Б.Очирваань: Нэгнийхээ харж байгаа ирээдүйг сайхнаар хүлээн авч, дэмждэг байвал гоё
Хувь хүний хөгжилГэр бүлБоловсрол
Б.Хулан
Б.Хулан
2024.11.15
5 минут
Б.Очирваань: Нэгнийхээ харж байгаа ирээдүйг сайхнаар хүлээн авч, дэмждэг байвал гоё

Нийгмийг шинэ шатанд авчрах дэвшлийн хөдөлгүүр бол хүн хоорондын хамтын ажиллагаа, эвсэг байдал. Бүлгийн зохион байгуулалт сайтайгаар нөр их ажлын ард гарах нь хүмүүний амьдралын бас нэгэн өвөрмөц өнгө төрх, онцгой амт билээ. Өнөөгийн нийгэмд өөр өөрийн сэтгэлийн дуудлага, чин хүсэл, зорилгын төлөө хөгжиж явахдаа, салаа замаар сарнин бутрах бус хамтын ажиллагаа, хамтач сэтгэлгээгээр илүү бүтээмжтэй байх боломжийг түүчээлэхээр залуус урагшилж байна. Хамгийн гол нь гар гараасаа атгалцаад зогсолтгүй урагшлах юм. Унасан нэгнээ дэмнэн босгох, сөхөрсөн нэгэндээ гараа сунгах тус дэмжлэг бол ус агаар мэт чухал зүйл. Үүний чухлыг бид сайн мэднэ. Гэвч асуудал, саад бэрхшээл гарч ирдэг. Эдгээр саад тотгорыг даван туулахын тулд залуус бид хамтдаа юу хийх хэрэгтэйг, асуудлын гол гогцоо хаана оршиж буй талаар салбар салбарын төлөөлөлтэй ярилцлаа. 

Дугуйтай аялагч Б.Очирваань: Залуучууд улс төр, нийгмийн асуудалтай ойр байснаар хүртээмжтэй нийгмийг бүтээх боломжтой

Манай нийгмийн хөгжил дэвшилд тэгш бус байдал, боловсролын хүртээмж, ажилгүйдэл саад болж байна. Миний харж байгаагаар бид нийтээрээ боловсрол дээр их анхаарах хэрэгтэй санагддаг. Ингэснээр нийгэмд юу болж байгаа, ямар асуудлууд байгаа гэдгийг илүү зөв өнцгөөс нь харах байх. Одоо дийлэнх нь ямар нэг хүний гаргаж ирж байгаа өнцгөөс харж дүгнэлт хийх гээд байгаа нь ажиглагддаг. Үүнийг засаж, өөрсдийнхөө үзэл бодол, өөрийн өнцгөөр харж, мэдлэг чадвартай болох ёстой. Мөн гадагшаа аялж, юм үзэн, өөрийнхөө байгаа орчныг өөр орчинтой харьцуулж, асуудал нь яг хаана нь байгаа юм, юуг шийдэх ёстой вэ гэдгийг харвал залуучууд илүү хурдтай хөгжиж, асуудлыг нухацтай авч үзэн, шийдвэрийг зөв гаргах юм болов уу. Иймд хүн бүрийн оролцоо чухал. Оролцоо байснаар гарц гаргалгаа гарч ирнэ. Залуучууд улс төр, нийгмийн асуудлаас холдох бус ойр байснаар бид өөрсдөө илүү хүртээмжтэй, гоё нийгмийг бүтээх боломжтой. 

Би өөрийн хүсэл мөрөөдлийн төлөө олон жилийн турш явж байхад намайг үргэлж дэмжиж, миний алсын хараанд итгэдэг ганц хоёр байгууллагууд байсан. Зургаан жилийн өмнө намайг юм хийхэд тэд маань өөрсдийн бүтээгдэхүүнээр дэмжиж, тэр нь надад буцаад тодорхой хэмжээний санхүүгийн боломжийг бий болгосон. Энэ нь миний сүүлийн аяллуудыг хийх боломжийг нээхэд гүүр болж өгсөн. Надтай ижил түвшинд харж байсан тул миний мөрөөдөл, энэхүү аялал, боломжийг хамтдаа бүтээсэн гэж боддог. Залуучууд нэгнээ дэмжих, нэгэндээ урам өгөх чухал. Нэгнийхээ харж байгаа ирээдүйг гоё сайхнаар хүлээн авч, боломжоороо дэмждэг байвал гоё санагддаг.

