"Дээд лигийн зохион байгуулалт тамирчдын чадварыг сайжруулахад чиглэж байна"
Спорт
М.Энхмаа
М.Энхмаа
2024.10.11
3 минут
"Дээд лигийн зохион байгуулалт тамирчдын чадварыг сайжруулахад чиглэж байна"

Спорт сонирхогч, сагсан бөмбөгийн үнэнч фанатуудын хүсэн хүлээдэг, сагсан бөмбөгийн шилдгүүдийн цугларах талбар Үндэсний Дээд лигийн 30 дахь улирлын гал гарсан тоглолтууд эхлэхэд ердөө ганцхан өдөр үлдлээ. Манай улсад багийн спортын төрөл эрчимтэй хөгжиж, Монгол тамирчдын ур чадвар дэлхий дахинаа шагшигдаж байгаа энэ цагт сагсан бөмбөгийн соёлыг үнэнч үзэгч, хөгжөөн дэмжигчидгүйгээр төсөөлшгүй билээ. Тэгвэл өөрийн дэмждэг багийнхаа тоглолтыг дэргэдээс нь үзэж, халуун алга ташилт, урмын үгээр ордны уур амьсгалыг доргиох нь тоглолтын чанар болоод тамирчдын сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг бол? Энэхүү нийтлэлийнхээ хүрээнд сагсан бөмбөгийн хөгжилд хувь нэмрээ оруулж яваа чадварлаг “багийн тоглогчдын” дуу хоолойг хүргэж байна. 

Хөгжөөн дэмжигч Э.Одбаяр: Дээд лигийн зохион байгуулалт тамирчдадаа илүү ээлтэй, тамирчдынхаа ур чадварыг сайжруулахад чиглэж байгаа юм болов уу гэж хардаг

Хоёр жилийн өмнөөс Үндэсний Дээд лигийн зохион байгуулалт өөр түвшинд хүрч, түүнийгээ дагаад үзэгчдийн зорьж үзэх сэдэл, сонирхол нэмэгдсэн болов уу. Миний хувьд түрүү жилээс лигийн тоглолтуудыг дэргэдээс нь үзэхийг илүүд үзэх болсон юм. Яаж ч бодсон тухайн орчинд нь очоод, тоглолтын зааланд уур амьсгалыг нь мэдрэх гоё юм билээ. Дээд лигийн зохион байгуулалт тамирчдадаа илүү ээлтэй, тамирчдынхаа ур чадварыг сайжруулахад чиглэж байгаа юм болов уу гэж хардаг. Тиймээс миний хувьд нэг багийг онцгойлон дэмжихээс илүү шигшээ багаа маш сайн дэмждэг. Тухайлбал, Монголын баг, тамирчид маань Азийн томоохон тэмцээнүүдэд оролцож байна. О.Хулан маань Монголын анхны эмэгтэй легонер тоглогч боллоо шүү дээ. Энэ мэтчилэн багийн спорт хөгжсөнөөр залууст бие бялдар, эрүүл мэндийн хувьд маш том үлгэр дуурайлал болж, залуучууд хийх юмтай, цагийг зөв боловсон өнгөрөөхөд эергээр нөлөөлж байгаа байх. Орой нь лигийн тоглолтоо үзээд хамт олноороо заал авах сэдэл нь болдог ч юм уу. Спортын хөгжилд нэг талаараа орчин бас чухал нөлөөтэй. Тухтай орчинд, дуртай багаа гал гарсан уур амьсгал дунд дэмжих нь мэдээж гоё. Гэхдээ зарим тохиолдолд соёлтой, ёс зүйтэй байх нь чухал. Хэт эсрэг багаа үзэн ядаж, үгээр элдэвлэх нь зохимжгүй шүү дээ. Эсрэг баг тань хэн нэгний дуртай баг, тамирчин байгаа гэдгийг ойлгож соёлтой дэмжицгээе!

