Өдөр бүр дэргэдүүр нь өнгөрдөг ч хэзээ ч зүглэж байгаагүй энэ газарт амьдрал буцалдгаараа буцлах аж. Сорилт бэрхшээл, бэртэл гэмтлийг үл ажран хүсэл тэмүүллээр хөглөгдсөн Спортын төв ордонд маргаашийн амжилтын эзэд бэлтгэгдэнэ. Арван долоон жилийн турш нэг л хаалгыг өдөр бүр татаж, арван долоон жилийн турш энэ л зааланд “амьдарсан” анхны бүхний түүчээ М.Анхцэцэгийн замнал ч эндээс эхтэй. Хүндийн өргөлт хэмээх өрх айл түүнээр овоглох мэт…
Арван настай охин сониучхан хүсэлдээ хөтлөгдөн 7 килограммын гол өргөж үзсэн нь 2008 он. “Энэ хүнд төмрийг өргөж чадлаа” гэх мэдрэмж. Өөрөөрөө бахархаж, ахин туйван өргөмөөр санагдах нь тэр. Энэ үеэс эхлэн түүний амьдралд солонго татаж, өдөр хоног бэлтгэлээс бэлтгэлийн хооронд үргэлжлэх болжээ.
Спорт гэдэг хатуу. Тэр тусмаа эмэгтэй хүүхэд хүндийн өргөлтийн спортоор хичээллэнэ гэх мэдээ түүний аав, ээж хоёрын хувьд гэнэтийн цохилт байлаа. Төмөр өргүүлэхгүй гэх дургүйцэлтэй олонтоо тулгарсан ч давтлагад явлаа гэж худал хэлэн бэлтгэлийн заал руу гүйх нь олшрох болов. Тийм их хүсэл тэмүүллийг гэр бүлийнхэн нь хорьж дийлээгүй тул 1972 оны Мюнхений Олимпод хүндийн өргөлтийн төрлөөр оролцож байсан С.Доржханд гуайтай ярилцан Спортын төв ордны Т.Чулуунпүрэв багшид шавь оруулжээ.
“Арван настай байх үеэ хүн тийм сайн санадаггүй шүү дээ. Гэхдээ “Соүл” гээд хүүхэлдэйн кинон дээр гол дүрийн баатар төгөлдөр хуур тоглохоороо орчноос тасардаг даа. Яг тийм мэдрэмж л намайг энэ спортод хамгийн ихээр татсан байх. Аягүй сонин татаад л байсан. Би өөрөө 27 настай, 17 жилийг энэ бэлтгэлийн зааланд өнгөрүүлсэн байна. Спортын төв ордны хаалгаар гэртээ ирж байгаа юм шиг л орж ирдэг. Нутгийнхаа чулууг андахгүй гэдэг шиг л хаана, ямар догол байна тэр бүгдийг л мэддэг. Хайрлана, урам зориг авна. Энэ бүх амжилтыг гаргахад бэлтгэлийн заал маань хамгийн чухал нөлөө үзүүлсэн дээ.”
Нэг өдрийн бэлтгэл алдагдахад маргаашийн бэлтгэл дээр ядарна. Маргаашийн бэлтгэл дээр ядарвал нөгөөдрийн бэлтгэл дээр сульдах тул бэлтгэлээс бэлтгэлийн хооронд тасралтгүй үргэлжлэх өдөр хоногууд түүнийг хүлээнэ. Тамирчин байна гэдэг тамирчин байна л гэсэн үг. Эхнэр, ээж, найз нөхөд гээд өөр хэн ч байх эрх тэдэнд байхгүй.
“Би зөөлөндөө зөөлөн, хатуудаа хатуу хүн. Айлын том ч гэлээ аав маань их эрхлүүлдэг. Нөхөртөө эрхэлнэ, багшдаа бас эрхэлнэ. Гэхдээ тамирчин байна гэдэг дотоод сэтгэл зүй унах гээд байгаа үедээ зөөлөн сэтгэлээ хаагаад, өөрийгөө хянаж чаддаг л байх хэрэгтэй. Учир нь эцэг эх, үр хүүхэд өвдөх гэх мэт ямар нэгэн асуудал тулгарахад зааландаа л байж сурах хэрэгтэй болдог. Жишээлбэл, манай хүүхэд одоо зургаан настай. Ларингиттай, ханиад хүрэхээрээ хоолой нь шууд боогддог байсан болохоор төрснөөсөө хойш 10 гаруй удаа эмнэлэгт хэвтсэн. Би нэг л удаа хүүгээ сахиж байсан юм. Эх хүний хувьд хүүхэд өвдөнө гэдэг бол аймаар зүйл шүү дээ. Гэвч энэ үед би яаж ч чадахгүй, уйлж болохгүй бэлтгэлээ л хийх хэрэгтэй болдог. Спортын хатуу нь энэ.”
