Critical thinking

Улсын төсөв тойрсон асуудлыг нухацтайгаар ажиглах нь

Б.Намуун -- 2024.11.215 минут унших

Ирэх оны улсын төсвийг баталсан хамгийн сүүлийн бэх хатаж байх энэ үед Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төсөвт бүхэлд нь хориг тавив. Тиймээс дахин эхнээс нь харах боломж бидэнд олдлоо. Улсын төсвийн асуудал иргэн нэг бүрд хамааралтай учраас бид үүнийг нухацтайгаар харж, оюундаа тунгаах учиртай. Тэгвэл энэ асуудлыг хэрхэн нухацтай авч үзэх вэ? 

УИХ-аас Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулийг энэ сарын 8-нд баталсан. Уг хуулиар манай улс ирэх онд 35.8 их наяд төгрөг зарцуулахаар болсон юм. Үр дүнд нь 2025 оны төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувьтай тэнцүү буюу 1.9 их наяд төгрөг байхаар тусгагджээ. Харин Ерөнхийлөгч тус төсөвт энэ сарын 20-ны өдөр хориг тавив. Хориг тавьсан эсэхээс үл хамааран, дахин батлагдах мөнгийг мэдээж иргэд идэвхийлэн ажиллаж, бүрдүүлж өгнө. 2023 оны байдлаар Улсын нэгдсэн төсвийн орлогын 92.2 хувийг татварын орлого бүрдүүлсэн. Бүх цаг үеийн турш уг орлогын дийлэнх хувийг татварын бус орлого биш иргэд, аж ахуйн нэгжийн татвар бүрдүүлсээр ирсэн билээ. Энэ нь ч мэдээж. Тэгэхээр уг татварын мөнгийг хэрхэн зарлагадах нь бидэнтэй шууд хамааралтай асуудал гэдэг нь тодорхой.  

Улсын төсвийг хэрхэн нухацтайгаар харах вэ? 

“Нухацтай сэтгэлгээ” номын зохиогч С.Өнөр “Аливаа мэдээлэлд нухацтай хандаж, зөв дүгнэлтэд хүрэхэд гурван тулгуур зүйл бий. Нэгдүгээрт, уг хүний ерөнхий суурь мэдлэг. Хоёрдугаарт, авч буй мэдээллийн чанар. Гуравдугаарт, тухайн мэдээллийг боловсруулж буй сэтгэх хэв маяг орно. Энэ гурван ойлголт гурвуул чухал” хэмээгээд тус бүрчлэн ийнхүү тайлбарласан билээ.  

Асуудлын талаарх ерөнхий мэдлэг. Хүний суурь мэдлэг сайн байвал хэр баргийн юманд хууртах магадлал багасдаг. Тиймээс улс төр, нийгэм, эдийн засгийн талаарх ерөнхий мэдлэг сайтай тохиолдолд хэр баргийн популист амлалтад автах нь цөөн байдаг ажээ.  

Авч буй мэдээллийн чанар. Мэдээлэл чанар сайтай буюу ил тод, бүрэн, цаг хугацаандаа, үзэж харахад амар хэлбэрээр түгсэн байх нь маш чухал. Ил тод гэдэг нь нээлттэй, ямар нэг нууцлалд оруулаагүйг илтгэнэ. Бүрэн гэдэг нь мэдээллийг хэн нэгэн цензур тогтоон тастаагүй гэсэн үг. Жишээлбэл, хүний ярианы зөвхөн нэг хэсгийг тастаад хүмүүсийг төөрөлдүүлэх нь бий. Цаг хугацаандаа гэдэг нь тухайн мэдээлэл хоцорч гараагүй гэсэн үг. Мөн үзэж харахад хялбар байх нь маш чухал. Жишээлбэл, зөв форматтай текст мэдээллээс хүн түлхүүр үгээр нь амархан хайлт хийж болдог. Гэтэл видео, эсвэл чанар муутай сканердсан текстээс юм хайж олох маш төвөгтэй. Чанартай мэдээлэл байгаа үед хов жив, сенсацын орон зай хумигддаг. Яагаад гэвэл албан ёсны, бүрэн бүтэн, ил тод мэдээлэл гарчихсан учраас эх сурвалжаа дурдаад баримт, нотолгоотой мэтгэлцэх боломж бүрдэнэ.  

