Critical thinking

Хуучин оноо нухацтай дүгнэх аргууд

Б.Намуун -- 2024.12.265 минут унших

Жилийн төгсгөл бол эргэцүүлэн бодох байгалийн үе юм. Өнгөрсөн нэг жилээ эргэж харан, амжилт бүтээл, алдаа оноогоо дүгнэж цэгнээд, ирээдүйгээ төлөвлөх хамгийн боломжит, сайхан цаг яалт ч үгүй шинэ оны өмнөх эдгээр өдрүүд биз ээ. Ирээдүйн зам мөрөө цэгцтэй, амжилттай байлгахын тулд бид гишгэсэн мөрөө эргэж харах учиртай. Тэгвэл зүгээр л нэг бодоод өнгөрөх биш илүү нухацтайгаар эргэцүүлэн дүгнэцгээе! 

Энэ жил жинхэнээсээ ТАНЫ ЖИЛ байх болно 

Та өөрийгөө хэр сайн мэдэх вэ? Сонин асуулт байгаа биз. Өнгөц бодоход бид өөрсдийгөө мэдэхийн дээдээр мэддэг юм шиг. Лавшруулан эргэцүүлэхэд зүс мэдэх төдий ч хүн юм шиг. Иймээс цаг гарган, хуучин оноо дүгнэхдээ нухацтайгаар бодож үзэх нь өөртэйгөө дотно танилцаж, давуу талаа хөгжүүлэн, дутагдлаа засах боломжийг олгодог. Мөн нухацтай сэтгэх чадвар өндөртэй хүмүүс аливаа сонголтуудыг үнэлж, үр дагаврыг нь урьдчилан таамаглахад илүү сайн бэлтгэлтэй байдаг тул үр дүнтэй шийдвэр гаргадаг аж. Энэ нь шинэ оноо төлөвлөхөд онцгой ач холбогдолтой юм. Түүнчлэн судлаач Хэдир Батлерын судалгаагаар нухацтай сэтгэлгээний чадвар эзэмшсэн хүн амьдралын муу муухайг бага мэдэрдэг гэнэ. Тэгэхээр хуучин оноо нухацтай дүгнээд, шинэ оноо амжилттай төлөвлөж чадвал ирж буй жил биднийх байх нь гарцаагүй юм.  

Хэрхэн хуучин оноо нухацтай дүгнэх вэ? 

Алхам 1. Гаргасан шийдвэрүүддээ дүн шинжилгээ хийх 

Хуучин оноо нухацтай дүгнэх аргууд

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд гаргасан шийдвэртээ дүн шинжилгээ хийх нь хувийн болон мэргэжлийн өсөлтөд хувь нэмэр оруулна. Хийсэн сонголтуудаа эргэцүүлэн бодож, аль нь үр дүнтэй, аль нь үр дүнгүй байсныг тодорхойлон, ирээдүйд дүгнэлтэд суурилсан нарийн шийдвэр гаргах боломжтой юм. Энэхүү эргэцүүлэн бодох үйл явц нь симбиотик (бие биедээ нөлөөлөх) бөгөөд тасралтгүй давтамжтайгаар шийдвэр болгон нэгэндээ нөлөөлдөг ажээ. Тухайлбал, өнгөрсөн шийдвэрүүдийнхээ үр дүнд системтэй дүн шинжилгээ хийснээр үр ашиггүй байдлаа тодорхойлж, цаг хугацааны явц дахь янз бүрийн стратегийн үр нөлөөг ойлгож чадна. Энэ арга нь тасралтгүй өсөн дэвших боломжийг олгож, зогсонги байдлаас зайлсхийхэд тусалдаг аж.  

