Critical thinking

Кино үзэж, нухацтай сэтгэлгээгээ хөгжүүлцгээе. Гэхдээ яаж?

Чөлөөт бичээчид -- 2024.10.106 минут унших

Олон л кино бий. Сайн, муу, хөнгөн, хүнд, урам зориг өгөх гэх мэт. Зарим киног зүгээр л хөгжилдөх зорилгоор, график эффектийг нь таашаах зорилгоор үзэж болдог бол заримаас нь суралцах боломж бий. Киногоор хэлэлцүүлэг өрнүүлэх, нухацтай сэтгэх чадварыг хөгжүүлж болох тухай судалгаа цөөнгүй байдаг. Тухайлбал, 2019 онд хийгдсэн нэгэн судалгаанд Арван хоёр уцаартай эр (1957) киноны тодорхой хэсгийг үзүүлж, хэлэлцүүлэг өрнүүлсний үр дүнд суралцагчдын нухацтай сэтгэх ур чадвар, ялангуяа баримт болон үзэл бодлыг ялгах чадвар сайжирсан тухай дурджээ.

Сайн кино үзэх, түүнийхээ тухай бодолхийлэх, бусадтай санал бодол, харах өнцгөө хуваалцах нь нухацтай сэтгэхэд туслах нэгэн төрлийн дасгал юм. Тиймээс Нухацтай сэтгэлгээг тод томруун харуулсан төдийгүй, үзэхэд харамсахааргүй, IMDB дээр 8-аас дээш оноо авсан таван кино санал болгоё. IMDB-ийн оноо “дунджаар” кино хэр сайн эсэхийг харуулдаг. Маш олон улсын, янз бүрийн хүмүүс санал өгдөг бөгөөд санал өгсөн хүмүүс нь санал өглөө гээд ашиг хүртэхгүй тул харьцангуй ханатай үр дүн байдгийг онцлох хэрэгтэй. Гэхдээ хүн хүний гоо сайхан, урлагийн мэдрэмж харилцан адилгүй учраас “дундаж”-аар сайн үнэлэмж таныхтай яв цав таарахгүй ч байж болно.

Харин таван киног танилцуулсны дараа ер нь нухацтай сэтгэлгээгээ зүлгэхэд ямар кино сонговол оновчтой вэ гэдэг дээр санал хэлье.

1.     Арван хоёр уцаартай эр – 12 Angry Men (1957)

IMDB: 9.0

Кино үзэж, нухацтай сэтгэлгээгээ хөгжүүлцгээе. Гэхдээ яаж?

Нухацтай сэтгэгчдийн классик. Хар цагаан, дээр үеийн, ганц ч график эффектгүй , бүр ганцхан өрөөн дотор зураг авалтыг нь хийсэн киног хэн л үзэх вэ дээ? Үгүй дээ, чихэрхэн минь. Нэг кино байна шүү. Нэг өрөөнд 12 хүний хооронд өрнөх харилцан яриа. Нэг жаал гэмт хэрэг хийсэн эсэхийг шүүж буй тангарагтны шүүхийн 12 хүн. Гажуудал, мэдээллийн найдвартай байдал, анхдагч итгэл үнэмшил, дедуктив сэтгэлгээ, сэтгэл хөдлөлөөр түрээ барин мэтгэх гэх мэт маш олон мэдээллийг энэ кино харуулна.

Магадгүй зарим нэг хүн яагаад 12 эрэгтэй, нэг ч эмэгтэй байхгүй юм бэ гэж шүүмжилж болох. Угтаа бол нухацтай сэтгэхэд хүйс хамаагүй, мөн 1956 оны кино гэдгийг нь битгий мартаарай.

2.     Нас барсан найрагчдын нийгэмлэг – Dead Poet Society (1989)

IMDB: 8.1

Кино үзэж, нухацтай сэтгэлгээгээ хөгжүүлцгээе. Гэхдээ яаж?

