Нийгэм

Хаалгаа битгий хаа, бид тантай ярилцмаар байна

Б.Отгонзаяа -- 2024.12.133 минут унших

“Түрхэн зуур миний өрөөний хаалгыг хаагаад өгөхгүй юу. Би гэртээ байж байя, та нар явчхаад ир ээ” гэж хойш суудаг өсвөр насны хүүхдүүдийн төлөөлөл эцэг эхчүүддээ дараах үгсийг дайж байна. 

“Аав аа, би ягаан өнгөнд дуртай байхаа больчихсон шүү. 

Ээжээ, дэлгүүр хэсэхдээ хүүгээ дагуулаад гараач”  

Хүн бүрийн тойрч биш дайрч өнгөрдөг, хамгийн их өөрчлөлт, сорилттой тулгарч байдаг үе бол өсвөр нас. Энэ насанд  бие махбод, сэтгэл санаа төдийгүй нийгмийн харилцаанд хүртэл томоохон өөрчлөлтүүд гарч, хүүхэд өөрийгөө таньж мэдэх, бие даах, бусадтай харилцах чадваруудаа хөгжүүлж байдаг. Тиймээс энэ үе шатанд өсвөр насныхныг ойлгож, дэмжих нь хамгаас чухал. Нийт хүн амын 14.4 хувийг эзэлж байгаа өсвөр үеийнхнийг хэрхэн ойлгож, дэмжих вэ?

Бид энэхүү сурвалжилгаараа өсвөр насны охид, хөвгүүд нийгмээс юу хүсдэг болохыг, томчуудтай харилцахад ямар хүндрэл бэрхшээл тулгарч байгааг хөндөхийг зорьсон юм. Өсвөр үеийнхний үзэл бодол, байр суурийг сонсохын тулд Нийслэлийн ЕБ-ын 23-р сургуулийн охид, хөвгүүдийн төлөөлөлтэй цөөн хором ярилцахад өсвөр насны охид ээжтэйгээ ярилцаж үзэл бодлоо хуваалцдаг байна. Харин хөвгүүдийн хувьд тэдэнтэй ярилцах арга эвээ төдийлөн сайн олдоггүй байна. 

Харилцааны хамгийн том гүүр бол яриа өрнүүлэх

Нийслэлийн Ерөнхий боловсролын 23-р сургуулийн наймдугаар ангийн сурагчид

“Бид  чөлөөт цагаа ихэвчлэн найзуудтайгаа хамт өнгөрөөхийг хүсдэг. Учир нь гэрийнхэн, багш нартай ярилцсанаас илүүтэйгээр найзуудтайгаа ярилцахад бидний үзэл бодол, сонирхол хамгийн сайн зохицдог. 20 жилийн өмнө аав нар маань ч гэсэн бидэн шиг томчуудад мэдрэмжээ хуваалцаж чаддаггүй, төөрөлдсөн дэггүй хөвгүүд байсан гэдэгт итгэлтэй байна. Тиймээс “чи хичээлээ хийсэнгүй, гадуур дэмий тэнэлээ” зэргээр зэмлэхээсээ өмнө бидэнтэй хаагуур юу хийсэн талаар ярилцаж, үзэл бодол сонирхлыг маань сонсдог байгаасай гэж хүсэж байна.  Хөвгүүд олуулаа уулзлаа гээд  дэмий тэнэж, асуудал тарьдаг гэсэн хэвшмэл ойлголтоосоо салах хэрэгтэй.”

Хаалгаа битгий хаа, бид тантай ярилцмаар байна

Нийслэлийн ерөнхий боловсролын 23-р сургуулийн есдүгээр ангийн сурагчид

“Заримдаа өөрийгөө ч ойлгохгүй, юунд сонирхолтой, юу хүсээд байгаагаа мэдэхгүй болчих үе бидэнд бий. Магадгүй энэ тодорхойгүй байдлаасаа болоод гэр бүл, найз нөхөд, ойр дотнын хүмүүстэйгээ харилцахад том, жижиг зөрчилдөөнүүд үүсдэг байх. Нийгэмд нийтлэг зонхилдог бидний хамгийн дургүй хандлага бол “охид бүгдийг чаддаг байх ёстой” гэх хандлага. “Хоолоо хийнгээ дүүгээ хардаг, гэрийнхээ ажлыг хийнгээ хичээлээ хийдэг” юм юмыг зохицуулдаг байх ёстой гэх шаардлага өсвөр насны хөвгүүдээс илүүтэйгээр охидод тулгардаг. Энэ тал дээр аав, ээжүүд маань илүү уян хатан хандаасай гэж хүсдэг. Бид муу охин байхыг хүсдэггүй. Гэхдээ бүхнийг чаддаг сайн охин бас баймааргүй байна.”  

