Амьдралын хэв маяг

Шинэ аялагчдад туршлагатай аялагчдаас өгөх ЗӨВЛӨГӨӨ

Б.Намуун -- 2024.12.015 минут унших

Мянган бээрийн аялал нэг алхмаас эхэлнэ гэдэг дээ. Өнөөгийн ертөнцөд Google-ийн нэг хайлтаас ч эхэлж болох юм. Очиж үзээгүй газраа хүрч, үл мэдэх шинэ зүйлстэй танилцах гэж буй шинэ аялагчид “Юу, юу авч явах вэ?” гэдгээс эхлээд олон асуултад дарагдах нь гарцаагүй. Харин мэддэг хүнээс нь шууд асууна гэдэг цаг хугацааг хэчнээн товчилдог билээ дээ. Иймээс бид шинэ аялагчдадаа зориулан туршлагатай аялагчдын зөвлөгөөг хүргэж байна.  

Хөлөг онгоцтой далайн аялал 

Сүүлийн үед далайн аялал эрчээ авч, хүмүүсийн ихээр сонирхдог аяллын нэг төрөл болжээ. 2023-2024 онд энэ төрлийн аяллын томоохон шугамууд дээд амжилтаа тогтоон, захиалга нь огцом өссөн байна. Тухайлбал, Их Британи, Америкийн далайн аяллын оператор Carnival корпорац урьд өмнө байгаагүй хамгийн их захиалгыг авчээ. Титаникаас ч том, тансаг хөлөг онгоцоор аялаад ирнэ гэхээр үлгэрийн биш гэж үү. Гэхдээ мэдээж Титаник шиг дуусахгүй ээ. Анх удаа хөлөг онгоцтой аялал хийх гэж буй хүмүүст туршлагатай аялагч ийнхүү зөвлөлөө.  

"Хөлөг онгоцтой аялал" группийн админ, аялагч Л.Мөнхзул  

Шинэ аялагчдад туршлагатай аялагчдаас өгөх ЗӨВЛӨГӨӨ

Би анх 2017 оноос ганцаараа аялж эхэлсэн. Ийнхүү аяллаа ажил болгон одоо “Incruises” хөлөг онгоцтой аяллын компанид ажиллаж байна. Хүмүүс хөлөг онгоцтой аялал гэхээр хамгийн түрүүнд Титаникийг санаад, “Титаник шиг сүйрчихвэл яах вэ, Титаникаас хэр том бэ, Титаник шиг гоё уу” гэж асуудаг. Аяллын хөлөг онгоцнууд Титаникаас 5-10 дахин том байдаг. Тэгэхээр Титаникаас ч том, тансаг онгоцоор аялна гэсэн үг. Хөлөг онгоцтой аяллаар анх 2023 оны аравдугаар сарын 23-нд Япон-Солонгосын чиглэлийн 7 хоногийн аяллаар явж байлаа. Уг аяллын маань усан онгоц 19 давхар байсан. Усан онгоцоо хараад маш их гайхаж, “Энэ яг хөдөлж явах уу?” л гэж бодсон доо. Ингээд усан онгоцны 19 давхарт гарч харахад сэтгэл хөдлөн, тэр өдөржингөө уйлж билээ.  

