Амьдралд урлаг хөг нэмж, урлагийг амьдрал амилуулна. Хүүхэд наснаасаа өөрийн дотор орших тэр нэгэн уран бүтээлчийг хүсэл тэмүүллээр хөглөж, уран бүтээлээрээ дамжуулан дуу хоолойгоо илэрхийлж яваа залуу үеийн төлөөлөл бол Cherry Bomb хамтлагийн ахлагч Д.Ариунзаяа билээ. Тэрбээр хориодхон насандаа урлагийн салбарт шинэ өнгө төрхийг бүрдүүлж, 1,500 гаруй хүүхдийг бүжгийн урлагаар дамжуулан өөрийгөө илэрхийлэхэд туслах гүүр болж яваа нэгэн юм.
Түүний бага насны дурсамжид аавыгаа тайзан дээр дуулахыг сонсож өнгөрүүлсэн өдрүүд, ээжийнх нь хоолой гэр дүүргэх мөчүүд тодоос тод үлджээ. Сонгодог урлагийн гэр бүлд өссөн охин багаасаа л дуулж, бүжиглэх дуртай байсан тухайгаа хуваалцсанаар бидний ярилцлага эхэллээ.
“Миний бага нас тэр чигээрээ л урлагтай ойр өнгөрсөн. Сэтгэл хөдлөлөө үгээр илэрхийлж чадахгүй үе гэж байдаг шүү дээ. Дотроо байгаа тэр их мэдрэмжээ бусдад хэрхэн ойлгуулахаа мэдэхгүй үед бүжгээр өөрийгөө илэрхийлдэг. Учир нь бүжгийн хөдөлгөөнд ямар нэгэн хязгаар гэж байхгүй. Тэр хэрээрээ ямар ч утга санааг илэрхийлж болох нь хамгийн гайхалтай. Би бүжиглэж байхдаа хаана ч хэнтэй, ямар ч сэдвийн хүрээнд ярилцсанаас илүү тухтай байдаг.”
Түүний хувьд ахлах сургуулийн сурагч байхаасаа л ангийнхаа хүүхдүүдтэй хамтлаг болон бүжиглэдэг байсан бөгөөд хэд хэдэн бүжгийн хамтлаг, продакшнд харьяалагдаж байжээ. Ийнхүү тэрбээр дуртай зүйлийнхээ төлөө тууштай тэмүүлсээр хүсэл мөрөөдөл нэгтэй хүүхдүүдийн хамтаар Cherry Bomb хамтлагаа 2020 оны наймдугаар сарын 18-ны өдөр байгуулсан байна.
“Би 14 настайгаасаа аль хэдийн хөл дээрээ боссон хүчтэй хамт олны нэг хэсэг болоод суралцаад үзье гээд хэд хэдэн хамтлагийн гишүүн байж үзсэн. Тэр үед “Би энд байх ёстой хүн биш юм байна. Магадгүй урлагийн салбарыг орхих хэрэгтэй байх” гэж бодогддог, мөрөөдлөөсөө шантарч байсан үеүд ч байгаа. Эндээс ойлгосон зүйл бол хүн хэрвээ зөв газраа байгаа бол үнэ цэнтэй нэгэн байж чаддаг. Хийх ёстой зүйлсээ чин сэтгэлээсээ хийж болдог юм байна. Харин буруу газраа байгаа цагт яаж ч хичээсэн болдоггүй юм байна гэдгийг л ойлгосон. Тиймээс өөрийн зөв хүрээллийг үүсгэн хэн бүхэнд нээлттэй, яг л гэртээ байгаа юм шиг халуун дотно мэдрэмжийг аваасай гэсэндээ хамтлагийн гишүүдээ бүрдүүлж байсан юм.”
"Бидэнд тулгарч байсан хамгийн том асуудал бол бэлтгэлийн заал байлаа. Үнэнийг хэлэхэд 2023 он хүртэл одоо байгаа үндсэн гишүүд маань цалин авч үзээгүй. Хамтдаа “бүжиг” гэх нэг хүсэл зорилгын дор нэгдсэн учраас заалнаас заал дамжин, цагийн ажил хийж, олсон орлогоороо түрээсээ төлдөг байсан юм. Байшингийнхаа тоосго бүрийг хамтдаа л өрж явна даа. Аливаа зүйлд тэр дундаа урлагийн салбарт ямар нэгэн бэлэн орчин л байх юм бол хүн тэнд маш хурдан хөгжих боломжтой байдаг шүү дээ. Хэрвээ бид зөвхөн бүжгийн бэлтгэлдээ л анхаараад явбал маш хурдан сайжирч, хөгжих боломжтой. Гэтэл бидэнд санаа зовох олон асуудал байсан. “Яаж заалныхаа түрээсийг олох вэ? Сургалт орлоо гэхэд хүүхдүүдээ хэрхэн бүрдүүлэх вэ? Сургалтад хамрагдаж байгаа хүмүүсээ хэрхэн тав тухтай, цэвэрхэн орчинд байлгах вэ?” зэрэг олон зүйлд санаа зовдог байсан учраас өөрсдөдөө зарцуулах цаг маш хомс. Харин саяхан бүрэн хэмжээний бүжгийн заалтай болсноор бүжгийн сургалтаа тогтмол орох боломжтой болсон шүү."
