Намрын улирлын мэндийг дэвшүүлье! Монголчууд бид өвлийг өнтэй давж, хавартай золгож буйгаа тэмдэглэдгийн адил дэлхийн олон оронд намрын улирлыг тэмдэглэдэг. Намар гэхээр дулаахан ноосон цамц, халуун аяга цай, алтан шаргал навчис төсөөлөгддөг дөө. Байгаль дэлхий өнгөө сольж, хичээлийн шинэ жил эхлэн, зуны амралт дуусаж, бүх юм шинээр эхэлж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг энэ улирлыг улс орнууд хэрхэн тэмдэглэж өнгөрүүлдэг бол?
Их Британи дахь Ургацын баяр нь ургац хураалтын улирлын төгсгөлийг тэмдэглэдэг эртний шашны зан үйлээс эхтэй. Эртний газар тариалангийн нийгэмлэгүүд ургац хураалтын төлөө бурхан, сүнснүүдэд талархаж, наадам зохион байгуулдаг байв. Тухайлбал, Эртний Ромд “Церелия” хэмээх баярыг газар тариалангийн дарь эх Церестийг хүндэтгэн тэмдэглэдэг байжээ. Уг баяраар найр хийж, ургацын анхны үр жимсийг бурханд өргөдөг байв. Харин Эртний Кельтүүд “Лугнасад” буюу “Ламмас” гэх ургацын баяртай байжээ. Энэ нь Кельтийн бурхан Лугийн нэрэмжит ургацын баяр юм.
Яван явсаар Христийн шашин Европ даяар тархаж эхэлсэн бөгөөд олон харь шашны ургацын баярууд ч Христийн шашны зан үйлд уусан нэгдсэн байна. Христийн шашинд “Ургацын баяр” нь ургац их авсандаа бурханд талархал илэрхийлэхэд төвлөрдөг. 19-р зуун гэхэд Ургацын баяр нь Английн сүмд тогтсон заншил болж, тариаланчид сүмд өргөл болгон ургацаа авчирдаг байв. Түүнчлэн жимс жимсгэнэ, хүнсний ногоо, үр тариаг гоёл чимэглэлийн хэлбэрээр дэлгэж, дараа нь хүмүүст туслах зорилгоор тараах болжээ.
Өнөөдөр Их Британи болон дэлхийн бусад улс орнуудад болдог ургацын баярууд нь ургацаа сүмд авч ирэн адислуулж, дараа нь буяны байгууллагад хандивлах байдлаар болж өнгөрдөг. Түүнчлэн талархлын дуулал, залбирал нь баярын салшгүй нэг хэсэг юм.
19-р зууны дунд үе гэхэд шар айргийн майхан болон бусад үзвэрүүдээр хүрээгээ тэлж, хааны баяраас Баварийн соёл, уламжлалыг тусгасан томоохон наадам болон хувирсан нь соёлын өндөр ач холбогдлыг шингээсэн юм. Мюнхений зочломтгой зан, бүс нутгийн шар айргийн өв уламжлалын бэлэг тэмдэг болсон уг баярт өдгөө жил бүр хэдэн мянган жуулчид очдог. Мөн уг арга хэмжээнд Баварийн үндэсний хувцас арьс ширэн богино өмд (lederhosen), уламжлалт даашинз (dirndls)-г танилцуулж, ардын хөгжим, бүжгийн үзүүлбэр үзүүлэн соёлоо сурталчилдаг билээ.
Наадам нь 16-18 хоног үргэлжилдэг бөгөөд есдүгээр сарын сүүлчээр эхэлж, аравдугаар сарын эхний амралтын өдөр хүртэл үргэлжилдэг.
