Дэлхийд цор ганц монгол уран зургуудыг хадгалж, хамгаалахыг чухалчлах нь
Сонгодог урлаг
Б.Намуун
Б.Намуун
2024.08.12
5 минут
Дэлхийд цор ганц монгол уран зургуудыг хадгалж, хамгаалахыг чухалчлах нь

Төдийгөөс өдий хүртэл бидний бишрэн харж, шагшин магтаж ирсэн уран зургууд нь өнө эртний түүх соёл, тухайн үеийн нийгмийнхээ гэрч болсоор ирсэн билээ. Уран зургийн нэг зураас, өнгө будаг, эртний нэхмэлийн хөвөрсөн утас, өгөршсөн баримлын жижиг хэсэг бүрд хүн төрөлхтний түүх оршин буй. Урлагийн сор бүтээл бүтээнэ гэдэг гайхамшиг. Үүний адил, цаашид бүтээлийг урт настайгаар хадгалж үлдэх хамгаалагч байна гэдэг нь дутуугүй хүндтэй үйл юм. Хамгаалах үйл явц нь эх бүтээлд гүн хүндэтгэлтэй хандахаас эхэлдэг.  

Дэлхийд цор ганц монгол уран зургуудыг хадгалж, хамгаалахыг чухалчлах нь

Яагаад галерей болон музейд зураг дарах хориотой байдаг вэ? 

Түүх, гоо үзэсгэлэнг хамгаалах учиртай уран зургийн галерей, музей нь сэтгэлгүй эсвэл мэдлэггүй, мэдрэмж дутуу хүмүүсийн уршгаар олноор сүйдэж байв. Уран зургийн галерей, музей бол зүгээр л хадгалагч биш, урлагийн сүнсийг хамгаалах ёстой газар учраас хүрээлэн буй орчны булан тохой бүрд нь хүндэтгэл шингэх учиртай. Энэ урлагийн сүнсийг хадгалагч газар ямар байх ёстой вэ?  

Уран зураг хадгалах хамгийн оновчтой температур нь 18°C-аас 21°C байдаг ба хадгалалтын хэм тогтвортой байх нь чухал. Байнгын температурын өөрчлөлтөөс болж уран зургийн будаг, цаас, даавуу зэрэг нь агшиж, сунан, хагарч, эвдэрдэг (Michalski, Stefan, 2000). Харин орчны чийгшил 45-55 хувийн тогтмол байх нь зүйтэй. Орчны чийгшил 40 хувиас доошлох үед зураг хатаж хагарах бол 60 хувиас дээш үед хөгц үүсэж, будаг зөөлрөх эрсдэлтэй аж (Thomson, Garry, 1986).  

Дэлхийд цор ганц монгол уран зургуудыг хадгалж, хамгаалахыг чухалчлах нь
Ардын зураач О.Цэвэгжав "Эмнэг сургагч"

Бүтээлийн эргэн тойронд нар шууд тусах цонхгүй, цонх байлаа ч нарны гэрэл бүдэг байдгийг анзаарч байсан уу? Нарны хэт ягаан туяа зургийн өнгийг бүдгэрүүлдэг учраас цонхнууд туяаны шүүлтүүртэй байдаг нь тэр юм. Тосон будгийн гэрлийн түвшин 150-200 люксээс бага байдаг бол цаасан, нэхмэл зургийнх 50 люкс байх ёстой аж. Түүнчлэн галерей болон музейн гэрлүүд дулаан ялгаруулдаггүй, сэрүүн LED гэрлүүд байдаг. Тэр бүү хэл зураг дарах үед гарах гэрэл ч зургийн чанарт нөлөөлдөг учраас үзэгчдэд зураг дарж болохгүйг сануулдаг байна.  

Дэлхийд цор ганц 4000 гаруй бүтээлийн “гэр”- Монголын уран зургийн галерей 

Яруу найрагч, зохиолч О.Дашбалбар 1981 онд “Үнэн” сонинд нийтэлсэн “Мөнхийн бүтээлүүд мөхлийн ирмэгт” нийтлэлдээ “Хааны ордон музей, сүм музейд буй бүх бүтээл өвөлд “хүйтэн тамд”, зунд “халуун тамд” тарчилж, хэврэгшин муудсаар байгаа...” хэмээсэн байдаг.   