Сайн сур, онц сур. Сайн эмч бол, мундаг хуульч, эдийн засагч бол. Сохрын газар сохор, доголонгийн газар доголон яв. Сурах бичиг юу гэж бичсэн байна түүнийг нь дагаад бай. Шалгалт угаасаа тэндээс л орж ирнэ. Дарга юу гэж хэлнэ түүнийг дага... Нэгэн хэвийн уйтгартай амьдрал. Сайн сургуульд, сайн компанид ороод ч яг төстэй. Ийм мэдрэмж танд төрж байсан уу?

Анагаах ухаан, бизнес, хууль бол хүний амьдралд хэрэгтэй зүйл мөн. Гэхдээ гоо сайхан, хайр дурлал, яруу найраггүй амьдрал гэж юу сан билээ. Нухацтай сэтгэнэ гэдэг нь дандаа л логикдоод бай гэсэн үг биш болохыг энэ киноноос ойлгох болов уу. Юмыг гүн гүнзгий мэдэрье гэвэл хэвшмэл үзлээсээ давын өмнө салах ёстойг яруу тодоор харуулна.

3.     Эмэгтэй хүний үнэр – Scent of Woman(1992)

IMDB: 8.0

Кино үзэж, нухацтай сэтгэлгээгээ хөгжүүлцгээе. Гэхдээ яаж?

“Амьдралд юу зөв, юу бурууг би баруун солгойгүй мэддэг байлаа. Гэхдээ зөв замыг сонгоогүй. Зөвөөр замнах гэдэг маш хэцүү шүү дээ” – Дэслэгч хурандаа Франк Слэйд

Хэн бүр салаа замтай тулдаг. Зарим нь юу зөв, юу бурууг мэдэхгүй. Зарим нь зөв буруугаа мэдэх ч, сонголтоо хийх зориггүй. Зөв гэж бодсон зүйлээ хийх зоригтой бай хэмээн Энэтхэгийн анхны Ерөнхий сайд Ж.Неру онцлон хэлдэг байж.

Энэ кино бидэнд хүн байх, тэр дундаа зоригтой хүн байхын утга учрыг дахин дахин сануулах мэт. Амьдралыг зүгээр л хөнгөн зугаа цэнгэлээр дүүрэн байлгалаа гээд аз жаргалтай байх болов уу?

4.     Гурван тэнэг - 3 Idiots (2009)

IMDB: 8.4

Кино үзэж, нухацтай сэтгэлгээгээ хөгжүүлцгээе. Гэхдээ яаж?Энэтхэг кино. Анх үзэхийн өмнө хэр их дуулж, бүжиглэх вэ гэж асууж байснаа нийтлэгч би санадаг юм. Болливүүдийн кино дуулж, бүжиглэх нь аргагүй. Гэсэн ч энэ кинонд донж нь яг таарна. Их биш.

Ер нь яах гэж сурдаг вэ? Сурахын төлөө сурч байна уу эсвэл ямар нэг диплом, ажлын санал хөөцөлдөхийн төлөө сураад байна уу? Аль нь алиныхаа язгуур шалтгаан бэ? Амжилтын хойноос хөөцөлдөх биш, тэр амжилтад хүргэхэд шаардлагатай зүйлийг ном ёсоор нь хийчих, тэгвэл өнөөх хүсээд буй зүйл чинь дагаад ирэх нь бат!

“Өлсгөлөн бай. Тэнэг бай” хэмээн Стив Жоббс хэлж байсан даа. Монгол хэлнээ “тэнэг хүн тэхий дундуур нь” ч гэсэн үг байдаг. Тэгвэл тийм нэг гурван тэнэг андын нөхөрлөл, зовлон, жаргал, хайр дурлал, адал явдал юм. Уйдахгүй гэх амлалт 90%.

5.     Сайн Вилл Хантин – Good Will Hunting (2009)

IMDB: 8.3

Кино үзэж, нухацтай сэтгэлгээгээ хөгжүүлцгээе. Гэхдээ яаж?

Гоц авьяастнуудын амьдрал ч амар хялбар байх даа? Толгой тархи нь ажиллана гэж компьютер. Чадахгүй юм гэж үгүй. MIT-ийн оюутнууд бардаггүй хэцүү бодлогыг чигчий хуруугаараа л нухчихна.

