П.Нансалжав: Сайн ном, сайн хань хоёр л хүний амьдралын 90 хувийг шийддэг
Номын буланНомХэл соёл
posted.mn
posted.mn
2024.10.15
5 минут
П.Нансалжав: Сайн ном, сайн хань хоёр л хүний амьдралын 90 хувийг шийддэг

Дэлхий дээр нэг ч ном хэвлэгдээгүй, зохиогдоогүй байсан бол яах байсан бол. Бид сармагчнаас өөрцгүй байх байлаа. Харин ном бий болсноор олон зүйлийн өөрчлөлт шинэчлэл бий болсон гэдэгтэй та ч санал нийлэх биз ээ.

Тэгвэл Posted.mn сайт Номын булангаараа дэлхийн өнцөг булан бүрд хэвлэгдэн гарсан сонин содон номуудын тухай цаашилбал, тэдгээрийг хадгалж, цуглуулдаг эрхмүүдийг онцлон хүргэж байна. Эхний дугаартаа онцлох нэгэн бол бяцхан ном цуглуулагч П.Нансалжав гуай. Манай улсад олон тооны бяцхан номын цуглуулгатай цорын ганц эрхэм хүмүүн бол тэр. Ингээд түүний 600 гаруй номтой бяцхан номын ертөнцөөр аялцгаая. Мөн энэхүү ярилцлага “Ном, хайр, мод” гэсэн гурвалжинд өрнөх болно.

“Ном уншдаг хүн хулгай хийдэггүй, хулгай хийдэг хүн ном уншдаггүй”

П.Нансалжав: Сайн ном, сайн хань хоёр л хүний амьдралын 90 хувийг шийддэг

П.Нансалмаа гуай 1970-аад оноос хойш бяцхан ном цуглуулж эхэлжээ. Түүний номын цуглуулгад манай улсад цор ганц хувь хэвлэгдсэн Б.Ринчений “Ану хатан” роман, Үндсэн хуулийн эмхэтгэл он оноороо мөн л бяцхан ном хэлбэрээр бий. Энэ талаараа тэр ийн ярьж байна.

“Ном бол хүн төрөлхтний хувьд гал, дугуй, нум сумаас дутахааргүй ач холбогдолтой ололт нээлт мөн. Эдгээр ололт нээлтийг ач холбогдлоор нь дэс дараалуулах тун хэцүү. Бүгд л тухайн цаг үедээ хүмүүнийг хүн болоход шийдвэрлэх ач холбогдолтой байсан. Аль нэг нь байгаагүй бол оюун ухаант хүн /homo sapiens/ жинхэнэ утгаараа гарч ирэхгүй байлаа. Өнөөгийн компьютерын шинжлэх ухаан, нано технологи зэргийг ач холбогдлоор нь дээрх нээлтүүдтэй харьцуулах юм бол “юу ч биш” хэмээн хэлж болно. Ийм аугаа үзэгдлүүдийн нэг болох номын тухай бодож бодож өөрийнхөө энэ цуглуулгыг эхэлж байлаа.

Би өөрийн 600 бяцхан номыг нялх хүүхэд лугаа санаж, өдийг хүртэл хайрлаж хамгаалж амьдарлаа. Саяхан 200 ном бороонд норгочхоод асгартал уйлсан. Нэг өдрийг галзуу хүн шиг л өнгөрүүллээ. Бяцхан ном цуглуулахын нэг хэцүү нь энэ.

Уг нь миний номууд дотор онцгой сонин содон номууд их бий л дээ. Герман хараалын ном, Коран судар, Р.Чойномын бүх ботиуд бас л хамгийн жижиг хэлбэрээрээ байх жишээний. 10 гаруй орны бяцхан ном бий. Энгийн хэмжээтэй ном цуглуулахаас арав дахин илүү зардал ордог ч байж мэдэх юм.

Харин жижиг ном цуглуулахад хулгайд алдчих гээд жаахан хэцүү. Би лав хувьдаа “Ном уншдаг хүн хулгай хийдэггүй, хулгай хийдэг хүн ном уншдаггүй л гэж боддог.

