Техник технологи хурдацтай хөгжихийн хэрээр технологийн дэвшлийг өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлж, бизнесийн хэрэгцээ, зорилгод нийцүүлэн үр ашигтай ажиллах сорилт бизнесийн байгууллагуудад тулгардаг билээ. Харин эдгээрийг оновчтой бөгөөд үр дүнтэй аргаар шийдвэрлэх гол хэрэгсэл бол төсөл юм. Өнөө цагт төсөл хэмээх ойлголт тодорхой зорилгод хүрэх зохион байгуулалтын хэлбэр төдий биш харин нийгэмд чухал үүрэг гүйцэтгэх, хэн бүхний эзэмшвэл зохих ур чадваруудын нэг болсныг судлаачид онцлох болжээ. Тухайлбал, судлаач Андерс Женсен, Кристиан Тусен нарын үзэж буйгаар “Төсөл нь зөвхөн эдийн засагт төдийгүй нийгэм болоод бидний амьдралд хаа сайгүй орших болсон” аж. Иймээс бидний дунд оршин буй олон ертөнцийг таниулах “БИДНИЙ НЭГ” буландаа Төслийн удирдлагын олон улсын институтын Монгол дахь салбар, Пи Эм Ай Монголиа Чаптэрийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Premium Corporation-ийн Бүтээгдэхүүний менежер Б.Тэмүүлийг онцолж байна.
Түүний хувьд программ хангамжийн инженер мэргэжлээр төгссөн бөгөөд программ хангамж, мэдээлэл технологийн салбарт программист, системийн инженер, бизнесийн шинжээч зэрэг олон төрлийн ажлын байран дээр ажиллаж байсан туршлагатай нэгэн юм. Ийнхүү технологийн салбарын мэргэжилтэн яагаад төслийн менежментийн чиглэлээр мэргэших болсон тухай асуултаар бидний ярилцлага эхэлсэн юм.
“Аливаа салбарт эзэмшсэн мэргэжлийнхээ техникийн тал руу мэргэших, аль эсвэл төслийн менежмент чиглэлээр мэргэших гэсэн хоёр боломж байдаг шүү дээ. Тухайлбал, мэдээлэл технологийн салбарт ажиллаж байгаа хүмүүс хөгжүүлэгч, өгөдлийн сангийн админ, системийн админ зэрэг мэргэжил тал руу мэргэших, эсвэл төсөл тал руугаа мэргэших боломжтой гэсэн үг. Миний хувьд МУИС-ийг программ хангамжийн инженер мэргэжлээр төгсөөд хөгжүүлэгч зэрэг олон төрлийн ажлын байран дээр ажиллаж байгаад, бизнесийн шинжээч гэх үүрэг роль руу шилжсэн юм. Бизнесийн шинжээч гэдэг нь захиалагч талын хүсэл сонирхлыг техникийн хэл рүү буулгаж, захиалагч болон гүйцэтгэгч хоёрыг холбогч гүүр нь болдог гэсэн үг. Ийм маягаар мэргэжлийнхээ хүрээнд зөөлөн шилжилт хийж байгаад төслийн менежмент чиглэлээр ажиллаж эхлээд арав гаруй жил болж байна.”
“Анх банкны салбарт мэдээлэл технологийн төслийн менежерээр ажиллаж эхлээд төсөл тал руугаа мэргэших сонирхолтой байгаагаа ойлгосон юм. Өмнө нь төслийн менежер гэдгийг төлөвлөсөн ажлуудаа гүйцэтгэсэн эсэхийг хянадаг хүн гэж боддог байлаа. Гэтэл энэ чиглэлээр ажиллаад ирэхээр төслийн менежмент гэдэг өргөн хүрээний ойлголт юм байна гэдгийг ойлгосон. Аливаа эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх, багаа хэрхэн удирдан чиглүүлэх гэх мэт зөөлөн ур чадвараас гадна мэргэжлийн мэдлэг, чадвар шаарддаг тул тухайн салбарынхаа талаар мэдлэгтэй хүн төслөө удирдах нь маш том давуу талтай.”