Мэдээлэл боловсруулах хэв маяг. Энэ нь мэдээллийг сэтгэл хөдлөлд бага автан, логик алдаагүй боловсруулах тухай юм. Жишээлбэл, дэмждэг нам, гишүүнийхээ үгийг сонсохдоо үнэн л байх ёстой гэсэн урьдач таамаглалгүйгээр, эсвэл дургүй улс төрч нь үг хэлж байхад энэ ч худлаа ярьж байгаа даа гэх хардлагагүйгээр “яг юу хэлсэн, яаж үйлдсэнийг” харахыг зорих хэрэгтэй. Нэн ялангуяа үйлдэл маш чухал юм.  

Улсын төсөв тойрсон асуудлыг нухацтайгаар ажиглах нь

Энэ тухай цааш нь тэрбээр “Өнөөдөр манай нийтийн боловсрол тун тааруу байна. Эдийн засаг, улс төр, нийгмийн тухай хүн бие даан судалъя гэвэл нээлттэй мэдээллийн сан  ховроос гадна чанар асар тааруу. УИХ-ын гишүүд төсөвтэй холбоотой юу хэлсэн, ямар санал өгсөн тухай мэдээлэл өнөөдөр буюу төсөв батлагдсанаас хойш цөөнгүй хоног өнгөрчхөөд байхад одоо болтол байхгүй. Энд тэнд салангид бичлэг төдийхөн л байна. Мөн улс төрчдийн үг яриа, үйлдэл хоорондоо зөрдгийг маш сайн анзаарах хэрэгтэй. Ер нь УИХ-ын гишүүний үнэн нүүр царай хуралд хэрхэн санал өгснөөр их тодорхой харагддаг. Бусдаар бол үгээрээ юу гэж ч гоё зүйлс ярьж болно. Гол нь ярьсан зүйлээ хамгаалж саналаа өгч чадсан эсэх нь их чухал. Тэгэхээр иргэд юуны түрүүнд ил тод, чанартай мэдээлэл шаардах хэрэгтэй. Энэ бол төрийн хийх ёстой үүрэг учраас бид ч шаардаж, шахах учиртай. Харин өөрсдөө ерөнхий мэдлэг, нухацтай сэтгэх чадвараа хөгжүүлэхэд анхаарах ёстой юм. Нухацтай сэтгэлгээгүй бол эрүүл мэтгэлцээн, санал солилцоо гэж бараг байхгүйтэй адил. Зүгээр л хэрүүл уруул, нэгнээ доромжилсон харилцан яриагаар төгсөх нь элбэг” хэмээн дүгнэв.  

Үнэхээр ч улс төрийн болон санхүүгийн талаар мэдлэг ойлголт, мэдээлэлтэй иргэд Засгийн газрын үйл ажиллагааг нягтлан шалгахад илүү сайн бэлтгэгдсэн байдаг талаар олон судалгааны үр дүн онцолдог. Иймээс иргэд төсвийн хуваарилалтыг ойлгож, зайлшгүй шаардлагатай болон чухал бус зардлыг ялган таньдаг байх хэрэгтэй билээ. 

Улс төр, эдийн засгийн нөхцөл байдлыг ойлгоцгооё! 

Францын эдийн засагч, профессор Пикеттигийн үзсэнээр төсвийн өсөлт нь ихэвчлэн улс төрийн хөтөлбөртэй нийцдэг /Piketty, T. “Capital in the Twenty-First Century”. 2014/. Улс төрийн хөтөлбөр нь олон янз байж болох бөгөөд үүнд эдийн засгийн шинэчлэл, эрүүл мэндийг сайжруулах, байгаль орчны бодлого, боловсролын санаачилга зэрэг асуудлууд багтдаг билээ. Тэгэхээр зардал нэмэгдэх нь нийгмийн жинхэнэ хэрэгцээ шаардлагад нийцэж байна уу, эсвэл популист зардлаар дамжуулан богино хугацаанд нэр хүндээ нэмэх гэх мэт улс төрийн зорилгыг тусгаж байна уу гэдгийг иргэд нухацтай ажиж, дүгнэх хэрэгтэй юм.  

Тухайлбал, хориг тавихаас өмнөх төсөвт Монгол Улсын нэгдсэн төсвийн зардалд “Бараа үйлчилгээний бусад зардал” гэх мэтээр бусад гэх ангиллын зардал ихэнх хувийг эзэлж байна. Түүнчлэн гадаад, дотоодын томилолтын зардалд ирэх онд 111 тэрбум төгрөг төсөвлөжээ. Одоогоор төсвийн алдагдал 1.9 их наяд төгрөгийг хасна гэж байгаа ч бодит байдалд хэрхэн өөрчлөгдөх тодорхойгүй байгаа. Иймээс иргэн нэг бүр энэхүү төсвийн задаргааг эргэн нэг харж, таны төлөх татварын мөнгө юунд зарцуулагдах гэж байгаа талаар ойлголттой байх шаардлагатай билээ.  

