Ном бол мөнхийн эргэлт. Мөнхийн хөдөлгөөн бас мөнхийн хөдөлгүүр. Эрт эдүгээгээс өнөөдрийг хүртэл хүн төрөлхтний хамгийн “амттай хоол” гэж нэрлэж болохуйц энэхүү бүтээгдэхүүнийг дээдлэх, тахин шүтэх гэхээс илүүтэйгээр ашиглаж, унших, хэрэглэхэд л гол утга учир нь бий болов уу.
Нэгэн зохиолч би “номд дурладаггүй. Эмэгтэй хүнд дурладаг. Харин номыг уншдаг. Залуус номд дурлаад байх юм. Их сонин” гэж хэлсэн удаатай.
Улаанбаатар хотын хамгийн их уншигдсан, хэрэглэгдсэн, ноорсон ховор содон номууд хаана байдгийг та мэдэх үү?
Одоо танд хэлж өгье.
Эндхийн бүх номд дурсамж, өөр өөрийн туулсан түүх бий. Захын нэг номыг аваад харахад л “Хайрт С.Цэнддээ дурсгав. 1992 он”, “Чинбаадаа хорвоогийн хамгийн сайн сайхныг хүсье. Найз Ганболороос”, “Шавьдаа эрхэмлэн барив. Зохиолч Д.Цэнджав” гэх мэтчилэн олон олон гарын үсэг дурайх энэ номуудын хуудас бүрээс баяр жаргал, уйтгар гуниг нэвт үнэртэх ажээ.
Яаж яваад өнөө энэхүү хуучин номын худалдаа эрхлэгчдийн гар дээр ирснийг бурхан л мэдэх буй за.
Эл номуудыг худалдан борлуулж буй “Номын худалдааны төв” нэртэй энэхүү газарт 50 гаруй худалдаа эрхлэгчид үйл ажиллагаа явуулах бөгөөд үүдээр нь ороход л “За ямар ном хайж байна. Асуугаарай залуу” хэмээн угтах аж ээ.
Гэнэтийн асуултад балмагдахдаа “Данте Алигьерийн Тэнгэрлэг туульс. Ц.Хасбаатарын орчуулгаар 1981 онд хэвлэгдсэн нь байна уу” гэхэд “За, тэр чинь ёстой олддоггүй дамшиг байгаа юм. Тэр хамгийн хойд талын лангуун дээр очоод асуугаарай” гэнэ.
Цахим болон хувь хүмүүсээс хайгаад ч олддоггүй Данте Алигьерийн Тэнгэрлэг туульс номын 1981 оны хувилбар Ч.Эрдэнэбаяр гэх худалдаа эрхлэгчид байхтай ийнхүү таарсан билээ.
Ч.Эрдэнэбаяр “Би Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын иргэн. Энд 15 жил гаруй хугацаанд үйл ажиллагаа явуулж байна. Ном зарлаа гээд муудсан юм алга. Мөр нь цагаан байдаг юм даа, хө. Нэг талаараа буян гэж боддог. Хэдийгээр хуучин ном худалдаалж байгаа ч хүмүүсийн дурсамжийг олж өгч байгаа л гэж боддог. Судалгаа хийдэг хүмүүс эрдэм шинжилгээний ажилдаа зориулж хуучны ном хайж явах хэдий ч байнга тийм зүйл тохиолдохгүй. Харин бага насандаа аав ээж, өвөө эмээтэйгээ уншиж байсан номуудаа яг тийм хуучны хэвлэлээр нь хайж явах нь элбэг байдаг юм. Тэгэхээр бид чинь хүмүүст хайсан дурсамжийг нь олж өгч байгаа хүмүүс болж таарч байгаа юм.
Мэдээж бид худалдаалах гэж буй номд юу гардаг, яадаг ийдгийг мэддэг байх ёстой. Мэдэхийн тулд уншина шүү дээ. Эс бөгөөс энэ салбараас арчигдана. Чи бод доо, нэг хүүхэд ирээд ах аа үүн дээр юу гардаг вэ? Ямар ном уншвал зүгээр вэ, зөвлөөч гэвэл таг дуугүй байж бас болохгүй байх аа.”