Тэгвэл өдгөө 1991 оноос хойш 4000 гаруй урлагийн бүтээлийг хадгалж буй Монголын уран зургийн галерейн нөхцөл байдал ямар байна вэ?  Уг  галерейн сан хөмрөгч Б.Мөнгөнчимэг “Хүмүүст зориулсан агааржуулах систем нь зурагт өөрчлөлт оруулах учраас галерей одоогоор агааржуулагчгүй байгаа. Манай улс шиг эрс тэс уур амьсгалд галерейн чийгшил, халуун, хүйтнийг нэг хэвийн байлгахын тулд хэсэгчилсэн агааржуулагчийг ажиллуулдаггүй” хэмээв. Хэдийгээр нэгдсэн агааржуулах системийг бүрэн шийдээгүй ч урлаг, соёлын өвийг урт настайгаар хадгалж үлдэхийн тулд өвөлд нь хүйтэн там, зунд нь халуун там болгохгүйгээр ижил хэм, чийгшилд хадгалдаг учраас Монголын уран зургийн галерейн 4000 гаруй бүтээл аюулгүй байх нь.  

Дэлхийд цор ганц монгол уран зургуудыг хадгалж, хамгаалахыг чухалчлах нь

Хамгийн их гаднын халдлагад өртсөн уран зураг гэгддэг "Мона Лиза" руу хүчил, будаг цацах, чулуу, хоол хүнс шидэх зэрэг тохиолдол үе үе гардаг. Иймээс зургийг сум нэвтэрдэггүй шилээр хамгаалсан билээ. Монголын уран зургийн галерейд ч “Азарганы ноцолдоон”, “Ажлын дараа”, “Талын айл” зэрэг Монголын хосгүй үнэт бүтээлүүд хадгалагдаж буй. Иймээс болзошгүй аюулаас сэргийлж 2023 онд хосгүй үнэт бүтээлүүдийг шилээр хамгаалжээ. Уг шил нь хагарахгүй, хагарсан ч зургаа гэмтээхгүйгээр доош бутарч унадаг зориулалтын шил гэдгийг сан хөмрөгч онцлов.  

Дэлхийд цор ганц монгол уран зургуудыг хадгалж, хамгаалахыг чухалчлах нь
Ардын зураач О.Цэвэгжав "Азарганы ноцолдоон"

Нэгэнт гэмтсэн бүтээлийг “Заяа нь мэдэг” гээд хаячихдаггүй, сэргээн засварладаг. Уран зураг сэргээн засварлана гэдэг лабораторын түвшний их үйл бөгөөд Монголын уран зургийн галерей 2023 онд уран зураг сэргээн засварлах лабораторитой болсон юм. Ийнхүү лабораторитоо одоогоор 10 орчим бүтээл сэргээжээ. Тус галерейн сэргээн засварлагч Т.Анударь “Бүтээлээс хамаарч засах хугацаа харилцан адилгүй ба нэг бүтээлийг хэдэн жилийн турш засах нь ч бий” хэмээв.  

Бүтээлийг устахаас хамгаалж, сэргээх нь чухал хэдий ч мөн тухайн зургийн хагарал, урагдаж цоорсон хэсэг, жижиг толбо бүр нь түүний туулсан замыг гэрчилдэг билээ. Иймээс эх бүтээлийг хүндлэх асуудал дахин дахин дурдагдана. Нэг ёсондоо уран зургийн хадгалалт, сэргээн засварлах үйл явц нь одоо цагийг өнгөрсөн ба ирээдүйтэй холбосон цаг үе хоорондын гүүр юм.

