Өглөөний 08:12 цаг. Сүхбаатарын талбайн баруун талын уулзвар үл ялиг урагшлах машинуудаар дүүрчээ. Явган хүний зам ч мөн ялгаагүй нааш цааш яаран холхих хүмүүсээр дүүрэн. Гэнэт дийййййд диййййййд… Түгшүүр гарав уу гэлтэй сүртэй, чанга дуу чимээ энэ хавийг эзэгнэх нь тэр. Ногоон гэрлийг хүлээж тэсэлгүй жолооч нар нэгэн зэрэг рулиэ нүдэн, сигналаа хангинуулж гарлаа. Зөрөн өнгөрөх хүн бүрд эл үйлдэл таалагдсангүй. Эмээтэйгээ цуг хөтлөлцөн зам гарч байсан цэцэрлэгийн насны хүү бушуухан гэгч нь эмээгээсээ гараа суга татан хоёр чихээ таглачхав. Эмээ нь ч хүүгээ “гараа өг хөтлөлцье” гэж шалгаасангүй. Зэрэгцээ алхах хоёр охин “Энэ жолооч нар машин дотроосоо сигналаа хангинуулахаар ногоон гэрэл асаад урагшилна гэж боддог юм байх даа. Гадна явж байгаа хүмүүст ямар их төвөг учруулж байгаагаа мэддэг ч болоосой…” гэсээр бухимдангуй өнгөрөв. Нээрээ л гэм хоргүй гудамжаар ажил, хичээл рүүгээ яаран алхаж яваа хүмүүст жолооч нарын гаргасан хөндлөнгийн энэ чимээ сөргөөр нөлөөлж байв.
Тийм ээ, бид дөнгөж сая их хотын стандарт хэмжээнээс хэтэрсэн дуу чимээний бохирдолд өртчихлөө. ДЭМБ-ын тогтоосон хотын дуу шуугианы стандарт хэмжээ нь өдрийн 07:00–23:00 цагт ажиллаж, амрах орчинд дунджаар 60 дБ (децибел) байх ёстой. Гэтэл Улаанбаатар хотод 74.4 дБ байгаа аж.
Уншигч та ч мөн адил ажил дээрээ төвлөрөх гээд халуун кофе оочлон суухдаа тээврийн хэрэгслийн хүчтэй сигналдах чимээнд сатаарч, номын санд чухал шалгалтдаа бэлдэж байхдаа түргэний машины дохиолол дугарахад төвлөрлөө алдаж, гэртээ унтах гээд амарч байхдаа стандарт яндангүй мотоцикл, спорт машины хүчтэй хаазлах чимээнээс болоод тухтай амарч чадалгүй өнгөрч байсан уу? Хэрэв тийм бол эдгээр асуудал нь бүгдээрээ дуу чимээний бохирдлын нэгээхэн хэсэг юм. ДЭМБ-ийн 2018 оны тайлангаар дуу шуугиан нь хүн амын эрүүл мэндэд хамгийн их хор хөнөөл учруулдаг, байгаль орчны нөлөөллөөрөө агаарын бохирдлын дараа хоёрдугаарт ордог гэжээ. Тэгвэл дуу чимээний бохирдол гэж юу вэ. Та чимээ шуугиан бохирдол үүсгэдэг гэдгийг мэдэх үү?
“Бидний амьдарч буй хот чимээ шуугиан ихтэй шүү гэж бодож байсан болохоос биш дуу чимээг бохирдол үүсгэх хэмжээний асуудал гэж бодож байгаагүй юм байна. Би чинь бохирдлыг агаарын бохирдол, хөрсний бохирдлоор л төсөөлдөг байлаа шүү дээ. Хотын гудамжаар хаана ч явсан бүхий л газар чимээ шуугиан байж л байдаг. Энэ нь мэдээж надад төвөгтэй санагддаг. Хамгийн энгийн жишээг дурдахад зарим тохиолдолд хажууд яваа хүнийхээ яриаг хүртэл сонсож чадахгүй байдалд хүрдэг. Тэгэхээр манай хот бас нэгэн бохирдолтой нүүр тулж байгаа юм байна даа” хэмээн үзэл бодлоо хуваалцах иргэнийг А.Анхбаяр гэдэг. Тэр 18 настай.