“Бяцхан ном хүүхдүүдийг номд хайртай болгох эхлэлийг тавьдаг”

П.Нансалжав: Сайн ном, сайн хань хоёр л хүний амьдралын 90 хувийг шийддэг

“Хүүхдийн ертөнц их сайхан шүү дээ. Гэгээн бүхэнд татагдаж байдаг. Амьдралаас, цаг хугацаанаас хэн гэгээ түүж байна вэ гэвэл тэднийг л хэлж болно. Ингэж гэгээ түүхэд нь харин миний энэ хэдэн бяцхан ном их чухал үүрэг гүйцэтгэнэ. Жижигхэн ийм ном харахаараа хүүхдүүд сонирхоод шууд шүүрээд авч байгаа юм. Ингээд номд хайртай болох эхний алхмаа шууд тавьдаг. Миний хувьд тэднийг хараад яг л өөрсөд шиг нь баярладаг юм. Зарим үед номыг тэгж хайрласан жижигхэн жаалуудад бэлэглэчихдэг. Тэд ирээдүйд гэрээрээ дүүрэн номтой сэхээтнүүд болно гээд чи бод доо. Гайхалтай сайхан байгаа биз. Ч.Чимэдийн “Би монгол хүн” шүлгийн ном надад бас л хамгийн бяцхан /2-2.5см/ хэлбэрээрээ хадгалагддаг. Үүнийг цагаан сараар ирсэн хүүхдүүд унших их дуртай. Тэгээд манайхаас гарахдаа “Аргалын утаа боргилсон малчны гэрт төрсөн би. Атар хээр нутгаа өлгий минь гэж боддог” гэж хэлээд гардаг. Энэ л миний бяцхан ном цуглуулж байгаагийн бас нэг утга учир нь. Тэр хүүхдүүд аргалын утаа боргилохыг мэддэг болоод гарч байна гээд бод. Гэтэл аргалын утаа, нүүрсний утаа хоёр шал ондоо уугьдаг. Жинхэнэ эх орон, газар шороо гэж юу вэ гэдгийг л ойлгож, тийм атар сайхан тархиндаа шингээн авдаг гэсэн үг. Ийм юм ойлгосон эл хүүхдүүд ирээдүйд хэзээ ч эх орноо худалдаж зарж идэхгүй л байхгүй юу. Угаас ном уншдаг хүмүүс хэчнээн нинжин сэтгэлтэй сайн хүмүүс байдаг билээ дээ.”

“Номыг унших, мэдрэх бас дахин мэдрэх”

П.Нансалжав: Сайн ном, сайн хань хоёр л хүний амьдралын 90 хувийг шийддэг

“Би өдгөө 77 настай. Гэтэл англи хэлний сургалтад сууж хэл сурсан гээд бод доо. Утас таблет, ер нь энэ залуучуудын хэрэглэж байгаа орчин цагийн бүх зүйлийг ашиглаж мэднэ. Аудио ном ч сонсоно. Гэхдээ алд дэлмийн зөрүүтэй байдаг. Товхимол, хэвлэмэл байдлаар унших нь үнэрлэх, хүртэх, харах, сонсох гээд таван мэдрэхүйг зэрэг ажиллуулдаг. Сана л даа, номын үнэр хэчнээн сайхан билээ. Хуудас эргүүлэх чимээг юутай ч харьцуулшгүй. Би ялгаагүй л та нар шиг эморно. Ингэж ахуйд ном унших нь сэтгэл санааг хэчнээн төвшитгөдөг гэж бодож байна. Тэгэхээр номыг унших, мэдрэх бас дахин мэдрэх чухал. Ингэж чадвал та эрүүл саруул илүү урт насална шүү. Одоо миний сонсгол, хараа гээд бүх зүйл хэвийн байна. Бяцхан номынхоо үг үсгийг ажрахгүй уншина, шүд нэг ч унаагүй л байна. Үүнийг номтой холбоотой гэж боддог доо. Бяцхан ном уншаад хараа муудахгүй. Харин ч сайжирдаг юм билээ. Ер нь номоос хаях зүйл нэгээхэн ч үгүй”

Түүний энэ яриатай холбоотойгоор судалгаа сонирхуулъя: Ном унших нь илүү урт удаан амьдралын нууц болохыг ч мөн судлаачид баталсан аж.  Тодруулбал, “АНУ-ын Йэлийн Их сургуулийн судлаачид 50-иас дээш настай, нийт 3,635 хүнийг судалгаандаа оролцуулсан ба судалгаагаар өдөрт 30 хүртэлх минут ном уншдаг хүмүүс огт ном эсвэл сонин, сэтгүүл уншдаггүй хүнээс 23 сараар буюу бараг хоёр жилээр илүү урт насалдгийг тогтоожээ. 