“Хасын Хүлэгүүд” багийн туслах дасгалжуулагч Э.Ариунболд: Багийн спорт хөгжихийн хэрээр дагаад нийгэм өөрчлөгдөж байдаг

"Дээд лигийн зохион байгуулалт тамирчдын чадварыг сайжруулахад чиглэж байна"

Сүүлийн жилүүдэд манай улсад багийн спортын төрөл эрчимтэй хөгжиж байна. Тэр дундаа сагсан бөмбөгийн спорт “Хамтын хариуцлага, нэгдмэл зорилгынхоо төлөө нэгдэж чадсан цагт монголчууд бид хүчтэй” гэх ойлголтын тод жишээ болж яваа болов уу гэж боддог юм. Учир нь багийн спорт хөгжихийн хэрээр дагаад тухайн нийгэм өөрчлөгдөж байдаг. Нийгмийн стресс, бухимдлаа сагсаар дамжуулан гадагшлуулж, Дээд лигийн тоглолтыг зорин ирсэн хүмүүс дуртай спортоосоо сэтгэл ханамж, таашаалыг мэдэрдэг шүү дээ. Урьд нь Спортын төв ордонд 1,000 хүрэхгүй үзэгчтэй лиг зохион байгуулдаг байсан бол олон улсын стандартад нийцсэн аренатай болсноор илүү тухтай орчинд тоглолт явагдаж, эргээд үзэгчдийн тоглолтоос авах таашаал нэмэгдэж байгаа нь багийн спортын хөгжилд маш том түлхэц болж байна. Аливаа тоглолтыг орчинд нь үзэж, уур амьсгалыг нь мэдэрнэ гэдэг хамгийн чухал шүү дээ. Үзэгч, хөгжөөн дэмжигчид маань багаа дэргэдээс нь дэмжиж, өөрсдийн сэтгэл хөдлөлийг илэрхийлнэ гэдэг бол тамирчдын сэтгэл зүйд чухал нөлөөтэй. Тамирчны сэтгэл зүй тоглолтын гүйцэтгэлд хүртэл нөлөөлдөг учраас тав тухтай орчин бүхий цогцолбортой болсон нь сагсан бөмбөгийн хөгжилд оруулж буй үнэтэй хувь нэмэр юм. Үндэсний Дээд лигийн шинэ улиралдаа “Хасын Хүлэгүүд” баг өмнөх улирлаас суралцсан зүйлсээ илүү сайн бататгаж, тоглолтын турш тамирчдынхаа ур чадвар, потенциалыг хамгийн сайнаараа гаргахыг зорьж байна. Тиймээс сагс сонирхогч, дэмжигч, үнэнч фанатууд та бүхэн минь лигийн тоглолтоо ирж үзэн, дуртай багаа дэмжээрэй. Хүлэгүүд багтайгаа ойр байгаарай!

“UG Arena” маркетинг төлөвлөлтийн албаны Ерөнхий менежер Э.Жавхлан: Монголчуудын хамгийн өндөр үзэлттэй спортын төрөлд сагсан бөмбөг, жүдо, гар бөмбөгийн спорт багтаж байна

"Дээд лигийн зохион байгуулалт тамирчдын чадварыг сайжруулахад чиглэж байна"

 

