Амьдралын хэв маяг

Аяллын эцсийн зогсоол БИ өөрөө: Аялал сэтгэл зүйн эмчилгээ болох нь

Б.Намуун -- 2024.12.075 минут унших

Заримдаа бүх зүйлээс түр холдоод, хаа нэгтээ бүгмээр санагддаг л биз. Ачаагаа баглаж, үүргэвчээ үүрээд урт холын замд гаран, өөрийгөө болон өрөөлийг ойлгох аяллаа эхлүүлмээр мэдрэмж хэнд ч болов төрж л байсан байх. Аялж ирээд амьдралыг огт өөрөөр хардаг болсон хүмүүсийн түүхийг бид олон сонссон шүү дээ. Дотно танил болсон газар, хүмүүсээсээ холдож, үл мэдэх ертөнц рүү шумбах үед бидний сэтгэл зүйд юу тохиодог болоод тэгтлээ өөрчлөгддөг юм бол? 

Аяллын өмнөх аз жаргалтай өдрүүд 

Аяллын эцсийн зогсоол БИ өөрөө: Аялал сэтгэл зүйн эмчилгээ болох нь

Бидний сэтгэл зүй зөвхөн аяллын үеэр л өөдрөг сайхан байдаг уу гэвэл үгүй ээ. “Амьдралын чанарын хэрэглээний судалгаа” сэтгүүлд 2010 онд нийтэлсэн Голландын 1,530 насанд хүрэгчдийг хамруулсан судалгаагаар оролцогчид аяллын өмнөх долоо хоног, саруудад хамгийн их аз жаргалыг мэдэрсэн болохыг тогтоожээ. Энэ талаар Вашингтон мужийн Их сургуулийн Зочлох үйлчилгээний менежментийн сургуулийн туслах профессор, доктор Чун-Чу Чен “Хэрэв та дараа долоо хоногт аялахаар болсон бол энэ долоо хоногт илүү жаргалтай байх болно” гэсэн юм. Тэгэхээр бид аяллаа бодож, төлөвлөх төдийд л асар их аз жаргал, догдлол, хөөр баярыг мэдэрдэг байх нь. Тиймдээ ч тогтмол аялдаг хүмүүс удахгүй тохиох адал явдлаа хүлээн догдлох нь их учраас амьдралын сэтгэл ханамж  тогтмол аялдаггүй хүмүүстэй харьцуулахад 7 хувиар илүү байдаг ажээ. 

Аливаа сайхан зүйлийг урьдчилан төсөөлөх нь одоогийн аз жаргалыг нэмдэг. Энэ үйл явц нь зөвхөн сэтгэл санааны сайхан байдлыг нэмэх төдийгүй бусадтай төлөвлөгөөгөө хуваалцаж, ярилцсанаар баяр баясгалан, харилцаа холбоог сайжруулан, нийгэмд эзлэх байр суурийг ч бэхжүүлдэг аж. Иймээс бодитоор аялах гээгүй байсан ч зорьсон газраа төсөөлж, аяллын талаар цаг гарган бодох нь ч аз жаргалтай болгох нь ээ. 

“Аялал өөрөө сэтгэл зүйн эмчилгээ юм” 

Хорин нэгэн настай байхдаа Монголынхоо 21 аймгаар үүргэвчтэй аялсан аялагч Б.Хичээнгүй аялал өөрийнх нь сэтгэл зүйд хэрхэн нөлөөлж байсан талаар хуваалцсан юм. Б.Хичээнгүй дотоодын аяллаас гадна 2018 оноос гаднын улс орноор аялж эхэлсэн билээ. Тэрбээр Хятад, Хонконг, Макао, Вьетнам, Камбож, Тайланд, Малайз, Сингапур, Лаос зэрэг улсаар аялж байсан юм.  