Бидний хийж буй үйлдлийг тасалдуулж, анхаарлыг сарниулж, саатуулсан хөндлөнгийн чимээ шуугианыг дуу чимээний бохирдол гэж үздэг. Дуу чимээний бохирдол нь хотжилтоос үүдэлтэй. Хүн амын төвлөрөл ихтэй, хот суурин газар амьдарч буй иргэд дуу чимээний бохирдлын гол хохирогч нь болж байдаг. Модны найгах, навчсын сэрчигнэх чимээ, ойн салхи, шувуудын жиргээ, далайн давлагаа, аянга цахилгааны нүргээн, галт уулын дэлбэрэлт зэрэг нь байгалийн гаралтай чимээ шуугианы эх үүсвэрт ордог. Эдгээр нь хүмүүст асуудал үүсгэхээсээ илүүтэйгээр тайвшрал, сэтгэлийн амар амгаланг мэдрүүлж байдаг. Бусад чимээ шуугиан үүсгэдэг бүхий л хүчин зүйл нь хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй шуугианы эх үүсвэрт ордог. Өглөө бүр хангинадаг утасны сэрүүлгээс эхлээд зурагт, тоос сорогч, хөргөгч, автобус, галт тэрэг гээд тоочиж дуусашгүй их чимээ шуугиан гаргадаг техник төхөөрөмжүүдийг хүн төрөлхтөн бид өөрсдөө зохион бүтээжээ. Эдгээрээс гардаг дуу чимээний нэгдэл нь хот суурин газар буюу хүн ам төвлөрсөн бүс нутагт хамгийн ихээр үүсэж асуудал болоод байгаа юм. Дуу чимээний архаг нөлөөллөөс Европт жил бүр 48,000 зүрхний өвчний шинэ тохиолдол бүртгэгдэж, 6.5 сая хүнд нойрны асуудал болдог гэсэн тооцоо бий. Хүн амын талаас илүү хувь нь ажиллаж амьдарч буй Улаанбаатар хот ч гэсэн дуу чимээний бохирдолтой нүүр тулаад байгаа юм. Энэ талаар НЭМҮТ-ийн Агаарын чанарын асуудал хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан Ч.Мягмардорж Улаанбаатар хотын 49 цэг дээр 580 гаруй удаагийн хэмжилтийг энэ оны аравдугаар сард хийж, чимээ шуугианы бохирдлын түвшнийг судалсан байна.
Тэрбээр судалгааны ажлынхаа талаар ийн ярьж байна. Чимээ шуугианыг хэмжиж, эх үүсвэрийг нь тодорхойлж, дүгнэхэд нэлээн хүндрэлтэй байдаг. Учир нь чимээ шуугиан үүсгэгч хүчин зүйл, давтамж, хэмжээ нь тухайн цаг үе орчин нөхцөлөөсөө хамаараад өөр өөр байдаг. Хянах боломж хомс, өргөн цар хүрээтэй сэдэв ч гэж хэлж болно. Тиймээс манай улсад дуу чимээний бохирдлын талаар хийсэн судалгаа, холбогдох хуулийн зүйл заалт цөөн байдаг. Энэ оны хувьд миний бие талбарын буюу тухайн нөхцөлд нь очиж, тодорхой хэдэн цэг дээр чимээ шуугиан ямар түвшинд байгаа талаар хэмжилт хийсэн юм. Дуу чимээний стандарт хэмжээг ажиллах, амрах орчинд өдрийн 07:00–23:00 цаг буюу 16:00 цагийн дунджаар 60 дБ, шөнийн 23:00–07:00 цаг буюу найман цагийн дунджаар 45 дБ-ээс хэтрэхгүй байх ёстой гэж үздэг. Бидний хийсэн судалгаагаар дуу чимээний дундаж хэмжээ нь өглөө 74.1±4.7 дБ, өдөр 74.4±6.9 дБ, орой 74.4±6.6 дБ байсан бол шөнө 69.4±7.7 дБ байсан. /±4.7,±6.9, ±6.6, ±7.7-оор дБ-ийн дундаж хэмжээ дээш, доош хэлбэлзэх боломжтой./ Энэхүү үзүүлэлт нь биднийг стандарт хэмжээнээс хэтэрсэн дуу чимээний бохирдолтой орчин нөхцөлд амьдарч байгааг илтгэж байгаа юм. 70 дБ-ээс дээш чимээ шуугианд удаан хугацаанд өртсөнөөр хамгийн наад зах нь стресст өртөх магадлал 2 дахин ихэсдэг. Стресс нь бага багаар нэмэгдсээр нойргүйдэл, зүрх судасны үйл ажиллагаа доголдох, цусны даралт ихсэх зэрэг өвчлөлүүдийн суурь болж байдаг. Өөрөөр хэлбэл, шууд өвчин үүсгэхгүй ч гэсэн өвчлөл бий болох шалтгаан эрсдлийг бий болгож байдаг чимээгүй тахал юм.
