Анхны хайр яагаад бүтэж болохгүй гэж...?
Гэр бүлСэтгэл зүйХарилцаа
Namuun.B
Namuun.B
2024.08.30
3 минут
Анхны хайр яагаад бүтэж болохгүй гэж...?

Өсвөр насны уншигчид минь анхны хайр нь бүтэхгүй байна уу? Ганцаараа байхдаа хэлэх үг, аяглах аашаа төсөөлөн учиргүй зориг орж, сэтгэл шулуудсан ч харц тулгарах мөчдөө ээрч муураад, хараагүй царайлан зөрөөд байгаа биз. Эсвэл краштайгаа нээлттэй ярилцаж, сайн найз нь байж чаддаг ч түүнээс хэтрэхгүй, “сайн найз” хэвээр л байгаад байна уу? Харин тийм ээ... Яг энэ асуудлыг насанд хүрсэн олон хүн тойрч биш дайраад гарсан юм. “Анхны хайр бүтдэггүй” гэдэг үг зөндөө л сонссон биз дээ. Хэн нэгнийг хараад анх удаа ухаан алдах шахам догдолж, түүний төлөө юу ч хийхээс буцамгүй тийм дүрэлзсэн, халуун шатам хайраар хайрлаад байхад яагаад бүтдэггүй юм бол оо? Хамтдаа гаргалгаа хайцгаая.  

Анхны хайр = Хайрлаж сурах нь 

Анхны хайр бүтээгүй түүх 1. Байрны найз маань миний анхны хайр байлаа. Түүний тухай бүхнийг мэдэхийг хүсэж, судалдаг байв. Түүнээс илүү өөрийг нь мэддэг болтлоо л бүх зүйлийг нь мэддэг байлаа. Дүүд маань үлдээсэн гитарыг нь тэвэрч унтах нь холгүй л хайрладаг байсан ч таарахаараа үг сольж ч чадахгүй байсаар том болсон доо. Би түүнд тийм сайн байснаа хэзээ ч хэлээгүй, тэр ч өөрийг нь тэгж их хайрладаг хүн байсныг хэзээ ч мэдээгүй юм. /24 настай/ 

Өсвөр насны хүүхдүүд сэтгэл хөдлөлийн хувьд хөгжсөөр байгаа.  Бид анх хайртай учрахдаа романтик харилцааны ээдрээтэй асуудлуудыг даван туулах ур чадвар хараахан эзэмшиж амжаагүй байдаг. Иймээс анх удаа хүнд дурлахдаа тэр их мэдрэмжээ хэрхэн ойлгож, ямар шийдвэр гаргах, юу хэлэх, яаж хөдлөхөө ч мэдэхгүй зөрчилдөөнд хүрдэг байна. Надад краштайгаа уулзахаараа гараа яахаа мэдэхээ больчихдог найз байдаг юм. Сандарсандаа гараараа сонин хачин хөдөлгөөн хийж, нөгөө хүнээ гайхшируулж орхидог. Гэтэл тэр чинь насанд хүрчихсэн хүн шүү дээ. Тэгэхээр том болсон ч хайртай хүнийхээ хажууд сандарсаар л байдаг байх нь. Түүнчлэн анх удаа гэр бүл, найз нөхдөөс өөр хайртай учрах үед буулт хийх, тэвчээртэй байх зэрэг ойлголтын ач холбогдлыг хараахан ойлгоогүй байх нь бий. Харилцааны сэтгэл судлалын судалгаанаас харахад хайр дурлалын туршлага нь тогтвортой харилцаанд шаардлагатай ур чадварыг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг аж /Sneed, M. J. "The Role of Identity Formation in the Failure of First Love" Journal of Youth and Adolescence. 2002/. Тэгэхээр анхны хайр бидний хувьд хүнийг хайрлаж сурах дадлага болж үлддэг байх нь.  

