Залуусын орон зай

Хэцүү зүйлсийг туулах ёстой л адал явдал гэж хүлээж авсан

TsoilogsoZ2024.03.166 минут унших
Хэцүү зүйлсийг туулах ёстой л адал явдал гэж хүлээж авсан - нийтлэлийн зураг (гар утасны хувилбар)

Аав, ээж маань наймаа хийх гээд ийш, тийш их явна, би ихэвчлэн эмээ дээрээ үлдэнэ. Тийм болохоор өөрийгөө багаасаа “хаягдаад” сурчихсан гэж боддог байлаа. Гэтэл өөрөө аав, ээжээсээ анх удаа хол явж, алс сумын төвд амьдарч үзээд гэр бүлийнхээ үнэ цэнийг илүү их мэдэрч байна. Аав, ээжийгээ их санаж байгаа.

Тэгээд би бодсон л доо. Хөдөө очиж ажиллах залуус алга гээд л ярьдаг. Яагаад тэнд залуу хүмүүс тогтохгүй, очсон нь буцаж яваад байна вэ гэхээр нэгдүгээрт, хайртай, дотнын бүх хүн, үнэ цэнтэй бүхэн нь хотод байна. Хоёрдугаарт, суурь хэрэгцээ нь хангагдахгүй байгаа юм шиг санагддаг. Хэрэв амралтын хоёр өдрөөрөө шурдхийгээд гэртээ очиж амраад, ээж, аавтайгаа очиж уулзчихаад даваа гарагаас өмнө амжаад ирэх зам харгуй, дэд бүтцийг нь шийдээд өгвөл хөдөө ажиллаж, амьдрах залуус нэмэгдэх л байх.

DSC00980.jpg

Ер нь гэхдээ хот, суурин газар өссөн, сурсан хүн хөдөө, орон нутагт ажиллахад зориг шаардах юм билээ. Анх намайг суманд очиж багшлах шийдвэр гаргахад хүмүүс “Чи ямар зоригтой юм бэ” гээд л байлаа. Тэр үед би яагаад зоригтой гэж байгаа юм бол доо гээд гайхаж байсан. Энд ирээд л би нээрэн зоригтой шийдвэр гаргажээ гэж мэдэрсэн дээ.

Залуу багш нар орон нутагт яагаад удаан ажиллахгүй, тэсэхгүй байна вэ гэвэл яам, тамгын газар нь халамжлах тухай ойлголт огт байхгүй. Харин үүний оронд хянана, шалгана л гэдэг. Магадгүй би ч бас "Teach for Mongolia" хөтөлбөрт хамрагдаагүй бол хөдөө суманд ирж хоёр жил багшлахгүй байсан болов уу гэж боддог. Нэг тийм ардаа хамгаалалттай юм шиг халамжийг хөтөлбөрийнхөн маань үргэлж мэдрүүлдэг гэх үү дээ. Хөтөлбөр маань үргэлж бидэнд ментор болж байдаг учраас би энэ хүртэл явж чадсан.

Өнгөрсөн хугацаанд олон зүйлийг, дутуу байгаагаа, дахиад сурах ёстойгоо ойлгож, ухаарсан тэр хэрээр хэрсүүжсэн. Бас хөдөөд, суманд хүүхдүүдийн боловсрол, зөөлөн ур чадварын түвшин аль зэрэгт байгааг, түүнийг ахиулахад миний чадах зүйл юу билээ гэдгийг их бодлоо.

DSC00864.jpg

Би 6-9 дүгээр ангийнханд хичээл ордог. Эхний нэг жил сургуулийн чөлөөт үйл ажиллагаа их хэцүү санагддаг байсан. Хүүхдүүддээ хичээлээ ойлгуулах гээд ядаж байхад, агуулгаас нь шал өөр тэмцээн, уралдаан зарлаад замхруулаад байгаа юм шиг санагдана. Бидэнд хуваарь ирдэггүй, гэнэт л маргааш уралдаантай, тэмцээнтэй гээд л. Тэрэнд орохын тулд хүүхдүүд миний хичээлийг хойш тавих гэх зэргээр ажил цалгардах тохиолдол байлаа.