Бид “төсөл” гэдгийг хамрах цар хүрээний хувьд өргөн, үр өгөөж өндөртэй зүйл хэмээн ойлгодог. Гэвч энэхүү түгээмэл хандлага сүүлийн үед өөрчлөгдөж байгаа аж. “Тодорхой нэгэн эхлэх болон дуусах хугацаатай, дахин давтагдашгүй үр дүн гаргаж байгаа бүхэн бол төсөл” гэдгийг тэрбээр онцолж байв.
“Төсөл бол бидний амьдралын өдөр тутамд өргөн хэрэглэгддэг зүйл. Жишээлбэл, зуслан дээрээ байшин барих, алба нэгжийнхээ хүрээнд арга хэмжээ зохион байгуулах маань өөрөө төсөл гэсэн үг. Өөрөөр хэлбэл, төслийн менежмент гэх энэхүү ойлголт өнөө цагт эзэмшвэл зохих суурь ур чадваруудын нэг болсон. Иймээс төслийн менежментийг олон байгууллага мэдээсэй, үр ашгийг нь ойлгоосой, илүү олон хүн өөрийгөө энэ тал дээр чадавхжуулаасай гэж хүсдэг.”
Амжилттай төсөл хэрэгжүүлэхэд багийн гишүүдийн үүрэг, оролцоо чухал нөлөөтэй билээ. Харин зорилтот үр дүндээ зөв аргаар хүрэх арга замыг тодорхойлж, багийн гишүүдээ удирдан чиглүүлэх нь төслийн менежерийн үүрэг гэлээ.
“Төслийн менежерийн нийт ажлын 90 хувь нь харилцаа суурьтай байдаг. Зарим төсөл анх төлөвлөсөн тооцооллоос зөрж, зорьсон үр ашгийг гаргаж чадахааргүй тохиолдол гарна. Энэ үед төслийн менежер тэдгээр өөрчлөлтийг мэдэрч, урьдчилан таамаглаж чаддаг байх ёстой. Эцсийн зорилгынхоо төлөө төслөө авч явах ёстой хүн юм. Мөн төслийн менежерийн гол үүрэг бол багийн гишүүдээ мэдрэх явдал. Багийнхандаа зорилгоо маш сайн ойлгуулж, “Бидний хийж буй төсөл ийм үр дүн гаргана шүү” гэдгээ сануулж байх хэрэгтэй. Ингэснээр багийн гишүүд маань хийж буй ажил нь зорилготой нь хэрхэн уялдаж байгааг олж харж, оновчтой шийдвэр гаргахад нь тусалдаг.”
Төслийн менежментийн олон улсын ашгийн бус хамгийн том байгууллага болох Америк улсад төвтэй “Project Management Institute” буюу Төслийн Удирдлагын Институтийн зүгээс төслийн менежерийн эзэмшвэл зохих ур чадварыг тодорхойлсон байдаг аж.
