“Хүүхдийн мөрөөдөл бол бидний амьдралын хамгийн үнэ цэнтэй зүйлсийн нэг юм. Тэдний мөрөөдөлд бүхий л боломж нуугдаж байдаг” хэмээн хүүхэд бүрийн мөрөөдлийн ертөнцийг бүтээгч Уолт Дисней хэлсэн байдаг. Ирээдүйн шилдэг удирдагч, авьяаслаг уран бүтээлч, ур чадвартай инженер, Олимпын медальт тамирчин гээд авьяас чадвараар дүүрэн нэгэн хүүхэд бүрийн дотор оршиж байдаг. Харин хөл бөмбөг гэх спортод чин сэтгэлээсээ дурлаж, ур чадвар, тоглолтын арга техникээ сайжруулан тив дэлхийд алдартай хөл бөмбөгчин болох хүсэлтэй өсвөрийн тамирчдад зориулан мөрөөдөлдөө хүрэх гүүр нь болохоор Монгол Улсын Засгийн газраас Английн Примьер Лигийн Фүлхэм клубтэй хамтын ажиллагаагаа эхлүүлсэн юм. Тус хамтын ажиллагааны хүрээнд хөл бөмбөгийн спортоор хичээллэж, өөрийн ур чадварыг ахиулах чин хүсэлтэй 160 хүүхэд Английн Фүлхэм клубийн өсвөрийн дасгалжуулагч Мэттью Бригсс, Янник Жан нарын сургалтад хамрагдаж, ур чадвар, авхаалж самбаагаараа түүчээлсэн шилдэг 11 хүүхэд Английн Лондон хотыг зорин, Фүлхэм клубийн Өсвөрийн академийн хаврын улирлын бэлтгэлд хамрагдахаар болсон билээ. Иймээс бидний дунд оршин буй олон ертөнцийг таниулах “БИДНИЙ НЭГ” буландаа Английн алдарт Фүлхэм клубийг зорих бяцхан оддын нэг Н.Маргадыг онцолж байна.
Монголын хөл бөмбөгийн спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, хөл бөмбөг сонирхогч хүүхэд залуусын хүсэн хүлээсэн энэхүү сургалтад хамрагдсан хоёрхон охины нэг бол Н.Маргад юм. Спортоор хичээллэх, тэр дундаа хөл бөмбөгчин болно гэх мөрөөдөл арван гурван настай охины хувьд эрс шийдэмгий бөгөөд бахархмаар санагдаж, эрхгүй хайр татаж байлаа. Яагаад хөл бөмбөгийн спортоор хичээллэх болсон сонирхолтой яриагаар бидний ярилцлага эхэлсэн юм.
“Би одоо арван гурван настай. Анх Швед улсад очоод найман настайдаа хөл бөмбөг тоглож эхэлсэн юм. Хичээлийн завсарлагааны цагаар эрэгтэй хүүхдүүд хөл бөмбөг тоглож байхыг их хардаг байсан ч спорт гэж мэдээгүй. “Энэ ямар тоглоом юм бол? Энэ хүүхдүүд юу тоглож байгаа юм бол?” гэж боддог байлаа. Тэгээд нэг өдөр “Би хамт тоглож болох уу?” гэж асуугаад тэр өдрөөс хойш “Энэ ямар гоё спорт вэ? Би энэ спортод илүү сайн болмоор байна” гэж боддог болсон. Тэгээд охидын хөл бөмбөгийн багт явахаар шийдсэн юм. Найзууд маань ч тэр багт явдаг байсан болохоор “Би бас хөл бөмбөг тоглох дуртай. Хөл бөмбөгийн багт тогломоор байна” гэдгээ хэлээд дасгалжуулагчдаа хэлж, шалгуулаад хөл бөмбөг тоглож эхэлсэн дээ. Түүнээс хойш хөл бөмбөгт бүр дуртай болж, ур чадвар маань сайжирч, илүү их зүйл сурч байна.”