ДЭМБ-ын удирдамж ёсоор хүрээлэн буй орчны дуу чимээ нь унтлагын өрөөнд 40 дБ-ээс бага байхыг зөвлөдөг бөгөөд энэ орчинд унтаж амрахад гүн нойрсолт явагдаж сайн унтаж амардаг байна. Ч.Мягмардорж судлаачийн хийсэн судалгаанаас харахад манайд шөнийн цагаар 69.4 дБ буюу унтаж амрах нөхцөлд хүртэл чимээ шуугиан их байгаа юм. Улаанбаатар хотын оршин суугч Ч.Лхагвадулам “Манай гэр автозамын яг хажууд байдаг. Тиймээс орой унтах гэж бөөн л юм болно. Замтай ойрхон болохоор чимээ шуугиан 22:00-23:00 цаг буюу унтаж амрах үеэр хамгийн их мэдрэгддэг. Заримдаа чихэвчээ зүүгээд унтахаас өөр сонголтгүй болдог өдрүүд ч бий. Мөн оройн цагаар гэртээ хана өрөмдөх ч юм уу, бусад чанга чимээ шуугиан гаргадаг тоног төхөөрөмжийг аль болох ажиллуулахгүй байхыг хүмүүст зөвлөмөөр байна. Хананы цаана амьдарч байгаа хөршүүдээ хүндлэх хэрэгтэй шүү дээ. Тиймээс бие биедээ хүндэтгэлтэй хандаж, таны эрх бусдын эрхээр хязгаарлагдаж байдгийг ухамсарладаг байгаарай” гэв. Дуу шуугиан нь нойргүйдлийн шалтгаан болдог бөгөөд өндөр дуу шуугиан бүхий орчинд амьдардаг хүмүүсийн 30% нь нойрны асуудалтай байдаг.
-Тэгвэл дуу чимээний бохирдол бидний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ? Энэ талаар НЭМҮТ-ийн Агаарын чанарын асуудал хариуцсан эрдэм шинжилгээний ажилтан Ч.Мягмардорж ийн зөвлөж байна.
Бие даасан өвчин үүсгэдэггүй болохоор хүмүүс дуу чимээний бохирдолд төдийлөн ач холбогдол өгдөггүй юм шиг санагддаг. Монгол хүмүүсийн дийлэнх нь аливаа өвчин, эмгэгийг ямар нэгэн вирус, бактерийн гаралтай, заавал хүний биед мэдрэгдэж, нөлөөлж байх ёстой гэж ойлгодог. Энэ нь маш буруу ойлголт. Дуу чимээний бохирдлын үр нөлөө нь гарт баригдаж, нүдэнд үзэгдэхгүйгээр бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж нойргүйдэл, стрессийг бий болгож, бодисын солилцоог алдагдуулж, дархлааг унагаж, зүрх судасны өвчлөлийг нэмэгдүүлж байдаг гол эрсдэлт хүчин зүйл юм. Өвчин эмгэг бүрд суурь шалтгаан түүнийг үүсгэж буй хүчин зүйл гэж бий. Үүний нэгэн адил дуу чимээний бохирдол нь сонсголд шууд нөлөөлөхөөс гадна дээрх өвчлөлүүдийг бий болгож байдаг. Тиймээс бие даасан өвчин үүсгэдэггүй гэж хайнга хандалгүй энэхүү асуудлыг анхаарч ач холбогдол өгөх зайлшгүй хэрэгтэй.