“Төслийн менежер ямар ур чадваруудыг эзэмшсэн байх ёстой вэ гэдгийг PMI-аас тодорхойлсон байдаг. Эдгээрийг ур чадварын гурвалжингаар илэрхийлэх бөгөөд зөөлөн ур чадвар /power skills/, нөгөө талд хатуу ур чадвар /hard skill/, тухайн мэргэжил, чиглэлийн талаарх мэдлэг буюу домайны талаарх мэдлэг /business acumen/ энэхүү гурвалжинд багтаасан байдаг. Зөөлөн ур чадвар гэдэгт харилцаа, хэлэлцээр хийх ур чадвар, эмпати зэрэг олон ур чадвар багтдаг. Хатуу ур чадварын тухайд төслөө хэрхэн төлөвлөх, төлөвлөгөөгөө хэрхэн зохиох, эрсдэлээ хэрхэн тооцоолох, багаа хэрхэн удирдах зэрэг ур чадваруудыг ойлгож болно. Төслийн менежерийн эзэмшвэл зохих дараагийн ур чадварын нэг бол тухайн домайны талаарх мэдлэг буюу хийж буй зүйлээ системтэйгээр, өргөн хүрээнд харж чаддаг байх ёстой. Жишээлбэл, би барилгын төсөл удирдахаар боллоо гэхэд хэдий хатуу болон зөөлөн ур чадвар байгаа ч гэлээ барилгын салбарын мэдлэг дутмаг учраас тухайн төслийг шууд удирдаж чадахгүй шүү дээ. Тиймээс барилгын зураглал яаж гардаг, схемийг яаж уншиж ойлгох ёстой гэх мэт тухайн талбарын наад захын мэдлэг байх хэрэгтэй. Харин эсрэгээрээ салбараа сайн мэддэг ч гэлээ нөгөө хоёр ур чадвар нь дутмаг хүн төсөл удирдахад бэрхшээлтэй. Тийм учраас дээрх гурван ур чадварыг маш сайн хөгжүүлж байж тухайн хүн сайн төслийн менежер болно. Миний хувьд аль, аль ур чадвараа сайжруулахын төлөө суралцаад л явж байна даа…”
Төсөл бүр дахин давтагдашгүй шинж чанартай. Тухайн төслийг хэрэгжүүлж буй байгууллагын онцлог, төслийн багт ажиллаж байгаа гишүүдийн онцлог, зорилтот үр дүнгээс хамаараад төсөл бүр өөрийн гэсэн өвөрмөц шинжтэй аж.
“Салбар бүрийн төсөл хэрэгжүүлэх арга барил, хэв маяг харилцан адилгүй. Мэдээлэл технологийн салбарын төслийн хувьд эрсдэл даах чадамж харьцангуй өндөр байдаг. Барилга, дэд бүтэц, уул уурхайн салбарын хувьд төслийн менежментийн арга зүй, процессыг нарийн төлөвлөж, бүх үйл явц стандартын дагуу хэрэгжих ёстой шүү дээ. Учир нь процессын жижиг алдаа гаргахад маш том алдаа болох эрсдэлтэй учраас алдаа, эндэгдлийг бууруулахын тулд хянуур байх хэрэгтэй. Харин мэдээлэл технологийн төсөлд ямар нэгэн асуудал гарахад системийг нь засварлаж болдог учраас бүх процесс дэс дарааллын дагуу явах ёстой гэх шаардлага харьцангуй бага. Эсрэгээрээ хурдтай ажиллахыг шаарддаг. Шинэ технологи нэвтрүүлэх, хурдан хугацаанд үр дүнтэй ажиллах замаар үргэлж шинийг эрэлхийлж байдаг учраас тодорхой хэмжээний эрсдэлийг даан хялбаршуулсан байдлаар төслийн менежментийг нэвтрүүлдгээрээ онцлог юм. Тэр ч утгаараа сүүлийн үед уян хатан ажиллах арга барил Ажайл /Agile/ хэмээх ойлголт их дэлгэрч байна.”
Аливаа албан харилцаанд удирдлагын хэв маяг хамгийн чухал байдгийн нэгэн адилаар түүний хувьд төслийн уян хатан /Agile/ менежментийн арга барилыг илүүд үздэг тухайгаа хуваалцсан юм. Тухайлбал, уламжлалт төслийн менежментийн хувьд удирдлага илүү захиран тушаах хэв маягаар ажиллах хандлагатай байдаг аж. Харин уян хатан арга барилын хувьд багийн гишүүдээ ажиллах таатай нөхцөлөөр хангах буюу “Ажлаа хийхэд юу саад болж байна? Техник хэрэгслийн хувьд хэрэгтэй зүйл юу байна? Тэр бүхнийг нь шийдвэрлэж өгье. Мэдлэг чадварыг тань дээшлүүлж, өсөн дэвжихэд тань туслалцаа үзүүлье” гэх зэргээр багийн гишүүдтэйгээ ойлголцож, дэмжих тал дээр анхаарч ажилладаг удирдлагын хэв маяг аж.