Монгол Улсын Волейболын шигшээ багийн тамирчин Г.Хандсүрэн: Монгол залуучууд юмыг ойлгож хүлээж авах чадвар өндөртэй 

Б.Очирваань: Нэгнийхээ харж байгаа ирээдүйг сайхнаар хүлээн авч, дэмждэг байвал гоё

Залууст цаг төлөвлөлт их хэцүү юм шиг санагддаг. Жишээ нь, өглөөний 10 цагт ажил төлөвлөсөн байлаа гэж бодоход нийтийн тээврийн түгжрэлээс шалтгаалан 9 цагт гарах шаардлагатай болно. Өдөрт төлөвлөсөн ажлуудаа амжуулахын сацуу хувийн орон зай, чөлөөт цагаа яах вэ гэсэн асуудал үүснэ. Үйлчилгээний байгууллагууд өглөө 10, 11 гэж онгойдог. Ийм асуудал дээр бид “Эрт онгойгоод, эрт хаая” гэдэг уриалга гаргаж, аль болох нэгдэж, сайжруулалт хийх хэрэгтэй.

Хамтрал гэдэг бол ойлголцол, нэгнээ дэмжих явдал. Төгс хүн гэж байхгүй. Тиймээс чадахгүй зүйлээ чаддаг нэгнээс нь суралцаад, би ч нөгөө хүндээ мэддэгээ хэлж өгч харилцан дэмжиж ойлголцох нь хамтрал юм. Түрүү жил Монголынхоо шигшээ багтай хамтран ажилласан минь томоохон дурсамж болсон. Монгол залуучууд юмыг ойлгож хүлээж авах чадвар өндөртэй байдаг. “Гаднын орныхон ингэдэг юм билээ, үүнийг ингэе л дээ” гээд хэлэхэд шууд хүлээж авч хэрэгжүүлдэг. Иймд залуучуудын дуу хоолой нэгдээд нөлөөлөл үүсгэх их хүчтэй гэдгийг мэдрэх чухал. Хэн нэгэн ямар нэгэн ажил санаачлахад түүнийг залуус нэгдээд дэмжиж чадвал амьдралд бодит үр дүнгээ өгнө.  

“Gej Yu Ve” сувгийн хөтлөгч, Тэнгэр телевизийн контент бүтээгч А.Доржпалам: Өөрийгөө чадна гэж бардаад ганцаараа зүтгэх нь хүнийг амархан эцээдэг

Б.Очирваань: Нэгнийхээ харж байгаа ирээдүйг сайхнаар хүлээн авч, дэмждэг байвал гоё

Манай улсын тэргүүний асуудал боловсролын хүртээмжтэй бус байдал, чанаргүй байдал гэж боддог. Ерөнхий боловсролын сургууль болон Их сургуулиуд чанаргүй сургалтаараа дипломтой гэхдээ боловсроогүй залуусыг олноор үйлдвэрлэж байна. Энэ нь эргээд нийгмийн чухал нэгэн хэсэг болох залуу үеийг зорилгогүй, идэвхгүй, урсгалаа дагасан сүрэг болгон хувиргажээ. Энэ асуудалд хамтын оролцоо нэн чухал. Ирээдүй үеийг чиглүүлэх, зөв төлөвшүүлэхэд олон тал анхаарал хандуулах хэрэгтэй. Зөвхөн сургуулиудад даатгаад орхиж боломгүй юм. 