Улсын төсөв огцом нэмэгдэх нь сонгуулийн жилтэй холбогдох нь. Нухацтай сэтгэлгээний гол зарчим бол үндсэн таамаглалд эргэлзэх явдал билээ. Нухацтай сэтгэлгээний талаар судалгаа хийдэг судлаач, доктор Фасионе улсын төсвийн нэмэлтийн асуудалд иргэд оролцохдоо яагаад зардал нэмэх саналтай байгааг асууж, түүний цаг хугацаа сонгуулийн мөчлөг эсвэл Засгийн газрын зардалд нөлөөлж болох улс төрийн үймээн самуунтай үеэр таарч байгаа эсэхийг үнэлэх хэрэгтэй /Facione, P. A. “Critical Thinking: What It Is and Why It Counts”. 2015/ гэсэн байдаг. Сонгуулийн жилийн дараа улсын төсөв огцом нэмэгдэж байгаа нь сонгуулийн динамиктай холбоотой байх нь бий бөгөөд энэ нь ихэвчлэн “улс төрийн бизнесийн мөчлөг” гэсэн ойлголттой хамааралтай юм. Энэ нэр томьёо нь сонгогдсон албан тушаалтнууд сонгогчдын таашаалд нийцэхийн тулд сонгуулийн үеийн төсвийн бодлогод нөлөөлөх хандлагыг илэрхийлдэг / Nordhaus, W. D. “The political business cycle”. The Review of Economic Studies/. Сонгууль болохоос өмнө юм уу, шууд дараа нь Засгийн газрууд кампанит ажлын амлалтаа биелүүлэх эсвэл олон нийтийн хэрэгцээг хангахуйц гэдгээ харуулахын тулд төсвийн зардлыг нэмэх нь бий. Гэвч ийм төрлийн зарлага нь улсын өрийг нэмж, урт хугацааны төсвийн алдагдалд хүргэж болзошгүй билээ. 

Төсвийн өсөлтийн болзошгүй үр дагаварт дүн шинжилгээ хийх. Төсвийн бодлогын шинжээчдийн хийсэн судалгаагаар төсвийн өсөлт нь заримдаа дэд бүтэц, нийгмийн үйлчилгээг богино хугацаанд сайжруулахуйц л байдаг учраас эсрэгээрээ урт хугацааны өр, татварын дарамт үүсгэдэг аж. Энэ тохиолдолд нухацтай сэтгэх чадвараа ашигласнаар төсвийн нэмэлтээс ирэх ашгийг болзошгүй эрсдэлтэй харьцуулах боломжтой юм. Хэрэв хөрөнгө мөнгийг бүх иргэдэд тэгш хүртээлгүй салбар руу чиглүүлбэл төсвийн хэт их өсөлт нь нийгмийн тэгш бус байдлыг бий болгох билээ.  

Шуугианаас шуугианы хооронд анхаарлаа төвлөрүүлэх нь 

Хэт их мэдээлэл, шуугиан тарьсан мэдээгээр дүүрэн өнөөгийн амьдралд ач холбогдолтой мэдээлэлд анхаарлаа төвлөрүүлэхийн тулд хамааралгүй, анхаарал сарниулах гэсэн зүйлсийг шүүж хаях нь маш чухал. Шуугианаас шуугианы хооронд мартагдаж буй олон чухал асуудал бидний дунд эргэн дурсагдахаа хүлээсээр. Гэвч бүх зүйлийг нэг шуугианыг нөгөөгөөр дарах гэсэн арга хэмээн хардаж сэрдэж харах нь ч учир дутагдалтай талаар “Нухацтай сэтгэлгээ” номын зохиогч С.Өнөр ийнхүү ярилаа.  