Үүний тулд дараах асуултуудыг өөрөөсөө асууж, дэвтэртээ бичээрэй: 

  1. Энэ жил миний гаргасан хамгийн чухал шийдвэр юу байв? 
  2. Би зорилгодоо хүрч чадсан уу? 
  3. Энэ жилийн амжилт болон саад бэрхшээлүүд юу байсан бэ? 
  4. Миний амжилт, бүтэлгүйтэлд ямар хүчин зүйлс нөлөөлсөн бэ? 
  5. Гаргасан шийдвэрүүдээсээ улбаалж хувийн болон мэргэжлийн хувьд хэрхэн өссөн бэ? 
  6. Би урагшлахын тулд ашиглаж болох ямар сургамжуудыг авсан бэ? 
  7. Өнгөрч буй жилд талархууштай хандах зүйлс минь юу вэ? 

Зөвлөмж: Илүү дэлгэрэнгүй үр дүн гаргахын тулд бүтэн жилээ сард хуваан, он цагийн дарааллаар дараах асуултуудад хариулаад үзээрэй. Цаг хугацаа алгассанаас үүдэн хамгийн чухал асуудал, амжилт бүтээлээ мартах эрсдэлтэй юм шүү.  

Алхам 2. Амжилт, алдаагаа эргэцүүлэн дүгнэх

Хуучин оноо нухацтай дүгнэх аргууд

Өөрийнхөө давуу тал болон сайжруулах зүйлсийг тодорхойлох нь хувь хүний өсөлт хөгжил, үр дүнтэй шийдвэр гаргах үндэс суурийг бий болгодог. Өөрийгөө мэддэг хүмүүс бусдад үзүүлэх нөлөөгөө илүү сайн ухамсарлаж, манлайлах чадвар ч нэмэгддэг ажээ. Мөн ямар давуу болон сул талтайгаа мэдэж байвал илүү бодит, хүрч болохуйц зорилгууд тавьж чадна. Хүн бүх зүйлийг хийж чаддаг байх албагүй. Чадахгүй зүйлээ бусдаас асууж, цаг хугацаагаа хэмнэх төлөвлөгөө ч гаргаж болох юм.   

Өөрөөсөө асуух асуултууд  

  1. Энэ жил би ямар шинэ ур чадвар, дадал зуршилтай болсон бэ? 
  2. Ямар шинэ дадал зуршилтай болно гэж төлөвлөсөн ч чадсангүй вэ. Яагаад? 
  3. Ямар даалгаврыг гүйцэтгэх нь надад илүү хялбар бас хэцүү байсан бэ. Яагаад? 
  4. Сул талаа хэрхэн нөхөж ажиллах боломжтой байсан бэ? 

Зөвлөмж: Давуу тал, сул тал, боломж эрсдэлээ тэмдэглэдэг SWOT анализын аргыг ашиглахыг зөвлөе. Ийнхүү загварчилснаар илүү эмх цэгцтэй үр дүн гарах болно.  

Алхам 3. Цаг хугацааны хуваарилалтаа дүгнэх 

Хуучин оноо нухацтай дүгнэх аргууд

Бид амьдралынхаа нэлээд хугацааг үр дүнгүй, шалдар булдар зүйлсэд зарцуулан өнгөрүүлэх нь бий. Судалгаагаар ажилчдын 89 хувь нь ажлын цагаар цагаа шаардлагагүй дэмий зүйлд үрдэг бөгөөд үүний 31 хувь нь өдөр бүр 30 минут, 2 хувь нь тав ба түүнээс дээш цагийг дэмий үрдэг байна. Түүнчлэн 2019 оны “Dimensional research” судалгааны байгууллагын судалгаанд мэдээллийн технологи, бизнесийн салбарын мэргэжилтнүүдийн 64 хувь нь жилд 100 гаруй цагийг төлөвлөөгүй ажилд зарцуулдаг хэмээн дурджээ. Хэрэв ашиггүй өнгөрүүлсэн цаг хугацаагаа ийнхүү тооцож чадвал дараагийн удаа илүү бүтээмжтэй байх боломжтой юм.  

Өөрөөсөө асуух асуултууд 

  1. Би өөрийнхөө үнэт зүйл, зорилгод нийцсэн үйл ажиллагаанд цагаа зарцуулсан уу? 
  2. Ямар ажлуудад хамгийн их цаг зарцуулж, юунд хамгийн бага цаг зарцуулсан бэ? (Ажил, гэр бүл, хобби, цахим хэрэглээ гэх мэтээр хуваах) 
  3. Би дэмий өнгөрүүлсэн цаг хугацаагаа яаж үр бүтээлтэй болгож болох байсан бэ? 