Дөрвөн жилийн өмнө тэд тэмцээнд оролцон байр эзлэх, чанартай бүжгийн бичлэгтэй болох зэрэг зорилго дэвшүүлэн хүсэл мөрөөдлөө биелүүлэх эхлэлээ тавьж байжээ. Харин өнөөдөр тэдний зорилго хэрхэн өргөн уудам болж, түүнийхээ төлөө хэрхэн бэлтгэгдэж байгааг сонсон суухад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрж байлаа.
“Анх хамтлагаа байгуулахдаа хүүхдийн цагаахан мөрөөдлөөр жижиг зорилгууд дэвшүүлж байсан. Харин цаг хугацааны явцад урлагаа орхиж болохгүй юм байна гэдгээ ойлгож, зорилгоо илүү томоор тодорхойлох болсон. “Бүгдээрээ гоё дуутай болбол ямар байх бол?” гэж их бодно. Монголд бүжигчин, дуучин олон байна. Гэхдээ олон улсад цахиур хагалж байгаа дуучид бүжгээ хэзээ ч орхигдуулаагүй байдаг шүү дээ. Монголд дуулж, бүжиглэдэг дуучид байгаа бил үү гэж бодохоор маш цөөхөн. Тиймээс бүжиг, дууг хослуулан хэрхэн дэлхий дахинаа Монголын урлагийг сурталчлах вэ гэж ярилцаж байгаад өөрсдийн гэсэн дуу гаргахыг хүсдэг байсан ч зоригтой хөдлөөд, шууд хийе гэж бодож байгаагүй. Харин өнгөрсөн жил Авьяаслаг монголчууд шоу нэвтрүүлгийн финалын шатанд зориулж анхныхаа уран бүтээлийг гаргасан юм.”
Тэд анхны уран бүтээл болох “Тусгаар тогтнол” дуугаараа нийгэмд эмзэглэж явдаг асуудлыг илэрхийлэхийг зорьсон бөгөөд тусгаар тогтнол түүний үнэ цэнийн талаарх сэдвийг хөндөж, уран бүтээлээрээ дамжуулан үе тэнгийн залуустаа эх түүхээ эргэн санахыг уриалжээ.
“Бид энэ нийгэмд эмзэглэж явдаг чухал сэдвүүдийг хөндөж “Тусгаар тогтнол” дуугаа зохиосон. Энэ сэдвийн талаар ярьдаг хүмүүсийн дийлэнх нь бидний аав, ээж нарын үеийнхэн байдаг. Тэд жагсдаг, тэмцдэг. Залуучууд нэг их ойшоодоггүй. Тиймээс залуу үеийн төлөөлөл буюу бид энэ талаар дуу хоолойгоо хүргэх юм бол нийгэм яаж хүлээж авах бол гэж бодоод дууныхаа санааг гаргасан юм. Дүү нар маань “аан, тусгаар тогтнол гэж ийм зүйлийг хэлдэг юм уу? Бид эрхэмлэх ёстой юм байна”, “бидний үеийн залуус энэ сэдвээр ярилцах нь сонирхолгүй гэж боддог байлаа. Бид энэ тухай ярих нь чухал юм байна гэдгийг ойлголоо” зэргээр сэтгэгдлээ хуваалцахыг хараад бидний дуу хоолой хүрэх ёстой хүмүүстээ хүржээ гэж бодсон.”
Cherry Bomb хамтлагийн сүүлийн нэг жилийн хугацаан дахь амжилт, ололт чамлахааргүй олон. “Авьяаслаг монголчууд” шоу нэвтрүүлэгт гуравдугаар байр эзэлж, “Kpop World Cover King” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 195 орноос сонгогдон урилгаар оролцсон 13 орны нэг болсны сацуу кпоп бүжгийн төрөлд анхны дэлхийн аваргыг эх орондоо авчирсан юм.
