Бид эх түүх, өв соёлынхоо талаар хэр сайн мэддэг вэ? Нэгэн зууны тэртээ төр улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, тив дэлхийд туурга тусгаар улс болсноо тунхаглан зарласны зуун жилийн ой энэ жил тохиож буй. Өвөг дээдсийн минь өвлүүлэн үлдээсэн эрх чөлөө, тусгаар тогтнолын түүхэн замналыг өнөөгийн бидэнд эргэн сануулах “Санан тунхаглах ирээдүй” үзэсгэлэн Монголын Үндэсний музейд дэлгэгдсэн билээ. Энэхүү нийтлэлээрээ Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойн хүрээнд Үндэсний төв архивын сан хөмрөг дэх 1924, 1940, 1960, 1992 онуудын Үндсэн хуулийн талаарх баримт бичиг, гэрэл зураг бүхий “Санан тунхаглах ирээдүй” үзэсгэлэнгээр зочилсон тэмдэглэлээ уншигч та бүхэнтэйгээ хуваалцаж байна!
Цас бударсан дулаахан өдөр манай сурвалжлах баг цөөн хоног дэлгэгдсэн энэхүү үзэсгэлэнг амжиж үзэхээр Монголын Үндэсний музейг зорьсон юм. Зуун жилийн тэртээх Бүгд Найрамдах Монгол Ард Улсын нийгэм цаг үеэр аялуулах энэхүү үзэсгэлэнг Үндэсний музейд сонгон дэлгэсэн нь нарийн учиртай мэт. Учир нь Монголын Үндэсний музей нь 1924 онд байгуулагдсан, манай улсын анхны музей бөгөөд Нэн эртний Монгол орон, Монгол нутагт оршиж байсан эртний төрт улсууд, Монголчуудын уламжлалт хувцас, гоёл чимэглэл, Монголын эзэнт гүрэн, Уламжлалт соёл, Уламжлалт аж ахуй, Богд хаант Монгол улс, Социалист Монгол орон, Ардчилсан Монгол гэсэн сэдэв, агуулгаар дэглэгдсэн есөн танхимтай ажээ.
Музейн үүдээр ороход үндэсний дээл хувцсаараа гоёсон найрсаг хамт олон биднийг угтсан юм. Үзэсгэлэн хоёр давхарт дэлгэгдсэн бөгөөд Үндсэн хуулийн зуун жилийн түүхэн холбогдолтой богино хэмжээний бичлэг, “Нэгэн зууны тэртээ, бүх Монголыг төлөөлөн ирсэн улсын анхдугаар их хурлын төлөөлөгчид Үндсэн хуулийг зүйл дараалан хэлэлцэж, 1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд Үндсэн хуулийг батлав” хэмээх үгс зэрэг хэн бүхний омогшил төрөхөөр дэглэлт, зохион байгуулалт нь “Ямар сонирхолтой зүйлс биднийг хүлээж байгаа бол?” гэх сониуч бодолд хөтөлж байлаа.
Бид дунд ангийн сурагч байхаасаа л түүхийн хичээл судалж, түүхийн талаар тодорхой хэмжээний ойлголттой болсон ч ёс заншил, соёл уламжлалаа хадгалан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээх нь яагаад чухал болох, эрх чөлөө бидэнд яагаад үнэ цэнтэй талаар төдийлөн мэддэггүйн улмаас түүхийн хичээлээ нухацтайхан судалж чадаагүй санагддаг юм. Тийм болохоор ч тэр үү, бидний зарим нь “ном, сурвалж их уншдаг болохоор түүх уйтгартай” гэх өрөөсгөл ойлголттой явдаг биз ээ. Харин “Санан тунхаглах ирээдүй” архивын баримт бичиг, гэрэл зураг хосолсон энэхүү үзэсгэлэнг аль ч насны үзэгчдэд ойлгомжтой, сонирхолтой байдлаар дэглэсэн нь онцлууштай байлаа. Тухайлбал, баримтат кино, хэвлэмэл баримт бичиг, түүхэн зүтгэлтэн, түүхэн үйл явдлын талаарх баримтат гэрэл зураг болон гэрэл зурагчин Ё.Чанцалдуламын /Chayodu/ орчин үеийн үндэсний дархлааг илэрхийлэх бүтээлч гэрэл зургуудыг он цагийн дэс дараалалтайгаар мультимедиа, постер хэлбэрээр байршуулсан нь залуусын сонирхлыг ихэд татаж байсан юм.
Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, эрх чөлөөг бэхжүүлснээр Бүгд Найрамдах засаглалд шилжсэн Ази тивийн анхны улсуудын нэг болж байжээ. Тэгвэл бид шууд л Бүгд Найрамдах засаглалд шилжчихсэн үү гэвэл мэдээж үгүй. 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Үндсэн хуулиа батлах үйл хэрэг тэртээ 1911 оноос эхтэй ажээ. Улмаар 1921 онд Ардын Засгийн газраас VIII Богд Жавзандамба хутагттай “Ардын эрхт хэмжээт цаазат засгийн үндсэн хуулиудыг баримтлан тогтоосон гол дүрэм хэмжээ” гэсэн гэрээ /тангаргийн бичиг/ байгуулж, 1922 онд Үндсэн хууль боловсруулах тусгай комиссыг Шүүх яамны тэргүүн сайд Н.Магсаржаваар ахлуулан, Судар бичгийн хүрээлэнгийн гишүүн Ж.Цэвээн, түшмэл Ч.Бат-Очир нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан байна. Энэ мэтчилэн Ардын Засгийн газрын хурлын тогтоол, хуулийн төсөл, баримт бичиг зэргийг олноо дэлгэсэн нь эх түүхээ эргэн санах, эрх чөлөөгөө эрхэмлэж явахыг эргэн сануулж буй биз ээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Д.Бодоо, Судар бичгийн хүрээлэнгийн гишүүн Ж.Цэвээн, Бүх цэргийн жанжин, Цэргийн явдлын яамны сайд Д.Сүхбаатар, “Үндсэн хууль” зохиох комиссын гишүүн Б.Цэрэндорж тэргүүтэй хүмүүсийн эрхэлж байсан үйл хэргийг онцлон тэмдэглэхийн сацуу Улсын анхдугаар Их хурлын тэргүүлэгчид болох Ц.Дамбадорж, Буриад Монголын Засгийн газрын Ерөнхий сайд Ербанов, Ө.Бадрах, Н.Жадамба зэрэг Анхдугаар Их хуралд оролцсон төлөөлөгчдийн баримтат гэрэл зургийг хавсаргасан нь “Бидний өнөөдрийн эрх чөлөөний төлөө энэ олон хүний хүч хөдөлмөр, хичээл зүтгэл, амь нас шингэж, нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө зүтгэж явж шүү дээ” хэмээн тунгаан бодоход хүргэсэн юм. Урьд нь бага насны өнгөц дүгнэлтээр “Анхны долоо тэргүүтэй хүмүүсийн ачаар л энэ нийгэм өөрчлөгдөж, монгол түмэн эрх чөлөөгөө олсон” хэмээн эндүүрч явсан ч түүхийн ард нэр нь тодроогүй маш олон хүний нөр их хөдөлмөр нуугдаж явсныг олж мэдсэн юм.
Үзэсгэлэнд дэлгэсэн архивын баримт бичгүүд монгол бичгээр бичигдсэн тул төсөөрсөн монгол бичгээ сэргээн санах адал явдалтай учирч байлаа. Эдгээрийн дотроос уншигч та бүхэндээ 1924 оны “БНМАУ-ын Анхдугаар Үндсэн хуулийг зүйл, анги дараалан товчхоноор тайлбарласан дэвтэр” хэмээх энэхүү бичгийг чадан ядан кирилл бичигт хөрвүүлэн хүргэж байна.
“...Улсын Үндсэн хууль хэмээгч, аливаа ардын эрхтэй хэмжээт цаазат улс ба ялангуяа Бүгд Найрамдах Ард Улсад харьяат олон түмэн ардын эрх чөлөөг батлан хамгаалахуйд үндэс баримт болгох туйлын чухал зүйл мөн болох учраа Монгол Улсын арван дөрөвдүгээр оны арван сарын арван хоёрон бөгөөд аргын улирлын арван нэгэн сарын наймны өдрөө хуралдсан бидний Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Анхдугаар Их хурлаас Ардын их хувьсгалын хүчээр чармайн олсон харьяат олон түмэн ардын эрх чөлөө…”
Энэхүү үзэсгэлэнг ёстой л найман настай балчраас наян настай буурал хүртэл үзэж, сонирхож байлаа. Мөн Монголын Үндэсний музейгээр олон жуулчид зочлох бөгөөд тэд ч бас үзэсгэлэнгийн танхимаар орж гарч, хөтчийнхөө тайлбарыг чих тавин сонсохыг хараад эх орноороо бахархах мэдрэмж эрхгүй төрж байснаа нуух юун. Ийнхүү бид залуу үеийн төлөөлөл болох М.Ууганзаяа, Б.Номинзул нартай үзэсгэлэнгийн талаар хэсэгхэн хором ярилцсан юм.