Охидод бүгдийг амжуулдаг байх ёстой гэх нийгмийн хэвшмэл ойлголт дарамттай санагддаг бол “Ах нь байж, айлын том хүүхэд байж, чи л олигтой хүн болох ёстой” гэх үг хөвгүүдэд заримдаа дарамттай мэдрэмж төрүүлдэг тухай тэд хуваалцаж байв. Мөн өсвөр насны хөвгүүдийн хувьд томчуудаас илүүтэйгээр найзууддаа итгэж, нууцаа ярилцдаг байна. Учир нь томчуудад өөрт тулгарсан асуудлынхаа талаар яриа дэлгэхэд тэд асуудлыг нь илүү томоор дэврүүлж харах гээд байдаг сөрөг талтай. Тиймээс тухайн асуудлынхаа учир шалтгааныг ойлгуулахын тулд эцэг эхчүүдтэйгээ сайн ярилцаж, ойлгуулах хэрэгцээ бидэнд хамгийн их байна гэсэн юм.  

Тэднийг сонсож, ойлгож, хүлээн зөвшөөрөх нь үгнээс ч илүү нөлөөлдөг

“Focus on the Family Mongolia” байгууллагаас энэ жил “Гэрэлт-Эргэлт” хэмээх өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийг дэмжих төсөл хэрэгжүүлж, тандалт судалгаа хийсэн байна. Судалгааны үр дүнгээс харахад өсвөр үеийнхэн дунд өөрийгөө арчаагүй, үнэ цэнгүйгээр мэдрэх, үе тэнгийн дээрэлхэлт, эцэг эхтэйгээ харилцах харилцааны асуудал гардаг болох нь хамгийн өндөр хувьтай байна. 

Хаалгаа битгий хаа, бид тантай ярилцмаар байна

Энэ тухай бид “Focus on the Family Mongolia” байгууллагын сэтгэл зүйч Б.Нандин-Эрдэнэтэй холбогдож өсвөр насны хүүхдийн сэтгэл зүйн онцлог, тэдэнтэй харилцахдаа юун дээр анхаарах талаар зөвлөгөөг хүргэж байна.

“Өөрийгөө арчаагүй, үнэ цэнгүйгээр мэдэрч байгаа нь өөрийн үнэлэмжийн асуудалтай холбогддог. Өсвөр насанд хүүхдүүд БИ ХЭН БЭ? буюу өөрийгөө таньж мэдэх үе шатанд явж байдаг. Ингэхдээ өөрийгөө адилтгах ямар нэг дүр, айдолыг олж түүнийгээ даган дуурайх нь элбэг бөгөөд өөрийн гадаад үзэмждээ анхаарч, үзэл бодол, сонирхол нь илүү төлөвшиж эхэлдэг. 

Энэ насанд хүүхдүүдэд тохирсон магтаал урамшуулал, зоригжуулалт, үүрэг хариуцлага хүлээх буюу итгэл хүлээлгэх зэрэг нь их хэрэгтэй бөгөөд үүгээр дамжин өөртөө итгэх итгэлтэй болж, өөрийн үнэлэмж нь эрүүл тогтоход нөлөөлдөг. Харин эсрэгээрээ тэднийг үгүйсгэж, хүлээн зөвшөөрөхгүй, үл тоож, шүүмжлэх мэдрэмжийг түлхүү мэдэрдэг хүүхдийн хувьд өөрийн үнэлэмж сул байх магадлалтай. Тиймээс өсвөр насны хүүхдүүдэд тэдний сайн, сайшаалтай, магтууштай талыг нь олж харж, хэлдэг байх хэрэгтэй. Мөн тэднийг сонсож, ойлгож, дэмжиж, хүлээн зөвшөөрөх нь үгнээс ч илүүтэйгээр нөлөөлдөг юм шүү” 

Өсвөр насны хүүхдүүдийн хувьд өөрийгөө таньж мэдэх чухал үе дээрээ явж байдаг. Тиймээс ч бусдыг даган дуурайж, шинэ содон зүйл турших нь олон. Энэ үед эцэг эхчүүд хүүхдийнхээ сонирхлыг эсэргүүцэж, стиль, имиж нь таалагдахгүй байна гэхээсээ илүүтэйгээр тэдэнтэй ярилцах нь хамгийн чухал алхам гэдгийг сэтгэл зүйч төдийгүй өсвөр үеийнхэн илэрхийлж байна.

Харин тэдэнтэй ярилцахдаа эхлээд бага багаар энгийн яриа өрнүүлэх нь хамгийн чухал алхам. Ингэхдээ тэдний сонирхдог сэдэв, даган дуурайдаг хүнийх нь талаар ямар ажил хийдэг, яагаад чи даган дуурайдаг гэх мэтээр ярилцаж болно шүү дээ. “Байнга хичээл номоо хий, гадуур дэмий цаг үрэхээ боль, үерхэж нөхөрлөж болохгүй шүү” зэрэг сөрөг үгнүүдээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Үүний оронд найзуудтайгаа уулзаж болно гэхдээ тэдэн цагаас хэтрэхгүй гэртээ ирээрэй зэргээр харилцаа хандлагаа өөрчлөөд үзээрэй. Боль, болохгүй, тэг, ингэ гэхээс илүүтэйгээр болно гэхдээ... зэргээр хориглоод байгаа зүйлийнхээ учрыг нь тайлбарлаж харилцаагаа илүү тодорхой болгох нь бие биеэ ойлгоход тань туслах болно. Бид дараагийнхаа нийтлэлээр өсвөр насны хүүхдүүддээ зориулан сэтгэл зүйчийн зүгээс тэдэнд өгөх зөвлөгөөг хүргэх болно. 

Үргэлжлэл бий…