Бид урьд нь бокс, жүдо гэх мэт нэг хүний спортоор л амжилт гаргадаг байлаа шүү дээ. Харин өнөө цагт залуучуудын сэтгэлгээ өөрчлөгдөж, багийн спорт, хамтын сэтгэлгээ гэх ойлголтыг эрхэмлэдэг болж байна. Тиймээс багийн спортоор дамжуулан залуусын дунд “хамтын” гэх нэгдмэл ойлголт, үнэ цэнийг төлөвшүүлнэ гэдэг хамгийн том зүйл гэж бидний зүгээс хардаг. Хэдхэн жилийн өмнө бид спортын “оролцогчид” гэдгийг тамирчид, дасгуулагч л гэж ойлгодог байсан бол одоо гуравдагч тал буюу үзэгчид спортын хөгжилд ямар том хувь нэмэр оруулдаг гэдгийг ойлгож эхэлж байна шүү дээ. Баг тамирчдаа дэмжих үзэгчдийн дэмжлэг тамирчдын сэтгэл зүй болоод тоглолтын чанарт хамгийн их нөлөөлдөг. Үндэсний Дээд лиг Спортын төв ордонд цөөн тооны үзэгчтэй зохион байгуулагддаг байхад манай тамирчид олон улсын тэмцээн уралдааны үеэр орчны шокт их ордог байсан. Олон улсын стандарт бүхий зай талбайд, олон үзэгчийн дунд ороод ирэхээр сэтгэл зүйн хувьд тавгүйтэх, тоглолтодоо 100 хувь анхаарч чадахгүй байх гэх мэт олон зүйлс болдог байлаа. Харин олон улсын стандарт бүхий ордонтой болсноор багийн спортын хөгжил эрчимтэй хөгжиж байна шүү дээ. Тухайлбал, монголчуудын хамгийн өндөр үзэлттэй спортын төрөлд сагсан бөмбөг, жүдо, гар бөмбөгийн спорт багтаж байна. Энэхүү тоон үзүүлэлт сүүлийн жилүүдэд эрчимтэй өссөн болов уу? Үндэсний Дээд лигийн 2023-2024 оны улирлын тоглолтын шинэ үзэгчдийн тоо 30 гаруй хувиар өссөн үзүүлэлттэй байсан бөгөөд нийт сагс үзэгчдийн тоо өнгөрсөн оны байдлаар 100 мянга гаруйд хүрсэн байна. Эдгээр үзүүлэлт бол дөнгөж эхлэл. Чанартай үйлчилгээ, тав тухтай орчинд лигийн тоглолтуудаа үзэж, баг тамирчдаа дэмжээрэй. 

“AODE M Winx” багийн тамирчин У.Содцэцэг: Дээд лигийн тоглолтуудыг шимтэн үздэг үзэгчдэдээ хандаж хэлэхэд эмэгтэй багийн тоглолтуудаа үздэг, дэмждэг байгаарай гэж уриалмаар байна

"Дээд лигийн зохион байгуулалт тамирчдын чадварыг сайжруулахад чиглэж байна"

 

Хувь тамирчныхаа хувьд Үндэсний Дээд лигт гурав дахь жилдээ тоглох гэж байна. Манай  АОДЭ М Винкс багийн хувьд хоёр дахь улирлын талбайдаа гарах гэж байгаа тул хүлээлт маш өндөр байгаа. Учир нь Үндэсний Дээд лиг UG Arena-д зохион байгуулагдаж эхэлсэн мөчөөс эмэгтэй сагсан бөмбөг хурдтай хөгжиж байгаа гэж хардаг. Стандарт бүхий заалтай болсон явдал нь сагсан бөмбөгийн хөгжилд оруулж буй маш том хувь нэмэр шүү дээ. Мөн багийн спортод багийн уур амьсгал маш чухал. Нэг хүний спорт биш учраас 12 тамирчин, арын албаны хүмүүстэйгээ нийлээд 20 гаруй хүн хоорондоо ойлголцож, нэг зорилгын төлөө бүр зүйл дээр нэгдэх шаардлагатай болдог. Хүн ямар ч үед, аль ч тохиолдолд нийгмийн харилцаанд орж байдаг учраас бүх зүйл дээр харилцаа, хандлага маш чухал байдаг шүү дээ. Тиймээс багийн спорт хөгжсөнөөр нийгмийн харилцаанд ч эерэг нөлөөллийг авчирна гэж боддог юм. Хүн бүр өөр өөрийн хэлбэр, дүрстэй, өссөн орчинтой. Гэхдээ бид хамтдаа нэг л зорилгын төлөө явж чадах юм бол нэг хүн шиг нэгдэх боломжтой. Дээд лиг гэдэг бол хамгийн шилдэг тамирчид тоглодог, хамгийн өндөр зохион байгуулалттай дотоодын хамгийн өндөр зэрэглэлийн тэмцээн. Түүнийгээ дагаад зохион байгуулалт жил ирэх тусам чанаржиж, үзэгчид хүртэл гоё орчинд, гоё хөгжөөн дэмжилт дунд ороод ирэхээрээ лигийн тоглолтыг дахин, дахин үзэж байна. Баг, тамирчдаа ч бас хүндэлдэг болж байгаа юм шиг санагддаг. Гэвч, эмэгтэй лигийн тоглолтууд ихэвчлэн хоосон зааланд тоглодог нь харамсалтай. Эмэгтэй багийн тоглолтыг маш цөөхөн хүн үздэг. Эрэгтэй, эмэгтэй тамирчид маань яг адил цагаар бэлтгэл сургуулилтаа хийж байна, эмэгтэй сагсан бөмбөг ч гэсэн өндөр түвшинд хөгжиж эхэлж байна шүү дээ. Тиймээс эмэгтэй багийн тоглолтуудаа үздэг, дэмждэг байгаарай гэж уриалмаар байна. Үзэгч, дэмжигчдийн тоо олшрох тусам бидний талбай дээр гаргах эмоци нэмэгдэнэ. Фанатууддаа зориулж илүү гоё тоглолт гаргахын төлөө улам л их хичээх болно шүү дээ. Хүн гэдэг чинь дэмжлэг авах тусам өөрийгөө цэнэглэж, урамшдаг шүү дээ. Дээд лигийн тоглолтуудыг шимтэн үздэг үзэгчдэдээ хандаж хэлэхэд АОДЭ М Винкс багийг дэмжээрэй. Илүү их чанартай тоглолт, илүү их өрсөлдөөнийг, илүү их ур чадваруудыг та бүхэндээ үзүүлэх болно оо.