Ч.Галсан бид хоёр найз...

Тэрбээр биднийг очиход Ч.Галсан гуайн “Арван сарын тэнгэр доор” номыг уншиж байсан юм. Энэ тухайгаа “Ч.Галсан бид хоёр найз. Урд өмнө хамт ажиллаж байсан ч удаатай. Саяхан над руу номоо хаяглаад явуулсан байна билээ. Монгол Улсаас дэлхийд яригддаг цөөхөн зохиолчдын нэг шүү дээ. Бид адилхан Тува хүмүүс. Тэр сонин содон түүхийг тэр л товчилж өгдөг шиг санагддаг юм. Харин түүний араас би Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир” романыг хүн бүхэн уншаасай гэж боддог юм. Хэлний уран тансаг байдал тэнд л бий. Бид эх хэлтэйгээ хүндэтгэлтэй хандаж, машид хайрлан гамнах хэрэгтэй. Ингэхэд мөн л ном унших нь тус дэм болно. Д.Нацагдорж, Б.Ринчен, Ц.Дамдинсүрэнгийн найруулгыг бид ойлгож байж үүрдийн үүрд оршино. Уншдаггүй ард түмэн мөхнө гэж үг бий.

Бид гэр бүлээрээ Германд амьдардаг байлаа. Тэглээ гээд миний хоёр хүүхэд эх хэлээ мартаагүй. Монгол хэл дээрх зохиолууд сайн уншуулсан. Үүний хүчинд тэд өнөөдрийг хүртэл амьдралаа сайн сайхан аваад л явж байна. Хүү маань хувиараа юм хийдэг бол охин минь Германы алдартай Хумбольдтын их сургуулийг геофизикийн ангийг онц төгсөж, магистраа ч хамгаалсан. Сургуулиа төгссөний дараа Германы том компанид ажиллаж байтал АНУ-аас ажлын санал ирсэн. Одоо Америкт Герман улсын мэргэжилтэн гэдэг нэрийн дор геофизикийн чиглэлээр ажилладаг юм.

"Эндээс харахад бид номыг зөвхөн цуглуулах биш унших хэрэгтэй. Эх орныхоо төлөө хийх зүйлсийн эхнийх нь хүүхдээ ном уншуулах ч байж мэднэ"

-Ч.Галсан гуай та хоёр найз юм чинь та бас мод тарьдаг уу. Ч.Галсан гуай номынхоо орлогоор сая дахь модоо тарьсан шүү дээ?

-Мод тарилгүй яах вэ. Ном, мод хоёр зайлшгүй холбоотой. Өвгөн бид хоёр 1987 онд эх орондоо ирснээсээ хойш мод тарьсан. Тийм их мод биш л дээ. Гэхдээ 500 гаран мод тарьсан байна. Өвгөнөө өөд болсноос хойш тэдэнтэйгээ л ярилцах юм байна шүү дээ. Хэдэн ач нартаа хүртэл зориулж мод тарьсан. Анх суулгахад жаахан модод байсан чинь өнөөдөр ач нартай минь зэрэг өсөөд л явж байна. Ирээдүйд тэд л энэ моддынхоо сүүдэрт тоглож наадаж, ном уншина шүү дээ. Зарим нь жимсний мод ч  байна. Эндээс мөн л тэд амтат жимс хурааж амьдрал ахуйдаа нэмэрлэнэ.

Хэдэн ач нар маань амралтын өдөр зусландаа ирж бассейнд орж, хүнсний ногоо хураалцана. Би тэдэнд өөрсдийнхөө модыг усалж бай хэмээгээд хувин авч өгсөн юм. Ирээдүйд тэд ч том болно. Мод ч том болно. Орой дээр нь шувууд үүрээ засна гээд л бод. Хэчнээн жаргалтай байх вэ.