 Зөвлөмж: Жилээ дүгнэн цаг хугацаагаа тооцоолохдоо цаг хугацааны дугуй график хийгээрэй. Мөн зэрэгцүүлэн үүнийг ямар байлгахыг хүсэж байгаа төсөөллөө график болгон харьцуулж дүгнэвэл илүү үр дүнтэй. Мөн дэлгэцийн цаг, Google Timeline зэргээ шалган цагаа илүү нарийн тооцох боломжтой.  

Алхам 4. Жилийн онцлох шийдвэрүүдэд тань гаднын нөлөө хэр их байна вэ? 

Хуучин оноо нухацтай дүгнэх аргууд

“Шийдвэр гаргаж чаддаггүй хүний амьдралыг бусад хүн шийдэж өгдөг” гэдэг дээ. Өөрийн гараар бийр будгаар солонгоруулан зурах учиртай амьдралын зургийг тань өөр хүн таны өмнөөс зурж байна гэхээр харамсалтай биш гэж үү. Иймээс өнгөрч буй жилийн тань шийдвэрүүдэд гаднын нөлөө хэр их байж, та хэчнээн шийдвэрийг бие даан гаргасан бэ гэдгээ тооцож үзэх нь нухацтай сэтгэлгээний бас нэгэн гол арга барил билээ.  

Өөрөөсөө асуух асуултууд 

  1. Сонголтуудад маань нөлөөлсөн гаднын хүчин зүйлс юу байсан бэ? (Жишээ нь, нийгмийн чиг хандлага, үе тэнгийнхний дарамт, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, эцэг эхийн шаардлага) 
  2. Миний шийдвэрүүд хувийн үнэт зүйлстэй маань нийцэж байсан уу, эсвэл би бусдын хүлээлтэд нийцүүлэн буулт хийсэн үү? 
  3. Тэдгээр шийдвэрийн үр дүнд би хэр сэтгэл хангалуун байна вэ? 
  4. Эргээд бодоход гаднын хүчин зүйл байгаагүй бол би ийм сонголт хийх байсан болов уу? 

Зөвлөмж: Нөлөөллийн газрын зураг хийгээрэй. Ингэхдээ энэ жил гаргасан томоохон шийдвэрүүдээ хуудасны голд бичиж, шийдвэр бүрд нөлөөлсөн байж болох гаднын хүчин зүйлсийг сум татан схемчилнэ. Дараагийн хуудсанд цаасаа “Гаднын хүчин зүйлс” болон “Миний зорилго” гэж хоёр хуваан бусдын хүсэл, шаардлага таны зорилготой нийцэж байгаа эсэхийг харьцуулан дүгнээрэй.  

Алхам 5. Нухацтай сэтгэлгээгээр ирээдүйгээ төлөвлө 

Хуучин оноо маш нарийн системчилж дүгнэсэн учраас төлөвлөгөө гаргахад илүү хялбар байх болно. Цэгцтэй төлөвлөгөө гаргахын тулд гурвын дүрмийг баримтлан хамгийн чухал гурван зорилгоо тэмдэглэн, үүний дагуу зорилтуудаа бичээрэй. Ингэхдээ мэдээж өнгөрсөн жилийн дүгнэлтээ эргэн харж, хамгийн бодит, үр дүнтэй зорилтуудыг бичих нь зүйтэй. Цэгцтэй эхлүүлсэн шинэ он таны жил байх нь гарцаагүй. Цаашдаа уг эргэцүүлэн дүгнэх аргуудыг долоо хоног, сар тутамд ашиглавал илүү зохион байгуулалттай байх юм шүү. Аливаа асуудлыг ийнхүү нухацтайгаар харж, дүгнэх нь хувь хүний тасралтгүй хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг учраас амьдралын хором мөч бүрд дахин нэг бодож, нухацтай байцгаая. Илүү нухацтай, илүү амжилттай жилийг танд хүсье!