Залуус бид өрсөлдөх гэхээс илүү хамтрах хэрэгтэй байна. Хамтралаас гайхалтай үр дүн бий болдог. Бид өөрсдийн мэдлэг чадварыг өөр өөрийн замаар дөнгөж л босгож эхэлж байгаа шүү дээ. Чиний чадахгүйг тэр чаддаг байж болно. Түүний чадахгүйг чи чаддаг байж болно. Ийнхүү бид нэг нэгнийхээ дутууг нөхөж том зорилгын төлөө хамтдаа зүтгэвээс ихээхэн цаг ба энергийг хэмнэж үр дүнд илүү хурдан хүрэх байх гэж бодож байна. Өөрийгөө бүхнийг чадна гэж бардаад ганцаараа зүтгэх нь хүнийг амархан эцээдэг. Хэрэв хүссэн үр дүндээ хүрч чадахгүй бол шантрахад хүргэдэг. Харин үүний оронд чадах хүмүүст нь зохих ажлыг хуваарилан даатгавал зарцуулах энергийн хувьд илүү хэмнэлттэй, буцаагаад авах жимс нь ч илүү өгөөжтэй байдаг гэдгийг сүүлийн үед маш сайн ойлгож байна.

Graph.mn сайтын Ерөнхий редактор Н.Саруулдөл: Энэ нийгмийг залуус л авч явах тул бид зөв зүйлийн төлөө нэгдэх хэрэгтэй

Б.Очирваань: Нэгнийхээ харж байгаа ирээдүйг сайхнаар хүлээн авч, дэмждэг байвал гоё

Нийгмийн сэтгэл зүйн байдал, нийт сэтгэхүйгээрээ бол хөгжил дэвшил гэдэг зүйлээс хол хоцорсон гэж боддог. Үүнд саад болж буй зүйл нь гутранги хандлага байх. Нийтээрээ л аливаа зүйлийн хамгийн мууг нь олж харж, мууг нь түгээж, мууг нь л ярьдаг. Манай улс угаасаа хөгжихөөсөө өнгөрсөн, угаасаа л тийм юм чинь гэж бодоод л гутраад явдаг. Мэдээж бүгд биш ч энэ улс орон угаасаа л ийм муухай юм чинь гэх хандлагаар юманд хандаад байдаг юм шиг санагддаг. Яг л энэ хандлага бидэнд саад болдог байх. 

Энэ нийгмийг залуус л авч явна. Зөв зүйлийн төлөө нэгдэж, хамтдаа оролцох хэрэгтэй гэж бодож байна. Харин нэг зорилгын дор нэгдсэн байсан ч заавал завиныхаа хоёр талд гарч суух хэрэгтэй. Бөөндөө завиныхаа нэг талд гараад суучихвал завь хөмөрчихнө. Үүнтэй адил нэг зорилгын төлөө нэгдсэн бол асуудлаа олон өнцгөөс нь харж байх хэрэгтэй болов уу. Өнгөрснөө уучилж, одоодоо төвлөрч, ирээдүйгээ бүтээх хэрэгтэй. Манай үеийн залуус өнгөрсөн үеэ “Та нар олигтой байсан бол бид одоо ийм байхгүй” гэж буруутгах тохиолдол их бий. Тэд ч гэсэн бидэнтэй л адил залуу байж, байж болох хамгийн сайнаараа л хичээсэн. Нийгэм бүр өөрийн гэсэн онцлогтой болохоор өнгөрснөө буруутгахын оронд ойлгож уучилж, одоодоо төвлөрөх хэрэгтэй. Бид ирээдүйд үр хойчдоо “Та нар олигтой байсан бол” гэж хэлүүлэхгүйн тулд зөвд зөөлөн, бурууд хатуу байж, өөрсдийнхөө хэмжээнд байж болох хамгийн сайн хүн байх хэрэгтэй гэж бодож байна. 

Монгол банкны төлбөр тооцооны хэлтсийн мэргэжилтэн, модель Б.Намуунзул: Нийгмийн хөгжлийг сайжруулахад хамтын оролцооны үүрэг чухал 

Б.Очирваань: Нэгнийхээ харж байгаа ирээдүйг сайхнаар хүлээн авч, дэмждэг байвал гоё

Залуусын амьдралд сэтгэл санааны дарамт, нийгмийн сэтгэл зүйд сөргөөр нөлөөлдөг асуудлууд олширч, орон нутгийн хөгжил, иргэдийн амьдралын чанар сайжрахгүй байгаа нь нэгэн бодит сорилт болж байна. Нийгмийн хөгжлийг сайжруулахад хамтын оролцооны үүрэг чухал. Нэг хүн асуудлыг шийдэх гэж оролдсон ч зөв шийдэлд хүрэхэд хүндрэлтэй байж магадгүй. Хамтын оролцоо нь хүчирхэг нийгмийг бий болгоно. Залуус бид хамтдаа өөрсдийн хүч, боломжийг нэгтгэн, нийгмийн сайн сайхны төлөө ажиллах хэрэгтэй. Тухайлбал, нийгмийн асуудлуудыг ойлгож, тэдгээрийн шийдлийг эрэлхийлж, сайн туршлагыг бусадтай хуваалцаж, идэвхтэй оролцож болох юм.