Аяллын санхүү 

Нэг л удаа төлбөрөө төлөхөд 7 хоногийн турш байрлах өрөөний үнэ, бүх төрлийн хоол, бусад олон төрлийн үйлчилгээ багтдаг. Мөн хүүхэдтэй хүмүүст зориулсан үнэ төлбөргүй цэцэрлэг бий. Дотроо бассейн, спорт цогцолбор, хөл бөмбөг, сагсны талбай ч байдаг. Хөлөг онгоцны урт нь дунджаар хамгийн багадаа 300 метр, уртдаа 500 метр байдаг бөгөөд зүйрлэвэл хөл бөмбөгийн талбайг уртааш нь гурав нийлүүлсэн юм шиг аварга том тансаг хөлөг онгоцоор аялдаг гэсэн үг. Анх уг аяллаар дандаа дэлхийн баячууд л аялдаг учраас 20 хувийн л дүүргэлттэй байдаг байсныг сүүлийн жилүүдэд дунджаас доогуур орлоготой хүмүүст ч аялахад боломжтой болгон хуримтлал үүсгэдэг болсон. Тэгэхээр сар бүр 100 доллар буюу 340,000 төгрөгийг өөрийн аяллын ID дээр хуримтлуулаад тэр хуримтлалаараа аялах боломжтой. Миний анх аялсан Япон-Солонгосын аялал 2 сая 700 мянган төгрөг болж байсан. Дараа нь 2024 оны гуравдугаар сард Японоос эхлээд Шанхайд дуусах 4 шөнө 5 өдрийн аялал 2 сая 100 мянган төгрөг болж байв. 

Аяллын дурсамж 

Шинэ аялагчдад туршлагатай аялагчдаас өгөх ЗӨВЛӨГӨӨ

Хамгийн гоё нь би хоёр дахь аяллаараа усан онгоц дээр нөхөртэйгөө сүй тавиад ирсэн. Залуу хүмүүс Монголдоо хуримаа хийх, сүй тавих гэхээр өчнөөн сая төгрөгийн зарлага гардаг. Тэгэхэд тэнд усан онгоц дээр аяллын төлбөрөө хийсэн байхад бүх юм үнэгүй, дээрээс нь нэмэлтээр гурван төрлийн хуримын багцаас сонгон нэмж авч болдог. 

Аяллын богцонд багтах зүйлс 

Нэгэн аялагчаас сонсоход хоёр л ээлжийн хувцастай ирсэн чинь бусад аялагч их ганган байсан учраас санаа зовоод өрөөнөөсөө гарахгүй байсаар ирсэн гэсэн. Тэгэхээр ийм зүйлд анхаарч, санаа зовдог бол олон төрлийн хувцастай явсан нь зүгээр санагдсан. Харин далайд явж байгаа юм чинь дотор муухайрах байх гээд эм бэлдэх гэж байгаа бол тийм зүйл хөлөг онгоцны аялалд шаардлагагүй. Маш тогтуун, явж байгаа нь ч мэдэгдэхгүй учраас дотор муухайрахгүй, ус руугаа харж байж л “Би нээрээ далайд явж байгаа шүү дээ” гэж санадаг. 

Миний хувьд аялалд явахдаа заавал авч явдаг зүйл гэвэл төрийн далбаа болон 1,000 төгрөг. Орон орны олон хүн хөлөг онгоц дээр хамтдаа аялдаг учраас Монголоо таниулж, ярилцангаа бэлэг болгон дурсгадаг юм. 

Анх удаа аялах гэж буй хүмүүст хүргэх зөвлөмж 

Манайхан амралт багатай ажиллаж, жилд нэг л удаа ихэвчлэн зуны цагаар ээлжийн амралтаа авахдаа гадагшаа аялах нь их. Зун гадагшаа аялахад бусад оронд ч их халуун байдаг. Иймээс аялах үеэ тааруулж, амралтаа авбал илүү тухтай, таатай байх болно. Мөн очих гэж байгаа газраа сайн судлахгүй байснаас үүдэн алдаа гаргах нь бий. Жишээ нь, Японд нэгдүгээр сард хүйтэн байхад ганцхан Монголд л хүйтэн гэсэн төсөөллөөр аялалд гараад хүйтэн газраас хүйтэн рүү яваад сэтгэл дундуур байх нь бий. Тэгэхээр бусад улсаа судлахгүйгээр гадаад л юм чинь гээд сохроор аялал захиалах биш сайн судлаарай. Түүнчлэн зарим аялагч хэтэрхий их хувцас авч явдаг учраас ачаандаа түүртэх нь бий. Иймээс яг хэрэгтэй зүйлсээ л авч явах нь биед амар шүү. 

