Хичээл сургууль, ажил алба жигдэрсэн намрын улирал ид дундаа орж байна. Аравдугаар сар дундаа орж, хүйтэн жавар үлээгээд эхэлжээ. Их сургуульд элсэн орсон шинэхэн оюутнууд маань одоо ч хичээлийн хуваарьтаа дасахгүй, цаг заваа яаж зохицуулах ухаанаа олохгүй явна уу? Хоёр, гурав дахь намраа үдэхээр зэхэж буй оюутнуудад ч цагийн хуваариа хэрхэн зохицуулах вэ, яаж ажил хичээлээ амжуулах вэ гэх асуулт толгойны өвчин болдог шүү дээ.
Хүний амьдралын хамгийн чухал үе шатуудын нэг болох их сургуульд элсэн сурч боловсрох, тэрхүү хугацаандаа өөрийгөө олж нээн, хөгжүүлэх процесс амаргүй хийгээд эрэл хайгуул хийх шаардлагатай байдаг. Оюутан болсноос хойш мэргэжлийн хичээл, цагийн ажил, дадлага, диплом бичих гээд түмэн завгүй болох үест алийг нь яаж зохицуулахаа мэдэхгүй самгардах үе олон. Ихэнх оюутан хичээлийнхээ хажуугаар ажил хийж, нийгмийн нэгэн эс, эд болон явахад цагаа хэрхэн зохицуулах вэ гэдэг асуудал урган гардаг. Залуу насны эрч хүч, цог жавхланд найдан өөртөө хэт их ачаалал авснаар стресс ядаргаанд өртөх магадлал өндөр тул энэ бүхнийг зохицуулах цагийн менежмент, төлөвлөгөө юу юунаас илүү чухал билээ. Тэгвэл чухам яаж цагаа төлөвлөн, ажлаа зохицуулах вэ? Яг энэ асуултад хариу болгон хэрхэн хичээл, цагийн ажлаа зөв хуваарилж зохицуулах талаар бид "How To" булангийнхаа энэхүү дугаарыг бэлтгэлээ.
Монгол Улсын хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилд 64 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүний 33 буюу 51.6 хувь нь их сургууль, 30 буюу 46.8 хувь нь дээд сургууль, 1 буюу 1.6 хувь нь коллеж байгаа аж. Их, дээд сургууль болон коллежид нийт 145,345 суралцагч суралцаж байна гэж Боловсролын яамнаас мэдээлсэн байна.
Харин 2024-2025 оны хичээлийн жилд Үндэсний Статистикийн хорооноос их, дээд сургуульд нийт 147,920 оюутан суралцаж байгаа тухай мэдээлсэн байна. Тухайлбал, нэгдүгээр курсэд 25,980 оюутан, Мэргэжлийн болон техникийн боловсролын байгууллагад нийт 44,220 оюутан суралцаж байгаагаас 22,000 оюутан шинээр элсэн суралцаж байгаа аж.
2023 оны байдлаар нийт ажил хөдөлмөр эрхэлж буй 1,215,835 хүн байна гэх судалгаа Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан бол нийт хүн амын хэдэн хувийг залуучууд эзэлж байгаа талаар насны бүлгээр нь ангилж үзвэл 15-19 насны 253,390, 20-24 насны 227,063, 25-29 насны 241,548, 30-34 насны 289,957 иргэн байна гэх тооцоо гарчээ.
Эдгээр тоо баримтыг харахад залуу үеийнхэн хэр олон байгаа нь мэдэгдэж байгаа бөгөөд энэ дунд оюутнуудын эзлэх тоо ч чамгүй их байна. 100,000 давсан оюутны нэлээдгүй нь хичээлийн хажуугаар ажил хөдөлмөр эрхэлж байгаа билээ. Тиймээс бид оюутан болоод ажил, хичээлээ зохицуулан яваа туршлагатай оюутнуудтай холбогдож, зөвлөгөө авлаа.
Би хичээл багатай оюутан. Хичээлийн хуваариа сонгохдоо долоо хоногийн 2-3 өдөрт шахаад эсвэл дан өглөөний цагуудыг сонгодог. Ажлын цаг өглөө 10:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл бөгөөд 10 цаг ажилладаг тул Бямба болон Ням гарагт болон ажлын өдөр 1-2 өдөр гардаг. Хичээл, ажлын цагаа зохицуулахын тулд ирж очих цаг, ажлын газрын байршлаа ойрхон сонгодог л доо.