Н.Маргад сургуулийнхаа охидын хөл бөмбөгийн багт гурван жил тоглосны дараа охидын хөл бөмбөгийн академид элсжээ. Улмаар Монголдоо буцаж ирээд “Дэрэн” клубийн багийн гишүүн болж, олон ч тэмцээн уралдаанд оролцсон байна.
“Монгол руу буцаж ирэхдээ “Хэрэв тэнд хөл бөмбөг байхгүй байвал яах вэ? Би дахиад хөл бөмбөг тоглож чадахгүй бол яах вэ?” гээд хамгийн түрүүнд хөл бөмбөгөө бодож сэтгэл санаа их муу байсан. Харин Шведийн дасгалжуулагч маань “Монголд бас хөл бөмбөгийн баг байдаг юм байна. Гэхдээ зөвхөн эрчүүдийн баг байна. Хэрэв хүсвэл би чамайг дасгалжуулагчтай нь холбож өгч болно шүү” гээд надад тусалсан юм. Швед дасгалжуулагч маань “Энэ охиныг яаж сайжруулах вэ, энэ техникийг яаж ойлгуулах вэ?” гээд дандаа надад тусалдаг байсан юм л даа. Гэхдээ охидын багт байхад зарим охид бэлтгэл дээр нэг их хичээдэггүй “За, энэ чинь зүгээр л нэг хөл бөмбөг шүү дээ” гээд тоглоом юм шигээр ханддаг байсныг нь би их гайхдаг байсан. Учир нь би алдартай хөл бөмбөгчин болохыг мөрөөддөг байхгүй юу. Гэтэл зарим хүүхэд тийм ч их хичээдэггүй байсан. Харин Монголдоо ирээд эрэгтэй хүүхдүүдтэй нэг баг болсон чинь бүгд бэлтгэлдээ анхаардаг нь гоё байсан. Анх “Дэрэн” клубтээ ороход хэнийг ч танихгүй, бас багийнхан маань бүгд эрэгтэй байсан болохоор би их чимээгүй, даруухан хүүхэд байсан. Одоо харин багийнхантайгаа танилцаад, найзлаад илүү чөлөөтэй, сахилгагүй болж байгаа.”
“Надад лав эрэгтэй багт тоглох, эмэгтэй багт тоглох ямар ч ялгаа байхгүй гэж боддог юм. Намайг анх эрэгтэй багт орсон чинь зарим хүүхдүүд “Чи эмэгтэй юм уу? Чи эмэгтэй юм байж хөл бөмбөг тоглодог юм уу” гээд их гайхдаг байсан. Тэгээд заримдаа “Чи эмэгтэй юм чинь хүн хуурч чадахгүй шүү дээ” гэнэ. Шведэд бол эмэгтэйчүүд ч хөл бөмбөг тоглож чаддаг. Эрэгтэй, эмэгтэй ялгаагүй хоёулаа л сайн тоглодог. Харин заримдаа “Эрчүүд илүү сайн хөл бөмбөг тоглодог” гэдэг хүмүүс байсан л даа. Гэхдээ эмэгтэй хүүхэд хөл бөмбөг тоглохыг монгол хүмүүс шиг гайхаж хүлээж авдаггүй байсан юм. Одоо “Дэрэн” клубтээ ороод дөрвөн сар болж байна. Эрэгтэй хүүхдүүд жаахан сахилгагүй. Гэхдээ хамт бэлтгэлээ хийх, тэмцээнд ороход их гоё байдаг. Багийнхаа гишүүдээс ганцаараа охин болохоор хүн хуурах үед “Ёо, чи ямар аймаар юм бэ? Чи охин барахгүй байна шүү дээ” гэж тоглодог юм. Тэгэхээр нь би “Боль л доо. Эрэгтэй, эмэгтэй хамаагүй адилхан л тоглодог. Намайг бараг эрэгтэй гээд бодчих оо” л гэдэг.Анх Н.