“Миний хувьд ямар ч төсөл дээр ажилласан багийнхаа уур амьсгалыг чухалчилж, харьцангуй чөлөөтэй буюу үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, итгэлцэл даахуйц орчин нөхцөлийг нь бүрдүүлэхийг хичээдэг юм. Магадгүй тухайн төсөл дээр миний ч анзаараагүй байсан асуудлыг хамт олныхоо ачаар олж мэдэх боломжтой шүү дээ.”
Төсөл амжилттай хэрэгжихэд туслах ямар нэгэн жор буюу арга барил байдаг болов уу. Аливаа төслийг амжилттай хэрэгжүүлж, зорьсон үр дүндээ хүрэхийн тулд бид юуг мэдэх хэрэгтэй бол?
“Санаачилсан төсөл бүрийнхээ ард амжилттай гарсан гэж хэлж болохгүй байх. Хэдий амжилттай болсон төслүүд байгаа ч түүний хажуугаар сургамж болсон төслүүд ч байгаа шүү дээ. Харин төсөл амжилттай хэрэгжүүлэх бүтцийн жор гэвэл PMBOК стандарт. Уг стандарт нь хүн төрөлхтний дунд төслийн менежмент гэх ойлголт яригдаж эхэлсэн цагаас хойш өнөөг хүртэлх хэрэгжсэн төслүүдийн алдаа эндэгдэл, ололт амжилт гээд бүхий л талыг нь харьцуулан үзсэний үр дүнд хамгийн шилдэг туршлагуудыг нийлүүлэн “төслийн менежментийн стандарт” гаргасан. Өөрөөр хэлбэл, шилдэг туршлагуудын цогц гэж ойлгох хэрэгтэй.”
Б.Тэмүүлийн хувьд төслийн менежменттэй холбогдсон цагаасаа эхлэн өөрийн мэдлэг, чадварыг сайжруулахын тулд Төслийн Удирдлагын Институт буюу PMI байгууллагын монгол дахь салбарын сургалт, үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байсан бөгөөд хоёр жилийн өмнөөс өөрийн сурсан, мэдсэн зүйлсээ бусадтай хуваалцах зорилгоор сайн дурын ажилтан буюу сургагч багшаар ажиллах болжээ.
“Төслийн Удирдлагын Институт (PMI) гэдэг маань АНУ-д төвтэй төслийн менежментийн олон улсын ашгийн бус хамгийн том байгууллага. Үйл ажиллагаа нь ашгийн бус учраас энд ажиллаж буй хүмүүс сайн дурын үндсэн дээр ажиллагаагаа эрхэлдэг гэсэн үг. 2018 онд өөрийн мэдлэг, ур чадварыг сайжруулахын тулд PMI-н гишүүнээр элсэж, PMP буюу мэргэшсэн төслийн менежер гэх сертификатыг авч байсан юм. Энэхүү сертификатыг эзэмшсэнээр төслийн менежмент гэх ойлголтыг бүтэн зургаар нь харах боломж олгосон гэж боддог. Жишээлбэл, цахим орчноос төслийн тухай мэдээлэл хайлаа гэхэд маш олон тархай, бутархай мэдээлэл цуглуулаад магадгүй төслийн менежмент гэх ойлголтыг бүтэн зургаар нь харж чадахгүй шүү дээ. Ийнхүү хоёр жилийн өмнөөс сайн дурын ажилтан буюу өөрийн сурсан мэдсэнээ бусадтай хуваалцах зорилгоор сургагч багшаар ажиллаж, энэ оноос эхлэн “Пи Эм Ай Монголиа Чаптэр”-ийн Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байна. Төслийн эдийн засгийг хөгжүүлэх нь бидний алсын хараа. Монгол Улсад хэрэгжиж байгаа төсөл бүр олон улсын шилдэг туршлага буюу PMBOK стандартын дагуу амжилттай хэрэгжих юм бол Монгол Улс маань хөгжинө өө л гэсэн үг шүү дээ.”
