Соёл урлаг

Урлаг: Хайрын олон өнгөөр аялах нь

Г.Дашням -- 2024.03.285 минут унших

Хүн төрөлхтний өргөн уудам туршлагын хүрээнд хайр нь хамгийн гүн гүнзгий хийгээд баригдашгүй сэтгэл хөдлөлөөр илэрч тоо томшгүй хэлбэр дүрс, гэрэл өнгөөр дүрслэгддэг. Эросын гал халуун хүсэл тэмүүллээс эхлээд Агапегийн төгс хайр хүртэл бидний зүрх сэтгэл, амьдралын хором мөч бүрийг өвөрмөц өнгөөр будаж байна. Гэвч заримдаа бидэнд мэдрэмжийн гүнээ илэрхийлж чадалгүй яг л галерейд урлагийн бүтээлийн мөн чанарыг ойлгох гэж чимээгүй зогсож буй мэт бодолдоо эргэлдэх үе бий. Энэхүү нийтлэлээр хамтдаа хайрын олон өнгөөр аялж, алдартай уран зургуудад мөнхөлсөн утга агуулгын үзүүрээс атгах болно. 

Хайр гэдэг үгээр ❤️

Би гэр бүлдээ хайртай, би найздаа хайртай, би эхнэр/нөхөртөө хайртай, би амьтанд хайртай. Хайртай гэдэг үг нэг боловч бидэнд төрдөг мэдрэмж, бодол, үйлдэл бүр ондоо байдаг шүү дээ. Гэвч тэр бүртээ бид мэдрэмжээ ялган таньж, илэрхийлж чаддаггүй. Тэгвэл элдэв олон эх сурвалж, дүгнэлтүүдийг товчлон эртний Грекчүүдийн үзсэнээр хайрын 8 төрөл ба түүний илэрхийлэмжийг агуулж болзошгүй уран зургийн шилдэг бүтээлүүдтэй (masterpiece) танилцацгаая.

 

Эрос - Романтик хайр /Eros/

Эрос хэмээх гал халуун, хүсэл тэмүүлэлтэй хайрыг Густав Климтийн "Үнсэлт" хэмээх бүтээлээр илэрхийлж болох юм. Энэхүү гайхамшигт бүтээлийн дүрслэлийг тайлбарлах илүүц биз. Тэдний дундах зай үгүй холбоос бие биеэ тэврэх болоод үнсэх мөчийн мэдрэмж нь романтик хайрын эрч хүч, хүсэл тэмүүллийг бидэнд дүрсэлжээ. Эросын хайраар хүмүүс өөрсдийн хил хязгаарыг орхиж, бие махбод болон сэтгэл мэдрэмжийн хувьд холбоог бий болгодог. Нөгөө талаар  хүмүүсийг хяналтаа алдахад хүргэдэг тул эртний Грекчүүд хайр дурлалын аюултай төрөл гэж үздэг байв.

Урлаг: Хайрын олон өнгөөр аялах нь
The Kiss Gustav Klimt /Густав Климт / 1907–1908, Österreichische Galerie Belvedere, Vienna, Austria

Филиа - Гүн нөхөрлөл /Philia/ 

Найз нөхдийн гүн гүнзгий нөхөрлөл, хүнд хэцүү үеийг хуваалцсан хүмүүсийн дундах оюун ухаантай холбоотой хайр юм. Эртний Грекийн гүн ухаантан Платоноос гаралтай (платоник нөхөрлөлийн тухай санаа) бөгөөд гол санаа нь бие махбодыг татах нь хайрын зайлшгүй хэсэг биш гэсэн итгэл үнэмшлээс үүдэлтэй. Магадгүй бид үүнийг Леонардо да Винчигийн "Сүүлчийн зоог" бүтээлээс харж болох юм. Есүсийн цовдлогдохоос өмнөх 12 дагалдагчдадаа хүндлэл хайрыг үлгэрлэсэн тэр үеийг дүрслэхдээ дүрүүдийн хоорондын харилцан үйлчлэлээр Филиагийн олон талт мөн чанарыг харуулсан үнэнч байдал, дэмжлэг, жинхэнэ холбоог илтгэжээ. /Мэдээж бид урвалтыг мартаж болохгүй/

Урлаг: Хайрын олон өнгөөр аялах нь
The Last Supper Leonardo da Vinci /Леонардо да Винчи/ 1495–1498, Santa Maria delle Grazie, Milan, Italy