Хамгийн сүүлд би 2024 оны зургаадугаар сарын 01-нд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн үеэр хүүхэд баярлуулахыг хүсээд “Дэлхийн зөн” гэх байгууллагатай холбогдож, тусгай хамгааллын байранд байрлаж буй хүүхдүүдэд бэлэг өгөхөөр шийдсэн. Тэр үед надад “Монсудар ХХК”-аас хүүхдүүдэд бэлэглэх ном, дэвтэр, үзэг, тоглоомын дэмжлэг үзүүлсэн. Мөн “Хүнсээрээ эрүүлжье” гэдэг эко дэлгүүрийн Зулаа эгч, найз нөхөд минь тус болсон юм. Хэрвээ би ганцаараа байсан бол тэр хөөрхөн хүүхдүүдийн баярлан инээх нүд, хөгжил баясалтай дуу хоолойг сонсож чадахгүй байсан биз. Энэ бол миний амьдралын үнэ цэнтэй дурсамж.

“Cherry Bomb” хамтлагийн ахлагч Д.Ариунзаяа: Баг хамт олон гэдэг ямар хүчтэй зүйл юм бэ гэдгийг ойлгосон 

Б.Очирваань: Нэгнийхээ харж байгаа ирээдүйг сайхнаар хүлээн авч, дэмждэг байвал гоё

Нийтийн эрх ашиг бус, цөөхөн хэдэн хүний эрх ашигт нийцэх шийдвэр гаргаж байгаа нь асуудал шийдэгдэх процессыг удаашруулж байна. Хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй, чадвартай залуучуудыг дэмжих бодлого дутагдаж байна. Нийгэмд тулгарч байгаа асуудлуудыг шийдэхэд хамгийн чухал зүйлүүдийн нэг бол хамтын оролцоо. Бид бүгд өөрсдийгөө хөгжүүлээд явж байгаа энэ эрин үед залуус нэгдээд асуудлын гарц, шийдлийг хамтдаа олоод, шийдвэр гаргах эрх мэдэлтэй хүмүүст нь хүргэж, нөгөө талаас нь иргэдийн дуу хоолойг сонсож, хүлээж авдаг байснаар илүү үр дүнд хүрэх боломжтой гэж харж байна. 

Залуучууд өөрт байгаа нөөц боломж мэдлэг чадварууддаа тулгуурлан, асуудлыг сонгож аваад, түүн дээрээ хамтын хүчээр олон өнцгөөс тухайн асуудлыг харж, хэрэгжих шат бүрд нь анхаарч ажиллах юм бол үр дүнтэй. “Cherry Bomb” хамтлаг байгуулагдаад дөрвөн жил болж байна. Бидэнд өмнө нь багийн гишүүдийн тогтворгүй байдал, зохион байгуулалтгүй, ойлгомжгүй байдлаас болоод олон асуудал гардаг байсан. Гэтэл одоо бие биеэ ойлгоод, хамтрал гэдэг зүйл дээр төвлөрч, багийн гишүүн бүр өөрийн үүргээ ойлгон, хариуцлагатай болж эхэлснээр илүү сайжирсан. Ерөөс баг гэдэг ямар хүчтэй зүйл юм бэ гэдгийг мэдэрсэн гэх үү дээ. Ганцаараа явах нь илүү хурдан юм уу, олуулаа явах нь хурдан юм уу гэдгийг өөрийн хувийн туршлагаас харсан тул хамт олон гэдэг үнэхээр чухал юм гэдгийг ойлгосон. 

