Бизнесийг амжилттай болгох тулгын гурван чулуу


Unicorn стартапуудын 99.9 % нь технологийн стартапууд
Хөрвөх чадвар, шинэлэг санаагаараа ялгардаг стартап бизнесүүдийн эрин үед технологи гэдэг нь зүгээр нэг хэрэглэгдэхүүнээр зогсохгүй тухайн бизнесийн амжилтыг тодорхойлдог голлох хүчин зүйлсийн нэг болжээ. Үүнийгээ дагаад стартап гэх үгтэй хамт аппликейшн, вэб сайт, сервис, инновац гэх мэтчилэн технологийн үг хэллэгүүд бидний өдөр тутамд тогтмол ашиглагддаг болсон. Та ч бас хангалттай олон удаа сонссон байх. Дээр дурдсанчлан үнэлгээ нь 1 тэрбум ам.доллар давсан өнөөх “нэг эвэрт” гэж нэрлэгддэг бизнесүүдийн 99.9% нь технологийн салбарт харьяалагдаж байна гэхээр энэ санаа танд илүү амар буух болно.
Хүн амьд явахын тулд ус, агаар зайлшгүй хэрэгтэй байдаг шиг стартапуудын хувьд оршин тогтнох гол тулгуур нь технологи байдаг.
Тэгвэл стартапууд яагаад технологи ашиглан бизнесээ хийгээд байна вэ?
Технологийн ачаар бизнес эрхлэгчид хилийн зурвасаар хязгаарлагдахгүй дэлхийн зах зээлд гарах боломж үүсэн, зорилтот хэрэглэгчдийн хүрээгээ улам тэлнэ гэсэн үг. Түүнээс гадна технологийн дэвшлийг ашигласнаар стартап бизнесүүдийн хэрэглэгчдэд санал болгох үйлчилгээ ч илүү боловсронгуй болсныг бид мэднэ. Тухайлбал, банк санхүүгийн салбар блокчейн ашиглан мөнгө шилжүүлгийн үйл явцыг илүү амар болгож, эрүүл мэндийн салбар хиймэл оюун ухаан ашиглан эмчлэх боломжгүй байсан өвчинтэй тэмцэж эхэлсэн байна.
![]()
Өнгөрсөн жилүүдэд энтрепренерүүд харьцангуй бага анхны хөрөнгө оруулалттайгаар шинэ технологийн компани байгуулж, олон олон зах зээлд нэвтрүүлэх боломжтой болсон байна.
Инновац бол шинэ нээлт боломжийг зах зээлд гарган хэрэглэгчдэд хүргэх явдал юм. Г.Батхуяг, Ph.D, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль
Технологийн стартапууд шинэ технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэн, уламжлалт процесс, арга барилыг халж, цоо шинэ зах зээлийг бий болгон, инновацын тэргүүн эгнээний фронт дээр алхаж байдаг. Учир нь инновац технологи хоёр салшгүй холбоотой юм.
Бизнесийг тогтвортой түшиж тулж байдаг тулгын гурван чулууны нэгийг технологи гэж үзвэл дараагийнх нь бизнес загвар юм. Үүнээс улбаалаад технологид суурилсан стартапууд хурдан өсөлт үзүүлж, зах зээлийн өөрчлөлтөд дасан зохицох чадвартай уян хатан бизнес загварыг үргэлж эрэлхийлж байдаг. Хэрэгцээтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг оновчтойгоор зах зээлд нэвтрүүлж чадвал стартапуудын хувьд нүсэр зардал гаргахгүйгээр ч дэлхийн хэмжээний хэрэглэгчийн баазад нэвтрэх боломж бий. Жишээ нь, Google Workspace үйлчилгээг дэлхий даяар 3 тэрбум гаруй хэрэглэгч ашигладаг бөгөөд, тэднээс 10 сая ам.долларын орлого тогтмол орж ирдэг аж.
![]()
Эдгээрээс урган гарах давуу тал бол өсөлт үзүүлэх тусам орлого өсөж, тогтмол болон хувьсах зардал тогтворжиж ирдэг нь богино хугацаанд BEP /хугарлын цэг буюу ашиг болон алдагдал тэнцэх үе/-д хүрч жинхэнэ утгаараа амьдардаг стартап болно. Энэ нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах том хүчин зүйл болдог.
Хэдий чинээ өндөр эрсдэл байна, төдий чинээ их өгөөж ирнэ.
Бас нэг томоохон давуу тал бол хэрэглэгч
Z, альфа үеийнхний хувьд дөнгөж төрөөд л технологитой харьцаж эхэлсэн гэхэд хилсдэхгүй. Тэдний хувьд технологийн төхөөрөмжүүд шинэлэг зүйл гэхээс илүү анхнаасаа байсан зүйл болж хувирч байна. Энэ нь стартапуудын хувьд маш сайн мэдээ бөгөөд, хэрэглэгчид нь илүү мэдлэгтэй, технологийн дэвшилд бэлэн болж байна гэсэн үг. Бизнесүүдээс үл хамааран хэрэглэгчид хүртэл цаг хугацаа өнгөрөх тусам улам хөгжиж байна.
Энэ мэтчилэн технологид суурилсан стартапууд нь хэрэглэгчийн худалдан авалтын бүх үе шатад шууд нөлөөлж, толгойны өвчин болсон асуудлуудыг нь технологийн тусламжтай шийдвэрлэж байна. Тэд шинэ зүйлс бүтээх гэхээс илүү технологиор дамжуулан зах зээл дээр оршин байсан бүтээгдэхүүнийг шинэчилж, хэрэглэхэд амар хялбар болгож байна. Үүнийг л бид инновац гэж нэрлээд байгаа бөгөөд стартапуудын хувьд зах зээл дээр оршин тогтнох хамгийн гол түлхүүр нь болж буй билээ.
![]()
Нүүр зургийг: Л.Буд