Аяллын эцсийн зогсоол БИ өөрөө: Аялал сэтгэл зүйн эмчилгээ болох нь

Аялал нь өөрөө сэтгэл зүйн эмчилгээ юм. Аяллын явцад баярлах, гайхах, гуниглах зэрэг олон төрлийн мэдрэмж төрдөг. Үүний эцэст хүн өөрөөрөө бахархах эсвэл сул дорой байгаагаа мэдэрч, өөрт хэрэгтэй олон чадваруудад суралцдаг. Тухайлбал, үүргэвчтэй аяллын хугацаанд таны үүргэвчийг өмнөөс тань хэн нэгэн үүрээд явахгүй, хоол хийгээд аягалаад өгөх хүн байхгүй, хүн яг өөрийнхөө төлөө ганцаараа бүх зүйлийг хийж сурах амьдралын том сургууль болдог. Миний хувьд сэтгэл зүйд минь нөлөөлсөн аялал гэвэл 2006 оны “Хөх цэрэг” үндэсний аялал. Энэ аяллаар анх удаа арван настайдаа галт уул харах гээд явж байлаа. Архангай аймгийн “Хоргын тогоо”-г анх удаа хараад цаашид ч аялмаар санагдаж, их өөр, цоо шинэ мэдрэмж төрж байв. Мөн цар тахлын үед Зүүн Өмнөд Азиар аялж яваад, 2020 онд Вьетнам улсад таван сар гаруй гацсан. Тэр үед хамгийн дээд хэмжээнд өөрийнхөөрөө байж үзсэн гэж боддог юм. Асар их мэдрэмжийг мэдэрч, гуниглаж, эх орон, ойр дотнын хүмүүсээ санаж байв. Гэхдээ би тэр үед гацсандаа өөрийгөө азтай гэж боддог. Учир нь өөрөө өөрийгөө илүү таньж мэдэх, ойлгох, амьдралын төлөвлөгөөгөө боловсруулахад их цаг гардаг байсан. Цар тахал гараад хүнд хэцүү байсан ч надад олгогдсон тэрхүү цаг хугацаанд маш их баярладаг.  

Аялал нь зугталт уу, шинэ эхлэл үү? 

Аяллын эцсийн зогсоол БИ өөрөө: Аялал сэтгэл зүйн эмчилгээ болох нь

Янз бүрийн шалтгаанаар аялж эхэлсэн хүмүүс байдаг ч одоогийн амьдрал, стрессээсээ зугтах зорилгоор аяллаа эхлүүлдэг хүмүүс ч их бий. Британийн аялал жуулчлалын агентлагуудын холбооноос хийсэн судалгааны 2023 оны тайлангаар хүмүүсийн гуравны хоёр (65%) нь аяллыг амьдралын стрессээс зугтах боломж хэмээжээ. Түүнчлэн судалгаанд оролцогчдын нэлээд хэсэг нь аялсны дараа гэртээ буцаж ирэхдээ өөрийгөө илүү залуу болсон мэтээр мэдэрч, амьдрах хүсэл эрмэлзэлтэй болсон гэсэн байна. Шинэ орчин руу зугтах нь асуудлаас ангид байх мэдрэмжийг төрүүлдэг бөгөөд энэ нь хүмүүст асуудлын талаарх тодорхой ойлголттой болж, даван туулах эрүүл механизмыг хөгжүүлэхэд тусалдаг аж. “Сэтгэл судлал дахь хил хязгаар” сэтгүүлээс хийсэн судалгаагаар аялал нь эргэцүүлэн бодоход тусалж, ердийн амьдралдаа эргэн ороод, илүү дээр шийдвэр гаргахад хүргэдэг гэжээ. Тэгэхээр хэдийгээр одоогийн амьдралаасаа зугтахаар аяллаа эхлүүлсэн байлаа ч эргэж ирэхдээ амьдралыг өөрөөр хардаг, шинэ хүн болоод ирдэг байх нь. Иймээс аялал бол зүгээр л зугтаах гэхээсээ илүү нэг ухраад хүчээ нөөцөлж, өөрийгөө бэлдэж байгаа үйл явц ажээ. 

Хэрхэн стрессгүй, аз жаргалтай аялагч байх вэ? 

Аяллын дараах 15-45 хоногийн хугацаанд тухайн хүний стрессийн түвшин бууран, сэтгэл зүйн ерөнхий сайн сайхан байдал сайжирдаг болохыг судалгаагаар тогтоожээ. Мөн тогтмол аялдаг хүн зүрхний өвчин, бодисын солилцооны синдром гэх мэт эрүүл мэндийн томоохон эрсдэлд өртөх магадлал ховор байдаг аж. Мэдээж аяллын явцад ч стресстэх зүйл бишгүй л гардаг. Ийм байхад яаж стрессгүй, аз жаргалтай аялагч байх юм бэ гэж үү? Энэ талаар сэтгэл зүйч ийнхүү хуваалцлаа.  