Гэрлийн баяр гэгддэг Дивали нь харанхуй, муу муухайг гэрэл ялсан хэмээн тэмдэглэдэг Хинду шашны баяр юм. Хиндучуудын хувьд Дивали нь Рама бурхан чөтгөрийн хаан Раванаг ялсны дараа өөрийн Айодхья хаант улсад буцаж ирсэнтэй холбоотой юм. Энэхүү ялалтыг "Рамаяна" туульд өгүүлсэнчлэн, харанхуйг арилгах, зөвт байдал эргэн ирэхийг бэлгэддэг гэрлээр (диа) төлөөлүүлдэг. Дивалигийн өөр нэг чухал тал бол эд баялаг, хөгжил цэцэглэлтийн бурхан Лакшмиг шүтэх явдал юм. Уг бурхан нь үнэн сүсэгтнүүдэд амжилт бүтээл, аз хийморьтой байхыг ерөөдөг гэсэн домог бий /Dwyer, Rachel. “The Hindu Festival of Lights: A Cultural and Religious History of Diwali”. Bloomsbury Academic, 2014/.
Зарим бүс нутагт Буддистууд Дивали баярыг эзэн хаан Ашока бурхны шашинд орж, хүчирхийлэлгүй, энэрэн нигүүлсэхүйн зарчмуудыг сурталчилж эхэлсэн баяр болгон тэмдэглэдэг. Энэ мэтээр олон шашны урсгалууд уг баярыг өөриймсүүлэн, өөр өөрсдийнхөөр тайлбарлан тэмдэглэдэг ажээ /Michaels, Axel. “Hinduism: Past and Present”. Princeton University Press, 2004/.
Дивали баярыг тэмдэглэхэд нарийн зан үйл, урьдчилсан бэлтгэл ажил чухал юм. Баяр болтол гэр орон, нийтийн эзэмшлийн талбайг сайтар цэвэрлэж, гэрэл, лаа, ранголи (өнгөт нунтаг, будаа, цэцгийн дэлбээ ашиглан газар дээр зурсан нарийн хээ)-аар чимэглэдэг. Мөн баярын шөнө дия хэмээх жижиг тосон чийдэн асааж, гэр орон, олон нийтийн талбайн эргэн тойронд байрлуулдаг уламжлалтай. Шинэ жилийн баяртай адил төстэй зүйл олон бий. Шинэ жилээр бэлэг солилцож, салют буудуулдаг шиг уг баяраар ч мөн үүнийг хийдэг. Ёслолын буудлага нь гэрэл харанхуйг ялан дийлдгийг бэлгэдсэн утгатай.
Аравдугаар сарын сүүлээс арван нэгдүгээр сарын эхээр таарч буй уг баяр борооны улирлаас сэрүүн, цэнгэг цаг агаарт шилжих үеийг давхар тэмдэглэдэг аж. Наадмын гэрэл гэгээг бэлгэдэж буй санаа нь улирлын байгалийн өөрчлөлттэй нийцдэг бөгөөд ургац хураалтын улирал дуусаж байгааг мөн намрын гоо үзэсгэлэнг бахдаж буй баяр билээ.
“Коко” хэмээх хүүхэлдэйн киноноос бид уг баярыг харсан шүү дээ. “Диа де лос Муэртос” буюу Үхэгсдийн өдөр бол Испанийн өмнөх соёл, ялангуяа Азтекчүүдээс улбаатай Мексикийн уламжлал юм. Энэ нь нас барсан ойр дотнын хүмүүсээ хүндэтгэхийн тулд уугуул иргэдийн итгэл үнэмшлийг католик шашны зан үйлтэй хослуулсан баяр билээ.
Азтек, Маяа, Пурепеча зэрэг Месоамерикийн бусад соёлууд үхэл ба хойд насны тухай нарийн зан үйл, итгэл үнэмшилтэй байв. Азтекүүдийн хувьд үхэл нь оршихуйн мөчлөгийн мөн чанарын нэг хэсэг байжээ. Тэд үхэл бол төгсгөл биш харин шилжилтийн үе бөгөөд үхэгсэд амьд хүмүүсийн амьдралд идэвхтэй үүрэг гүйцэтгэсээр байдаг гэдэгт итгэдэг байв. Иймээс өвөг дээдсийнхээ хойд насанд сайн сайхныг хүсэж тахил өргөх ёслол үйлдэн, өвөг дээдсээ хүндэтгэдэг байжээ /Brandes, Stanley. “Skulls to the Living, Bread to the Dead: The Day of the Dead in Mexico and Beyond”. Wiley-Blackwell, 2006/.