Дэлхийд цор ганц монгол уран зургуудыг хадгалж, хамгаалахыг чухалчлах нь
Микеланжело "Систин сүмийн таазны зураг"

 Таван зуу гаруй жилийн өмнө Микеланжелогийн зурсан Систин сүмийн тааз дахь зураг тортог, шороонд дарагдан, юу байгаа нь ялгарах аргагүй болж байв. Иймээс таазыг цэвэрлэх шийдвэр гаргасан нь сайшаал, шүүмжлэлийн аль алиныг хүртсэн. Сэргээн зассанаар олон зууны турш нуугдаж байсан зургийн гоо сайхан дахин тодорсон ч Микеланжелогийн анхны санааг өөрчилсөн гэх маргааныг дагуулсан юм. Харин Монголын уран зургийн галерейн хувьд эх бүтээлээс өөрчлөгдсөн гэх шүүмжлэл ирж байгаагүйг сэргээн засварлагч Т.Анударь дурдлаа.  

“Үрчлүүлсэн” уран зургууд “гэртээ” ирсээр... 

2009 оны галын аюулаас үүдэн 900 орчим бүтээл “шархдаж” хоцорсон. Харин одоо Монголын уран зургийн галерейд сэргээн засварлах шаардлагатай 300 гаруй бүтээл бий. Засварлах ажлыг эрчимжүүлэхээр 2019 оноос “Урлагийн бүтээл үрчлүүлэх”, 2020 оноос “Урлагийн бүтээл сэргээн бүтээлгэх” гэсэн хоёр хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа аж.  

Дэлхийд цор ганц монгол уран зургуудыг хадгалж, хамгаалахыг чухалчлах нь
Ардын зураач Д.Амгалан "Жаахан шаргын нутагт"

Урлагт хайртай, дэлхийд цор ганц тэдгээр бүтээлийг дахин “амилуулах” хүсэлтэй хувь хүн, албан байгууллагуудад бүтээлийг “үрчлүүлснээр” сэргээх зардлыг ивээн тэтгэдэг. Харин ивээн тэтгэгчид цаашид тухайн бүтээлийн гэрэл зургийг тодорхой тооны бүтээгдэхүүнд ашиглах боломжтой болох юм. Ардын зураач Д.Амгалангийн "Жаахан шаргын нутагт", Ардын зураач  О.Цэвэгжавын “Эмнэг сургагч” бүтээлүүд гэмтсэн байсныг ч сайхан сэтгэлт хувь хүн, байгууллагад “үрчлүүлсний” үр дүнд дахин олны мэлмийг мялаах боломжтой болжээ. Зургийг засварласнаас хойш дахин гэмтээхгүйн тулд хадгалалт, хамгаалалтаа сайжруулж, галерейн ажилтнууд бүтээлтэй үргэлж нэг удаагийн бээлийтэй харьцан,  сургалт хөтөлбөрт тогтмол хамрагддаг байна. Өвдсөн үедээ л эмнэлэг барааддагийн адилаар гэмтсэн хойно нь сэргээх биш, өвдөхөөс нь өмнө арчилж тордох нь нэн тэргүүний ажил билээ. 

Дэлхийд цор ганц монгол уран зургуудыг хадгалж, хамгаалахыг чухалчлах нь
Ардын зураач Б.Шарав "В.И.Ленин"

Хэдэн зууны түүхийг тээж бидэнд ирсэн уран бүтээлүүдийг тухайн галерей, музейн ажилтнууд нүдний цэцгий мэт хайрлаж, хамгаалдаг учраас үзэгч бид ч хүндэтгэлтэй хандаж, ажилтнуудын тавьсан шаардлагыг дагах учиртай. Монголын уран зургийн галерейд л гэхэд бүтэн зууныг дамжин, өнөөдөр ч бид шагшин хардаг XX зууны эхэн үеийн Монголын дүрслэх урлагийн нэрт төлөөлөгч, уран зураач Б.Шарав гуайн 1922 онд зурсан “В.И.Ленин” хэмээх Лениний хөрөг хадгалагддаг. Эдгээр бүтээлийг цаашид өнө удаан жил хадгалж үлдэхэд бидний үүрэг оролцоо нэн чухал. Өчигдрийн гайхамшигт бүтээлүүд маргаашийн үзэгчдийн сэтгэлд хоногшсон хэвээр байх болтугай. 

Гэрэл зургийг: Л.Буд