Хотод бол дунд ангийнхныг ээж, аав нь сургуульд нь байнга хүргэж өгч, авдаг бол энд тэд өөрсдөө ирж, очно. Бие даагаад амьдардаг хүүхдүүд их байдаг. Хүүхдүүд өөрсдөө хоолоо хийж идээд, өөрөө өөрсдийгөө өсгөж хүмүүжүүлээд л явж байна гэсэн үг. Биеэ дааж байгаа сайн талтай ч том хүний анхаарал, халамж хөвгүүдэд тэр тусмаа хэрэгтэй байдаг. Хөдөөгийн хүүхдүүд сурлагын хувьд хоцрогдолтой зүйл ажиглагддаггүй. Ковидын нөлөө байж магадгүй, өөрийгөө илэрхийлэх чадвар нь сул. Хотын хүүхдүүд түгжирсэн учраас хоцорчихлоо, ээж намайг загнасан учраас би гунигтай байна гэх ч юм уу мэдрэмжээ, юу болсон учир шалтгаанаа нээлттэй ярьдаг. Гэтэл хөдөөгийн хүүхдүүд мэдрэмжээ тэр бүр илэрхийлдэггүй. Загнуулсан ч тэрийг тоодоггүй. Гэхдээ бусдаар хөдөөгийн хүмүүс гэхээр л тэс өөр харилцаа, хандлагатай биш л дээ, адилхан л хүн.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хамгийн их ойлгож, ухаарсан зүйл бол багшийн ажлын хүнд, хэцүү. Өмнө нь багш гэхээр багш л гэж хардаг байсан. Одоо бол багш гэхээр л хайрлан хүндэлмээр санагддаг болсон доо. Би нэг л хичээлийн багш болно гэж бодож ирсэн юм. Гэтэл хичээл эхлэхээс өмнө, наймдугаар сарын 31-нд сургуулийн удирдлага багш нартай уулзахад Нийгэм, Түүх, Иргэний ёсзүй гээд гурван хичээл заана гэдгийг хэлсэн.  Анх 30 гаруй цагтай ажилласан учраас, ачаалал их байсан.

Хэцүү зүйлсийг “Хэцүү юмаа” л гээд бодоод байвал аль эрт шантраад буцах байсан байх. Хэцүү зүйлсийг туулах ёстой л адал явдлын нэг, тохиолдох л ёстой сорилт гэж хүлээж авсан.  Угаасаа л би энд өөрийгөө сорьж үзэхийг, аль түвшинд явна вэ гэдгээ олж мэдэхээр, нэг л юм дутаад байх шиг санагдсан учраас л эрэл, хайгуул хийж ирсэн.

DSC00912.jpg

Би зөв юм хийж байгаагаа хөтөлбөрийнхөнтэйгөө уулзахаараа ихээр мэдэрдэг. Нэг удаа Зүүн Өмнөд Азийн төгсөгчдийн уулзалтад яваад ирсэн. Тэнд орон орноос ирсэн төгсөгчидтэй, ижилхэн үнэт зүйлийн төлөө ажиллаж байгаа хүмүүстэй уулзаад “Би хүнд хэрэгтэй, утга учиртай юм хийж байгаа юм байна” гэдэг бодолтой буцаж ирсэн.

Эндээс удахгүй явна гэхээр хүүхдүүддээ хорогдох мэдрэмж төрж байна. Би энд ирээд маш олон захиа авсан. Магадгүй хүүхдүүдийн захиа л намайг энэ хүртэл ажиллуулсан гэж хэлж болно. Тэр дунд нэг охины захиа байсан. Хөвгүүд намайг гадна талаас харж шүүмжилдэг. Гэтэл та намайг хараад хөөрхөн гэж хэлсэн, үүнээс хойш өөртөө итгэх итгэл нэмэгдсэн гэх агуулгатай. Үүнийг уншаад хүний харагдах байдал чухал биш шүү гэдгийг нэг ч гэсэн хүүхдэд ойлгуулж чаджээ гээд их сайхан санагдсан шүү.

Хүүхдүүдэд мэдэхгүй юмаа заах шиг ичгэвтэр юм байхгүй. Дахиад өсөж хөгжиж, дэвших шаардлага байна. Тиймээс цаашид гадаадад сурч магистр хамгаална. Үүний дараа юмыг илүү олон талаас нь харж, илүү чадварлаг болж, илүү олон хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол эзэмшүүлэхийг хүсэж байна.

Гэрэл зургийг: Л.Буд

Хуваалцах:

Холбоотой нийтлэлүүд