“Үндсэн хуулийн талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй байсан ч энэхүү үзэсгэлэнд ирээд тухайн үеийн түүхэн баримт бичгүүдийг нүдээр үзээд өмнөх үеэрээ бахархаж, үнэ цэнийг нь улам их ойлголоо. Эрх чөлөө, тусгаар тогтнолоо тунхагласан энэ үе бидний эмээ өвөө, аав ээж амьдарч байгаагүй шахуу үе шүү дээ. Тиймээс бидэнд тухайн үеийн нийгэм, аж байдлын талаарх ойлголт маш дутмаг байдаг нь эргээд дараагийн үеийн дүү нар, үр хойчдоо “Бид ийм түүхтэй улс шүү” гээд ярихад нимгэн ойлголттой болно шүү дээ. Тиймээс энэ мэтчилэн түүхэн ач холбогдолтой үзэсгэлэн, музейг үзсэнээрээ тухайн үеийн түүхийн талаар бага ч атугай ойлголттой болж, дараагийн үедээ энэ талаар ярьж өгөхөд маш хэрэгтэй гэж бодлоо. Учир нь бид түүхийн хичээлийг хичээл төдийхнөөр хараад нэг их ач холбогдол өгдөггүй шүү дээ. Харин үзэсгэлэн, музей үзсэнээрээ илүү сонирхолтой байдлаар яг л тухайн үед амьдарсан юм шиг тэр мэдрэмжийг авч байна. Бид түүхийн мэдлэгээ илүү олон талаар баяжуулах боломжтой болсон. Ном сонин, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн цахим сүлжээ зэргээс түүхийн талаарх ойлголтоо нэмэгдүүлж, түүнийгээ үзэсгэлэн, музей үзэж бататган бэхжүүлэх маш том давуу тал бидэнд байна шүү дээ. Миний хувьд энэхүү үзэсгэлэнг үзээд Үндсэн хуультай холбогдолтой монгол бичгээр бичигдсэн түүхэн баримт бичгүүдийг унших гэж оролдсон ч их төсөөрсөн байна. Тиймээс монгол бичгээ орхих биш цаашдаа ч бас үндэсний хэл, бичгээ үргэлжлүүлэн сурч, хойч үедээ өвлүүлээд түүх, хэл соёлоо хамтад нь авч яваасай гэж уриалмаар байна.”
“Миний хувьд 1924 онд Анхдугаар Үндсэн хуулиа баталсан гэдгээс өөр Үндсэн хуулийн тухай тодорхой ойлголтгүй байлаа. Түүхийн талаар ээж ааваасаа сонсож өссөн болохоос биш өөрөө сонирхож, судалж байгаагүй болохоор энэхүү үзэсгэлэнг үзэхэд их сонирхолтой байлаа. Мөн түүхийн талаарх олон төрлийн ном зохиол уншиж, энд үзсэн мэдээллүүдээ илүү ойлгохын тулд дэлгэрүүлж судлахыг хүслээ. Үзвэрүүдээс тухайн үеийн уйгаржин монгол бичгийн машин их сонирхол татаж байна. Хуруугаараа “тог тог” товшоод л эдгээр хуулийг баталж, хурлын тэмдэглэл хөтөлж байсан байх даа гэж бодохоор сэтгэлд их хүрсэн. Хэл гэдэг бол тэр улсын үндэс суурь нь. Хэл байж, улс мөнх оршино гэдэг шүү дээ. Үүний нэгэн адил улс орон энх амгалан оршихын үндэс нь өөрөө Үндсэн хууль. Тиймээс эх хэлээрээ зөв, сайхан ярьж, түүх соёлоо хадгалан хамгаалж, хойч үедээ өвлүүлэн үлдээхийн тулд түүхээ сайн судлаарай, ном, сурвалж уншиж, музей, үзэсгэлэн их үздэг байгаарай гэж үе тэнгийнхнээ уриалмаар байна.”
Эртээс эдүгээг хүртэлх он цагийн уртад бидний мартсан, анзааралгүй өнгөрүүлсэн түүх соёл, ёс заншил, соёл уламжлалыг нэхэн сануулж, өнгөрсний ирээдүй, ирээдүйн үндэс нь өнөөгийн залуус бид гэдгийг хэзээ ч бүү мартаасай гэсэндээ энэхүү үзэсгэлэнг “Санан тунхаглах ирээдүй” хэмээн нэрийдсэн мэт. Иймд бид түүхээ мэддэг, судалдаг, түүхэн үйл явдлын ач холбогдол, үнэ цэнийг ойлгож, эх түүхээрээ цэцэрхэж биш чин сэтгэлээсээ бахархан хайрлаж, соёл уламжлалаа хадгалан хойч үедээ өвлүүлэхийн төлөө хамгийн сайнаараа мэрийх нь эх орныхоо тусгаар тогтнолыг бататган бэхжүүлж буйн тод жишээ билээ. Үүний тулд бид музей, галерейгаар зочилж, тухайн үеийн нийгэм аж байдалтай танилцдаг, үзэсгэлэнгээс төрсөн сэтгэл мэдрэмжээ бусадтайгаа хуваалцаж, түүхийн талаар цэц булаалддаг байх нь хамгийн чухал юм байна гэх бодол Монголын Үндэсний музейд дэлгэгдсэн “Санан тунхаглах ирээдүй” үзэсгэлэнг үзээд төрж байлаа. Иймээс гэр бүлийнхэн, найз нөхөд, хайртай дотнын хүмүүстэйгээ мартагдашгүй цагийг өнгөрөөх хамгийн “күүл” болзоо бол музей, галерей үзэх юм шүү!