Үндэсний Дээд лигийн техникийн менежер Ө.Мөнхчулуун: Үндэсний Дээд лигийн зохион байгуулалтыг мэргэжлийн түвшинд байлгахыг хичээн ажиллаж байгаа бөгөөд энэ улирлаас эхлэн багууд гурван тойрог тоглоно

"Дээд лигийн зохион байгуулалт тамирчдын чадварыг сайжруулахад чиглэж байна"

Үндэсний Дээд иг гэдэг бол мэргэжлийн, дээд түвшний лиг гэдэг утгаараа сагсан бөмбөг сонирхогчдын анхаарлын төвд байдаг хамгийн том тэмцээн. Лигийн 30 дахь улирлын зохион байгуулалтын тухайд гэвэл улам л мэргэжлийн тал руугаа явж байна. Тухайлбал, зарим багууд маань өөрсдийн гэсэн аренатай болсноор аялан тоглолт хийх сайхан мэдээгээр шинэ улирлаа эхлэх гэж байна. Урьд нь багууд хоёр тойрог тоглодог байсан бол энэ улирлаас эхлэн багууд гурван тойрог тоглоно. Ийнхүү багуудын тоглох тоо нэмэгдсэнээр Дээд лигийн зохион байгуулалт мэргэжлийн чиглэл рүүгээ орж байгааг илтгэж байна. Багийн спортын төрлөөр 2020 онд Токиогийн Олимпод оролцсон нь “Багийн спортоор бид дараагийн түвшинд хүрэх ёстой” гэх том мессежийг өгсөн байх гэж боддог юм. Гуравхан жилийн өмнө л гэхэд бид ФИБА-д чансаа оноогүй байлаа шүү дээ. Тиймээс сагсан бөмбөг сонирхогч залуус маань баг тамирчдаа дэмжиж, тоглолт бүрийг нь үздэг байгаарай. Хэдий зурагтаар үзэх, тухайн орчинд нь үзэх хоёр адилхан дэмжлэг ч гэлээ ордонд тоглолт үзэх мэдрэмж хэд дахин илүү юм шүү. Лигийн зохион байгуулалтыг аль болох мэргэжлийн түвшинд, баг тамирчид болон сагсан бөмбөг сонирхочдоо тав тухтай байлгахыг хичээн ажиллаж байгаа тул та бүхэн минь ирээд баг, тамирчдаа дэмжээрэй.

“Хасын Хүлэгүүд” багийн тамирчин Б.Барсболд: Тоглогч тус бүрийн ур чадвар, багийн систем, багийн ойлголцол гээд олон хүчин зүйлсээс амжилт шийдэгддэг

"Дээд лигийн зохион байгуулалт тамирчдын чадварыг сайжруулахад чиглэж байна"

