How to

Хэрхэн онлайн платформ ашиглан аяллаа хялбарчлах вэ?

Б.Намуун -- 2024.12.144 минут унших

Технологийн дэвшлийн үр шимээр бид аяллаа хурдан хугацаанд, үр дүнтэй төлөвлөж, цаг хугацаагаа хэмнэн, тухтай, аюулгүй аялах боломж бүрдсэн нь хэчнээн таатай. Хэдхэн товшилтоор нислэг захиалан, тухтай буудал олж, тухайн газар орны заавал үзэх зүйлсийг мэдэх боломжтой болжээ. Та туршлагатай, жинхэнэ “бөмбөрцгийн” аялагч эсвэл анх удаа аялах гэж буй хүн аль нь байхаас үл хамааран онлайн платформуудыг ашиглах зайлшгүй шаардлагатай юм. Тэгвэл хэрхэн технологийн дэвшлийг ашиглан аяллаа хялбарчлах вэ? 

Уг асуултын хариултыг энэ удаагийн “How to” булангаараа хүргэж байна. Туршлагатай аялагч Ц.Очирбат ийнхүү зөвлөв.  

Аяллаа төлөвлөхдөө

Хэрхэн онлайн платформ ашиглан аяллаа хялбарчлах вэ?

Аялалд гарахаас өмнө судалгаагаа маш сайн хийх шаардлагатай. Үүний тулд би эхлээд YouTube, Instagram зэргээс аялагчдын тухайн газар нутгаар аялсан влогийг үзэн, анхан шатны ойлголтоо авдаг. Дараа нь Google-ээс очих газрынхаа дэлгэрэнгүй мэдээллийг уншиж, судална. Үүний дараа онгоцны тийз, буудлаа гаднын болон дотоодын сайтуудаар дамжуулан захиалдаг. Тухайлбал, booking.com, trip.com, tapatrip.com зэрэг юм. Эдгээр сайтаас бүх нислэг, буудал, даатгал, онгоцны буудлаас тосох, үдэх үйлчилгээг нэг дор захиалах боломжтой. Гадаад сайтаас захиалга хийх үед хэлний асуудлаас үүдэн төвөгтэй санагдаж, агентлагууд дээр очиж, өндөр үнээр захиалах тохиолдол хүмүүст их бий. Ийм үед tapatrip.com монгол хэл дээр бүх мэдээллээ оруулдаг учраас асуудалгүй байна байх. Мөн гадагшаа явахдаа И-симээ Тапа трипээс аваад явбал хэзээд хэрэгтэй. 

Буудаллах хямд байр олохын тулд:  

Хэрхэн онлайн платформ ашиглан аяллаа хялбарчлах вэ?

Үүргэвчтэй аялагчид ихэвчлэн дотуур байранд (hostel) байрладаг. Үнэ хямд хостелийг “Tapatrip”, “Couchsurfing” аппликейшнээс олох боломжтой. “Couchsurfing”-ээс аялагчдыг гэртээ үнэгүй байлгах боломжтой, очих гэж буй газар, орныхоо айлуудыг олж болдгоороо онцлог юм. Ингэж орон нутгийн айлд нь байрлаж, аялснаар тухайн үндэстний бодит соёл, түүх, уламжлал, амьдралын хэв маягийг илүү сайн мэдэрч чадна. Мөн тус аппликейшн дээр арга хэмжээ, үйл ажиллагаануудын мэдээлэл ч байдаг. Сонирхсон, өөрт ойр үйл ажиллагаа руугаа “going” дарж, бусад аялагчидтай нэгдэн танилцах боломжтой. Би 2023 онд Малайз руу аялахдаа уг аппликейшныг ашиглан, англи хэлний ярианы клубд хамрагдаж, 15 орчим аялагчтай танилцаж байлаа. Өөрийн тав тухын бүсээс гарч, олон улсын хүмүүстэй танилцаж, ярилцсан маань мартагдашгүй дурсамжуудын минь нэг болж үлдсэн дээ. Харин “Tapatrip”-ийн хувьд “Буудал” цэс рүү ороод, нутаг дэвсгэрээ сонгон, хостел гэж хайгаад, үнийн хязгаараа 30,000-100,000 гэх мэтээр тогтоож болдог. Үүнийг ашиглан Тайланд, Лаос, Камбож, Вьетнам улсуудаар хостелд байрлан аялж байсан.  

Аяллын явцад

Хэрхэн онлайн платформ ашиглан аяллаа хялбарчлах вэ?

1. Google Map  

Эндээс замаа харахаас гадна үнэлгээ сайтай хоолны газар, дэлгүүр, буудал, бүх төрлийн үйлчилгээний газар, ойрхон бэлэн мөнгөний машин ч олох боломжтой нь их амар. Мөн байршлаа сонгоод “Дуртай”, “Очмоор байгаа”, “Миний очсон газрууд” гэх мэт жагсаалт үүсгэн, сэтгэгдлээ үлдээж болдог. Энэ нь хожим эргээд харахад тэмдэглэсэн дурсамж болж үлдэхээс гадна цаашдын аяллын төлөвлөгөөний эхлэл ч болох юм. Мөн Google Map дээр байршлаа хадгалан, газрын зургаа татаж авбал интернэт холболтгүй үед ч ашиглаж болдог, хамгийн хэрэгтэй аппликейшн.  

2. Таксины аппликейшн 

Uber, Grab гэх мэт таксины аппликейшн ашигласнаар 24 цагийн турш унаа олох боломжтойгоос гадна аюулгүй такси үйлчилгээ авахад тусалдаг. Жолооч болон тээврийн хэрэгслийн мэдээллийг харж, найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ таксины маршрутаа хуваалцаж болно.  

3. Шинэ танилтай болох аппликейшн 

Ганцаараа аялж байгаа үе бол шинэ хүмүүстэй танилцах боломж юм. “Bumble” аппликейшныг ашиглаж, нутгийн хүмүүс болон бусад аялагчидтай уулзаж танилцан, цагийг сонирхолтой өнгөрүүлэх боломжтой. Мөн “Bizz Mode” тохиргоог нь ашиглаж, тухайн нутаг дэвсгэрт амьдардаг эсвэл зочилж буй салбарынхаа мэргэжилтнүүдтэй холбогдон, чөлөөт арга хэмжээ, семинарт оролцож болно.  

4. Хэлний аппликейшн 

Миний хувьд текст, зураг, яриа бүгдийг нь орчуулах боломжтой учраас “Google translate”-ыг л хэрэглэдэг. Гэхдээ сонирхож судалж үзвэл ижил төрлийн бусад олон аппликейшн бий.  

Техник технологи өндөр хөгжсөн энэ үед бид технологийн дэвшлийг ашиглан цаг их зарцуулах ажлыг хурдан хугацаанд гүйцэтгэж, амьдралаа хялбарчилж байх хэрэгтэй юм. Туршлагатай аялагчийн зөвлөсний дагуу эдгээр платформуудыг ашигласнаар илүү үр дүнтэй төлөвлөгөө гаргаж, тухтай, аюулгүй аялах боломжтой юм шүү. Аян замд тань ашдын өлзий дэлгэрч, алтан шар зам тань тэгш, саад бартаагүй, сайхан аялах болтугай!