Хичээлийн хажуугаар ажил хийх нь хичээлийг жаахан цалгардуулдаг талтай. Тиймээс хичээлээ хаяхгүйн тулд багшийн хэлснийг сонсож ойлгоно. Лекцийн материалуудаа веб болон групп дээр тавьдаг ч нэг ярьсан зүйлээ дахиж ярихгүй учраас лекцээ хурдан бичихгүйгээр багшийн хэлснийг сайн ойлгож, хичээлийн цагийг өнгөрөөдөг. Мөн багшийн яриаг сонсож байгаад, гол гол түлхүүр үгсийг бичиж аваад, дунд нь өөрөө найруулаад бичих зай үлдээгээд явчихдаг. Дараа нь түлхүүр үгээ хараад бичихээр түүнийгээ маш сайн ойлгон дахиад хичээлд сууж байгаа юм шиг санагддаг тул энэ аргыг хэрэглэвэл үр дүнтэй гэж хэлмээр байна. Ажилтай үед орой ганц пар хичээлтэй тохиолдол гарахад ажлаасаа сургууль руу явж хичээлдээ суучхаад эргээд ирдэг. Ажил дээрээ байхдаа ажлаа бодоод хичээлтэй үедээ хичээлдээ төвлөрч, ялгаж салгах нь чухал. Тэгэхгүй бол хичээлээ ч хийчихмээр байдаг, ажлаа ч хийчихмээр байдаг гээд стрессдэх тохиолдол гарна.
Манай сургууль хичээл болон хичээл заах багшаа ямар өдрийн хэдэн цагт сонгохоо өөрсдөө шийддэг. Хамгийн дээд талдаа 21 кредит үзэж болдог. Хичээл сонголтын өмнө хуваариуд тавигдсан байдаг тул тэрхүү хуваарийг харж байгаад өөрийн хувиарийг шахаж зохиогоод, үзэх боломжтой юм. Миний хувьд ажлын таван өдрийн эхний гурван өдөрт хичээлээ сонгодог. Ингэснээр зарим өдөр 6 пар дарааллан суух тохиолдол ч байдаг л даа. Үлдсэн өдөртөө хичээлийн даалгавраа хийх, ажлаа хийх байдлаар цагаа тооцох боломж гарч ирдэг. Оюутан болсноосоо хойш аль болох гурван өдөрт багтааж хичээлээ сонгохыг эрмэлздэг болсон.
Шинээр оюутан болж байгаа дүү нартаа зөвлөж хэлэхэд, өөртөө хэр итгэлтэй байна, хэр хүчин чармайлт гаргаж байна гэдгээс олон зүйл хамаарна. Ерөнхий боловсролын сургуулиас ялгаатай нь их сургууль харьцангуй бие даах чадварыг олгодог. Тухайн өдөртөө орсон хичээлийнхээ даалгаврыг тэр өдөрт нь хийхийг зөвлөмөөр байна.
Оюутнуудад ийм хандлага байдаг. Би нэг өдөрт маш их зүйл амжуулж байна гэдэг. Үнэндээ их юм хийх чухал биш. Хамгийн гол нь тоо биш чанар. Мөн дадал зуршил, тууштай байдал маш чухал. Юун түрүүнд нэг юм уу, хоёр хичээлийнхээ даалгаврыг яг таг чанартай хийчих хэрэгтэй. Иймэрхүү байвал ядрахгүй. Манай нэг хичээлийн багш “Нэг зүйлээ 10,000 удаа давтвал төгс эзэмшиж өөрийн болгосон гэж ойлгож болно” гэж хэлж байсан. Шөнөжингөө нойргүй сууж хийх биш яг хэдхэн цаг чанартай сууж, хичээлээ хийх нь чухал. Цагийн юмыг цагт нь хийчихвэл өөрт амар байдаг. Ингээд сурчихвал цагийн ажил хийх, хэлний сургалтад суух зэрэг өөрийгөө хөгжүүлэх, өөр зүйлс хийх цаг гарч ирнэ гэсэн үг.
Лекцийн материалыг зарим багш хичээл эхлэхийн өмнө болон дараа оюутнуудад тарааж өгдөг. Харин лекцийн материалаас гадна багш нарын нэмэлтээр хэлдэг зүйлсийг сайн тэмдэглэж авах хэрэгтэй. Лекцийг бол харах боломжтой ч нэмэлтээр хэлж буй тэр зүйлсийг дахиж харж сонсох боломжгүй тул яриаг нь тэмдэглэж авбал үр дүнтэй байх болно.