-Өвчин эмгэгийн суурь шалтгаан болоод байгаа дуу чимээний бохирдлоос бид хэрхэн өөрсдийгөө хамгаалах вэ. Гарц гаргалгаа, шийдлийг нь та юу гэж харж байна вэ?
Гадаад орчинд бодлогын чанартай арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй. Тухайлбал, чимээ шуугиан ихээр үүсгэдэг үйлдвэр, байгууллагуудыг хотын төв, хүн амын төвлөрөл ихтэй байршлаас холдуулах. Нөгөөтээгүүр, тэдгээр байгууллагад чимээ шуугианы хэмжээг багасгах тал дээр холбогдох шаардлагуудыг тавьж, зохицуулалт хийх хэрэгтэй. Мөн Улаанбаатар хотын дуу чимээний бохирдол нь автомашины замын ачааллаас ихээхэн хамааралтай гэж хэлж болно. Автомашины тоо нэгээр нэмэгдэхэд гадна орчинд тархаж байгаа дБ-ийн хэмжээ 0.4-өөр нэмэгдэж байсан. Замын хөдөлгөөнөөс гарч байгаа дуу чимээг багасгах хамгийн энгийн арга бол хот төлөвлөлтийг зөв зохистой хийх. Нөгөөтээгүүр, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх. Ногоон байгууламж буюу мод нь хүчилтөрөгчийг үйлдвэрлэж, дуу чимээг сарниулж байдаг. Тиймээс автозамын эргэн тойронд ногоон байгууламжийг хангалттай хэмжээнд тарьж ургуулах хэрэгтэй. Манай автозамуудын хажууд байдаг моддын хувьд дуу чимээг сарниулах хэмжээний том биш. Ихэвчлэн жижиг бут сөөгүүд байдаг. Мөн автозамын чимээ шуугианд тухайн замыг барьсан технологи нь нөлөөлж байдаг. Тухайлбал, замын асфальтын зузаан, нимгэн хэр байна. Мөн дугуйтай үрэлцэхэд хэр хэмжээний дуу гаргаж байна гэх мэт. Зарим оронд автозамаас гарч буй чимээ шуугианыг тусгаарлах, бууруулах даацын хавтанг хүртэл зам барихдаа ашигласан байдаг. Энэхүү арга технологи нь манайд хараахан нэвтрээгүй байна.
Хувь хүн талаасаа иргэд маань өөрийнхөө ажиллаж, амьдарч буй орчинд аль болох дуу чимээ бага гаргадаг техник, тоног төхөөрөмжийг сонгон хэрэглэх хэрэгтэй. Үнэхээр танаас шалтгаалахгүйгээр эргэн тойронд чинь чимээ шуугиан их байдаг. Тэрхүү чимээ шуугиан нь таныг унтаж амрахад сөргөөр нөлөөлж байгаа бол боломжоороо гэртээ болон ажлынхаа байранд дуу тусгаарлах хавтанг суурилуулж, чимээ шуугианаас өөрийгөө болон гэр бүл, хамт олноо хамгаалах боломжтой. Хэрэв гэрийн тань ойролцоо барилгын ажил явагдаж, тэр нь таныг болон танай хотхоны иргэдийг унтаж, амрахад сөргөөр нөлөөлж байгаа бол санал хүсэлтээ тавих хэрэгтэй. Ингэснээрээ тухайн барилга байгууламжийн ажлын цагийн хуваарийг гаргаж, иргэдийг унтаж амарч байх үеэр гаргах дуу чимээний дБ-ийн хэмжээг хүртэл нарийн зааж өгч, хуульд хүртэл тусгуулах боломжтой.