийг хил залгаа улсын хувьд бид гадарлана, өөрсдөө ч мөн адил хэцүү үеийг туулсан. Үргэлжилсэн үгийн зохиолыг кино юм уу, жүжиг болгож бүтээнэ гэдэг зохиолоос ангид өөр бие даасан бүтээл болж буйгаараа онцлогтой. Манай найруулагч, зохиолчид “Энэ зохиолын санаагаар бид өнөөдрийн үзэгчдэд юуг хүргэх вэ, үзэгчдэд юу чухал байна вэ” гэдгийг шүүрдэж аваад, тайзны бүтээл болгохоор зорьж байна. Энэ утгаараа тэр том зохиол дотор хаягдаж, гээгдэх зүйл бий, тод томруунаар тусгаж аваад товойлгож харуулах зүйл ч бий. Жүжиг болоод ирэхийн цагт зохиолыг нь уншсан хүнд улам сонирхолтой санагдана. Зохиолыг нь уншаагүй хүний хувьд ч жүжгийн дараа уншиж үзэх хүсэл төрнө байх.  

Энэ зохиолыг уншиж эхлэхэд л найруулагч бидэнд нэг зүйлийг чухал анхааруулсан. Өнөөгийн үзэгчдэд хүргэх хамгийн гол санаа бол “Оршихуйн үндэс хүлцэхүй юм”. Манай өнөөдрийн залуучууд хүлцэхүйг их муу мэднэ. Бид аливаа асуудал, өчүүхэн бэрхшээлийг хүлцэн зөвшөөрөхийн оронд үүний эсрэг тэмцэж байна гээд амьдралд бууж өгч, няцах, амиа хорлох хандлага бий болжээ. Гэвч оршихуйн төлөө тэмцэх хамгийн том тэмцэл бол хүлцэхүй юм. Ямар ч байсан амьд байж, амьдрах хэрэгтэй. Амьд байх нь өөрөө асар их тэвчээр, тэмцэл байдаг юм байна.  

“Чимх чимхээр хураахын зовлонг үзээгүй залуучууд атга атгаар үрэхийн гайг эдэлж байна” 

МУАЖ Г.МЯГМАРНАРАН: Амьдралд чинь нар гарахыг үзэхийн тулд чи амьд байх хэрэгтэй

Тэгвэл таны бүтээж буй дүрээр дамжуулж үзэгчид юу ойлгох боломжтой юм бол? 

Би гол дүр Фүй Гүйгийн эцэг, Шүи овогтны удам угсааны дүрийг бүтээж байна. Миний үг дээр нэг ийм хэсэг гардаг юм. “Тахианы дэгдээхийг манай овогтон тахиа болтол, тахиаг галуу болтол тэжээж, галуугаа хонь болтол, хонио үхэр болтол ажиллаж амьдарсан тийм их тэвчээртэй омгийнхон. Гэтэл миний үед үхэр болгоод өгсөн тэр их өв хөрөнгийг тоглоом, хар тамхи, самууралд үрж, үхрээ хонь, хонио галуу болтол өв хөрөнгөө багасгасан билээ. Гэтэл миний хүүхэд өнөөдөр галуугаа тахиа, тахиагаа юу ч үгүй болтол бүх хөрөнгөө мөрийнд тавьж дампуурлаа. Энэ бол миний буруу. Энэ хүүхэд надаас үлгэр авч, миний замаар хүмүүжсэн. Тэгэхээр энэ бол миний хийсэн үйлийн үр” гэдэг. Энэ бол өнөөгийн манай амьдралд байгаа л үзэгдэл юм. Өнөөдөр залуучууд архи дарс хэрэглэж, эцэг эхийнхээ хурааж хуримтлуулсныг үрэн таран хийж, мөрийтэй тоглож байна. Чимх чимхээр хураахын зовлонг үзээгүй залуучууд атга атгаар үрэхийн гайг эдэлж байна шүү дээ. 

Г.Мягмарнаран гуайн “гэр театр” 

Г.Мягмарнаран гуай “Амьдрахуй” жүжигт дунд хүү М.Мөнхбат, бага хүү М.Батболдын хамт ажиллаж байгаа билээ. М.Мөнхбат жүжгийн тоглоомын даамал буюу банкирын дүрийг бүтээж байгаа бол М.Батболд ерөнхий найруулагч юм. Гэр бүлийн гурван хүн, тэр дундаа аав, хүү гурав хамтдаа нэг бүтээлд ажиллана гэдэг тэр бүр хүмүүст тохиох боломж биш мэт.  