Маргадыг хөл бөмбөгөөр хичээллэж эхлэхэд гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авч байсан талаар Н.Маргадын ээж Ц.Сосорбарамтай хэсэгхэн хором ярилцсан юм. Тэрбээр, “Эмэгтэй хүүхэд тэр болгон хөл бөмбөг сонирхоод байдаггүй болохоор охиныгоо хөл бөмбөг тогломоор байна гэхийг нэг их дэмжээгүй юм. Тэгсэн надад мэдэгдэхгүйгээр сургалтад бүртгүүлээд, хоёр сар явчихсан байсан. Багш нь над руу яриад “Танай охин хөл бөмбөгт маш сонирхолтой байна аа. Гэр бүлийнх нь зүгээс хүсэл, сонирхлыг нь дэмжээд явбал их хэрэгтэй байна” гэж байсан юм. Тэгээд охиныхоо тоглохыг хараад шууд л өөр болчихдог юм билээ. Би зүгээр л өөрийнхөө өнцгөөс дотроо дургүйлхээд байснаа ойлгосон. Хөл бөмбөг гэдэг чинь багийн спорт болохоор охиныхоо бусадтай харилцаж байгаа байдал, чин сэтгэлээсээ дуртай байгааг нь хараад л бүх бодол өөрчлөгдсөн дөө. Миний охин айлын том болохоороо ч тэр үү “Би угаасаа бүгдийг чадна аа” л гэдэг юм” хэмээн Н.Маргадын тухай өхөөрдөн ярилаа.
“Гэр бүлийнхэн маань намайг их дэмждэг. Тоглолтуудыг маань байнга үздэг. “Маргад аа, түүнийг илүү сайн анзаараарай. Саяны техникийг ингэж сайжруулж болно шүү дээ” гэх зэргээр миний алдааг анзаарч, тоглолт бүрийн дараа “Миний охин сайн байлаа. Өнөөдөр сайн хуурлаа, гоё гоол хийлээ” гэх мэтээр дандаа намайг урамшуулдаг.”
“Надад ямар нэгэн бэрхшээл гарсан, сэтгэл санаа доогуур үедээ эсвэл ядарсан өдрөө шууд л бөмбөг аваад талбай руу гардаг. Тэгээд хөл бөмбөг тоглохоор миний тархи өөр юу ч бодохгүй, зүгээр л хөл бөмбөгөө бодоод бүх юм чив чимээгүй болж байгаа юм шиг санагддаг. Найзуудтайгаа тоглоод инээгээд л байдаг. Хөл бөмбөг л байвал би аз жаргалтай байна.”
Олон Улсын Хөл Бөмбөгийн Холбооноос “Хорь дугаар зууны хамгийн шилдэг клуб” хэмээн тунхагласан, Испанийн хөл бөмбөгийн лигийн хамгийн олон түрүүг авсан Реал Мадрид багтай хамт хөл бөмбөгийн ногоон зүлгэн дээр гарах нь түүний мөрөөдөл. Реал Мадрид багийн тоглогч Киллиан Мбаппе шиг хурдтай, техниктэй тоглогч болохын тулд ур чадвар, техникээ сайжруулахыг хичээдэг гэлээ.
“Миний хувьд одоо зүүн жигүүрт тоглож байгаа. Зүүн жигүүрийн тоглогчийн хувьд гоол оруулахад чухал дамжуулалт хийнэ, хамгаална гээд зүүн жигүүрт зүгээр л гүйдэг. Талбай дээр гараад бөмбөгөө л бодно. Ард хүн байвал “За, ард хүн байгаа шүү. Чи тэр хүнийг яаж хуурч өнгөрөх вэ? Голд бас манай багийн хүүхэд байгаа шүү. Тэр гишүүн маань сул байвал бөмбөгөө яаж дамжуулах вэ?” гээд тактикаа л боддог юм.”