Хуучин номын худалдаанаас ном хайж буй ихэнх иргэд бага насны дурсамжтайгаа холбоотойгоор худалдан авалт хийдэг гэнэ. Хүн хэзээ ч сайхан дурсамжаасаа гар, сэтгэл татдаггүй гэдэг үнэн бололтой. Том номын дэлгүүрүүдээс шинэ дизайн, чанартай хэвлэл зэргээс сонгож худалдан авч болох хэдий ч хэзээ ч хуучин номын үнэр, найз нөхдөөрөө дамжуулан дамжуулан номд эргэж буцалтгүй орсон дурсамжаа худалдан авч чаддаггүй аж.
Иргэн М.Балгансүрэн бага насандаа өвөө нь авдраасаа гаргаж ирсэн “Харуул Алтай” номыг огт мартдаггүй гэнэ. Түүнийг уншсан цагаас эхлээд номд эргэж буцалтгүй орсон талаараа ийн дурслаа. “Би өнөөдөр Харуул Алтай номын хүрэн уул зурсан хавтастай тэр номыг хайж явна. Тэр үедээ уншаад л мартчихсан байх. Сүүлийн үед өвөө маань зүүдэнд орж ирээд байх болсон. Тэгээд өвөөтэйгөө холбоотой ямар дурсамж байдаг билээ гэж бодсон чинь авдраасаа гаргаж ирээд л өгч байсан өнөөх ном санаанд ороод, хайж олж уншдаг юм бил үү гэж бодлоо. Хүүхэд ахуйд ойлгоогүй тэгсгээд л өнгөрсөн. Одоо эргээд уншихад ямар байх нь вэ үзмээр санагдаад хайж явна.
Мөн хоёр буурын тухай гардаг “Нандин” гэдэг нэртэй бил үү, тийм ном бий. Нэрийг нь сайн санахгүй байгаа болохоор олж чадахгүй явна. Хүүхэд байхдаа уншаад уйлаад, нус нулимстайгаа холилдож байсан. Түүнийг олчихвол гоё оо. Мөн эндээс Ц.Дамдинсүрэнгийн “Хоёр цагаан юм” нэртэй өгүүллэгийн түүврийг олж авлаа. Энэ дотор “Өлзийтийн хээр” гэж өгүүллэг бий. Бас л сайхан дурсамж сэргэнэ гэж найдъя” хэмээн ярилаа.
Сонирхуулахад, хуучин номын үнэ ханш 1,000 төгрөгөөс эхлүүлээд 350 мянган төгрөгийн хооронд үнэтэй. Ховор содон, гадуур олдоцгүй болох тусмаа үнэ нь нэмэгддэг байна. Мөн зарим багцаараа хэвлэгдсэн боть номууд 700,000-2.5 сая хүртэлх үнээр худалдаалагддаг.
Улаанбаатар хотын ямар ч дэлгүүрээр орсон өрийн дэвтэр гэж бий. Олон олон хүний нэрс бичээтэй тус дэвтэр дээр талх, сүү, будаа, гурил гээд хүнсний бүтээгдэхүүн зээлээр авсан түүх өгүүлээтэй байдаг. Өр зээл болгон “дараагийн цалин буухаар өгнө” гэсэн үгэнд дараастай. Тэгвэл яг үүн шиг номыг зээлээр авдаг гэдгийг та мэддэг байсан уу. Багшийн дээдийн автобусны буудалд “Ном авна, зарна, солино” гэх бичигтэй 10 гаруй түц байх аж.
Эдгээр түцийн нэгийнх нь “босс” А.Байгальмандах оюутнууд виза карт, иргэний үнэмлэх зэргээ барьцаанд үлдээж, ном зээлээр авдаг байна. Тэрбээр “Даашинхүү”-гийн пүүс лугаа өрийн дэвтэр зузаарах тусам таатай мэдрэмж төрдөг аж. Гэхдээ тэднээс өөр нь ямар нэгэн ашиг орлого нэмэгдүүлэхдээ бус залуусыг номд ингэтэл хорхойсон буйд нь ийнхүү баярладаг байна.
