Нийгэм

Байгальд ээлтэй байх нь: Хогоо хэрхэн зөв ангилах вэ?

Б.Хулан -- 2024.09.275 минут унших

Амьдарч буй орчин, төрөлх хотоо цэвэр цэмцгэр байлгах нь оршин суугч болгоны чухал үүрэг хариуцлагуудын нэг билээ. Дэлхийн улс орнууд зөвхөн технологи, эдийн засаг зэргээрээ өрсөлдөөд зогсохгүй, аз жаргалтай, стресс багатай байх, цэвэр тохилог орчин нөхцөлөөрөө ч өрсөлдөж буй энэ цаг үед манай орны хувьд хог хаягдлыг ангилах, хог хаягдлыг дахин боловсруулах тухай асуудал шийдвэрлэх хэрэгтэй асуудлуудын нэгэнд зайлшгүй орно. Тэгвэл уншигч та хогоо зөв ялгаж хаядаг уу? Ангилж хаях стандарт бий болчихсон байгаа ч яаж ангилахаа мэдэхгүй “бусад” гэдэг ангилалтай уутанд нь хийчихдэг юм биш биз?

Хогоо яаж ангилж хаях вэ?

Байгальд ээлтэй байх нь: Хогоо хэрхэн зөв ангилах вэ?

Манай улсын хувьд нийтийн эзэмшлийн талбайд байрлуулах хогийн савыг дан савтай, хос савтай, гурван савтай болон тамхи татах цэгт зориулсан гэж ангилдаг юм байна. Харин ААН, албан байгууллага, орон сууцны айл өрхийн хувьд дөрвөн өнгөөр ангилан тэмдэглэсэн хогийн савыг ашигладаг билээ. Үүнд, ногоон, цэнхэр, улбар шар, хар өнгөнүүд багтдаг. 

Ногоон өнгийн тэмдэглэгээтэй хогийн саванд хуванцар, гялгар уутыг хаях ёстой байдаг бол цэнхэр өнгө нь цаас хаях зориулалттай. Харин улбар шар өнгийн хогийн саванд хөнгөн цагаан лааз, металл, шил, хар өнгөнд бусад төрлийн хог хаягдлыг хаях тухай 2022 онд  Хотын стандарт, хяналтын газраас гаргасан “Хог хаягдлыг цуглуулах, ангилах, хадгалах, тээвэрлэх арга зүйн менежмент”-д тайлбарлажээ. Эдгээр ангилал нь дэлхийн улс орнуудын стандарт тэмдэглэгээнд нийцсэн байдаг аж. Хятад улсын хувьд гэхэд л хуванцар, цаас, ган, мод, шил, нэхмэл, холимог материалыг тус бүрд нь ялган ангилдаг байна. Ингэж хог хаягдлыг ялган таниулах тэмдгийг зөв ашиглаж сурах нь аливаа хог хаягдлыг ангилах, дахин боловсруулах үйл явцад чухал үүрэгтэй юм.

Байгальд ээлтэй байх нь: Хогоо хэрхэн зөв ангилах вэ?

Дэлхийн банкнаас эрхлэн гаргасан “What a waste 2.0: A Global Snapshot of Solid Waste Management to 2050” тайланд дэлхий дээр жилд 2.0 тэрбум тонн хог хаягдал бий болдог бөгөөд 2050 он гэхэд 3.4 тэрбум тонн хог хаягдал болно гэж дурджээ. Харин “Worldcounts”-т гарсан судалгаанд байгальд бага хог булахын тулд улс орнууд хатуу хогоо дахин боловсруулдаг ба дэлхийн улс орнуудын хатуу хог нийлээд 11 тэрбум орчим болдог гэжээ. Үүнээс 2.12 тонн хатуу хогийг газарт булдаг бөгөөд энэ хэмжээний хогийг машинд ачаад, цуваа болговол энэхүү цуваа дэлхийг 24 ороосонтой тэнцэх юм. Итгэмээргүй байгаа биз?  

Бид ийм их хог үүсгэдэг бөгөөд хог хаягдлын менежментийг сайжруулж, иргэн бүр эх дэлхийгээ хайрлан хамгаалахын төлөө хичээх хэрэгтэй байх нь. “2050 он гэхэд далайд загаснаас ч олон пластик байна” хэмээн “World Economic Forum”-аас хэлсэн удаатай.

Тэгвэл хэрхэн хог хаягдал багатай амьдрах юм бэ?

Байгальд ээлтэй байх нь: Хогоо хэрхэн зөв ангилах вэ?

Дэлхийн улс орнуудын хувьд гялгар уут, хуванцар хэрэглэхийг хориглох, гялгар уут, нэг удаагийн аяга зэргээс татвар авах бодлого хэрэгжүүлдэг бөгөөд ингэснээр хог хаягдал их гарахаас сэргийлж буй юм. Хог хаягдал багатай амьдрахын тулд бид бүхэн тогтмол шинэ хувцас худалдаж авах, нэг удаагийн хэрэглээнээс татгалзаж эхэлснээр хог хаягдлыг бууруулах боломжтой аж. Тухайлбал: 

  • Усны сав. Ус, ундаа зэрэг шингэн зүйл уухдаа нэг удаагийн хэрэглээнээс татгалзах хэрэгтэй. Дахин ашиглах боломжтой усны сав хэрэглэж эхэлснээр та мөнгөө ч хэмнэж, хог хаягдлыг ч бууруулах нь.
  • Хүнсний уут. Гялгар уутнаас илүү даавуун тор сонгох нь байгальд ээлтэй. Даавуун тор нь бүрэн задардгаас гадна удаан хэрэглэж болохуйц тул гялгар уут худалдан авч удалгүй хаяснаас дээр биш гэж үү?
  • Хоолны сав, аяга. Мэдээж хуванцар савлагаатай уух зүйлсээс татгалзсан юм чинь нэмээд нэг удаагийн кофены аяга, сав суулга зэргийн хэрэглээгээ танаж яагаад болохгүй гэж? 

Бид хуванцар болон нэг удаагийн хэрэглээнээс аль болох татгалзаж эд зүйлсийг урт удаан хэрэглэдэг болж чадвал хог хаягдлыг бууруулж чамгүй үр дүнд хүрч чадна.