Нийгэм

Биднийг тодорхойлох үнэ цэн бусдад биш бидэнд оршино

Б.Намуун -- 2024.10.145 минут унших

Та өмнө нь “Dignity” гэх үгийг харж юм уу, сонсож байв уу? Үүнийг бид “нэр төр” гэж ойлгож болох юм. Нэр төр гэх зүйл энгийн, хүн бүрийн мэддэг зүйл мэт боловч бид хольж, хутган ойлгох нь бий. Иймээс танд энэ ойлголтын утга учир юунд оршиж байгааг тайлбарлах гэсэн юм.  

НЭР ТӨР VS НЭР ХҮНД 

Бид өдөр тутамдаа нэр төр, нэр хүнд гэх ойлголтыг хольж хутгах нь бий. Гэвч чухамдаа энэ хоёр ойлголт тэнгэр газар, гал ус хоёр шиг л хоёр өөр зүйл билээ.  

Нэр хүнд = Нэр хүнд гэдэг нь хувь хүний үйл хөдлөл, зан байдал, олон нийтийн дундах хэв маягаар тодорхойлогддог. Өөрөөр хэлбэл, хувь хүнийг бусад хүмүүс хэрхэн хүлээж авахыг хэлж байгаа юм. Энэ нь хөндлөнгийн дүгнэлт бөгөөд тухайн хүнтэй холбоотой нийгмийн үзэл бодол, туршлагаас хамаарч өөр өөр байж болно. Товчхондоо нэр хүнд гэдэг ойлголтыг танаас бусад хүмүүс бүтээж, мөн та үүнийг өөрчилж болдог хувьсамтгай зүйл юм.  

Биднийг тодорхойлох үнэ цэн бусдад биш бидэнд оршино

Нэр төр = Нэр төр гэдэг нь хүний дотоод үнэ цэн, өөрийгөө хүндлэх ойлголт бөгөөд бусад хүмүүсийн үзэл бодлоос хамааралгүй байхыг хэлнэ. Товчоор бол хувь хүн бүрд зүгээр л хүн байгаагийнх нь төлөө заяагдмал байдаг үнэ цэн гэсэн үг юм. Нийгмийн байдал, гарал үүсэл, нөхцөл байдлаас үл хамааран бүх хүмүүст хүндэтгэлтэй хандаж, тэдний эрх, хүнлэг чанарыг хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн санаанд тулгуурлана. 

Тэгэхээр энэ хоёр ойлголт тэр чигтээ эсрэг тэсрэг зүйл байгаа биз. Тэгвэл нэр хүнд, нэр төр хоёрын алийг чухалчлах вэ? 

НЭР ХҮНДЭЭС ИЛҮҮ НЭР ТӨР 

Нэр хүндээс илүү нэр төрийг чухалчлах нь бусад хүмүүс таныг хэрхэн хүлээж авахаас илүүтэйгээр өөрийн төрөлх үнэ цэн, ёс суртахууны шударга байдлыг эрхэмлэхэд оршино. Таны үнэ цэн таны тухай үнэн, худал элдэв зүйл ярьж явдаг бусад хүмүүст биш зөвхөн танд байдаг билээ. Үүнийг ойлгох нь сэтгэл зүйн эрүүл мэнд талаасаа ч ач холбогдолтой. Улмаар гаднын үзэл бодлоос үл хамааран өөрийгөө хүндэлж, дотоод үнэ цэнээ хүлээн зөвшөөрөх сэтгэл зүй тань тогтмол хэвээр байх юм. Энэхүү дотоод үнэт зүйл нь олон нийтийн санаа бодолтой нийцэхгүй байсан ч гэсэн зарчим, итгэл үнэмшилдээ нийцүүлэн ажиллах боломжийг бидэнд олгодгоороо давуу талтай. 