Испанийн колоничлолын үеэр уг уугуул соёлтой католик шашин нийлж, тус баяр өнөөдрийн өнгө төрх рүүгээ шилжсэн байна. Дэлгэрүүлбэл, Католик сүмийн “Бүх гэгээнтнүүдийн өдөр”, “Бүх сүнснүүдийн өдөр”-ийг (11-р сарын 1, 2-ны өдөр) тэмдэглэдэг уламжлал уугуул хүмүүсийн зан үйлтэй нэгдсэн гэсэн үг юм. 20-р зууны сүүлээр Мексикчүүдийн дунд уугуул өв соёлыг дахин сэргээх үйл явц явагдсанаар “Нас барагсдын өдөр” нь Мексикийн соёл, өвөрмөц байдлыг тэмдэглэдэг, хүлээн зөвшөөрөгдсөн баяр болжээ.
Нас барагсдын өдрийг аравдугаар сарын 31-ээс арван нэгдүгээр сарын 2 хүртэл тэмдэглэдэг. Уг баяраар нас барагсдыг дурсах гэрэл зураг, дурсгалын зүйлс, хоол хүнс, мариголд цэцгээр чимэглэсэн тахилын ширээ (офренда) бэлддэг уламжлалтай.
“Самхайн” баяр нь ургац хураалтын улирал дуусаж, өвлийн эхэн буюу жилийн "харанхуй хагас" эхэлж буйг тэмдэглэдэг эртний Кельтүүдийн баяр юм. Аравдугаар сарын 31-ний нар жаргахаас арван нэгдүгээр сарын 1-ний нар жаргах хүртэл тэмдэглэдэг. Уг баярыг Ирланд, Шотландчууд христийн шашинтан болохоос өмнөх шашны баяраас эхтэй гэж үздэг.
Самхайн үеэр муу ёрын сүнснүүдээс өөрсдийгөө хамгаалахын тулд уулын орой дээр гал асааж, тэнүүлч сүнснүүдэд зориулж идээ ундааны өргөлийг гадаа үлдээдэг байжээ. Мөн өөрсдийгөө муу сүнснүүдээс далдлахын тулд амьтны арьсаар хийсэн хувцас өмсдөг байв. Энэ зан үйлийг орчин үеийн Халловийны уламжлалын эхлэл болсон гэж үздэг. Христийн шашин дэлгэрснээр Самхайныг арван нэгдүгээр сарын 1-нд “Бүх Гэгээнтнүүдийн өдөр” болгон, дараа нь арван нэгдүгээр сарын 2-нд “Бүх сүнснүүдийн өдөр” болгожээ. Бүх гэгээнтнүүдийн өдрийн өмнөх орой буюу аравдугаар сарын 31-ийг “All Hallows' Eve” гэж нэрлэн тэмдэглэдэг байсан нь Халловийны баяр болж хувирсан аж. Халловийнтай холбоотой олон зан заншил Самхайны уламжлалаас эхтэй /Ó Crualaoich, Gearóid. "The Celtic Origins of Halloween" Folklore, 2002/.
Талархлын баяр нь уугуул америкчуудын уламжлалыг Европын ургацын баяртай хослуулсан тэмдэглэлт өдөр юм. Энэхүү баяр нь Массачусетс мужийн Плимут хотод 1621 онд пилгримчүүд (1620 онд одоогийн Плимут колонийг үүсгэн байгуулсан эртний Английн оршин суугчид) болон Вампаноагчууд (Америкийн уугуул овог) шинэ ертөнц дэх пилгримчүүд анхны амжилттай ургац хураалт хийснээ тэмдэглэн найрласнаар үүсжээ. Уг үйл явдлыг "Анхны талархлын өдөр" гэж үздэг. Пилгримчүүд Америкийн нутаг дэвсгэрт хатуу ширүүн өвлийг туулж байх үед хөдөө аж ахуйн чухал арга техникээ Вампаноаг овгийнхон зааж өгснөөр намар хангалттай ургац хурааж чадсан юм.