Солонгос кино шиг хайр буюу “бодит бус хүлээлт”

Анхны хайр яагаад бүтэж болохгүй гэж...? Анхны хайр бүтээгүй түүх 2. Дунд ангид нэгэн хөвгүүн өдрийн бодол, шөнийн зүүд минь байлаа. Тэр хүүхэд л над руу нэг удаа харчих юм бол хамгийн сайхан өдөр минь байдаг байв. Хоёр жил нууцаар хайрласны эцэст үерхсэн ч би үерхэлд бэлэн биш байсан уу эсвэл тэр төсөөлснөөс минь өөр хүн байсан уу мэдэхгүй юм. Би харилцаанаасаа зугтдаг болчихсон. Учиргүй их хайрладаг байсан хүүхдээсээ өөрөө зугтсаар байгаад салж билээ. /27 настай/  

“Шоколадны амтаар л төсөөлж байсан мөнөөхөн анхны хайр гээч зүйл дэндүү гашуун байлаа” хэмээн зохиолч Л.Өлзийтөгсийн бичиж байсанчлан бид бага залуу насандаа солонгос киноны догдлом хайр дурлал, дуртай романыхаа гол дүрээр хайрыг төсөөлөх нь бий. Харин уг хүлээлтэд хүрэхгүй үед урам хугарснаас болж анхны хайр бүтэхгүй байх тохиолдол үүсдэг байна. Социологич Анн Свидлерийн "Романтик утопи" (Романтик мөрөөдлийн ертөнц) хэмээх үзэл баримтлалын дагуу харилцааны эхний шатанд хайрын идеалчилсан буюу бодит бус хувилбаруудыг сурталчилсан түүхүүд, кино, ном нь хайрын тухай төсөөлөлд нөлөөлж, бодит бус хүлээлтэд хүргэдэг аж /Ann Swidler, “Talk of Love: How Culture Matters”, Contemporary Sociology A Journal of Reviews, 2002/. 

Найз: “Чи хүнтэй үерхээч!” VS Гэр бүл: “Хайр дурлал гэх нас чинь болоогүй шүү!” 

Бага байхад огт нэгэндээ дурлаагүй хүүхдүүдийг олны ам дамжсан яриагаар холбосоор байгаад үерхүүлчихсэн тохиолдлууд байдаг байлаа. Зарим найз маань найзууд нь хүнтэй үерхээд байгаа учраас л хэн нэгэнтэй үерхдэг байв. Насанд хүрсэн хойноо нэгэн хөвгүүнтэй үерхдэг байсан багын найзаасаа “Яг үнэндээ би өөр хүнд сайн байсан шүү дээ...” гэсэн төсөөлөөгүй нэр сонссон юм. Тэгэхээр өсвөр насныхны хувьд төлөвшөөгүй, бусдын үгэнд хурдан итгэж автдаг байдлаараа дурласан хүнтэйгээ биш огт өөр хүнтэй хамт байх хандлага байдаг аж. Эсвэл найзуудад нь тухайн хүн нь таалагдахгүй, болиулах гэж оролдох тохиолдол ч бий.  

Харин гэр бүлийн зүгээс “Хүнтэй үерхэх болоогүй шүү” гэсэн анхааруулга ирдэг. Хичээл номдоо анхаар гэсэн эцэг, эхийн сануулгын дагуу бүтээгүй хайрууд олон байгаа байх. Өсвөр насныхны харилцааны тухай судалгаагаар гэр бүлийн шаардлага, үе тэнгийнхний нөлөө зэрэг гаднын хүчин зүйлс нь анхны хайрын тогтвортой байдалд ихээхэн нөлөөлдөг болохыг тогтоосон байдаг /Furman.W, Brown.B.B “The Development of Romantic Relationships in Adolescence”. Cambridge University Press, 1999/. 