Энэ тухайгаа тэр ярихдаа “Эгч нь энд 20 гаруй жил ном худалдаалж байна. Анх ээжийнхээ монетан бөгжийг ломбардад тавиад л эхлүүлж байсан. Гэхдээ буцаагаад авсан шүү. Түүнээс хойш хоёрын хоёр хүүхдээ оюутан болгоод төгсгөчихлөө. Энэ хэдэн номын буян ингэж ирдэг юм байна. Надаас хүүхдүүд ном зээлээр их авна. Тэглээ гээд би хоосорсонгүй. Адилхан л татвар, түрээсээ төлөөд болоод л байна. Ном зээлсэн хүүхдүүд итгэл алдана гэж нэгээхэн ч үгүй. Бие даалтаа хийчхээд уншиж дуусаад буцаагаад өгнө. Эсвэл төлбөрөө хуваагаад төлнө. Ном эрдмийн төлөө яваа тэднээс би юугаа харамлах вэ дээ. Үнэхээр уншдаг л бол би энэ өрийн дэвтэр гэдгийг зузаарах тусам баярладаг. Ер нь бага залуугаасаа номтой нөхөрлөсөн хүмүүс үнэнч шударга болж төлөвшдөг юм билээ. Энд суугаад овойж оцойтол баяжихгүй ч гэсэн хоёр идэхгүй хоосон хонохгүй болоод л байна. Нээрэн хүмүүс нэг зүйлийг сайн мэддэггүй юм билээ. Хэрвээ та уншиж дууссан номоо бариад ирвэл манайхаас солиод өгч бас болдог шүү” хэмээн ярьж байлаа.
Хуучин номын худалдаа эрхлэгчид магадгүй хамгийн сайн уншигчид, шүүмжлэгчид, эрэл хайгуулчид мэт санагдсан. Тэгээд манай сурвалжилгаар дамжуулан нэгэн зүйлийг заавал уламжилж өгөхийг хүссэн юм. Тэр нь арван жилийн сурах бичиг дэндүү хоцрогдсон агуулга шинэчлэгддэггүй талаар сануулав. Тодруулбал, жил болгон гаднах хавтсыг нь онтой нь солиод доторх агуулгыг нь өөрчлөлгүй хуудасны байршлыг сольсон байдаг гэнэ. Үүнд төр засаг, Боловсролын яамыг нэн тэргүүнд анхаарахыг хүсэв.
Жишээлэхэд, математикийн сурах бичиг л гэхэд 2014 оноос өнөөг хүртэл доторх агуулгаа шинэчлээгүй байгаад тэд шүүмжлэлтэй хандаж буйгаа хэлсэн юм.
БНСУ-д хуучин номын худалдаа нь ихэнхдээ хар захынхаа ойролцоо байдаг юм билээ. Түм түжигнэж, бум бужигнасан тус газрууд контейнер мэт жижигхэн өрөө тасалгаанд байрлах бөгөөд зарим нөхцөлд ил лангуу болон , газраар дэлгээтэй байдаг. Үнийн хувьд 5 мянган воноос эхэлдэг. Хамгийн хэцүү нь тус газруудаас яг зорьсон, хайсан номоо олно гэдэг тун бэрх. Худалдагчид нь барагтай бол хариулт өгөхгүй, ном уншаад сууж байдаг. Ийн сууж ахуйд нь саад болсон хүнд жаахан дурамжхан ханддаг.
Номын төрлийн хувьд тус улсын түүх соёл шашнаас гадна, хоолны тухай номууд ихэвчлэн байдаг нь анзаарагдсан. Хоол хэрхэн хийх вэ, ямар орц ордог вэ ч гэдэг юм уу. Тиймэрхүү номууд олон таарсан.
Тегераны хачирхалтай номын худалдаа
Исламын бүгд найрамдах Иран улсын нийслэл Тегераны нэг дүүрэг тэр чигээрээ номын задгай зах байдаг аж. Бороонд норгохгүй гэж л хураахаас бусдаар битүү мухлагууд нь шөнөжингөө онгорхой байдаг. Хүмүүс дураараа ном үзчихээд, маргааш эзэнтэй нь тооцоо хийхээр авах номоо ялгаж тавьчхаад явдаг байна. Өглөө эрт эзэн нь ирээгүй, номууд нь явган замаар хөглөрөөстэй байдаг нь сонирхол татахуйц юм.
Төгсгөлд, нэг талаар хүмүүс гудамжны болон хуучин номын худалдааг шүүмжилдэг. Учир нь зарим төрлийн номуудыг үнэгүйдүүлж байна гэж үздэг. Гэтэл энэ нь нөгөө талаасаа ном дагасан зайлшгүй байх соёлуудын нэг гэдгийг худалдаа эрхлэгчид болон худалдан авагчид онцолсон юм. Дэлхий нийтийн номын зах зээл ч мөн адил энэ жишгийн дагуу өрнөж байгаа гэдгийг онцолъё.