Улсын төсөв тойрсон асуудлыг нухацтайгаар ажиглах нь

Аливаа зүйлийг бодохдоо богино ба урт хугацаа, үр дагаврыг дарах ба ул суурьтай шийдэх гэх мэтээр олон талаас нь харж болно. Яг нэгийг нь туйлын зөв, нөгөөг нь буруу гэж болдоггүй. Угаас ингэж зөвхөн хоёр сонголт байгаа мэт хуваах нь “хуурамч ацан сонголт” (false dilemma) гэх төөрөгдөлд хөтөлдөг. Тэгэхээр дуулиан шуугиан болгон бас ямарваа нэг зүйлийг өнгөлөн далдлах зорилготой байх албагүй. Үнэхээр нийгмээс үүссэн бодитой хариу үйлдэл байж болно. Дуулиан шуугианыг хөөцөлдөлгүй орхих буюу богино хугацаа, үр дагаврыг орхиод, ул суурьтай, урт хугацааны шийдэл л ярих нь ч өрөөсгөл юм. Өвчтөнөөр жишээ авч тайбарлая. Үнэхээр биед маш хурц гэмтэл бий болсон эсвэл цус алдаад байгаа хүний өвчнийг хурдан намжаах, цус алдалтыг зогсоох богино хугацааны шийдэл зайлшгүй байх ёстой. Гэлээ гэхдээ өвчин намдаад, цус нь тогтсоны дараа “За боллоо” гээд явуулж болохгүй. Ул суурьтайгаар өвчний суурь шалтгааныг олж эмчлэх ёстой. Нийгэмд гарч буй сенсац бол өвчний энэхүү нэг хурц илрэл юм. Үүнийг ердөө нэг дуулиан шуугиан гээд үгүйсгэж болохгүйтэй адилаар мөн зөвхөн илэрлийг нь хөөгөөд шуугианаас шуугианы хооронд хийсээд байж болохгүй. Дүгнээд хэлбэл, нийгэмд өрнөж буй зүйлсийг зөвхөн богино, эсвэл зөвхөн урт хугацаагаар харах бус аль алиныг нь хамтатган авч үзэх хэрэгтэй.  

Бид өөрөөсөө ЮУ асуух вэ? 

Өөрөөсөө асуулт асуух нь нарийн төвөгтэй мэдээллийг удирдаж болохуйц хэд хэдэн хэсэг болгон задалж, илүү гүнзгий ойлголттой болоход тусалдаг билээ. "Би яг юуг ойлгох гээд байна вэ?", "Үүнийг юу нотолж эсвэл няцааж байна вэ?" гэх мэт тодруулах асуултуудыг асууснаар хувь хүмүүс илүү идэвхтэй эрэл хайгуулд оролцож, үр дүнтэй хариулт олох боломжтой болох юм /Paul,R & Elder, L. “Critical Thinking: Tools for Taking Charge of Your Professional and Personal Life”. 2014/. Тэгэхээр бид яригдаж буй асуудлыг бодож үзэхдээ өөрөөсөө юуг асуух вэ?  

Нухацтай сэтгэлгээ номын зохиогч С.Өнөрийн санал болгож буй иргэд төсвийн асуудлыг тунгаан бодохдоо өөрөөсөө асууж, тунгаах асуултын жишээ: 

  1. Надад ямар мэдээлэл байна вэ? Энэ мэдээлэл хэр найдвартай вэ? Надад ямар мэдээлэл хэрэгтэй байна вэ? Энэ мэдээллийг олж авахад би хэр хүчин чармайлт гаргаж байна вэ? Ингэж хүчин чармайлт гаргах ёстой юу?  
  2. Энэ мэдээллийг үнэлэхэд надад тухайн сэдвийн талаар ямар ерөнхий мэдлэг хэрэгтэй вэ? Үүнийг би хаанаас, хэнээс олж авах боломжтой вэ? Нухацтай сэтгэх ур чадвар бий юу? Байхгүй бол хаанаас олж авч болох вэ? 
  3. Бодлого боловсруулж буй улс төрчид юу ярьж байна вэ? Тэд ярьсан хэлсэн шигээ санал өгч чадаж байна уу? Санал хураалт, хэлсэн үгийг нь хаанаас олж авах вэ? Олдохгүй бол хэнээс юу шаардах ёстой вэ?  
  4. Би ямар нэг сэтгэл хөдлөлд авталгүйгээр цуглуулсан мэдээллээ үнэлж чадаж байна уу? Дэмждэг эсвэл дургүй улс төрчөө хараад бодол минь булингартаж байна уу? Ямар нэг логик алдаа хийж байна уу? 

Иргэд бид бидний өдөр тутмын амьдрал болон олон нийтийн ирээдүйд нөлөөлөх бодлогыг тодорхойлдог ардчиллын нэг хэсэг билээ. Иймээс шуугиан дэгдээж буй улсын төсвийг тойрсон ээдрээтэй шийдвэрүүдэд эрүүлээр оюун дүгнэлт хийхийн тулд өөрсдөөсөө болон бусдаас асууж, шалган, хариуцлага тооцох замаар нухацтай сэтгэх учиртай. Үүнд амьдралын шийдвэр бүрд нухацтай сэтгэлгээний чадвараа ашиглаж хэвших нь чухал юм.