Ганцаараа үүргэвчтэй аялах 

Хэн нэгэнтэй цуг аялах тохиромжтой үеийг хүлээхгүйгээр хүссэн газар руугаа үүргэвчээ үүрээд аялах нь адал явдал, дурсамж, амьдралын цоо шинэ туршлага байх нь лавтай.  Өдгөө ганцаараа аялагчид нийт аяллын зах зээлийн 11 хувийг бүрдүүлж байна гэсэн судалгаа бий. Тэгэхээр хэнээс ч хараат бусаар, бие даан аялах гэж буй шинэхэн үүргэвчтэй аялагчдад туршлагатай аялагч ийнхүү зөвлөлөө.   

Аялагч, Youtuber Ц.Очирбат 

Шинэ аялагчдад туршлагатай аялагчдаас өгөх ЗӨВЛӨГӨӨ

Анхны ганцаарчилсан аялалдаа 19 насандаа 2020 оны нэгдүгээр сарын 2-нд Тайланд улсын Бангкок хот болон Ко Самуи арал руу 14 хоног явж байсан. Арван долоотойдоо ганцаараа аялж үзмээр санагдан, аав ээждээ хэлэхэд эхэндээ зөвшөөрдөггүй байсан л даа. Иймээс ганцаараа аялж байгаа хүмүүсийн бичлэгийг их үзүүлдэг байлаа. Аялалдаа гарахаас гурван сарын өмнөөс аяллын төлөвлөгөөгөө гаргаж эхэлсэн. Аяллаасаа Монголд ирэхэд яг цар тахал дэгдэж, хөл хорио эхэлж байлаа. Арван есөн настайдаа ганцаараа аялаад, газар орон үзээд, ирэхэд миний харах өнцөг их өөрчлөгдөж, огт өөр хүн болсон юм шиг санагдаж байсан. Энэ аялалдаа яваад л YouTube суваг нээж, аяллын тэмдэглэл хөтлөхөөр шийдсэн дээ.  

Аяллын богцонд заавал багтах 5 зүйл 

Шинэ аялагчдад туршлагатай аялагчдаас өгөх ЗӨВЛӨГӨӨ

  1. Тухайн нутаг дэвсгэрийн газрын зураг + Луужин. Утас унтарч, алга болсон тохиолдолд газрын зурагтай байхад төөрсөн ч баримжаатай болно. Хээр талд таг гацлаа гэхэд замд явж байгаа хүнээр хаана байгаагаа зурагт тэмдэглүүлчихвэл аль зүг рүү явбал аюулгүйгээ баримжаалж чадна. Нэмээд луужин байвал бүр л хэрэгтэй.  
  2. Анхны тусламжийн хайрцаг. Баян-Өлгийд Алтай Таван Богдод морьтой явж байгаад мориноосоо унаад, гараа зүсэн, цус гараад тогтохгүй байхад анхны тусламжийн хайрцагтай явсан тулдаа цусаа тогтоож байсан. Хэрэв бинт, шархны наалт зэрэг анхны тусламжийн зүйлс байгаагүй бол ариутгаагүй юмаар боож байгаад бохир оруулан эрсдэлээ нэмэх байсан биз. Тэгэхээр анхны тусламжийн хайрцаг маш чухал. 
  3. Өөрийгөө хамгаалах хэрэгсэл. Хутга, сүх, амьсгал боогч цацлага байж болно. Хүн өөрийгөө хамгаалах хэрэгсэлтэй байхдаа харьцангуй өөртөө итгэлтэй аялдаг. Ганцаараа хээр талд шөнө унтаж байхдаа дэргэдээ хамгаалах хэрэгслээ тавиад унтахгүй бол их тавгүй унтдаг. Үнэг, чоно ороод ирэхэд ядаж л би хутга, сүхтэй гэж бодох нь сэтгэлд тайван шүү дээ.  
  4. Чийгийн гудас. Хүн майхан, мишокоо авсан ч чийгийн гудсаа мартчихаад байдаг. Хөдөө хээр олон хоногоор аялж байхад доороосоо даараад, бие өвдвөл аялал цааш үргэлжлэх боломжгүй болно. Иймээс үүргэвчтэй аялагчдад тохирсон хөнгөхөн чийгийн гудсаа хэзээд авч явах хэрэгтэй. 
  5. Борц. Би хаашаа ч явсан заавал борцоо авч явдаг. Борц муудахгүй, ямар ч нөхцөлд хэрэглэх боломжтой учраас хоол хүнсэндээ борц багтаах нь нэн чухал юм.  