Миний хувьд Үндэсний Дээд лигт хоёр дахь улиралдаа тоглох гэж байна. Энэ жилийн тухайд гэвэл манай багийн хувьд аваргаа хамгаалах илүү хариуцлагатай жил тохиож байна. Тоглогч тус бүрийн ур чадвар, багийн систем, багийн ойлголцол гээд олон хүчин зүйлсээс амжилт шийдэгддэг тул багийн уур амьсгал шийдэгддэг тул багийн уур амьсгал хамгийн чухал байдаг. Тэр ч утгаараа шинэ улирал эхлэхэд тухайн жилийнхээ зорилгыг тодорхойлж, түүнийхээ төлөө бүгд нэгэн цул болж, биесээ мэдэрч ажиллаж чаддаг. “Тэр хүн яг юу бодож байна, юу хэрэгтэй байна?” гэдгийг хэлүүлэлгүй ойлгодог болчихдог юм билээ. Харин сагсан бөмбөг сонирхогчдын тоо эрс нэмэгдэж байгаа энэ цагт Дээд лигийн зохион байгуулалт илүү энтертайнмент байж чаддаг гэж боддог юм. Гурван жилийн өмнө олон улсын стандарт бүхий цогцолбортой болсоноор тоглолтын чанар, тамичрдын ур чадвар болоод үзэгчдийн уур амьсгалд хүртэл нөлөөлж байна шүү дээ. Жишээлбэл, багаараа дараалан таван оноо авахад үзэгчид маань нирхийгээд дэмжих үед тоглогчид урамшиж, дараагийн довтолгоог амжилттай хамгаалах гэх мэт олон давуу талтай. Тиймээс үзэгчид маань лигийн тоглолтоо дэргэдээс нь үзэж, тоглолтод нөлөөлөхүйц алга ташилт, сэтгэл хөдлөлөө илэрхийлж байх нь их чухал. Хасын Хүлэгүүд багийн хувьд хариуцлагатай жил гэдэг утгаараа илүү наягт, нямбай тоглолтууд гаргахыг хичээж байна. Та бүхэн дэмждэг багуудынхаа тоглолтыг сайн үзэж, шинэ улиралтайгаа хамт байгаарай!

Сайн дурын ажилтан Ө.Эрхэмбилэг: Дээд лигт ажиллаж эхлээд тухайн багийн тактик, арга барил, нэгнээ дэмжиж, урамшуулж байгаа үгсийг дэргэдээс нь сонсоод ирэхээр “баг хамт олон” гэдгийг илүү сайн ойлгох болсон

"Дээд лигийн зохион байгуулалт тамирчдын чадварыг сайжруулахад чиглэж байна"

Миний хувьд Дээд лигийн 2023-2024 оны улирлын турш сайн дурын ажилтнаар ажилласан. Тамирчид халтирч унах, хөл алдахаас сэргийлж талбай арчих, тоглолтын завсарлагаагаар тамирчдын уух зүйлсийг дөхүүлэх гэх мэт тамирчидтайгаа их ойр ажилладаг. Би өөрөө сагс тоглох дуртай ч урьд нь багийн тухай ойлголт тийм ч сайн байгаагүй юм. Лигийн тоглолтыг зурагтын цаанаас үздэг байхдаа “Ингэж алдаа гаргахын оронд ингээд хийчихгүй дээ” гэж их боддог байсан. Харин Дээд лигт ажиллаж эхлээд тухайн багийн тактик, арга барил, нэгнээ дэмжиж, урамшуулж байгаа үгсийг дэргэдээс нь сонсоод ирэхээр “Баг хамт олон гэдэг ийм юм байдаг юм байна. Хэдий алдаа гаргасан ч алдаанаасаа ухаараад сайжирдаг юм байна” гэдгийг илүү сайн ойлгох болсон. Тоглолтын үеэр тамирчид юу ярьж байна, хамгаалалт, довтолгоон дээр ямар арга барил ашиглаж байна гэдгийг дэргэдээс нь ажиглаж, яаж хичээж байгааг нь илүү ойлгодог, мэдэрдэг болсон гэх юм уу. Тиймээс аливаа тоглолтыг дэргэдээс нь анхааралтай үзээгүй л бол битгий шүүмжилж байгаарай. Сагсан бөмбөг сонирхогчид өөрийн дэмждэг багийнхаа нэг хэсэг нь юм шигээр тухайн багаа урамшуулдаг, чин сэтгэлээсээ дэмждэг байгаасай гэж хүсэж байна. 

Гэрэл зургийг: Л.Буд