Сторж - Гэр бүлийн хайр /Storge/

Гэр бүлийн халуун дулаан уур амьсгал болоод нэгнээ гэх дэмжлэг, аюулгүй байдал, итгэх итгэлийг энэхүү нэрээр илэрхийлдэг. Гэр бүлийн гишүүдийн хоорондох хайраас гадна эх орон, үнэнч сэтгэл, жишээлбэл спортын багт үнэнч байх мэдрэмжийг илэрхийлж болно. Үүний гүн гүнзгий дүрслэлийг Рембрандтын "Ачлалгүй хүүгийн эргэн ирэлт" мэдрүүлдэг.  Аав нь буцаж ирсэн хүүгээ Гэрлийн дунд тэвэрч байгаа нь уучлал, хүлээн зөвшөөрлийг илэрхийлдэг. Энэхүү гайхамшигт бүтээл нь гэр бүлийн хайрын ариун газрыг, амьдралын үймээн самуун дунд гуйвшгүй дэмжлэг, ойлголцлын амар тайвныг харуулдаг.

Урлаг: Хайрын олон өнгөөр аялах нь
The Return of the Prodigal Son Rembrandt /Рембрандт/ 1661–1669, Hermitage Museum, Saint Petersburg

Лудус - Хөгжил баясалтай хайр /Ludus/

Лудус бол хөгжилтэй, эелдэг хайрын төрөл. Хэн нэгнийг шохоорхох үеийг илэрхийлж болох бөгөөд харилцааны эхний үе шатанд сээтгэнэх, тохуурхах гэх утга агуулдаг ч энэ нь найз нөхөд, хүүхдүүдийн хоорондох тоглоомын хайрыг хэлж болох юм. Пьер-Огюст Ренуарын "Бугивал дахь бүжиг"-т хөнгөмсөг зан, сээтэгнүүр байдлыг тод дүрслэгдсэн байдаг. Эргэдэг даашинз, чиг харц, инээмсэглэл, элэглэл, түр зуурын мэт бүжиг нь бидэнд цаг мөчийг эрхэмлэх, нөхөрлөлийн таашаалыг мэдрүүлдэг.

Урлаг: Хайрын олон өнгөөр аялах нь
Dance at Bougival Rembrandt /Рембрандт/ 1661–1669, Hermitage Museum, Saint Petersburg

Прагма - Удаан үргэлжлэх хайр /Pragma/

Энэ бол цаг хугацааны явцад тэсвэрлэж, төлөвшсөн, утга учиртай хайр бөгөөд ихэвчлэн харилцаанд байгаа хүмүүсийн аль алиных нь харилцан буулт, тэвчээр, хүлээцтэй байдлыг агуулдаг бөгөөд зөвхөн дурлахаас илүү хайраа хадгалахад илүү анхаарал хандуулдаг.

Ян ван Эйкийн "Арнолфини хөрөг" энэхүү хайрыг хангалттай илэрхийллийг төөрөгдүүлж болох юм. Эхнэр нөхөр хоёрын харцны чиглэл, гар барьсан байдал болоод толины тусгал, таазнаас гэрэлтэх лааны байрлал зэрэг нууцлаг болоод тухайн үеийн уламжлал, утга агуулгыг шингээсэн энэхүү зураг нь амьдралын ээдрээтэй байдалд хагацлыг огоорч хайраа хадгалж үлдэхэд илүү анхаарсан байдлаараа Прагмаг илэрхийлж болох юм. Үүнийг илүү нарийвчилбал бүтээл дээрх толин тусгал нь Христийн хүсэл тэмүүллийн үзэгдлүүдээр чимэглэгдсэн бөгөөд үхэл ба дахин амилалтын дүр зураг нь эмэгтэй хүний талд байрладаг бол эрэгтэйн талд нь Христийн амьдрахуйн дүрслэлүүд байдаг. Үүнийг ийм өнцгөөс ажиглавал хөрөг нь тухайн эмэгтэйн дурсгалд зориулан бүтээгдсэний бас нэгэн баталгаа болдог.

Урлаг: Хайрын олон өнгөөр аялах нь
Arnolfini Portrait Jan van Eyck /Ян ван Эйк/ 1434, National Gallery, London

Маниа - Хэт их хайр /Mania/

Маниа бол атаархсан, хэт автсан хайр гэж тайлбарлаж болох юм. Энэ нь ихэвчлэн бие биеэсээ хамааралтай байх, эсвэл өөр хүн таныг эдгээж, бүрэн дүүрэн болгоно гэсэн мэдрэмжийг агуулдаг тул эерэг төрлийн хайр гэхээсээ илүү эрүүл бус эсвэл хортой харилцааны шинж тэмдэг болдог.