Аяллын санхүү 

Миний хувьд Монгол орноороо ганцаараа үүргэвчтэй аялахад зардал бага гэж боддог. Үүргэвчиндээ хэрэгтэй зүйлсээ хийгээд, майхан, мишок, борц, будаа, гоймонгоо аваад явахад л болдог доо. Ер нь аялахад зам тээвэр, хоол унд, байрлах буудал гэсэн гурван төрлийн зардал гардаг. Би 20 хоног аяллаа гэхэд 15 хоногт нь майхандаа хоноод, газан плитк дээр өөрөө хоолоо хийж идэн, зам тээврийн хувьд замын унаанд дайгдаад явчихдаг учраас үнэгүй шахуу аялдаг. Олон хоног аялах үед байнга майханд хонож чадахгүй ядрахдаа дөрөв хоног майханд хоноод, тав дахь өдөр нь сумын төвд буудалд хононо. Өдөр бүр хоолоо өөрөө хийх боломжгүй үед хааяа цайны газарт хооллоно. Тэгэхээр ийм үеүдэд л зардал гардаг гэсэн үг. Аялал бүр өөр өөр зардалтай ч сайн төлөвлөж, бэлдэж чадвал төсөөлөөгүй бага зардлаар, бүр зардал ч гаргахгүйгээр аялах боломжтой.  

Анх удаа аялах гэж буй хүмүүст хүргэх зөвлөгөө 

Ганцаараа аялж байгаа үед цаг мөч болгон л сорилтоор дүүрэн байдаг. Замын унаанд дайгдаж явахын тулд зам дээр хэдэн цагаар, бүр бүтэн өдөр ч хүлээх шаардлага гарна. Өлсөж, даарч, ядрах үе их бий. Гэхдээ хэцүү байсан ч яагаад ингэж явж байгаа утга учраа санах үед жаргалтай болдог. Тиймээс анх удаа аялах гэж буй хүмүүс очих газраа сайтар судлан, төлөвлөгөөгөө гаргаж, бэлтгэлээ хангалттай базаах нь л чухал юм шүү. Мөн өөрийгөө болзошгүй аюулд оруулахгүй байх л хэрэгтэй. Энд тэнд мэдэхгүй газраар аялахад шөнө оройн цагаар гарах угаасаа л аюултай. Аюултайг нь мэдсээр байж гарч болохгүй. Миний хувьд оройн 8 цагаас хойш гадагшаа гардаггүй. Хамгийн гол нь өөртөө л итгэж, өөрөө өөрийгөө хамгаалж явах хэрэгтэй.  

Аялалд гарахаас өмнө дахин нэг ШАЛГАЯ! 

Шинэ аялагчдад туршлагатай аялагчдаас өгөх ЗӨВЛӨГӨӨ

Туршлагатай аялагчид хувийн зөвлөгөөгөө хуваалцсан дээр нэмээд аяллыг тань илүү зохион байгуулалттай болгох үүднээс дараах зүйлсийг нэмэлтээр сануулъя.  

Он удаан жил бодсон аялалдаа одоо явбал ямар вэ? Тохиромжтой үеийг хүлээх биш энэ цаг хугацааг тохиромжтой болгох нь чухал юм шүү. Дээрх зөвлөмжүүдийг уншсан юм чинь одоо киноноос л хардаг мөрөөдлийн газар, орон руугаа бэлтгэлээ базаагаад, аяллаа эхлүүлэх л үлдлээ дээ. Шинэхэн аялагч танд амжилт хүсье!