Дээр хэлсэнчлэн нэр хүнд нь бусдын ойлголтоос хамаардаг. Энэ нь үл ойлголцол эсвэл нийгмийн өрөөсгөл хандлагаас үүдэлтэй гаднын дүгнэлтэд тулгуурлан хэлбэлзэж болох учраас илүү эрсдэлтэй, дутагдал ихтэй юм. Нэр хүндэд анхаарал хандуулах тусам та бусдаас магтаал сайшаал хүлээж, бусдад л анхаардаг, өөрийгөө хэн ч биш мэтээр мэдрэх нь ихсэх хандлагатай. Харин нэр төрд анхаарснаар шүүмжлэл болон нийгмийн дарамттай тулгарахад тэсвэрлэх чадвартай болж, “тэнгэр” шиг байж чадах юм.  

НЭР ТӨРТЭЙ БАЙХЫН ҮНЭ ЦЭН 

Нэр төр бол хүний эрх шиг заяагдмал зүйл. Хүний эрхийн үзэл баримтлалд нэр төрийг чухалчилсан байдаг. 1948 онд НҮБ-аас баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаглал нь “Хүн төрөлхтний төрөлх нэр төр, тэгш, заяагдмал эрхийг хүлээн зөвшөөрнө” хэмээснээр эхэлдэг билээ. Энэ нь нэр төрийг бүх хүмүүст тэгш, шударгаар хандах нийтлэг үндэс гэдгийг онцолж байгаа юм.  

Биднийг тодорхойлох үнэ цэн бусдад биш бидэнд оршино

Ёс суртахуунт оршихуй. Философич Иммануэль Кантын боловсруулсан үзэл баримтлалаар ёс суртахууны гүн ухаанд нэр төр гэдэг нь зөвхөн зорилгодоо хүрэх хэрэгсэл биш, харин өөрөө зорилго гэж үздэг билээ /Immanuel Kant. “Groundwork of the Metaphysics of Morals”.,1785/. Энэ нь хувь хүн бүрийн бие даасан байдал, төрөлхийн үнэ цэнийг хүлээн зөвшөөрөх учиртай гэсэн үг юм. Иймээс та нэр төрийг хэдий чинээ эрхэмлэнэ тэр хэрээр ёс суртахуунтай хүн байж чадах ажээ.  

Хүн төрөлхтнийг нэгтгэх нь. Нэр төр нь нийгмийн харилцаа, олон нийтийн үнэт зүйлсийг төлөвшүүлэхэд бас чухал юм. Нэг үнэт зүйлтэй байна гэдэг нь хүн төрөлхтөн нэгдэж, хамтран ажиллах боломжийг бүрдүүлэхийн үндэс билээ. Нэр төр бидний өрөвдөх сэтгэл, хүндэтгэл, хүнлэг байдлын мэдрэмжийг дэмждэг. Нэр төрийг хүндэтгэвэл нийгмийн эв нэгдэлд хувь нэмэр оруулж, ялгаварлан гадуурхах, зөрчилдөөнт байдлыг багасгах юм. 

Сэтгэлийн амар амгалан. Өдгөө хүн бүр л сэтгэлийн амар амгаланг хүсэмжилж, хэрхэн тайван байх вэ гэсэн асуултын хариуг эрэлхийлэх болжээ. Өөрийн нэр төрд анхаарал хандуулснаар зөвхөн өөртөө төвлөрөх учраас сэтгэл зүйд ч сайнаар нөлөөлнө.  

ДАЯН ДЭЛХИЙН НЭР ТӨРӨӨ ЭРХЭМЛЭХ ӨДӨР  

Нэгэнт ийм л чухал ойлголт учраас бидэнд “Нэр төрөө эрхэмлэх өдөр” гэж бий. “Global Dignity Day’’ буюу “Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх өдөр”-ийг анх 2006 онд “Дэлхийн эдийн засгийн форум”-д гурван залуу лидер болох Норвегийн ханхүү Хакоон, “The Hope Foundation”-ий үүсгэн байгуулагч Жон Браянт, зохиолч, гүн ухаантан Пекка Химанен нар тунхаглажээ. Өдгөө дэлхийн 80 гаруй оронд энэ өдрийг тэмдэглэн, залуучууд, иргэний нийгмийн удирдагчид, сайн дурын ажилтнууд, эцэг эхчүүд болон багш нар “Global Dignity” семинар, чуулганд оролцож байна. 

“Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх өдөр” санаачилгын гол зорилго нь хүн бүрд төрөхөөс заяасан нэр төртэй амьдрах эрхийг дэлхий даяар хэрэгжүүлэн, нэр төртэй амьдралд хөтлөхөд оршдог билээ. Ингэснээр хүн төрөлхтөн өөрт тулгарч буй асуудлуудыг өөр өнцгөөс харах, энх тайван, ядуурал болон хөгжил дэвшлийн талаарх ойлголт ухагдахуундаа шинэ хэллэг, сэтгэлгээг бий болгох чухал ач холбогдолтой юм. 

НЭР ТӨРТЭЙ МОНГОЛЧУУД 

Биднийг тодорхойлох үнэ цэн бусдад биш бидэнд оршино

Монгол Улсын хувьд “Дэлхийн эдийн засгийн форум”-ын дэргэдэх “Дэлхийн залуу манлайлагч” (Young Global Leader), Ард санхүүгийн нэгдлийн Удирдах зөвлөлийн дарга Ч.Ганхуягийн санаачилгаар “Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх өдөр”-ийн санаачилгад 2009 онд нэгджээ. Тэгэхээр аль хэдийн 15 жилийн нүүрийг үзсэн байх нь. Түүнчлэн 2011 онд Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй бүх шатны боловсролын байгууллагад суралцаж байгаа сурагч, оюутнуудад нэр төртэй амьдрах, бусдын нэр төрийг хүндэтгэхийн ач холбогдлыг ойлгуулан, таниулах ажлыг зохион байгуулж, Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх санаачилгыг түгээн дэлгэрүүлэх, дэмжих тушаал гарган улс орон даяар амжилттай хэрэгжүүлж байгаа юм.  

АРАВДУГААР САРЫН 16-НД НЭР ТӨРӨӨ ЭРХЭМЛЭХЭЭ САНАЦГААЯ! 

Биднийг тодорхойлох үнэ цэн бусдад биш бидэнд оршино

Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх өдрийг жил бүрийн аравдугаар сарын гурав дахь Лхагва гарагт тэмдэглэдэг. Энэ жил аравдугаар сарын 16-нд энэ өдөр тохиож буй юм. Нэр төрөө эрхэмлэх өдрөөр л өөрийн болон бусдын оршихуйг хүндэлж, нэр төрийг эрхэмлэх ёстой гэсэн үг биш. Энэ бол зүгээр л сануулгын дохио юм. Бидэнд нэр төр гэх учир утгатай, чухал зүйл байдаг учраас үүнийгээ эрхэмлэж, хамгаалан, таньж мэдэх хэрэгтэй шүү гэдгийг сануулдаг гэсэн үг. Иймээс ганцхан өдөр л эрхэмлэх биш өдөр бүр эрхэмлэцгээе! 

Ямар байвал нэр төртэй хүн болох юм бэ гэж бодож байна уу? Хариулт нь энгийн шүү дээ. Та хүн л бол нэр төртэй. Энэ зүйл заяагдмал бөгөөд та энэ хорвоо дээр төрөөд, дэлхийн хүн болсон тэр мөчөөс л эл ойлголт тантай үргэлж хамт байсан юм. Харин нялх хүүхэд хорвоотой танилцаж, эргэх ертөнцийг танин мэддэгийн адил нэр төрөө таньж мэдэх гэсэн “даалгавар” л бидэнд бий. Энэ тухай дэлгэрэнгүйг та “How To” булангийн “Хэрхэн нэр төртэй байх вэ?” нийтлэлээс уншаарай. Зарим хүн амьдрах их энгийн шүү дээ гэдэг. Нэг бодлын тийм юм шиг. Өөрийгөө болон бусдыг хүн ёсоор таньж мэдэн, ойлгодог байхад л бидэнд уурлаж уцаарлах зүйл үгүй мэт. Үүнд нэр төр чухал үүрэгтэй учраас нэр төрийг эрхэмлэцгээе!