2. Өөрт ойлгомжтойгоор цөөхөн үгээр эсвэл түлхүүр үгээр лекцээ тэмдэглэж аван, дараа нь дэлгэрүүлж ойлгох. Багш нар лекцээ уншиж байх хооронд бичиж байгаад гүйцэхгүй болох үе байдаг шүү дээ. Ийм үед заавал үг бүрчлэн бичих шаардлагагүй бөгөөд өөрөө дараа нь хараад ойлгохуйц байдлаар түлхүүр үг ашиглан бичвэл түүнийгээ харж санан нэмэн дэлгэрүүлэх боломжтой юм.
3. Ажил болон сургууль хоорондын зайг тооцох. Сургууль, ажил хоёрын зайг ойртуулж чадвал хичээлээ тараад, ажил руугаа явах, ажлаасаа сургууль руу явах, дунд нь номын санд суух зэргийг хурдан амжуулах бололцоотой юм. Ингэснээр хичээл болон ажлын цагаасаа хоцрох үе гарахгүй байх болно. Тиймээс гэрээсээ сургууль руу очих зай, ажил сургуулийн хоорондын зайг тооцож төлөвлөх нь чухал байх нь.
4. Хичээлийн хуваарийг ажиллах цагтайгаа тооцож, боломжтой бол хичээлээ шахаж үзэх. Хичээлийн хажуугаар ажил хийж буй оюутнууд маань ихэвчлэн хичээлийн хуваариа эхний 2, 3 хоногт шахаж үзээд үлдсэн өдрүүддээ ажиллах гэхчлэн цагаа тохируулж явдаг байна. Мөн төгсөх ёстой цагаасаа эрт төгсөх, эсвэл хос хавсаргаар сурч байгаа тохиолдолд үзэх хичээлийн тоогоо шахан нэг улиралд олон кредит үзэх боломж байдаг. Ингэж хичээлийн хуваариа маш сайн төлөвлөж үзэх нь өөр бусад зүйлст цаг гаргах, гол зүйлдээ л төвлөрөх суурь багана болж өгдөг.
5. Цагийн юмыг цагт нь хийх. Аливаа бие даалт, даалгаврын цагийг тулгаж, өмнөх шөнө нь нойргүй хонож хийх бус тодорхой хуваарь гарган яг тэр хуваарийнхаа дагуу хийх юмаа хийж заншвал цагийг нь тулгачхаад сандрах шантрах тохиол гарахгүй байх нь.
6. Хичээлээс ойлгохгүй зүйл гарвал шууд багшаасаа асууж харилцан яриа үүсгэх. Зарим багш урьдчилаад лекцийн материалаа сургуулийн цахим хуудаст оруулчихдаг бол зарим багш хичээлд унших шаардлагатай номы жагсаалтыг өгчихдөг. Тэгэхээр тэдгээрийг сайн уншиж, судлаад багштайгаа харилцан ярилцаж, ойлгохгүй байгаа зүйлээ багшаасаа асууж, харилцан ярилцах маягаар хичээлдээ оролцвол илүү үлдэцтэй байдаг.
7. Лекцийн үеэр урдуур сууж, хичээлийн цагаар хичээлдээ л төвлөрч сурах нь үр дүнтэй. Лекцийн үеэр багшийн яриа тод сонсогдож, самбар слайд ч сайн харагдах тул урдуур суух нь ашигтай байдаг.
8. Дараагийн өдрийн хийх ёстой зүйлсээ өмнөх өдөрт нь төлөвлөх. Хэдээс хэдэн цагийн хооронд хичээлд суух, хэдээс хэдэн цагийн хооронд номын санд хичээлээ давтах, хэдээс хэдэн цагийн хооронд хооллох гэхчлэн өдөр өдөртөө төлөвлөгөө гаргавал илүү амар байдаг. Хийх шаардлагатай зүйлсийн төлөвлөгөө гаргасны дараа түүнийгээ харан цаг цагт нь хийгээд явчихвал ачааллаа зохицуулаад явах боломжтой юм.
9. Тууштай байдал. Эцэст нь хэлэхэд тууштай, хичээл зүтгэлтэй байж чадвал бид завгүй өдрүүдийг амжилттай давах нь ээ.
Оюутан насандаа л сурч боловсрон их эрдмийн төлөө зүтгэн үүний хажуугаар ажил төрөл, өөртөө гаргах цагуудаа зохицуулж, зорьсон зүйлдээ тууштай байж чадвал тулгарах саад бэрхшээлийг даван туулах бүрэн боломжтой аж. Эдгээр зөвлөгөөг уншаад, танд хэрэгтэй мэдээлэл болж чадсан бол одоо хэрэгжүүлэх л үлдлээ. Бүх оюутан залуустаа амжилт хүсье!