Эдвард Мункийн "Хашгираан". Хэдийгээр уламжлалт утгаараа хайрын дүрслэл биш ч бүтээл дээрх эргэлдэж буй тэнгэр, сэтгэл хөдөлгөм дүр төрх нь Маниагийн үймээн самуун, эрч хүчийг, шуурганы эмх замбараагүй байдал нь тогтворгүй болгож, сүйтгэх хайрын хүчийг сануулдаг. /Энэхүү хайрын мэдрэмж нь зургийн дүрслэлтэй зүйрлэв./

Урлаг: Хайрын олон өнгөөр аялах нь
The Scream Edvard Munch /Эдвард Мунк/ 1893, National Museum and Munch Museum, Oslo, Norway

Филавтиа - Өөрийгөө халамжлах /Philautia/

Бид сүүлийн үед өөрийгөө хайрлах талаар их ярих болсон. эртний Грекчүүд өөрийгөө хайрлах гэхээс илүүтэй халамжлах, өрөвдөх, анхаарах гэдэг утгаар илэрхийлж өөртөө санаа тавьж сурснаар бусдыг хайрлахын эхлэл хэмээн тайлбарладаг. Гэвч Грекчүүд өөрийгөө халамжлахад сөрөг тал байдаг гэдгийг мэддэг байсан бөгөөд энэ нь өөртөө хэт автсанаар нарциссизмтай холбогддог. Гэхдээ нарциссизмгүйгээр өөрийгөө эрүүл энхээр хайрлах боломжтой!

Фрида Калогийн өөрийн хөрөг зургууд, ялангуяа "Хоёр Фрида" нь өөрийгөө халамжлах, хүлээн зөвшөөрөх байдлыг гүн гүнзгий илтгэдэг. Өөрийн мөн чанар, өвчин шаналал, тэсвэр хатуужлын талаарх эргэцүүлэл болоод өөрийн алдаа дутагдал, бүх зүйлийг хүлээн зөвшөөрөх ач холбогдлын хүчирхэг илэрхийлэл бөгөөд өөрийгөө хүлээн зөвшөөрч халамжилснаар  бусад хайрыг бий болгох үндэс суурь болдог гэдгийг бидэнд хэлэхийг хичээсэн гэлтэй. 

Урлаг: Хайрын олон өнгөөр аялах нь
The Two Fridas  Frida Kahlo /Фрида Кало/ 1939, Museo de Arte Moderno, Mexico City

Бусдын төлөөх бүх найрсаг мэдрэмж нь хүний өөртөө байгаа мэдрэмжийн үргэлжлэл юм
Аристотель

 

Агапе - Ертөнцийн хайр /Agape/

Микеланджелогийн Сикстины сүмийн адар дээрх "Адамын бүтээл" нь хүн төрөлхтнийг холбодог Агапе хэмээх аминч бус хайрын “хайрын дээд хэлбэр” илэрхийлэл юм. Бурхан, Адам хоёрын хүрэлцэх дөхсөн гар, хүсэл тэмүүлэл  нь орчлон ертөнцийг холбогч хувь хүний хүслийг даван туулж, энэрэн нигүүлсэхүй, өгөөмөр сэтгэл нөгөөтээгүүр Бурхан хүнийг хайрлах хайрын ойлголтыг бэлгэддэг. Ийм хайр нь бид бусдыг нөхцөлгүйгээр хүлээн зөвшөөрч, уучилж, итгэдэг гэсэн үг юм.

Урлаг: Хайрын олон өнгөөр аялах нь
Creation of Adam Michelangelo /Микеланджело/ 1512, Sistine Chapel, Vatican City, Italy

Амьдрал хэмээх галерейд хайрын олон өнгө холилдож цаг хугацааны хэлхээст өвөрмөц бүтээлийг бий болгодог. Уран бүтээлээр дамжуулан бид хайрын төгсгөлгүй талаар аялан гүн гүнзгий мэдрэмж, бодол эргэцүүллийг хүлээн авсан гэдэгт найдаж байна. Мөн хайрыг илэрхийлэх ойлголтуудаас эерэг сөрөг, сайн муу болоод хүний дотоод мөн чанарт буй тэрхүү ялгамжуудад өнгөцхөн ч гэсэн бодлын сэрц үүссэн байх. Тэгвэл таны хувьд хайр ямар өнгөтэй вэ?

Энэхүү нийтлэлийн уран зураг болон хайрын талаарх товч тайлбараас бүрэн мэдэгдэхүүн авах нь өрөөсгөл юм. Тиймээс энэ талаарх таны эргэцүүлэл хайрын утга учрыг эрэн хайх аялалд тус болно гэдэгт итгэлтэй байна.