Дурлал болон жинхэнэ хайрын ялгаа 

Анхны хайр нь дурлалаас үүдэлтэй байдаг бөгөөд хүчтэй боловч ихэвчлэн богино хугацаанд үргэлжилдэг. Дурлал нь сэтгэл хөдлөлийн гүн гүнзгий холбоо гэхээс илүү хүсэл тэмүүлэл, сэтгэлийн хөөрөлтэй холбоотой байдаг бөгөөд энэ нь цаг хугацааны явцад алга болдог аж. Сэтгэл зүйч Роберт Стернбергийн хайрын гурвалжны онолоор хайр нь дотно байдал, хүсэл тэмүүлэл, тууштай байдал гэсэн гурван хэсгээс бүрддэг. Анхны хайр нь гал халуун дурлалаар өдөөгддөг учраас ихэвчлэн хүчтэй хүсэл тэмүүллийг агуулдаг боловч удаан хугацааны харилцааг бий болгоход шаардлагатай дотно, тууштай байдал байдаггүй аж. Ийм тэнцвэргүй байдалтай дурлалын харилцаа нь бат бөх байж чаддаггүй байх нь. 

АНХНЫ ХАЙРЫН АСУУДЛЫГ СЭТГЭЛ ЗҮЙЧИЙН ҮҮДНЭЭС ТАЙЛБАРЛАХ НЬ 

Анхны хайр яагаад бүтэж болохгүй гэж...?

Логарифм сургуулийн сэтгэл зүйч А.Сүхбат 

Сургуулийн сэтгэл зүйчээр дөрвөн жил ажиллахад үерхэл, анхны хайрын асуудалтай тохиолдол нэлээд хувийг эзэлж байна. Анхны хайр, дурласан хүн нь өөрийг нь тоогоогүйгээс болж хүүхдүүд өөрийгөө голох, бусадтай жишиж харьцуулах зэрэг сөрөг нөлөө гарч ирэх эрсдэл бий. Мөн өөртөө бус нөгөө хүндээ таалагдах гэж тухайн хүний дуртай юмыг сонирхож, өөрийгөө орхих хандлага ч ажиглагддаг.  

Анхны хайртайгаа харилцахад гарч буй саад бэрхшээл, ичих мэдрэмж нь хэвийн зүйл. Учир нь бид  анх удаа ойр дотнын хүмүүсээс өөр хүнийг хайрлах гэж, харьцах гэж оролдож байна шүү дээ. Сэтгэлээ огт илэрхийлэхгүй дотроо хадгалаад  явж байснаас зориглоод илэрхийлэх хэрэгтэй. “Дараа нь хэлдэг байж дээ...” гэж харамссанаас л дээр. Анхны хайртайгаа үерхээд цаашид харилцаа нь бүтэхгүй байх тохиолдлын хувьд үерхлийн үе шатуудын хамгийн анхны үе шат болох бал сарын үед байсан шиг бүх л цаг хугацаа тийм байна гэсэн төсөөлөлтэй байдаг. Энэ үе дуусахад өмнө нь байсан тэрхүү төгс хүний дүрийг эргэн хайж эхэлдэг. Иймээс нэгдүгээрт үерхэл үргэлж аз жаргалтай байдаггүйг хүлээн зөвшөөрч сураагүйгээс, хоёрдугаарт тухайн хүнийг бус хүний төгс дүрийг нь хайрласан байдаг учраас анхны хайр бүтэхгүй байх нь бий. 

Сонирхуулахад, Их Британийн “YouGov” судалгааны байгууллагын хийсэн судалгаагаар анхны хайртайгаа гэрлэсэн хосууд нь бусад хосуудаас илүү хуурах магадлал бага, үхэн үхтлээ хамт байна гэж боддог аж. Тухайлбал, “Хамтрагчаа хэзээ нэгэн цагт орхих талаар бодож байсан уу?” гэх асуултад анхны хайртайгаа гэрлэсэн хүмүүсийн 78 хувь нь “үгүй” гэж хариулсан байдаг. Үүнээс үзвэл анхны хайр бүтээд, хамтдаа амьдарвал илүү аз жаргалтай ч амьдрах боломжтой ажээ. 

Анхны хайраа олон жилийн дараа ч дурсан ярих хүмүүс их байдаг. Анхны хайр яагаад тийм нандин байна вэ? 