Сэтгэл зүйч А.Сүхбат 

Аяллын эцсийн зогсоол БИ өөрөө: Аялал сэтгэл зүйн эмчилгээ болох нь

“Аялах нь амьдралын өдөр тутмын хэмнэлийг өөрчилж, тааварлаагүй зүйлсийг бий болгодог бөгөөд энэ нь тархин дахь аз жаргалын даавар болох допаминыг өдөөж байдаг. Мөн хүний төрөлхийн сониуч зан болон шинийг танин мэдсэн сэтгэл ханамж нь стресс болон түгшүүрийг бууруулдаг учир аялал бидэнд сайнаар нөлөөлдөг юм. Аялал гэхээр заавал хол, хилийн дээс алхах биш цэвэр агаарт гарах, ууланд алхах ч гэсэн аяллын нэг хэлбэр шүү дээ. 

Сайнаар нөлөөлөх талууд байдаг ч саар үзэгдэл ч мөн биднийг дагадаг. Учир нь аялал гэдэг өөрөө мөн стресс. Стрессийг энгийнээр тайлбарлавал орчиндоо дасан зохицох оролдлого учраас зарим хүмүүст тухайн орчинд дасан зохицоход хүндрэлтэй байвал стресстдэг. Үндсэндээ шинэ содон зүйлсийг таньж мэдэх танин мэдэхүйн үйл гэхээсээ илүү хэрхэн яаж энэ орчинд дасан зохицох вэ гэдэг дээр л бага зэрэг хүндрэл учирч байна гэсэн үг. Тиймээс аялал гэнэтийн, тааварлашгүй зүйлс олонтой учир үр дүнтэй аялахын тулд аялалд хэрэг болох зүйлсээ зайлшгүй төлөвлөж, гэнэтийн адал явдалд бэлэн байх хэрэгтэй. Үүргэвчтэй аялал хийлээ гэхэд буудаллах газраа шийдээгүй бол хүндрэлтэй шүү дээ. Үүн шиг гэнэтийн зүйлсийг туулахаар шийдсэн ч учирч болох эрсдэлийг тооцсоноор аяллын стресст өртөх нь багасдаг. Бэлтгэл сайтай байснаар стресс бага байна, тэр хэмжээгээрээ орчлон ертөнцийг танин мэдэх цар хүрээ ихэснэ.  

Аяллын үеэрх тэсвэр тэвчээрийг бий болгохын тулд эхлээд аялж байгаа гэдгээ өөртөө ойлгуулах хэрэгтэй. Шинэ орчин, шинэ хүмүүс, шинэ газар гэх мэт бүх зүйлс шинэ байх учраас эдгээр сорилтуудтай тулгарахад бэлэн эсэхээ өөрөөсөө асуухаас бүх зүйлс эхэлнэ. Мөн зарим тохиолдолд хол аялж буй аялагчид тухайн аялалдаа зориулж биеэ бэлдэх явдал ч их бий. Өдөр бүр суугаа ажил эрхэлдэг хүмүүс өдөрт 10 км алхах аялалд гарахад бие нь шууд хүлээж авна гэдэг хэцүү. Тиймээс дан сэтгэл зүйгээ бэлдэхээс илүү биеэ ч мөн бэлдэх нь чухал. Миний хувьд сэтгэл гундуу, их стресстсэн үедээ морин аялалд явах дуртай. Байгаль, цэнгэг агаарт байх нь сайхнаас гадна дуу чимээнээс хол, нам гүм байдаг нь төвлөрөхөд тусалж, амьтантай харьцан, тэднийг ойлгох гэж хичээх нь сэтгэл зүйд их тусалдаг.”  

Аяллын эцсийн зогсоол БИ өөрөө: Аялал сэтгэл зүйн эмчилгээ болох нь

Аяллын эцсийн зогсоол хаана байдгийг энэхүү нийтлэлээс ойлгосон гэж бодож байна. Таньж мэдэхгүй царай, сонсож дасаагүй хэл яриа, идэж өсөөгүй хоол унд биднийг урт хугацааны аяллын дараа өөрсөд дээр минь хүргэж өгдөг ажээ. Аяллын эцсийн зогсоол хэзээд л БИД өөрсдөө байсаар ирсэн байх нь. Нэрт зохиолч Марсель Прустийн хэлснээр “Нээлт хийх жинхэнэ аялал бол шинэ газар орон хайх биш, харин шинэ нүдтэй болох явдал” хэмээсэн байдаг. Аялал жуулчлалын хамгийн чухал ашиг тус нь туулсан зай биш харин дотоод өөрчлөлт ажээ. Харин та урам зориг дүүрэн, өөрийгөө болон амьдралыг илүү их хайрладаг нэгэн болоод “БИ” хэмээх эцсийн зогсоолдоо эргэн ирэхэд бэлэн үү?