Хүндийн өргөлт бол өөртэйгөө тулдаг, өөрийгөө ялдаг спорт. Өөр хэн нэгэнтэй тэмцэлдэж, хэн нэгнээс шалтгаалдаг биш. Өөрөө чадвал чадна, чадахгүй бол чадахгүй. Амжилт өөд хэр их тэмүүлнэ, төдий чинээ тэсвэр хатуужил шаарддаг нь энэ спортын зарчим.
“Манай спорт бол амьгүй биет буюу хүндийн өргөлтийн туйвантай харьцдаг. Энэ юуг өгүүлж байна вэ гэвэл чи өөрийгөө л ялах чухал. Өөрийн дотоод хүнээ ялж байж л том амжилтад хүрнэ. Харин амжилтад хүрэхийн тулд дунджаар 16-29 тонн ачаалал нэг өдрийн бэлтгэл дээр авдаг. Энэ тоон хэмжээг төсөөлбөл, 1-2 Howo ачааны машин өргөж байна л гэсэн үг. Энэ бол алааны амьдрал. Зүрхний даралт 200, цусны артерийн даралт 200-250 хүрэх үе байна. Алга задраад, арьс нь махтайгаа хуураад гараад ирнэ. Тэр үед буцааж наагаад лентээр ороон гаргахаас өөр арга байхгүй. Ийм л алаан дунд бид амьдардаг.
Өнөөдрийг хүртэлх туулж ирсэн амжилтын замнал тийм дардан байгаагүй ч би охиныгоо шантарч байхыг нэг ч удаа харж байсангүй. Төрөөд дөрвөн сарын дараа Олимпын оноо цуглуулах эрхийн тэмцээнд зайлшгүй оролцох шаардлагаар Хятадын Нинбо хотод бэлтгэл хийсэн юм. Долоо, найман килограмм жин хасах хэрэгтэй тул саунд сууна. Гэвч эмэгтэй саунд эрэгтэй дасгалжуулагч орох хориотой. Тэр үед би Хятадын багийнхнаас гуйсан. “Миний охин нялх биетэй, халуун орчинд ухаан санаа нь балартаж магадгүй. Би хамт баймаар байна” гэж. Тэгэхэд миний охин футболк нь нэвтрээд хөхнөөс нь сүү асгараад сууж байсан. Тэр хамгийн хэцүү мөч… Яг тэр үед “Амь биш, заяа биш. Миний охин ингэн байж тэмцээнд ороод яах юм бэ? Одоо больё” гэхэд миний өөдөөс “Ингэх байсан юм бол би яах гэж энд ирсэн юм бэ? Та зүгээр гарч бай, намайг харж байгаарай” гэсэн. Тэгээд тэр тэмцээнээс мөнгөн медаль авсан даа миний охин… "
“Би хүүгээ 9 сар хүртэл нь хөхүүлсэн юм. Төрөөд 6 сартай байхдаа Азийн аваргаас мөнгөн медаль, 10 сартайд нь Дэлхийн аваргаас хүрэл медаль авч байсан. Их л ядардаг юм билээ. Ээжүүд маань мэднэ дээ. Бэлтгэл хийх нь битгий хэл хүүхдээ шөнө хөхүүлэхээр л ядардаг шүү дээ. Одоо эргээд бодох нь ээ, аймар санагддаг юм. Хүнд зорилго байна гэдэг тийм л гоё.”
Монголын хүндийн өргөлтийн спортыг дараагийн түвшинд хүргэх, олон олон хүүхдийн хүсэл тэмүүллийг бадраах чин эрмэлзэл тэднийг нэгэн цул болгон нэгтгэв. М.Анхцэцэг тамирчингүй Ц.Хосбаяр дасгалжуулагч, Ц.Хосбаяр дасгалжуулагчгүй М.Анхцэцэг тамирчин гэж үгүй мэт. Амьдралын урт замд аав охин болон хувирч, биесээ гэх тийм их хайр тэднийг амжилтад хөтөлнө.
“Миний амьдралын хамгийн урт хугацааг хамтдаа өнгөрүүлсэн хүн бол миний багш. Аав ээж, нөхөр, гэр бүлийнхэн минь биш. Сүүлдээ биесээ харцаараа ойлгодог болсон. “За өнөөдөр багш ширүүн байна даа. Бэлтгэлээ сайн хийхгүй бол болохгүй юм байна.” эсвэл ямар нэгэн зүйл гуйхаар болбол “За яг одоо л хэлбэл зөвшөөрөхөөр байна шүү” гэх мэт шууд л мэдэрдэг болсон. Багш маань ч гэсэн намайг хараад “Өнөөдөр энэ хүүхдийг шахаж болохгүй юм байна” гээд бүгдийг л мэддэг.”