Нийслэлийн ЕБ-ын 1-р сургуулийн 8-р ангийн сурагч түүний хувьд хичээл сургуулийнхаа хажуугаар хөл бөмбөгийн бэлтгэл, сургуулилтаа тогтмол хийнэ гэдэг том сорилт болдог аж. “Тэмцээний үеэр багшаас чөлөө авах гэхээр “Маргад аа, чи арай л их чөлөө авч байна шүү. Ингээд байвал хөл бөмбөгт чинь чөлөө өгөхгүй шүү” гэдэг. Тэгэхээр нь би айгаад байдаг юм. Хэрвээ багш чөлөө өгөхгүй, би хөл бөмбөг тоглож чадахгүй бол яах вэ?” гэж боддог тухайгаа хүүхдийн цайлган сэтгэлээр санаа зовнингуй хуваалцсан юм.
“Өдөр болгон хөл бөмбөгөө тоглож чадахгүй байгаа. Багийнхантайгаа хоёр дахь болон хагас сайн өдөр нэг цаг бэлтгэл хийдэг юм. Харин бүтэн сайн өдөр гэрийнхээ гадаах талбайд өөрөө бэлтгэл хийчихдэг. Болдог бол зүгээр л өдөржингөө хөл бөмбөг тогломоор байдаг юм. Даанч болохгүй л дээ. Ээж “Хичээлийнхээ хажуугаар ядарна, амар” гээд байдаг.”
Н.Маргадын хувьд “Дэрэн” клубт ороод удаагүй байхдаа ОХУ-д зохион байгуулагдсан хөл бөмбөгийн тэмцээнд оролцож, багаараа III байр, “Дэрэн Cup” тэмцээнд I байр, Дархан хотод зохион байгуулагдсан тэмцээнд I байр эзэлжээ.
“Монголдоо ирээд удаагүй байхдаа багийнхантайгаа ОХУ руу тэмцээнд оролцохоор явсан юм. Тэр үед багийнхантайгаа илүү танилцаж, дотноссон. Эрэгтэй хүүхдүүд заримдаа их ширүүн тоглодог. Гэхдээ би түүнийг нь нэг их тоодоггүй юм. Тэгээд буцаад л адилхан харьцдаг. Хөл бөмбөг бол багийн спорт шүү дээ. Зөвхөн ганцаараа бүх хүнийг хуурах гээд, гоол хийх гээд байх хэрэггүй. Чиний ард баг чинь байгаа, өөр сул хүмүүс байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Багийн эв нэгдэл, ойлголцол бол маш чухал. Зөвхөн ганцаараа л тоглоод байвал бусад гишүүд чинь гомдоно шүү дээ. Хөл бөмбөг тоглож эхэлсэн Маргадыг одоо байгаа Маргадтай харьцуулах юм бол маш их өөрчлөгдсөн. Өмнө нь талбай дээр хэнтэй ч харилцдаггүй байлаа. Гэтэл талбай дээр чинь харьцаж тоглох ёстой шүү дээ. “Ард чинь хүн байна, дамжуулаарай, сул хүн байна шүү” гэж ярилцах чухал байдаг юм билээ. Тиймээс хөл бөмбөг тоглож эхлээд илүү нээлттэй, өөрийгөө чөлөөтэй илэрхийлдэг болж байгаа.”
Английн Примьер Лигийн Фүлхэм клубийн өсвөрийн дасгалжуулагчидтай хамт бэлтгэл хийх боломж хэн хүнд олдоод байхгүй билээ. Энэ удаагийн сургалтад 160 хүүхэд хамрагдсан бөгөөд энэхүү сургалтад хамрагдах нь өөрөө хамгийн чухал байсан талаар сургалтад хамрагдсан хүүхдүүд онцолж байсан юм.