Ерөнхийлөгч Абрахам Линкольн 1863 онд Иргэний дайны үеэр "Тэнгэрт орших энэрэнгүй эцэгт талархаж, магтах үндэсний өдөр”-ийг арван нэгдүгээр сарын сүүлийн пүрэв гарагт тэмдэглэж байхаар зарласнаар Талархлын баяр нь үндэсний баяр болжээ. Цацагт хяруул, амтат төмс, хулуутай бялуу зэрэг нь баярын гол зоог бөгөөд гэр бүл, найз нөхөдтэйгөө хамт тэмдэглэж, хайртай хүмүүстээ талархан уг өдрийг өнгөрүүлдэг ажээ (Baker, James W. “Thanksgiving: The Biography of an American Holiday”. University of New Hampshire Press, 2009). АНУ-д тус баярыг арван нэгдүгээр сарын дөрөв дэх пүрэв гарагт тэмдэглэдэг бол Канадад аравдугаар сарын хоёр дахь даваа гарагт тэмдэглэдэг. Энэ нь бүс нутгийн цаг агаар, ургац хураах улиралтай холбоотой өөрчлөлт юм.
Эрт цагт монголчуудын хувьд намрын сүүл сарын сэрүүнд олныг хамарсан баяр цэнгэл зохион байгуулах нь малчдын хувьд бололцоогүй зүйл байсан нь мэдээж. Гэвч намар огт баярлаж цэнгэдэггүй байсан гэж ойлгож үл болно. Цагаан сарыг анх намар тэмдэглэдэг байсан гэж үздэг. Сы Ма Цянийн “Түүхэн тэмдэглэл”-ийн “Хүннүгийн шастир”-т “Цагаан сард олон ноёд нь шанюйн ордонд хуран, бага найр хийж, тахилга үйлдэнэ” гэсэн байдаг. Уг тахилга, тайлгыг жилд гурван удаа хийх ба хүн, малын тооллогын дүнг хэлэлцдэг есдүгээр сарын тайлга намрын сүүл сард тохиож байжээ /Х.Мөнхбаяр. "Монгол баяр наадам түүхэн товчоон", УБ., 2019/. Тэгэхээр монголчуудын хувьд Цагаан сарын тайлга зарим үед намар тохиодог байсан байх нь. Мөн хурим, найрыг ихэвчлэн цагаан идээ элбэг зуны болон намрын сард хийдэг уламжлалтай билээ.
Өдгөө ургацын баярыг аймаг, дүүрэг, хот, улсын хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлж, шинэхэн хүнсний ногоо, жимс жимсгэнийг хямд үнээр худалдаалдаг билээ. Тухайлбал, өнгөрөгч 2023 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам хамтран “Ургацын баяр” ёслол хүндэтгэлийн арга хэмжээг тоглолт, үндэсний бөхийн барилдаан, шагнал гардуулах ёслолын хамт зохион байгуулсан. Энэ жилийн тухайд “Алтан намар 2024” арга хэмжээ наймдугаар сарын 1-нд эхэлж, арван нэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулагдах юм. Жил бүр болдог уг арга хэмжээгээр “Намрын ногоон өдрүүд” хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг зохиож, нийслэлчүүд эх орны хөрсөнд ургасан хүнсний ногоогоо худалдан авдаг билээ.
Юваль Ной Харарагийн “Сапиенс: Хүн төрөлхтний товч түүх” номд “Соёл хүрээлэн буй орчныхоо нөлөөнд хариу үзүүлэх юм уу, хөрш зэргэлдээ соёлуудтайгаа харилцах явцдаа өөрчлөгдөн хувьсдаг” хэмээгээд иймээс одоо уугуул соёл анхны хэлбэрээрээ байх нь боломжгүй гэсэн байдаг. Дээр дурдсан баярууд ч одоогийн өнгө төрхөө олох хүртлээ олон соёлтой уусан нэгджээ. Ямартай ч олон улс, үндэстэнд намрыг угтаж эсвэл үдэн тэмдэглэдэг уламжлалт баярууд байдаг байх нь. Зуны нарлаг өдрүүд ард хоцорч, ажил хичээлийн завгүй амьдрал эхэлж байгаа ч яагаад намрыг тэмдэглэж болохгүй гэж? Алтан намар айлчлан ирлээ шүү дээ.