Хүүхдүүдтэйгээ нэг бүтээлд ажиллана гэдэг нэг бодлын их аз жаргал. Бүтээх үйл явц бол хүнд хэцүү. Би гурван хүүтэй. Дунд хүү, бага хүүтэйгээ энэ жүжигт ажиллаж байна. Дунд хүүгийнхээ хамт бага хүүгийнхээ удирдлага дор ажиллаж байгаа юм л даа. Бүтээл туурвилын явцад муудалцаж, зөрчилдөх явдал бишгүй л гарч байна.  

МУАЖ Г.МЯГМАРНАРАН: Амьдралд чинь нар гарахыг үзэхийн тулд чи амьд байх хэрэгтэй

Та М.Батболд найруулагчийг мэргэжлээ солино гэхэд их эсэргүүцэж байсан гэсэн. Үрээ хүртэл харамламаар хэцүү зүйл энэ мэргэжилд юу байдаг юм бол? 

Тайз, дэлгэцийн уран бүтээл гэдэг байна аа, миний хүү... Мах цус, тархи, оюун сэтгэлээрээ хийдэг ажил байхгүй юу. Энэ бол хамгийн хэцүү ажил. Би бусад мэргэжлийг амархан гэсэн юм биш. Гэхдээ тайзны урлагт бүтээл урлах материал нь хүн учраас тархи, мэдрэлээ зориулдаг юм. Иймээс хамгийн зовлонтой хэцүү, гэхдээ оносон бол хамгийн жаргалтай ажил юм шүү дээ. Би энэ бэрхшээл зовлонгоос үр хүүхдээ хол байгаасай гэж хүссэн. Би л энэ ажил руу тэнэглэж орсноороо туулаад хорвоог баръя, үр хүүхэд минь өөр мэргэжил сонгож, өөр юманд хүчээ үзээсэй гэж бодсон юм.  

МУАЖ Г.МЯГМАРНАРАН: Амьдралд чинь нар гарахыг үзэхийн тулд чи амьд байх хэрэгтэй

“Би чинь нэг дүр бүтээхийн тулд зүрхээ шимшрүүлж, уйлж, тархиа гашилган бодож, шөнө зүүдэлж, гэр орноо мартаж хийдэг. Маргааш миний ард амьдрал байхгүй юм шиг би оюун сэтгэл, мах цусаа зориулдаг юм” 

Үр хүүхэд минь ийм халуун тогоо руу буцалж орох ямар хэрэгтэй юм бэ? Тийм учраас л энэ мэргэжлээс “хөөсөн”. Гэтэл үгүй юм байна. Тэд багаасаа намайг харж, надтай хамт театрт ирж, театрын амьдралыг туулсан болохоор “халдвар” авчихдаг юм байна. Ингээд энэ золигууд чинь хөөгөөд байхад араас дагаад л ороод ирэх юм. Одоо миний хамгийн том хүүгийн хүү Батаа комеди хийгээд, бас л урлагийн зам руу орчихсон. Батцэнгэл том хүү маань ч урлагт дуртай. Дунд хүү маань хар багаасаа театрын тайз, жижиг хэрэглэл үүрээд явж байсан учраас театрт ороод л ирсэн. Одоо би хөөхөө болиод, өөрсдөө мэдэг гээд орхидог болсон доо. Зарим хүмүүс “Мягмарнаран гуай гэр театр байгуулмаар юм даа” гэдэг л юм.  

“Монголын театр яг шатрын нүүдэл шиг шууд хожих гэж нүүж байна” 

Г.Мягмарнаран гуай Монголд лаборатори театр хэрэгжихгүй байгааг онцолсон юм. Лаборатори театр нь ихэвчлэн туршилт, бүтээлийн шинэлэг санаанд төвлөрдөг театрын нэг төрөл аж. Энэ нь жүжигчин, найруулагч, жүжгийн зохиолчдод шинэ санаа, илэрхийллийн хэлбэр, арга техникийг туршиж үзэх бүтээлч эрэл хайгуулын орон зайг бий болгодог давуу талтай. Ийм театрууд нь ихэвчлэн уламжлалт театрын хэв маягийг эсэргүүцэж, зоримог, уламжлалт бус бүтээлүүдийг дэмжин, нийгэм, улс төр, гүн ухааны ээдрээтэй сэдвүүдийг судалдаг билээ. Үүний тод жишээ нь “Флоридагийн лаборатори театр” юм 