Хүн амьдралд тохиох чухал зүйлсээ үргэлж санаж, нандигнаж явдаг. Анхны хичээлийн шинэ жил, үсэглэлийн баяр, дүүтэй болсон өдөр гэх мэт. Үүний нэгэн адил анхны хайр ч гэсэн хүний нандин мөчүүдийн нэг мөн. Түүнчлэн анхны хайранд ямар ч шалгуур, тооцоолол байдаггүй, зөвхөн сэтгэл байдаг учраас тэр юм болов уу. Нас явахын хэрээр амьдрах орон байр, хүүхэд, машин, зээл гээд л бодох төлөвлөх юмнууд урсаад л гараад ирдэг шүү дээ. Иймээс тэр үеийн хайр илүү нандин байж болно.  

Сэтгэл зүйчийн зөвлөгөө:  Анхны хайр бүтээгүй байлаа гээд амьдрал сүйрсэн гэсэн үг биш шүү дээ. Иймээс хэн нэгнийг чин сэтгэлээсээ анх удаа хайрласан нь, догдолсон нь үнэн, бүтээгүй нь үнэн гэх зэргээр мэдрэмжээ хүлээн зөвшөөрөх нь чухал. Ихэнх тохиолдлыг ажиглахад өнгөрснийг хүлээн зөвшөөрч чадалгүйгээр түүндээ гацаж, хоргодсоор байдаг. Ийм үед мэдрэмжээ хүлээн зөвшөөрч, одоо цагийн өөртөө төвлөрөх хэрэгтэй.  

Анхны хайр дандаа бүтдэггүй юу гэвэл үгүй. Анх хайрлаж, дурласан хүнтэйгээ одоо ч хамт, гэрлээд аз жаргалтай амьдарч яваа хүмүүс мэдээж олон шүү.  

Анхны хайр бүтсэн түүх.  

Анх сүйт залуутайгаа 15 настайдаа танилцаж байлаа. Нэг жил найзын харилцаатай байсны эцэст үерхээд одоо 7 жилийг ардаа үджээ. Бид хоёр саяхан сүй тавьсан. Хамтдаа мөнгөө хуримтлуулаад хуримаа хийхээр төлөвлөж байгаа. Анх удаа хайрлаж дурласан хүнтэйгээ одоог хүртэл хамт байж, нэгнээ түшиж тулан амьдарч байгаадаа баяртай байдаг. /25 настай/ 

♥ Анхны хайр маань миний нөхөр юм. Тухайн үед надад олон хүүхэд сайн байсан ч яг тэр л тоодоггүй байлаа. Эхэндээ түүнд дургүй байсан ч тоохгүй байх тусам нь яагаад ч юм сонирхол төрөөд нэг л мэдэхэд их сайн болчихсон. Оюутан болоод бид хоёр ямар ч холбоогүй байв. Гэхдээ түүнийг дурсаагүй өнгөрсөн нэг ч өдөр надад үгүй. Их сургуулийн төгсөх жилд гэнэт над руу цэрэгт байхдаа мессеж бичсэн юм. Цэргээсээ чөлөө аваад сарын дараа надтай уулзахаар ирэхдээ яг л бага байхад дандаа өгдөг байсан шигээ иштэй чихэр бариад ирж билээ. Танилцсанаасаа хойш хайрлаж явсаар 10 жилийн дараа л бид хоёр үерхсэн юм. Одоо бид гурав дахь хүүхдээ хүлээж байна даа. /29 настай/ 

Анхны хайрын бүтсэн, бүтээгүй олон түүхийг сонсон, нийтлэлээ бичиж суухад “Ариун ариун гэхэд анхны хайр шиг ариухан нь хаана байна” гэх дуу аманд аялагдан байлаа. Нээрэн л амьдралд хоёр заяахгүй анхны хайр гэх зүйл хүн бүрд ариун нандин байдаг билээ. Анхны хайртайгаа ханилж гэрлээд ээж аав болсон хүмүүс байхын адилаар “Би чамд хайртай” киноны Дэлгэр шиг олон Дэлгэрүүд бидэн дунд бий. Уг нийтлэлээрээ анхны хайраас бусад хайрыг үгүйсгэх гэсэнгүй. Хайр бүхэн үнэ цэнтэй, ариун нандин. Хайрлаж байна гэдэг та амьд байна, амьдарч байна гэсэн үг. Хайртай хүндээ амжиж хайртай гэдгээ хэлээрэй.