Зөвхөн энэ ч биш. Энэ модод дотор миний төрсөн өдрөөр хань минь надад бэлэглэсэн мөнгөн гацуур бий. Тэр өдөр өвгөн минь портер дээр суучихсан хамаг юм нь хөлдөх шахсан амьтан мөнгөн гацуур бариад ирж байлаа шүү дээ. Миний хамгийн хайртай мод. Бидний хайр сэтгэлийн бэлгэдэл ч гэж хэлж болохоор байгаа биз. Нэг ёсондоо хамгийн хайртай дурсамжийн минь нэг бол мод. Нэг хүн надаас “энэ гацуураа арван сая төгрөгт худалдаж болох уу” гэж асуусан. Би үгүй л гэж хариулсан. Хайр гэж юу болох, хүнд хайрлагдахын жаргалыг миний өвгөн л надад мэдрүүлсэн юм шүү дээ.

Хүний амьдралд гунигтай зүйл их тохиолдоно. Ханийгаа алдсан дараа гутарсан ч сайн  үр хүүхдийн буянд өнөөх англи хэлний хичээлд чинь сууснаар арай дээр болсон юм шүү дээ.

Манай хашаанд зөвхөн модноос гадна Увсын цэнхэр хязгаарт ургаж асан Жамяьнмядаг цэцэг хүртэл байна. Эх нутгийн минь цэцэг гэж бодохоор би түүнд юу юунаас илүү хайртай.

П.Нансалжав: Сайн ном, сайн хань хоёр л хүний амьдралын 90 хувийг шийддэг

“Нэг сайн ном унших, сайн ханьтай учрах хоёр л амьдралын 90 хувийг шийддэг”

“Миний хань их ухаантай хүн байлаа. Би залуудаа өнөөгийнх шиг байгаагүй. Үйлдвэрчний төв зөвлөлд ажилладаг байхдаа ихэвчлэн хөдөө гадаа томилолтоор явдаг сан. Хоёр салаа гэзэгтэй нарийхан хүүхэн явна. Бүх аймгаар шахуу ингэж явахад минь залуучууд их хоргооно, сонирхоно.

Томилолтоор яваад ирэхэд араас өч дөчнөөн захиа ирнэ. Бараг 18 аймгийн залуучуудаас 500 гаруй захиа ирсэн байх аа. Гэтэл хань минь хардах нь бүү хэл тэдний захиаг хадгалдаг байсан бол яах вэ. Ийм олон захидлыг үр хүүхдүүддээ үлдээнэ гээд цааш хийдэг байсан байгаа юм. Бидний нэгэндээ итгэсэн итгэл тийм бат бөх байлаа шүү дээ.

Би хайртай дуртай гэсэн болгонд хариу бичээд суудаг ч үгүй л байлаа. Тийм сэхүүн, эрмэг эмэгтэй байж шүү дээ.

Харин хань минь энэ яваа насаараа хэлсэн амандаа хүрсэн. Анх ээж минь намайг өгч явуулахдаа “Охиныг минь бүтэн гуталтай явуулаарай” гэж захисан байгаа юм. Учир нь би нэг хөлөө их чирч явдаг байж. Тиймээс гутлын маань өсгий учиргүй элэгдээд муухай болчихдог байсан юм билээ. Харин хань минь намайг насаараа уранхай яйжиг гуталтай явуулж үзээгүй дээ. Хамгийн үнэтэй чанартайг л өмсөж эрхэллээ шүү дээ. Хэлсэн амандаа хүрсэн байгаа биз.

Хайр гэдэг ердөөсөө л ийм. “Тунгалаг тамир” роман дээр Эрдэнэ, Долгороос “Үнэн үү” гэж асуудаг хэсэг байдаг даа. Долгор ч “Үнэн” гэж хариулдаг. Энэ л хосуудын бүх амьдралыг хэлээд өгч байгаа юм. Тэвчээртэй байхыг, ухаантай байхыг, үнэнч байхыг зааж өгч. Тийм үү?

Тэгэхээр сайн ном, сайн хань хоёр л аз жаргалтай амьдралын 90 хувийг аваад гарчхаж болохоор байгаа биз.