“Дэлхийн олон орноос хамгийн туршлагатай, хамгийн өндөр хандалттай гэсэн бүжгийн 13 хамтлагийг сонгон урилгаар оролцуулсан энэхүү тэмцээнд Монгол Улс анх удаагаа оролцсон. Зөвхөн бид сонгогдсондоо биш Монгол гэдэг улс сонгогдож байгаа нь их бахархууштай шүү дээ. Тэр ч утгаараа сэтгэгдэл маш өндөр байсан гэх үү дээ. Мөн хамтлагийнхаа үндсэн гишүүдээрээ хамтдаа хөгжилтэй, гоё зүйл хийгээгүй удсан учраас мартагдашгүй дурсамж бүтээсэн үйл явдал болж өнгөрсөн. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд бид бүжгийн бичлэг хийх болгондоо камер түрээслээд, коверлож байгаа дууныхаа хувцсыг дуурайлгаж өөрсдөө оёхыг нь оёод, худалдаж авахыг нь аваад аль болох л мэргэжлийн байх гэж хичээдэг байсан юм. Өөрсдийн чадамжийг бага гэж үнэлэхгүй “хүсэх л юм бол чадна” гэж, боломжгүй зүйлсийг ч боломжтой болгохын төлөө бичлэг бүрээ чанартай хийсний дүнд 195 орноос сонгогдсон арван гуравхан улсын нэг болж, тэргүүн байраар шалгарсандаа маш их баяртай байгаа.”
Залуусын төлөөлөл болон хаа газартай хамтарч ажиллахад дутуу үнэлсэн өнгө аясаар харьцдаг гэдгийг тэрбээр нуусангүй. “Ер нь залуу хүмүүс зохих хэмжээнээсээ доогуур үнэлэгддэг юм шиг санагддаг. Гэхдээ бид хүчтэй шүү дээ. Нийгэм залуусыг жоохон хүүхэд гэдэг утгаар нь биш ур чадвараар нь үнэлдэг болчихвол хүн бүрд ээлтэй, эрх тэгш нийгмийг цогцлооно гэдэгт итгэдэг” талаараа хуваалцсан юм.
Өөрийн хүсэл мөрөөдлийг бодит болгож, өөр олон хүүхдийг бүжгийн урлагт хөтлөн яваа түүнд шантрах өдрүүд ч олон байжээ. Өсвөр наснаасаа эхлэн бүжиглэж эхэлсэн энэ хугацаан дахь тууштай байдалд хамгийн их нөлөөлсөн зүйл бол түүний “хамт олон” гэлээ.
“Урлаг хэзээ ч хэн нэгнээр дутахгүй гэдгийг яс махандаа тултал ойлгосон. Нэг хүн шантраад урлагаа орхилоо гэхэд түүнээс ч илүү авьяастай, хичээл зүтгэлтэй нэгэн байж л байдаг. Тэгэхээр бид хэрвээ шантраад дуртай зүйлээ орхих юм бол ирээдүйд дүү нартаа “мөрөөдөл” гэдэг зүйлийг тайлбарлаж өгч чадахгүй. Мөрөөдөл гэдэг бол балчир наснаас авхуулаад өтлөх хүртэл хүнийг хөтөлж явдаг хамгийн том хүч гэж би итгэдэг. Тийм болохоор би мөрөөдлөө биелүүлчхээд ирээдүйд дүү нартаа ам бардам “мөрөөдөл гэж ийм зүйл байдаг юм” гэж хэлэх болно.”
“Бүжиг бол бэлдээд л хөдөлгөөнөө жигд болгочихдог амархан зүйл гэж боддог хүмүүс олон байдаг юм. Гэтэл түүний ард маш олон хүний сахилга бат, тэсвэр тэвчээр, нэгнээ гэх асар их хүндлэл, эцэг эхчүүдийн дэмжлэг гээд олон зүйлс нөлөөлдөг гэдгийг төдийлөн мэддэггүй. Энэ бүх хугацаанд урлагаа орхилгүй тууштай байхад минь хамгийн их нөлөөлсөн зүйл бол яалт ч үгүй миний хамт олон гэж боддог. Хэрвээ би ганцаараа байсан бол ямар нэгэн шантрах ч юм уу, хүнд хэцүү зүйл тохиолдоход магадгүй бүх зүйлийг орхих байсан байх. Ямар ч сэтгэлийн тэнхээтэй хүн хамт олноороо байгаа тэр их хүчийг гүйцдэггүй юм билээ. Намайг сэтгэлээр унах үед “бүгдээрээ болгоно оо, чадна шүү дээ!” гээд тэврээд авч байгаа юм шиг тийм л мэдрэмжийг манай хамтлагийнхан надад өгдөг.”
Тэд бол урлаг тэр дундаа бүжгийн урлагт шинэ өнгө төрх нэмж, хамтын хүсэл зорилгын дор нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө гэх нэгдмэл хүчийг эрхэмлэж, маргаашийн ирээдүйг хамтдаа бүтээлцэж яваа залуу үеийн төлөөлөл. Нас залуу хэмээн зорилгоосоо ухралгүй, үе тэнгийнхэн, ирээдүй хойч болсон дүү нартаа урлагаар дамжуулан эерэг нөлөөллийг түгээж яваа нь энэ билээ.
Гэрэл зургийг: Л.Буд