МУАЖ Г.МЯГМАРНАРАН: Амьдралд чинь нар гарахыг үзэхийн тулд чи амьд байх хэрэгтэй

Бүтээл туурвих явцад зөрчилдөх явдал бишгүй л гардаг, гарах ч ёстой. Учир нь энэ бол эрлийн үе, манай театр бол лаборатори театр. Өнөөдрийн театрт лаборатори заавал байх ёстой. Аливаа шинжлэх ухаан лабораторигүйгээр бүтээл туурвилаа хийдэггүй. Олон улсын театрт үүнийг хийдэг ч ганцхан Монголын театрт л эхлээгүй байлаа. Монголын театр яг шатрын нүүдэл шиг шууд хожих гэж нүүж байна. Заавал лаборатори театр байх ёстойг өнөөдөр бүхий л олон улсын театрууд үйл ажиллагаагаараа баталж байна шүү дээ. Үүний нэг адил Орфей театр лаборатори театрыг ажил хэрэг болгож байна. Энэ нь Монголын бусад театрын хөгжлийн зам мөр болох учиртай.  

“Миний уран бүтээл дахиад цэцэглэж, дахин хавар болж байна” 

Хүү Батболд маань аргагүй л сургуулийг нь төгсөж, академик боловсрол эзэмшсэн хүний хувьд лаборатори театрыг эхлүүллээ. Би ч энд дахин суралцаж байна. Би Монголын театрт 60 гаруй жил уран бүтээлээ туурвисан хүн. Гэтэл өнөөдөр би хүүгийнхээ удирдлага дор лаборатори театрт дахин суралцаж байгаа минь энэ. Үүгээрээ миний уран бүтээл дахиад цэцэглэж, дахин хавар болж байна. Би алдахаас айхгүй байна. Надад айж эмээх юм ерөөсөө алга. 

МУАЖ Г.МЯГМАРНАРАН: Амьдралд чинь нар гарахыг үзэхийн тулд чи амьд байх хэрэгтэй

“Юу ч болсон ард түмний нэг, “бидний нэг” байх учиртай” 

Хүн болгоноор хайрлаж, хүндлэгдэнэ гэдэг сайхан хэрэг. Гэхдээ эргээд тэр их хайрыг дааж явна гэдэг хэцүү ажил мэт. Г.Мягмарнаран гуай ч үүнийг тойрч биш туулсаар яваа нэгэн билээ.  

Хүнд танигдаад, хүн бүр мэддэг болж эхлэхэд их сайхан байлаа. Урлагт байгаа өөрийгөө түмэн олонд таниулна гэдэг сайхан шүү дээ. Одоо бол олон зуун дүрийн ард гарсны дараа яршиг төвөг санагддаг юм. Автобусанд явж байхад хүмүүс таниад зураг даруулж, гарын үсэг авахад ядардаг болжээ, миний хүү. Магтаалд мансуурах үе надад ч байсан. Урлагт байгаа авьяасаа биш өөрийгөө гайхуулж, хөөргөдөг үе байдаг юм. Үүн рүү хэт “хөөсрөөд”, яваад орчих юм бол “баяртай” болно шүү дээ. Баяртай болж байгаа хүмүүс байна. Магтаал сайшаалыг даахгүй архи ууж, мансуурч явах хүмүүс байдаг. Тэгж л болохгүй, тэгэх тусам жолоогоо татаж “Би болоогүй шүү. Энэ хүн өнөөдөр магтсан ч маргааш намайг үүлэн дунд төөрөх үед миний өмнөөс харамсана” гэж бодон, газарт бууж, ард түмний нэг, бидний нэг байх хэрэгтэй. 

Та “Жүжигчин хүн нэг ажлын ард гараагүй байхдаа дараагийн ажлаа боддог шуналтай хүн” гэж нэг ярилцлагадаа хэлж байсан. Ийм шуналтай мэргэжлээр ажиллаж байхдаа шунасан дүрүүдээ бүтээв үү, одоо шунадаг дүр бий юу? 

Байна аа, байна. Гэхдээ чадал хүрэх, хүрэхгүйн асуудал бий. Яагаад чадал хүрэхгүй гэж байна вэ гэхээр би гурван жилийн өмнө айхтар хүнд өвдсөнөөсөө болж дуу авиа, хүч чадал маань надад гологдоод байна. Үүндээ харамсаж, эмзэглэдэг юм. Гэвч би өөрийнхөө чадлын хэмжээнд дүрүүдийг үлдээнэ. Өөрийн хэр хэмжээ хүрэхгүй зүйлийг мянга хүсээд чадахгүй байх гэж бодож байна даа. 