П.Нансалжав: Сайн ном, сайн хань хоёр л хүний амьдралын 90 хувийг шийддэг

“Социализм руу бид буцаж очно гэж дурсаад ч хэрэггүй”

-Таны хань сайн хүн байжээ. Хайрын тухай ойлголт дээр би тантай нэгдлээ. Угаас хэлсэн амандаа хүрэх л хамгийн агуу хайр байж мэднэ шүү. Түрүүний гутлын жишээ л гэхэд агуу санагдлаа?

-Эцсийн эцэст амлалт, түүндээ хүрэх л мөн шүү дээ. Би ч ханьдаа хэлсэн амандаа хүрсэн л гэж боддог. Нэгнээ тултал хайрлаж, эцтэл эрхлүүлдэг байлаа шүү дээ. Социализмын үед хань минь надад доллар гаргаж ирээд хамгийн үнэтэй булган малгай цамцыг авч өгч байлаа. Гэтэл маргааш нь тагнуулаас “энэ үнэтэй эд бараа худалдаж авсан мөнгөний эх үүсвэр хаанаас вэ” гээд л шалгаад эхэлж байгаа юм чинь. Иймээс одоогийн хүмүүс социализмыг гоё байсан мэт яриад байж болохгүй. Бүгд л мах, сүүнд дугаарладаг байсан тэр үеийг шүү дээ. Бүр түүнээс өмнө хамгийн мэдлэг ухаантай эрдэмтэн мэргэдийг нь геноцид хийсэн аймшгийн түүхийн үе рүү очно гэж ярьж болохгүй.

Бяцхан ном цуглуулагчтай ярилцаж буйн хувьд дараах мэдээллийг сонин байх болов уу хэмээн хүргэж байна. Дэлхийн хамгийн жижиг ном 0.7 х 10 мм-ийн хэмжээтэй "Teeny Ted from Turnip Town" хэмээх ном аж. Түүнийг уншихын тулд хуудсыг зүүний үзүүрээр эргүүлэхээс гадна микроскоп зайлшгүй хэрэгтэй болдог гэнэ. Харин манай улсын хамгийн жижигхэн ном эрдэмтэн С.Шагжийн бичсэн Дол-дод буюу Ногоон дара эхийн магтаал юм. Эл номыг хоёр давхар гэр бариулаад хялгасны үзүүрээр бичсэн хэмээн ярьдаг.

“Цагтаа ирнэ, цагтаа явна. Гагцхүү ном, мод хоёр л үлдэнэ”П.Нансалжав: Сайн ном, сайн хань хоёр л хүний амьдралын 90 хувийг шийддэг

Бидний яриа өндөрлөх дөхөхөд П.Нансалжав гуай залуус, дүү нартаа дараах үгийг захиж үлдээсэн юм.

“Бүх юм цаг хугацаатай. Цагтаа ирнэ, цагтаа явна. Гагцхүү ном, мод хоёр л дэлхий дээр үлдэнэ. Өөр юу ч биш. Бид нэг их эд хөрөнгө аливаа зүйлд шунаад түүнийг хуримтлуулж хураагаад ямар ч нэмэр байхгүй дээ. Харин ухаан мэдлэг, хайр халамжийг хүн бүгдэд адил тэгшхэн хүртээгээд явж одох нь чухал юм даг уу даа.

Энэ бүхнийг харин надад ном л ойлгуулж ээ. Тиймээс, залуучууд минь, амьдралынхаа ихэнх цаг хугацааг унших, суралцахад зарцуулаарай. Тэгж гэмээ нь утга учиртай өнгөрдөг юм байна шүү. Ядаж л чи хэзээ ч харамсахгүй өнгөрүүлж дээ гэж бодно” хэмээв.

Номын булангийн эхний зочин П.Нансалжав гуайн энгийн хэр нь эгэлгүй ийм нэг яриаг та бүхэн хүлээн авч уншлаа. Бидний дараа дараагийн зочин илүү сонирхолтой ухаарал хайрласан, номын төлөө нэгэн насаа зориулсан эрхэм байх юм. Ярилцлагыг энэ хүртэл уншсан эрхэм уншигч танд талархлаа.