“Ээж маань Фүлхэм клубийн сургалтад амжиж бүртгүүлсэн гэхийг сонсоод маш их баярласан. Англиас ирсэн дасгалжуулагчтай хамт бэлтгэл хийнэ гэхээр догдолж, бэлтгэл дээрээ хичээж, чадах бүхнээ л хийнэ гэж бодсон. Сургалтад хамрагдахад дасгалжуулагчийн арга барил, дасгал нь их гоё байсан. “Яаж хуурах вэ, дамжуулсныхаа дараа хэрхэн өөр байрлалд шилжих вэ” гэх зэргээр техникт суралцаж, нэгийн эсрэг нэг, хоёрын эсрэг хоёр тоглосон. Анх “160 хүүхэд оролцож байгаа шүү дээ. Би яаж 11 хүүхдийн нэг болох вэ дээ?” гээд өөртөө итгэлгүй байсан юм. Англи улсыг зорих 11 хүүхдийн нэрийг зарлах үед маш их сандарсан. “Яана аа, би сонгогдож чадахгүй бол яах вэ? Сонгогдвол яах вэ? гээд өмнөх шөнө нь тайван унтаж чадаагүй. Догдлоод, сандраад л…”
“Хөл бөмбөг” гэх хүсэл зорилгоор нэгдсэн 160 хүүхэд, 160 хүүхдийн хүсэл мөрөөдлийг бодит болгохын төлөө бүхнээ дайчлах гэр бүл. Зургаагаас арван зургаан насны 160 хүүхдээс ур чадвар, авхаалж самбаагаараа түүчээлсэн 11 хүүхэд Английн Лондон хотыг зорин, Фүлхэм клубийн Өсвөрийн академийн хаврын улирлын бэлтгэлд хамрагдах нэрсийг зарлах торгон агшин.
“Яг нэр зарлах үед аймаар сандарсан. “Англи улсыг зорих ес дэх хүүхэд бол 152 см өндөртэй” гэх үед “Би 152 см өндөртэй шүү дээ” гэж эхлээд бодсон. Дараа нь “42 кг жинтэй. 2011 оны тавдугаар сарын 18-нд төрсөн” гэх үед “Өө, би бас 42 кг жинтэй, тавдугаар сарын 18-нд төрсөн шүү дээ” гэж бодсон ч “Адилхан өдөр төрсөн, адихан жинтэй хүүхэд байж бас болно шүү дээ” гэж бодсон юм. Тэгээд л “Наранбаатарын Маргад” гэх үед итгэж чадахгүй, маш их баярласан. Англи явах хүртлээ бэлтгэлээ маш сайн хийгээд, багшийнхаа заасан бүхнийг илүү сайн сураад, Лондонд очоод монгол хүүхдүүд ийм мундаг гэдгийг харуулахыг хүсэж байна. Намайг дэмждэг, урамшуулдаг бүх хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлмээр байна.”
Спорт түүнийг тэсвэр хатуужилд сургаж, хөл бөмбөг түүнийг харилцааны хувьд нээлттэй, нөхөрсөг нэгэн болгон төлөвшүүлж байна. Нартай, салхитай, цастай, бороотойг үл ажран “Хөл бөмбөг л тоглож л байвал би аз жаргалтай байдаг. Одоо би хөл бөмбөггүйгээр амьдарлаа төсөөлж чадахгүй байх аа. Би хөл бөмбөгчин л болмоор байна” хэмээх Н.Маргадыг хараад “Хүүхэд нас гэдэг цовоо цолгиун, эрч хүчтэй, мөрөөдлийнхөө төлөө бүхнээ зориулах ийм л байдаг даа” хэмээн бахархах сэтгэл төрсөн юм.
“Би алдартай хөл бөмбөгчин болмоор байна. Эмэгтэй хүүхэд ч гэсэн хөл бөмбөг тоглож чаддаг гэдгийг харуулахыг хүсэж байна. Мундаг хөл бөмбөгчин болоод охидод “Чи ч бас над шиг алдартай тамирчин болж чадна шүү. Бэлтгэлээ сайн хийгээд, хичээгээд л байх юм бол бүх зүйл боломжтой шүү. Илүү сайн хичээгээрэй” гэдгийг харуулахыг хүсдэг” хэмээх Английн алдарт Фүлхэм клубийг зорих бяцхан оддын нэг Н.Маргад энэ удаа “Бидний нэг” боллоо. Нийтлэлийг уншиж, бидний нэг болсон уншигч танд баярлалаа.
Гэрэл зургийг. Л.Буд