Нийгэм

Олон Улсын онцлох нөлөөллийн ажил: Global Dignity Mongolia

М.Энхмаа -- 2024.12.302 минут унших

Хүн бүрийн төрөхөөс заяасан эрхэм чанар, эрхэмсэг оршихуйг хүндэтгэж, хүмүүн заяанд төрсөн үнэ цэнээ бататган бэхжүүлж, хэн бүхэн нэр төртэй амьдрах эрхтэйг дэлхий дахинаа зарлан тунхаглах зорилгоор 2006 онд “Дэлхийн эдийн засгийн форум”-д гурван залуу лидер болох Норвегийн ханхүү Хакоон, “The Hope Foundation”-ийн үүсгэн байгуулагч Жон Браянт, зохиолч, гүн ухаантан Пекка Химанен нар “Global Dignity Day’’ буюу “Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх өдөр”-ийг  тунхагласан байдаг. Өдгөө жил бүрийн аравдугаар сарын гурав дахь Лхагва гарагт тохиодог “Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх өдөр”-ийг дэлхийн 80 гаруй оронд тэмдэглэн өнгөрүүлж, нэр төрийн дуу хоолойг илүү тодоор цуурайтуулсаар байна. 

Тэгвэл энэ жил Global Dignity-гийн зүгээс “Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын хэрэгжүүлсэн нийгмийн нөлөөллийн ажлыг үнэлж, 2024 оны онцлох нөлөөллийн ажлын нэгээр нэрлэлээ. Монгол Улсын хувьд 2009 онд “Дэлхийн эдийн засгийн форум”-ын дэргэдэх “Дэлхийн залуу манлайлагч” (Young Global Leader), Ард санхүүгийн нэгдлийн Удирдах зөвлөлийн дарга Ч.Ганхуягийн санаачилгаар “Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх өдөр”-ийн санаачилгад нэгдсэн юм. Улмаар 2011 онд Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй бүх шатны боловсролын байгууллагад суралцаж байгаа сурагч, оюутнуудад нэр төртэй амьдрах, бусдын нэр төрийг хүндэтгэхийн ач холбогдлыг ойлгуулан, таниулах ажлыг зохион байгуулж, Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх санаачилгыг түгээн дэлгэрүүлэх, дэмжих тушаал гарган улс орон даяар амжилттай хэрэгжүүлж байна.

Олон Улсын онцлох нөлөөллийн ажил: Global Dignity Mongolia

“Global Dignity Mongolia” нь 2024 оны аравдугаар сарын 15-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл нэр төрийн тухай ойлголтыг түгээн дэлгэрүүлэх 150 гаруй амбан сайд, чиглүүлэгч оюутныг бэлтгэн, Нийслэлийн 30 гаруй Ерөнхий Боловсролын Сургуулийн 10,000 гаруй сурагчдад нэр төрөө эрхэмлэдэг, бусдын нэр төрийг хүндэлдэг нэр төртэй иргэн байхын утга учгийг таниулан, олон нийтийн сүлжээгээр дамжуулан 1,000,000 гаруй хүнд хүрч ажиллаа. Энэхүү ажлыг Монгол Улсын Боловсролын Яам, Монгол Улсын Боловсролын сайд П.Наранбаяр дэмжин ажиллаж буйгаа илэрхийлж, мэндчилгээ дэвшүүлсэн нь “Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх өдөр”-ийн ач холбогдлыг нэмэгдүүлж, нэр төртэй иргэнийг төлөвшүүлэх, цаашлаад нэр төрийг эрхэмлэдэг Монгол үндэстнийг цогцлооход чиглэсэн чухал дэмжлэг юм.

Олон Улсын онцлох нөлөөллийн ажил: Global Dignity Mongolia

Мөн энэ жилийн “Даян дэлхийн нэр төрөө эрхэмлэх өдөр”-ийн нөлөөллийн ажлын хүрээнд бидний нүдэнд үзэгдэхгүй ч насан туршид хамт байдаг заяагдмал үнэт зүйл болох нэр төрийн үнэ цэнийг бүтээлчээр илэрхийлсэн бүтээл туурвиж, маркийн загвар болгон хэвлүүлж буй нь нэн онцлууштай явдал юм. Ийнхүү Global Dignity Mongolia-ийн санаачлан хэрэгжүүлсэн энэхүү нөлөөллийн ажил олон сая хүнд хүрч, Global Dignity-гийн зүгээс Монгол Улсын хэрэгжүүлсэн нөлөөллийн ажлыг цахим сувгуудаараа онцлон танилцуулж, дэлхий нийтэд түгээн, үнэлсэн нь манай улсын хувьд амжилттай жил болон өндөрлөж байна.