МУАЖ Г.МЯГМАРНАРАН: Амьдралд чинь нар гарахыг үзэхийн тулд чи амьд байх хэрэгтэй

“Амьдралд чинь нар гарахыг үзэхийн тулд чи амьд байх хэрэгтэй” 

Урлагийн хүн нэг уран бүтээлд ажиллаад нэг их сургууль төгслөө гэдэг юм. Үй Хуа зохиолчийн зохиолыг уншаад миний ойлгосон зүйл бол “Чи оршин байхын тулд хүлцэхүйг хэрэгжүүлэх ёстой”. Ээ, залуучууд минь, ямар ч гэсэн чи хүн болоод төрчихсөн л юм бол энэ амьдралд зовлонг нь ч, жаргалыг нь ч туулна. Бүгдийг нь туул, бүгдээрээ чиний багш. Үүний тулд чи эрүүл байж, амьд байх ёстой. Зовлон чинь ч чиний жаргал болно. Битгий зовлонгоос ай. Тэр давааны цаана заавал гэрэл гэгээ бий. Залуучууд энэ давааг давж чаддаггүй. Хамгийн амархан зам бол зовлонгийн өмнө сөхөрч, амиа егүүтгэх юм. Үхлийн цаана амьдрал бий шүү. Нар гарна. Үүнийг заавал үзэх хэрэгтэй. Үүний тулд амьд байх хэрэгтэй.  

“Хаана миний цэнэг дуусна, тэр цагт л цэг тавигдана” 

Би өөрийн бүтээсэн дүрүүдээр хүмүүст бага ч болов үлгэр жишээ, ухаарал өгсөн гэж боддог. Хэрвээ тэгсэн бол миний зорилго бүтсэн гэсэн үг. Иймээс ард түмний хайр, хамтарч ажилласан хүмүүсийнхээ ачаар би өнөөдөр хэдэн тэмдэг энгэртээ зүүгээд явж байна. Миний үр хүүхэд, ард түмэнд тайз дэлгэцэд бүтээсэн дүрүүд маань үлдэнэ. Өнөөдөр манай найз нөхөд, алтан үеийнхний бүтээсэн зүйлс ард түмний дунд үүрд мөнхрөн, шинэ юм шиг үлдэж байна шүү дээ.  

МУАЖ Г.МЯГМАРНАРАН: Амьдралд чинь нар гарахыг үзэхийн тулд чи амьд байх хэрэгтэй

Одоо бие маань улам дээрдэж байна. Эмч маань таван жилийн дараа гэхэд бүрэн эдгэнэ гэсэн. Би таван жил амраад байж байх ёстой шүү дээ. Гэтэл нэг мэдсэн эмнэлгээс гараад, зургаа авхуулаад, дүр бүтээгээд явж байна. Нэгэн бодлын эрүүл мэнддээ хайргүй, нэг бодлын эцсийнхээ юмыг амжиж хийх гээд байгаа хүн шиг санагддаг юм. Магадгүй миний зарим дүр амжиж хийх гэсэн, уран бүтээлийн сүүлийн ажил ч байж болох. Би үүний л төлөө төрчихсөн юм чинь. Хаана миний цэнэг дуусна, тэр цагт л цэг тавигдана. Би энэ хугацаанд олон кино, жүжигт “үхлээ”. Надад айгаад байх юм алга. Үхэл миний уран бүтээл болно, болох ч ёстой. Би алтан үеийнхнийг хамгийн сүүлчийн дүрээ бүтээгээд, бидэнтэй тэврэлдээд салж байхыг харж байсан. Иймээс энэ л замаар явна. Уран бүтээлчийн төгсгөл тийм л хувь тавилантай. Энэ бол ер гуниг биш. Би үүний төлөө гуниглахгүй гэж бодож байна. 

Ийнхүү бидний ярилцлага өндөрлөсөн юм. Г.Мягмарнаран гэх энэ агуу ертөнцтэй ярилцаж, түүний амьдрал, үзэл бодлыг сонсон суухад, үнэхээр л маргааш нар мандахыг харахын тулд амьдрах хүсэл буцлах шиг. Маргааш нар мандана, амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Гэхдээ өдөр бүр хар бараан байхгүй, гэрэл гарч ирнэ. Иймээс өнөөдөрт шантралгүйгээр маргааш руу тэмүүлээрэй. Уншигч танд энэ ярилцлага, нэгийг бодуулж, хоёрыг тунгаалгасан гэдэгт итгэлтэй байна. Бидний нэг болж ярилцсан МУАЖ Г.Мягмарнаран танд талархлаа. Шимтэн уншсан уншигч танд ч баярлалаа. Амьдралд тань нар гарахыг үзэхийн тулд та өнөөдөр амьдрах хэрэгтэй. 

Гэрэл зургийг: Л.Буд