“Дасгалжуулагч гэдэг бол ээж нь, аав нь, тогооч, сэтгэл зүйч, зарим үед найз нь. Тэмцээний үед Анхаад би нэг их юм хэлдэггүй. Нүд рүү нь хардаг. Нүд нь чоно шиг гялалзаад ирэх юм бол “За энэ хүүхэд болсон юм байна” гэж боддог. Харин нүд хоёр тийшээ гүйгээд, тогтож өгөхгүй үед хэлэх үг бас бий. Ялалтын хойно зогсох сайхан. Гэвч дасгалжуулагч хүний хувьд хамгийн хэцүү зүйл бол ялагдлын хойно л зогсох байдаг юм. Тэнд уйлаад сууж байгаа тамирчныг харах хамгийн хэцүү. “Ялалтыг бүгдээрээ эзэмшиж, ялагдлыг чи ганцаараа үүрнэ” гэж үг байдаг. Тэр гашуун зүйлийг л хуваалцахыг хичээдэг. Багш нь тийм алдаа гаргалаа, багшийгаа уучлаарай гээд…”
Хүндийн өргөлт хэмээх өрх айл түүнээр л овоглох мэт. Эл спортоор хичээллэж эхэлсэн мөчөөс ердөө нэг жилийн дараа буюу 2009 онд Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнээс хүрэл медаль хүртсэн нь уналтад орсон их спортыг ахин хөл дээр нь босгох хувь зөвхөн түүнд л тохиов уу гэлтэй олон олон амжилтын анхдагч болох суурь тавигдав. Дэлхийн аварга түүний гаргасан амжилт, оролцсон тэмцээнийг дурдаад баршгүй. Төдийгөөс өдийг хүртэлх хугацаанд хэчнээн тоннын туйван өргөж, хэр их хөлс дуслуулсныг бид таашгүй. Харин эх орон, их спортын төлөө зорилгоосоо үл ухрах чин сэтгэлийг нь бид мэднэ.
Мэргэжлийн тамирчны замналаар алдар нэрээ хэр тод цуурайтуулна, төдий чинээ амьдралаа өөрчлөх боломжтой нь спортын гайхамшиг. Харин багш, охин хоёр энэ замыг сонгосонгүй. Казакстан, Узбекистан, АНУ, БНСУ зэрэг орны саналаас татгалзаж, урьдынхаараа өнөөх л зааландаа бэлтгэл хийсээр байна.
“Саналууд ирэхийн хувьд бол ирсэн. Яагаад яваагүй вэ гэхээр намайг гаргаж ирэхийн тулд багш, холбооны удирдлагууд гэх мэт асар олон хүн ажилласан. Тухайн үед буюу 2012 онд манай спорт уналтад орчихсон байсан үе. Хүндийн өргөлт гэх энэ спортыг ахин таниулж, олон хүүхэд хичээллэдэг болгох гэж маш их хичээсэн. Ядаж нэг хүүхэд амжилтад хүрчих юм бол дагаад олон хүүхэд хичээллэнэ гэх бодлогоор надад дэмжлэг үзүүлсэн. Тэр олон хүний хичээл зүтгэлийн дүнд амжилттай явж байснаа тодорхой хэмжээнд хүрчхээд “За, за би явлаа” гээд яваад өгвөл надтай адилхан тамирчин гаргаж ирэх гэж дахиад л 5, 6 жилийн хөдөлмөр шаардана шүү дээ. Тухайн үед би хүүхэд байсан. Эх орондоо амжилт гаргаж болохоор байхад заавал өөр оронд очих шаардлага байгаагүй. Харин энэ спортоор олон хүн хичээллэдэг, дараагийн тамирчин нь бэлэн байсан бол энэ өөр асуудал. Байсан ганц тамирчин нь би л байсан. Би явчих л юм бол болохгүй…”
Хүндийн өргөлт хэмээх энэ спортыг олонд таниулахын тулд хатуу бэрхийг туулсан ч шантралгүй урагшилж яваа түүнийг ард түмэн “Алтан охин” хэмээн хайрладаг. Спорт түүнийг алдар нэр, хайр хүндлэлээр шагнасан нь энэ юм. Харин багш нь түүнийг амьдралын ухаанаар шагнажээ. Ц.Хосбаяр дасгалжуулагчийн өсвөрийн тамирчдад хандаж хэлдэг нэг л зүйл бий. “Чи Дэлхийн аварга, Олимпын медальтан болохгүй байж магадгүй. Гэхдээ чи арван жилийн дараа аав болно, ээж болно. Тэр үед амьдралаа авч явах ухааныг би чамд суулгаж чадвал чи бид хоёрын энд ажилласан цаг хугацаа үр дүнтэй болсон гэж ойлгоорой.” Хайрлах, хүндлэх, талархах. Аливаад энэ л ухаанаар ханддаг М.Анхцэцэг тив дэлхийд “Монгол” хэмээх нэрийг илүү тодоор цуурайтуулж яваа нэгэн тод од юм.
Гэрэл зургийг: Л.Буд