“Бэриш фарм” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч.Чингүүн: Бид нэгнийгээ хайрлаж, аливаад хариуцлага хүлээж чаддаг байвал өөрчлөлтөд хүрнэ

Б.Очирваань: Нэгнийхээ харж байгаа ирээдүйг сайхнаар хүлээн авч, дэмждэг байвал гоё

Хувь хүн бүр дор бүрнээ хичээвэл нийгэм маань ч бага багаар хөгжиж явах болно гэж боддог. Орчин үеийн залуучууд бүх зүйлийг ойлгож, сурахыг хичээдэг. Өнөөдөр тэд хөгжингүй мэдээллийн ертөнцөөр хүрээлэгдсэн учраас энэ нь зүйн хэрэг юм.  Гэхдээ үүний зэрэгцээ залуус бид хортой буруу зүйлийг хаяж, зөв зүйлээ өөртөө үлдээх "шүүлтүүртэй" байх ёстой. Залуу хүн өөрийгөө хөгжүүлэхийн төлөө хичээх ёстой юм. Өнөөгийн залуучууд боловсролтой ухаантай болж байгаа. Үүнтэй маргах аргагүй. Энэ эрин өөрөө ийм байхыг шаардаж байна. Шинжлэх ухаан, оюуны хувьд илүү хөгжиж байж болно.  

Гэхдээ залуус маань хүмүүс болон нийгэмдээ хандах хандлага, сайхан сэтгэл, бие биеэ  уучлах чадварыг мартаж болохгүй. Ямарваа нэг буруу үйлдэл гаргасныхаа төлөө   хариуцлага хүлээж чаддаг, гэр бүл, эх орноо хайрлах, нутаг ус, эргэн тойрныхоо найз нөхдийг хайрлах сэтгэл зүрхтэй байх нь чухал. Энэ нь чухал биш мэт санагдаж болох ч өнөөгийн бидний нийгэмд тулгамдаж буй асуудлын тодорхой шийдэл юм. Сүүлийн үед залуус амин хувиа бодох нь их болж. Иймд нэгэнтэйгээ хамтарч, нэгнийгээ хайрлаж, аливаад хариуцлага хүлээж чаддаг байвал бид илүү сайжирч, өөрчлөлтөд хүрэх юм. 

“Тойрог”, “Шкаф”, “ReToirog” төслийн санаачлагч, баримтат гэрэл зурагчин Б.Агнууш: Залуусыг нэг зүйлээ барьж аваад эксперт болтлоо хөгжөөсэй гэж боддог

Б.Очирваань: Нэгнийхээ харж байгаа ирээдүйг сайхнаар хүлээн авч, дэмждэг байвал гоё

Бидний нийгэмд шийдэх маш олон асуудлууд байна. Салбар бүр асуудлын далай гэдэг шиг л тэр дотор бөөндөө сайхан сэлээд сэлүүрдээд л явцгааж байна шүү дээ. Дан ганц залуус гэлтгүй энэ нийгмийн эд эс бүрийн амьдралын чанарт энэ нь их бага хэмжээгээр нөлөөлж байна. Нэг талаас сөрөг зүйл юм шиг хэр нь нөгөө талаас өөрчлөх боломж гэж харж болохоор. Эцсийн эцэст энэ л нийгэмд амьдарч, энэ л нийгмийг сонгосон бид энэ нийгмийг өөрчлөхгүй юм бол өөр хэн өөрчлөх билээ дээ? 

Хамтын оролцоог хамтдаа хөтлөлцөөд шийдэх гэхээс илүүтэйгээр энэ олон асуудлын нэгийг барьж аваад тэр асуудлынхаа үр үндэс хүртэл нь уйгагүй ухаж, шийдлийг нь олсон байхад, нэгэн зэрэг олон залуус тал талд өөрсдийн үнэт зүйлийг бүтээсэн байхад тэр нь том зургаараа жинхэнэ нийгмийг эмчлэх, өөрчлөх хамтын оролцоо юм болов уу гэж боддог. Залуусыг нэг зүйлээ барьж аваад эксперт болтлоо хөгжөөсэй л гэж боддог. Том зүйл ярихаасаа урьтаад өөрсөд дээрээ ажиллаж өөрсдийнхөө потенциалыг тулгаж шийдлийг нь олсон байхад хэнтэй ч хамтарсан нийгмийг хөдөлгөх хүчтэй болно л гэж хардаг.