Төслийн менежментийн ур чадвар хүн бүрийн эзэмшвэл зохих суурь чадварын нэгт тооцогдох болжээ. Бид өдөр тутамдаа ажлаа төлөвлөхөөс авхуулаад төлөвлөгөө гаргах, түүнийгээ оновчтой арга замаар хэрэгжүүлэхэд туслах хамгийн хэрэгтэй чадвар болох төслийн менежментэд хүн бүр суралцаасай гэж хүсдэг тухайгаа бидэнтэй хуваалцлаа. Учир нь ирээдүйд бүх юм төсөл суурьтай болох учраас хэн бүхэн төслийн тухай ойлголттой байх хэрэгтэй аж.
“Ирээдүйд бүх зүйл төсөл суурьтай болж байна. Иймээс төслийн менежментийг олон байгууллага мэдээсэй, үр ашгийг нь ойлгоосой, илүү олон хүн өөрийгөө энэ тал дээр чадавхжуулаасай гэж хүсдэг. Тодруулбал, өндөр хөгжилтэй орнуудын хувьд 1,000 хүн тутмын нэг нь мэргэшсэн төслийн менежер буюу “PMP” зэрэгтэй байдаг тухай бидний зохион байгуулдаг төслийн менежментийн арга хэмжээн дээр гурван жилийн өмнө яригдаж байсан юм. Гэтэл Монгол Улсын хувьд PMI-аас олгодог мэргэшлийн зэрэгтэй 130 гаруй хүн байгаагийн 110 нь PMP зэрэгтэй байгаа нь хүн амтайгаа харьцуулахад харьцангуй доогуур үзүүлэлт шүү дээ. Иймд төслийн менежмент чиглэлээр мэргэших хүсэлтэй хувь хүн, албан байгууллагуудаас гадна Монгол Улсын хөгжилд хувь нэмрээ оруулах ирээдүйн боловсон хүчин болсон залуус руу чиглэсэн төслийн менежментийн сургалт, үйл ажиллагааг зохион байгуулж байна.”
Бусадтай хуваалцсан мэдлэг, мэдээлэл хэзээд хүчтэй байдгийн адилаар төслийн менежментийн салбарт хүч сорьж, төсөл хэрэгжүүлэхээр зорьж буй хэн бүхэнд зориулан энэ салбарт арав гаруй жил ажиллаж яваа залуу үеийн төлөөлөл болох Б.Тэмүүл өөрийн туршлагаас бидэнтэй хуваалцсан юм.
“Аль ч салбарт сорилт, бэрхшээл байдаг. Энэ бол хэвийн үзэгдэл. Ялангуяа, төсөл буюу харилцаа суурьтай ажил хийж байгаа тохиолдолд тухтай бүсдээ байна гэж байхгүй шүү дээ. Тиймээс аливаа асуудал, сорилт бэрхшээлийг хэвийн зүйл гэж хүлээн авч сурах хэрэгтэй. Мөн өөрийгөө тогтмол хөгжүүлж байгаарай. Төслийн менежментэд суралцъя, зөөлөн ур чадвараа сайжруулъя, аливааг системтэйгээр харж суръя гэвэл тухайн салбарынхаа шилдэг туршлагуудыг судалж, тогтмол суралцаж байгаа тохиолдолд аливаа асуудлыг хялбараар шийдэх болно шүү.”
Эзэмшсэн мэдлэг чадвараараа баг хамт олноо манлайлж, сурсан мэдсэнээ бусадтай хуваалцан төслийн менежмент хэмээх энэ ойлголтыг нийгэмд дэлгэрүүлж яваа Пи Эм Ай Монголиа Чаптэрийн Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тэмүүл энэ удаа “Бидний нэг” боллоо. Нийтлэлийг уншиж, мөн бидний нэг болсон уншигч танд баярлалаа.
Гэрэл зургийг: Л.Буд