Вилл Хантин бол тийм л нэг залуу. Гоц авьяастай. Номыг машиндана. Машиндсан номоороо баргийн хүнийг “амьтан” болгоно. Гэсэн ч Вилл бол хүн. Хүний сэтгэлийн гүнд байх айдас, болгоомжлолоос ангид биш. Нэн ялангуяа хайр дурлал, ганцаардал...

Дахиад л дурдъя. Аливааг нухацтай сэтгэнэ гэдэг нь дандаа формал логикийн буюу математик мэт асуудал биш юм аа. Сэтгэл хөдлөл, бодол санаанд ямагт нөлөөлдөг. Гоц авьяастан байлаа ч хүн бол сэтгэлийн амьтан гэх гаргалгааг мартаж болохгүй.

Кино үзэж, нухацтай сэтгэлгээгээ хөгжүүлцгээе. Гэхдээ яаж?

Ер нь аливааг үйлдэхэд зорилгоо ухамсарлах нь чухал. Юу үзэх вэ гэдэг шийдвэрт ямар зорилгоор үзэх гэж байна вэ гэдэг нь мэдээж нөлөөлнө. Тэгвэл нухацтай сэтгэхэд тус болох киног хэрхэн сонгох вэ. Юунд анхаарах вэ?

Кино үзэж, нухацтай сэтгэлгээгээ хөгжүүлцгээе. Гэхдээ яаж?

Зураг, дүрс дангаар аргумент болдоггүй. Ийм учраас ч Арван хоёр уцаартай эр гэдэг кинонд ганган зураг, график эффект юу ч байхгүй мөртөө нухацтай сэтгэхэд хамгийн чухал болдог. Гэхдээ үүнийг зөрчсөн нэг кино бол Матриксын гурвал (1999, 2003, 2003) юм. График дүрслэлийн хувьд хувьсал хийсэн төдийгүй харилцан яриа нь ч гүн гүнзгий агуулгатай киноны тод жишээ юм.

Кино үзэж, нухацтай сэтгэлгээгээ хөгжүүлцгээе. Гэхдээ яаж?

Нухацтай сэтгэх нь ихэвчлэн тогтсон тааруу үзэл суртлын эсрэг агаар салхи оруулах өнгө аястай байдаг. Шударга бус зүйлтэй эвлэрэхгүй байх, ад үзэгдэх зоригтой байх, аливааг шинэ өнцгөөр харахад тустай. Тухайлбал, Мона Лизагийн инээмсэглэл (2003), Чөлөөт бичээчид (2007) зэрэг кино тогтсон үзлийн эсрэг зогсохын үнэ цэнийг харуулдаг шилдэг бүтээлүүдийн нэг юм.

Кино үзэж, нухацтай сэтгэлгээгээ хөгжүүлцгээе. Гэхдээ яаж?

Энэ төрлийн кино үйл явдлын дараалал, хоорондын уялдаа холбоог үзэгчдээрээ бодуулах төдийгүй цоо шинэ өвөрмөц харах өнцөг өгдөг. Цөөнгүй ийм кино нэлээд хүнд, бараан сэдэвтэй байдаг тул болгоомжтой үзэх хэрэгтэй бөгөөд зарим хүнд тохиромжгүй ч байж болзошгүй. Тухайлбал Memento (2000), Seven (1997), Machinist (2004), Shutter Island (2004), The Prestige (2006), V for Vendetta (2005) гэх мэт кино байж болно.

Эцэст нь дурдахад дээр дурдсан киноны жагсаалт бүрэн, төгс биш гэдгийг анхаарах хэрэгтэй. Мөн киног зүгээр нэг үзээд өнгөрөх бус, өөрийнхөөрөө тайлбарлаж, дүгнэлт бичих, эсвэл бусадтай хэлэлцээрэй. Нухацтай сэтгэлгээнд суралцах хамгийн эхний алхам энгийн зүйлсээс эхлэх юм шүү.